| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00340/И |
| Дугаар | 147/ШШ2024/00306 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 147/ШШ2024/00306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар багийн .... тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ундрага ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь ******* ******* ундрага ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. ******* ******* ******* ХХК-тай ******* ******* ******* ХХК нь нүүрс тээвэрлэх гэрээ байгуулсан. Уг гэрээнд ******* ******* ******* ХХК нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 82 гудамж 5 тоот хаягт бүртгэлтэй, 88505790, 88430048 утасны дугаартай гэж бичээд, гүйцэтгэх захирлаар нь Мөнхдорж гэж хүн гарын үсэг зурсан. Бид нар хаягийг баталгаажуулах зорилгоор opengata.burgel.gov.mn сайт руу орж үзэхэд тухайн хаяг нь мөн, гүйцэтгэх захирал нь Э.Мөнхдорж гэж хүн байсан. Бид гэрээ болон сайтаас авсан хаягийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч ******* ******* ******* ХХК нь энэ хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тогтоогдсон. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/132024/22673 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул ******* ******* ******* ХХК -ийг эрэн сурвалжилж өгнө үү. Манай компани Сүхбаатар аймагт байрладаг тул нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШЗ2024/22673 дугаартай захирамж, ******* ******* ундрага ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь ******* ******* ундрага ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ******* ******* ******* ХХК-тай нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Гэрээний үүрэгт 37,182,087 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч гэрээнд заасан хаягтаа байхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШЗ2024/22673 дугаартай шүүгчийн захирамж (хариуцагч нь Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Толгойт 82-р гудамж 5 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх), ******* ******* ундрага ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тус компанийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т ...иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй түүний оршин суугаа газар нь тодорхойгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ... хорооны Толгойт ... гудамжны ... тоот хаягт байрлаж байсан ******* ******* ундрага ХХК-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА