Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/ШШ2024/0022

 

Т ХХК,

М ХХК-иудын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХХК, М ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 3 дугаар20-ны өдрийн А/71 дүгээр тушаалын Хавсралт-1-ийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт 3.5 тн-оос дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэхэд 50.000 төгрөг хураахаар заасан хэсгийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Монголын ачаа тээврийн ассоциаци ГҮТББ-н төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Х, нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал нар оролцов.

 

Хэргийн индекс: 221/2024/0008/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т ХХК, М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монголын ачаа тээврийн ассоциаци ГҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Тусгай хамгаалалтай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай А/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Тусгай хамгаалалтай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай А/71 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг хавсралтаар баталсан байна.

3. Нэхэмжлэгч Т ХХК-аас тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Байгаль орчны сайдын 2002 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" 117 дугаар тушаалаар "Тусгай хамгаалалттай газар нутаг /ТХГН/-т аялал жуулчлал явуулах журам"-ыг 1 дүгээр, "ТХГН-д үзүүлэх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлс төлөх журам"-ыг 2 дугаар, ТХГН-т үзүүлэх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлс төлөх тасалбарын загварыг 3 дугаар, ТХГН-т мөрдөх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлсний хэмжээг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсан байдаг. Дээрх тушаалын 4 дүгээр хавсралтын шинэчилж, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчилэн тогтоох тухай А/71 дугаартай тушаал гаргаж, Монгол Улсын иргэнээс авах төлбөрийг 3-аас 16 дахин нэмэгдүүлж, шинээр тусгай хамгаалалттай газар нутагт тээврийн хэрэгсэл нэвтрэх хураамжийн хэмжээг 50,000 төгрөгөөр тогтоосон байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасны дагуу захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Байгаль орчны сайдын 2002 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" 117 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх ажил үйлчилгээниий нэг удаагийн хөлс төлөх журам" нь тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд аялал жуулчлал, амралт, зугаалга, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, кино зураг авах, дүрс бичлэг хийх, зохиол бүтээл туурвих, судалгаа шинжилгээ хийх, уул овоо тахих болон уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх, байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамал, рашаан эмчилгээ, сувилгааны чанартай эрдсийг ашиглах, зорчигч жуулчдад унаа хөсөг, хоол хүнс, худалдааны түр цэг ажиллуулах зэрэг тухайн газрын хамгаалалтын захиргаанаас олгосон зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ажил үйлчилгээний хөлс төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар заасан.

Байгаль орчны сайдын 2002 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" 117 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар тусгай хамгаалалттай газарт орж ирж буй жуулчдаас авах нэг удаагийн хөлсний хэмжээг баталсан тогтоосон байдаг. Манай компани нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг байрлах Цагаанхаднаас Гашуунсухайтын боомт хооронд улсын чанартай, экспортын зориулалттай, хатуу хучилттай замаар улс хоорондын нүүрс тээвэр хийдэг. Цагаанхаднаас Гашуунсухайтын боомт хоорондох зам нь Говийн бага дархан цаазат газраар дайран өнгөрдөг тул тусгай хамгаалалттай газар нутгаар манай компанийн хүнд даацын авто машины тус бүр нэвтрэн өнгөрөх тутамдаа 1,000 төгрөгийг хамгаалалтын захиргаанд төлдөг байсан.

Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчилэн тогтоох тухай" А/71 дугаартай тушаал гаргаж, хүнд даацын авто машины тус бүрээс нэвтрэн өнгөрөх тутамдаа 50,000 төгрөг төлөхөөр 50 дахин нэмэгдүүлсэн нь журмын зорилгод хийцээгүй, тусгай хамгаалалттай газар нутгаар дайран оршин автозамаар нүүрс экспортын тээврийн хийж буй компанийн үйл ажиллагаанд саад учруулж, бодит нөхцөл байдалд нийцээгүй байна. Хариуцагч Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь захиргааны ерөнхий хуулийн 24.1 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах үнэлэх үүргээ биелүүлээгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасны дагуу бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчмыг зөрчсөн: Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрч буй иргэн, тээврийн хэрэгсэл, тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж хуулийн этгээдийн ажилтан, тээврийн хэрэгсэлд төлбөр ногдуулж буй дээрх шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-д заасан Захиргааны "хэм хэмжээний акт байна. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасны дагуу бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчмыг баримтлах ёстой.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага нь тухайн захиргааны шийдвэртэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлж, хуульд заасан арга хэлбэрээр явуулах бөгөөд сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангах ёстой байдаг. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь дээрх хуулийн заалт, хуулийн зарчмыг зөрчиж Захиргааны ерөнхий хуульд заасан арга хэлбэрээр сонсох ажиллагаа хийлгүйгээр, үндэслэлгүйгээр хэд дахин нэмэгдүүлж, өндөр төлбөр хураамж, тогтоосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаал нь үндэслэлгүй юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалын Хавсралт-1-ийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт 3.5тн- оос дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэхэд 50,000 төгрөг хураахаар заасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

4. Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монголын ачаа тээврийн ассоциаци ГҮТББ-аас гаргасан нэхэмжлэлдээ:

Монголын Ачаа Тээврийн Ассоциаци" ГҮТББ нь 3 холбоо 50 компанийн гишүүнчлэлтэй бөгөөд өөрийн дүрэмд заасны дагуу гишүүддээ мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэх, Автотээврийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр төрийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, тээвэр эрхлэгчдийн нэгдмэл байдлыг хангах, гишүүдийнхээ зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай гишүүн компаниуд Говийн бага дархан цаазат газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 03-р сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалын хавсралтаар шинэчлэн баталсан "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ"-г үндэслэн Гашуунсухайт боомт хүртэлх 16 км экспортын зориулалттай авто зам нь дархан газрын хамгаалалтын бүсээр явж байгаа гэх шалтгаанаар хил нэвтэрч буй тээврийн хэрэгсэл бүрээс 50,000 төгрөгийн хураамж нэхэмжилж, "... төлбөрөө төлөхгүй бол улс хоорондын ачаа тээврийн "С" зөвшөөрлийн олголтод нөлөөлөн зогсоох талаар мэдэгдэж дарамтлах буюу Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх журмаар албадан гүйцэтгүүлэх тухай улсын ахлах байцаагчийн албан даалгавар өгөх байдлаар хураамж авч байна. Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт эрхлэхэд маш олон төлбөр, хураамж төлдөг бөгөөд Говийн бага дархан цаазат газрын хураамж нэмэгдэж байгаа нь санхүүгийн хувьд дарамт болж байгаа талаар гомдол ирүүлсэн тул ГҮТББ-н дүрэмд заасан чиг үүргийнхээ дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 12-р сарын 14-ний өдөр 11/6429 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Батсүхийн албан даалгаврыг гомдлын дагуу хянан үзээд Засгийн газрын 2022 оны 479-р тогтоолоор батлагдсан Хяналт шалгалтын нийтлэг журам"-ын 31.1-д заасан эрх бүхий албан тушаалтан гаргаагүй гэсэн үндэслэлээр албан даалгаврыг бүхэлд нь хүчингүй болгосон тухай гишүүн компаниудад мэдэгдэж, бидний гомдлын хариуд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 12-р сарын 18-ний өдөр 08/6539 тоот албан бичгээр "... сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалыг хэрэгжүүлж ажиллана уу." гэснээс өөр хууль тогтоомжид нийцсэн үндэслэлтэй тайлбар гаргаж өгөөгүй тул бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04-р сарын 24-ний өдрөөр огноолсон 128/ШЗ2024/3612 дугаартай "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжийг 2024 оны 04-р сарын 30-ны өдөр бичгээр гарсныг гардан авч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа "...энэхүү маргаж буй сайдын А/71 дүгээр тушаалтай Т ХХК нь маргаж, улмаар хэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.1.1-д заасан тусгай журмаар шийдвэрлэх маргаан дараахь төрлийн маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ гээд 112.1.1-т "... улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан..." байна гэж үзэж, анхан шатанд бус давж заалдах шатны шүүхэд гаргахаар байна" гэж зааснаар татгалзсаны дагуу давж заалдах шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т "...Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна..." гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ"-г шинэчлэн тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 60.1.2-т заасны дагуу тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцүүлээгүй, мөн хуулийн 61.4, 62.2 дугаар зүйлд заасны дагуу хэм хэмжээний актын нөлөөллийн шинжилгээ, санал авах ажиллагааг хуульд заасны дагуу бодитоор хийгээгүй, үүсэх сөрөг нөлөөл, зайлшгүй зохицуулах харилцааг тооцож үзэхгүйгээр шинээр нэмж тээврийн хэрэгслээс хураамж авахаар тусгасан болох нь дараах байдлаар нотлогдож байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг"-г шинэчлэн тогтоохдоо Байгаль орчны сайдын 2002 оны 117 дугаар тушаалын 4-р хавсралтад зөвхөн иргэнээс ТХГН-т түр нэвтрэн ороход нэг удаа авах хураамжийн хэмжээ"-г тогтоосон байсныг хүчингүй болгож, иргэн болон бүх төрлийн тээврийн хэрэгслээс хураамж авахаар тусган өөрчилсөн боловч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 117 дугаар тушаалын 2-р хавсралтаар батлагдсан "Тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлс төлөх журам"-д тээврийн хэрэгслээс хураамж авах талаар ямар ч зохицуулалт байхгүй. Өрөөр хэлбэл журмаар зохицуулаагүй харилцааг үүсгэж, шинээр татвар хураамжийг бий болгосон.

