| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/00255/И |
| Дугаар | 102/ШШ2024/02272 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/02272
| 2024 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2024/02272 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, * байр, * тоотод оршин суух, Зана ургийн овогт * *,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,* дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд оршин байх, Н*
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин,
Шинжээч *,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн * дугаар захирамжаар Б.*аас 140,992,950 төгрөгийг гаргуулж * олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний өмчлөх эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Хүүшийн ам /* Наадамчдын зам гудамж, * дугаар байр, 8 тоот хаягт байрлах 72,38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4-* дугаар мэдэгдлээр дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 241,948,000 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна, 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, 8.3-т хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгана, 8.3.9-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл гэж тус тус заасан. Зах зээлийн үнэлгээг жишиг үнийн хандлагын аргыг сонгон үнэлгээг тогтоодог. Жишиг үнийн хандлагын аргаар хөрөнгийг үнэлэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн байршлын хувьд хамгийн ойр байрлах үл хөдлөх хөрөнгүүдээс сонгон харьцуулах нь зүйтэй. Мөн тухайн үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгө нь Богдхан уулын Хүүшийн аманд байрлах бөгөөд маш дулаахан, урагш харсан цонхтой, супер засвартай, дулаан болон ил зогсоол сайтай, чимээ шуугиан бага, нам гүн, ногоон байгууламж сайтай, цэвэр агаартай, хүүхдийн тоглоомын талбайтай, зүүн талдаа үйлчилгээний маш том төвтэй, Хангарьд ордонтой ойрхон их давуу талтай орон сууц юм. Түүнчлэн, одоогийн байдлаар нийтэд илэрхий зарын сайтууд дээр тус Хүүшийн аманд байрлах ижил орон сууцнуудыг худалдан борлуулахаар зар байршуулсан байх бөгөөд 82 м.кв талбай бүхий орон сууцыг 303,400,000 төгрөгөөр 55,3 м.кв талбай бүхий орон сууцыг 195,000,000 төгрөгөөр буюу нэг м.кв-ыг 3,520,000-3,700,000 төгрөгийн хооронд үнэлсэн байна. Гэтэл миний орон сууцыг дээрх ижил төстэй, хамгийн ойр байрлах орон сууцнуудтай харьцуулан судлаагүй нь үндэслэлгүй болсон байна. Түүнчлэн үнэлгээний тайланд зөвхөн зарын сайтын фото зураг болох мэдээлэл байгаа болохоос хуульд заасан нотолгоог огт тусгаагүй байна. Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн * дугаар мэдэгдлээр мэдэгдсэн үнэлгээгээр дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 241,948,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт их үнэгүйдүүлсэн буюу 26,000,000 орчим төгрөгөөр бага үнэлсэнд гомдолтой байх бөгөөд тус үнэлгээ болон үнэлгээний тайлан нь хуульд нийцээгүй байна. Энэхүү 26,000,000 төгрөг нь миний хувьд маш их мөнгө бөгөөд өөрийн орон сууцыг ийнхүү хэт бага үнээр үнэлүүлж, дуудлага худалдаагаар худалдан борлуулахад үнийн дүн 50-70 хувиар буурах тул тус үнэлгээг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн * дугаар мэдэгдлээр мэдэгдсэн Б.*ын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын зам гудамж, * дугаар байр, * тоот хаягт байрлах 72,38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 241,948,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн * дугаар захирамжаар Б.*аас 140,992,950 төгрөгийг гаргуулж * олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.*ын өмчлөлийн эрхийн улсын * дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын зам гудамж, * дугаар байр, 8 тоот хаягт байрлах 72,38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/465 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний * ХХК-ийн үнэлгээчин *ийг шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 241,948,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгч Б.*д 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн * дугаартай албан бичгээр тайланг хавсарган мэдэгдэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-3/, Б.*ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 5/, * ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 6-17/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн * тоот Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг /хх 18/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн *тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 26/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 27/,
4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 20/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 32/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн * дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх 33/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн * дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 34-35/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, /хх 36/, * ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 37-52/, итгэмжлэл /хх 53/, Барьцааны гэрээ /хх 54-55/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 56/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 57/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 58-59, 60/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 61/, Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх 62/, Тээвэр хөгжлийн банк, Хаан банкны албан тоот /хх 63/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансны хуулга /хх 64-65/, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх 66/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын * тоот албан бичиг /хх 66/, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1710 тоот албан бичиг /хх 67/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл /хх 68-69, 71/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 70/, Б.*ын үнийн саналын хүсэлт /хх 72/, Төлбөр авагчийн шинжээч томилуулах тухай хүсэлт /хх 73/, Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчид хууль тайлбарласан тухай, тэмдэглэл /хх 74-77/, * ХХК-ийн үнэлгээний тайлан хүргүүлэх тухай албан бичиг /хх 78/, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт /хх 79/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 80/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн * тоот Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг /хх 81/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн * тоот Төлбөр авагчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг /хх 82/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 83/, хариу тайлбар /хх 88/,
5. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр шинжээч *ийг гэрчээр асуусан.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б.* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын зам гудамж, * дугаар байр, 8 тоот хаягт байрлах 72,38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 241,948,000 төгрөгөөр үнэлсэн * ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 172/2023 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.3, 8.3, 8.3.9 дэх хэсэгт заасантай нийцээгүй, орон сууцыг ижил төстэй, хамгийн ойр байрлах орон сууцнуудтай харьцуулан судлаагүй, хуульд заасан нотолгоог огт тусгаагүй байна. Мөн нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт их үнэгүйдүүлсэн буюу 26,000,000 орчим төгрөгөөр бага үнэлсэнд гомдолтой гэсэн агуулгаар тодорхойлсон.
3. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/00706 дугаар захирамжаар * болон Б.* нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэжээ. Тодруулбал, нэхэмжлэгч * нэхэмжлэлийн шаардлага болох 167,000,000 төгрөгийн 27,000,000 төгрөгөөс татгалзаж, 140,000,000 төгрөгийг хариуцагч Б.* хүлээн зөвшөөрч, 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд хуваан төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Төлбөр төлөгч Б.* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгч *ын хүсэлтээр шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн * дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн * тоот тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийн улсын * дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын зам гудамж, * дугаар байр, 8 тоот хаягт байршилтай, 72,38 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 21370521/182 дугаар тогтоолоор битүүмжилсэн.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар битүүмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас санал авахад төлбөр төлөгч Б.* нь 300,000,000 төгрөгийн санал гаргасан, харин төлбөр авагч * нь үнийн санал ирүүлээгүй, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/465 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар улсын бүртгэлийн * дугаар бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын зам гудамж, * дугаар байр, 8 тоот орон сууцны үнэлгээ хийх шинжээчээр * ХХК-ийн *ийг томилсон байна.
* ХХК-ийн шинжээч *ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 241,948,000 төгрөг болохыг тогтоосон, уг үнэлгээний дүгнэлтийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр * дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч Б.*т мэдэгдсэн байна. Төлбөр төлөгчөөс үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг шүүх 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч томилогдсон шинжээч үнэлгээ тогтоох эрхтэй эсэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилохдоо шинжээчид эрх, үүрэг танилцуулсан эсэх талаар маргаан гаргаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна: 8.2.1.хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх, 8.2.2.хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглэж тайлбарласан байх. Аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх, 8.2.3.хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэж заасан.
* ХХК-ийн үнэлгээний тайлангаас үзвэл, хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн болон өртгийн хандлагын аргаар үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг тогтоосон байна. Ийнхүү зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ тухайн орон сууцтай харьцуулсан орон сууцнуудын мэдээллийг Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдаагүйгээс зах зээлийн харьцуулсан тооцооллыг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан-гийн Барилга байгууламжийн зах зээлийн хандлагаарх тооцоолол хэсгийн Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хандлагаарх тооцоолол гэсэн хүснэгт 3-т Жишиг хөрөнгийн нэгжийн үнэ 3,691,525.42 төгрөг гэж тодорхойлсон атлаа үнэлэгдэж буй орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 241,948,000 төгрөг буюу нэгжийн үнийг 3,342,746.62 төгрөг гэж бага дүнгээр тогтоосон нь үндэслэл муутай байна. Өөрөөр хэлбэл, тухайн үнэлэгдэж буй орон сууц нь нэг давхарт байршилтай бөгөөд бусад давхарт байршилтай орон сууцнаас үнэлгээ доогуур байх шалтгаан тодорхой бус байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч *ийг шүүх хуралдаанд гэрчээр асуусан бөгөөд шинжээч *ээс ...Би зах зээлийн үнэ цэнэ дээр дүгнэлт хийсэн. 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тухайн байртай хамгийн ижил төсөөтэй байрыг авч тогтоосон. Энэ 3 байрын тухайн үеийн ханш 3.000.000-3.500.000 төгрөгөөр тооцоолон үнэлгээг тогтоосон гэх мэдүүлэг өгсөн боловч гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын зам гудамж, * дугаар байр, 8 тоот орон сууцыг үнэлсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын зам гудамж, * дугаар байр, 8 тоот хаягт байрлах 72,38 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 241,948,000 төгрөгөөр үнэлсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН