Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/290

 

             

 

 

 

 

   2023             3           14                                           2023/ДШМ/290

 

Н.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонжаргал,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ц.Тг,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Эд холбогдох эрүүгийн 2206000003289 дугаар хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бовгийн Н.Э, .. оны ..дугаар сарын ..-ны өдөр ............. суманд төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух, /РД: ............../.

Шүүгдэгч Н.Э нь ..................... тоотод байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үед үүссэн нэг удаагийн үл ойлголцох хэрүүл маргааны улмаас дүү Н.Мгийн эрх чөлөөнд халдан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Н.Эд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж, хохирогч Н.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ц.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн хохирогч болох шүүгдэгч Н.Эын төрсөн дүү Н.М нь эгчтэйгээ өөр зүй бусаар харьцаж, маргалдан улмаар барьцалдан авсан. Харин хохирогч Н.М нь өөрийн уурандаа биеэ барьж чадалгүй орилж, арагшаа гишгихдээ хий гишгиж толгойгоороо газар унаж хөнгөн гэмтэл авсныгаа дараа нь мөрдөн байцаагч болон прокурорт хэлсэн боловч эдгээр хүмүүс нь “чи тэгвэл өөрөө эрүүгийн гэмт хэрэгтэн болно шүү” гэж тайлбарлаж байсныг бид шүүх хуралдаанд хэлсэн ба хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахыг хүссэн боловч хохирогч ирээгүй нь шүүх хурлыг хойшлуулах үндэслэл болохгүй гээд хуралдсан.

Хохирогчийн зүгээс надад учирсан хөнгөн гэмтэл нь эгч Н.Эын буруугаас болоогүй гэдгээ үнэн зөвөөр тайлбарлаж тус шүүхэд хандаж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Н.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед дүү, бид 2 хоорондоо маргалдаж, хоёулаа бие биеийнхээ гарнаас зууралдаж авсан. Дүү ч миний энгэрийг зүсээд маажаад, бид хоёр  ялгаагүй барьцалдаж авсан. Тэр үед манай ээж та хоёр эгч, дүү хүмүүс байж ингэж болохгүй, чи байшиндаа ор гээд би байшин руу явж орсны дараа манай дүү аягүй муухай орилоод явсан. Тэгээд намайг гарч ирэхэд аягүй муухай орилохоор нь би айгаад шууд явсан. Тэр хооронд унасан юм байна лээ. Тэрнээс бид хоёр барьцалдаж байхад унаж, ойчсон зүйл байгаагүй. Би дүүгээ санаатай унагаагаад цохиж, зодсон зүйл байхгүй. ...” гэв.

Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Н.Эын үйлдэл нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Эыг цагаатгах түүнийг гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй болохыг нотлох ямар нэгэн цагаатгах талын баримт байхгүй. Цагаатгах талын баримтыг шалгасан боловч энэ нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.М анх цагдаагийн байгууллагад гомдол гаргасан үеэсээ эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл 3 удаагийн мэдүүлэг авахад шүүгдэгчийн үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтвортой мэдүүлсэн. Энэ хэрэг болох үед хэргийн газарт хохирогч болон шүүгдэгчийн төрсөн эх Нэргүй байсан. Энэ хүнийг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авахад “2 охин нь хоорондоо газрын маргаанаас болж зууралдаж, ноцолдож, улмаар газар унасан шороон дээр байсан дүр зураг гэрээс гарч ирэхэд байсан” гэдгийг мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульчлан тодорхойлж өгсөн. Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдсон. Энэ нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байгаа. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгох ямар нэгэн үндэслэл байхгүй. Энэ талаар прокурорын хяналтын шатанд болон анхан шатны шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч нарт тайлбарлаж байсан. Анхан шатны шүүх Н.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр гэм буруугийн талаарх дүгнэлт хууль ёсны үндэслэлтэй. Харин Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээхгүй байгаа хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Тухайн үед улсын яллагчийн зүгээс хэргийн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл байсан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн анхан шатны шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичээгүй. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч талын гомдлоор хэлэлцэгдэж байгаа. Хууль зүйн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээгээгүй хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэх үндэслэлгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр нь, хэргийн үйл баримтад тохирсон, гэм буруугийн хувьд үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэсэн дүгнэлттэй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Н.Э нь .................... тоотод байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үед үүссэн нэг удаагийн үл ойлголцох хэрүүл маргааны улмаас дүү Н.Мгийн эрх чөлөөнд халдан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Мгийн “... 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр би угаалгын газартаа кадастрын зураг гаргуулахаар хүн дагуулж очиход манай эгч Н.Э “миний хэлснээр зураг ав” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би “үгүй, би угаалгын газраа бариулж байхдаа авахуулсан зургаараа одоо зургыг нь авахуулна” гэж хэлтэл манай эгч намайг шууд баруун талын гуя руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний үснээс зулгаах гээд дайраад байхаар нь би хойшоо ухраад явж байтал намайг түлхээд газарт унагаасан. Тэгээд болихгүй намайг улам зодох гээд дайраад байсан ба намайг унатал толгойноос цус гарахаар нь “миний толгой хагарчихлаа шүү дээ гэж хэлэхэд миний дээрээс улам бүр цохиод, зодоод байсан. Би босох гээд эгчийнхээ үснээс зулгаагаад цааш түлхсэн. ... миний толгой хагарч 2 оёдол тавиулсан. Монетан бөгж алга болсон. Нүүр, эрүү, хүзүү хэсэгт хумсаараа майжиж урсан. Намайг шатаана, ална, эмнэлэгт хэвтүүлээд боолгоно шүү гэж харааж байсан. ...” /хх 7-8/,

Гэрч Ц.Н-н “... 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай охин Н.М, Н.Э 2 газрын хэмжилтийн асуудлаас болоод хэрэлдэж маргалдаж байсан. Тухайн газар нь миний газар ба би хоёр охиноо хуваагаад ав гэж урьд нь хэлсэн байсан. Гэтэл Н.М газрын хүн авч ирээд хэмжилт хийлгэсэн байсан. Н.М, Н.Э хоёр нэг нэгнээ заамдчихсан хэрэлдэж байгаад Н.М хойшоо ухрахдаа хөл алдаад толгойгоороо савж унасан. Тэгээд Н.М цагдаа дуудлаа гээд уйлаад байсан. Н.Мгийн толгойны гэмтэл хойшоо ухрахдаа унасан гэмтэл байгаа. Харин зулгаралтууд нь Н.Этай барьцалдаж аваад маажилцсан гэмтэл байна. ...” /хх 14-15/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13140 дугаар “Н.Мгийн биед тархи доргилт, дагзанд шарх, хүзүү, цээж, доод эрүү, баруун сарвуу, зүүн шуунд зулгаралт, дагз, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой, амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 18-19/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн Н.Эын хохирогч Н.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Н.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл байсан, хохирогч гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэв.

Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялаас түүнийг чөлөөлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан.

Гэтэл шүүгдэгч Н.Э нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруудаа марган анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн хамт давж заалдах гомдол гаргаж байгаа нь түнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.

Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Эыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр ялыг хүндрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүний хувийн байдлыг дордуулж шийдвэрлэх хуулийн зохицуулалтгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ц.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ц.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                      ШҮҮГЧ                                            Б.АРИУНХИШИГ

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