Татварын ерөнхий хуулийн 6.1.40-д хураамж гэж төрийн байгууллагаас аливаа этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ." гэж заасан. Гэтэл дархан газрын хамгаалалтын болон хязгаарлалтын бүс дэх улсын болон орон нутгийн чанартай авто замаар дамжин өнгөрч буй зорчигч, тээврийн хэрэгсэл, орон нутгийн ачаа, экспортын тээвэрчид Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дархан цаазат газрын захиргаанаас ямар нэгэн үйлчилгээ авдаггүй тул хураамж төлөх үндэслэлгүй.

Экспортын тээвэр гүйцэтгэж буй тээврийн хэрэгсэл нь 100-135 тонн нүүрс ачдаг тул хатуу хучилттай авто замаас гарах ямар ч боломжгүй бөгөөд дархан газрыг үзэх, унаган төрхийг нь алдагдуулах, байгалийн баялаг ашиглах ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагаа явуулдаггүй. Тиймээс экспортын нүүрс тээвэр нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалын үйлчлэлд хамаарахгүй болох нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Байгаль орчны сайдын 2002 оны 117 дугаар тушаалын 2-р хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлс төлөх журам"-ын зорилт, зохицуулах харилцаагаар тодорхойлогдоно. ГБДЦГ-ийн хилийн заагийг 1996 онд тогтоосноос хойш түүний хязгаарлалтын бүсэд "олон улсын хилийн боомт, иргэн байгууллагуудын суурьшлын бүс, экспортын хатуу хучилттай автозам, төмөр зам" байгуулагдсан бөгөөд түүгээр зорчиж байгаа бүх тээврийн хэрэгсэл, уг бүсэд амьдарч, ажиллаж байгаа бүх иргэдээс хураамж авах боломжгүй, зөвхөн нүүрс тээврийн машинаас хураамж авдаг. Авто зам эзэмшигчтэй эрх зүйн харилцаа үүсгэхгүй, харин уг замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс хураамж авч байгаа нь хэм хэмжээний акт тэгш үйлчлэх зарчмыг алдагдуулж, эрх зүйн зөрчил үүсгэж байна.

Улсын болон орон нутгийн чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс хураамж авах эсэх, тухайн бүсэд үйлчилгээ эрхэлж буй иргэн, байнга байрладаг аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэл өдөрт олон удаа нэвтэрдэг бол хэрхэн хураамж авах, хамгаалалтын бүсэд төвлөрсөн суурин газар байгаа тохиолдолд хэрхэх талаар ямар ч зохицуулалт байхгүй, байцаагч өөрийн үзэмжээр шийдвэрлэхээр байгаа нь хэм хэмжээний актын нөлөөллийн шинжилгээг бодитоор хийгээгүй, хэм хэмжээний акт тэгш үйлчлэх боломжгүй болохыг нотолж байна. . Гашуунсухайт боомтоор хоногт дунджаар 1200 орчим, сард 31200 тээврийн хэрэгсэл хил нэвтэрдэг гэж тооцоход хоногт 60 сая төгрөг, сард 1.5 тэрбум төгрөг, жилд нийт 18.7 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлэх тооцоо гарч байна. Дундаж хүчин чадалтай нэг компани үндсэн хуваариар сард 4.2 сая төгрөг, хөрөнгийн биржээр борлуулсан нүүрсийг тендерээр тээвэрлэж байгаа тохиолдолд 16.5 сая төгрөгийн хураамж төлөхөөр байна. Өмнө нь зарим аж ахуйн нэгжид авто машиных нь тоогоор улиралд 1000 төгрөгийн тасалбар бичин хүргүүлж, ямар ч эрх зүйн үндэслэлгүйгээр хураамж авч байсан бөгөөд уг үйлдлээ 2023 оны А/71 дүгээр тушаалаар хууль ёсны болгон баталгаажуулахдаа хураамжийн хэмжээг 50 дахин нэмэгдүүлж, хил нэвтэрч буй тээврийн хэрэгсэл болгоноос авах болсон.

Ингэснээр дархан газрын хураамжийн зориулалт, зарцуулалтын зүйл нь Байгаль орчны сайдын 2002 оны 117 дугаар тушаалын 2-р хавсралтаар батлагдсан журмын 5-р зүйлийн Б хэсэгт зааснаас хэт давсан мөнгөн хуримтлал үүсгэж, хураамжийн хэмжээ нь төрөөс үзүүлсэн үйлчилгээний зардалд тохирсон байх зарчим, дархан бүсийн хамгаалалтын нэмэлт арга хэмжээний зориулалтаас илүү буюу бизнесийн зарчмаар, төрд "ашиг", "нэмүү өртөг бий болгох зорилго агуулж байнаТиймээс дээрх үндэслэлийг харгалзан бидний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

5. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямхорол нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, 7, 8-д заасан төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох" гэж, хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8-д тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн орлого" гэж тус тус заасан буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоохоор заасан. Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн орлогын хэмжээг тогтоох бүрэн эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад олгосон.

Энэ эрхийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дугаартай тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон болно. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагадаа захиргааны шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй талаар дурдсан байна. Гэтэл маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг гаргахын өмнө урьдчилан холбогдох бүхий л судалгааг хийж нөлөөллийн шинжилгээний дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлсэн байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дугаартай тушаал нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдлыг тогтоосон, хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

6. Иргэдийн төлөөлөгч Б.Өлзийбат шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: ...Дүгнэлт гэхээс илүү нэг зүйл ойлгомжгүй байна. Түрүүнээс хойш хариуцагч талаас яриад байгаа том оврын машин засмал замаар явж тоосжилт үүсгэдэг гэсэн атлаа 50,000 төгрөг төлөхгүй бол тойроод явж болно гээд байна. Тойроод явахаар бүр илүү их тоосжилт үүсэх юм биш үү, буруу гэж бодож байна. Засмал зам тавьсан байхад тоос босож байгаа гэдэг хариуцагч талын тайлбар сонин байна. Машин болгоноос биш сард нэг удаа тогтсон хураамж машины тоо хамаарахгүй бүгдээс нь жигд авдаг байвал зүгээр юм болов уу гэсэн саналтай байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Т ХХК болон М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монголын ачаа тээврийн ассоциаци ГҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалын хавсралт-1-ийн 1-д тусгай хамгаалалттай газар нутагт 3.5 тн-с дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэхэд 50,000 төгрөг хураахаар заасан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл тус тус гаргасныг шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1160 дугаар захирамжаар хэргүүдийг нэгтгэсэн.

2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасныг үндэслэн, "Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ"-г хавсралтаар батлахдаа 3.5 тн-с дээш бодит жинтэй ачааны машинаас 50,000 төгрөгийн хураамж авах-аар заажээ.

3. Нэхэмжлэгч Т ХХК болон МНТК ХХК-иуд нь нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, тус компаниудын ачааны машинууд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас Гашуунсухайтын боомт руу нүүрс тээвэрлэхдээ Говийн бага дархан цаазат газраар дайран өнгөрдөг, дээрх тушаалын дагуу нэвтрэн өнгөрөх бүрт 50000 төгрөгийг төлөхийг шаардаж төлүүлэх, төлүүлэхээр нэхэмжлэх, улмаар төлөөгүй тохиолдолд улсын байцаагч арга хэмжээ авах (хожим хүчингүй болсон), мөн нүүрс тээвэрлүүлдэг гэрээт компанид С зөвшөөрөл олгохгүй байхыг хүсэж бичиг хүргүүлэх зэргээр маргаан бүхий тушаалын заалттай холбоотойгоор нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгддөг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэхээргүй байна.

 

4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-д Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлыг санхүүжүүлэх хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ: 8/тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн орлого; (Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн) гэж, 27 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 18/ дахь заалтад энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, 7, 8-д заасан төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох. гэж тус тус зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоох бүрэн эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосон.

 

5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь өөрт олгогдсон энэхүү бүрэн эрхийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоохдоо холбогдох судалгаа, нөлөөллийн шинжилгээ хийж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаарт нийтэлсэн /Хх-н 44 хуудас/ нь Захиргааны ерөнхий хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

 

6. Хэрэгт авагдсан Нөлөөллийн шинжилгээний танилцуулгад Монгол улсад ирж буй жуулчдын 80 гаруй хувь нь тусгай хамгаалалттай газар нутгаар зочилдог, хамгаалалтын захиргаадын орлого буурч байгааг, мөн үзүүлэх ажил, үйлчилгээг мэдээлэл зааварчилгаа өгөх, аялал жуулчлалын зам зааж өгөх, газарчлах, товхимол, гарын авлага, хогны уутаар хангах, газарчлах хүн гаргаж өгөх үйлчилгээ үзүүлж байгааг, мөн 2002 онд батлагдсан тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлс төлөх журамд өөрчлөлт орж байгаагүй, гэтэл инфляц нэмэгдсэн талаар дурдсанаас гадна судалгаанд хамгаалалтын захиргаад, тур операторын үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, байгаль хамгаалагчид, гадаад дотоодын жуулчдыг хамруулсан, мөн бусад орны тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээтэй харьцуулсан судалгаа хийсэн талаар, Хамрах хүрээг энэхүү төлбөрийн хэмжээ нь тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал тус бүрт зорчиж байгаа гадаад, дотоодын хуулийн этгээдэд ижил тэгш хамаарна гэж, акт гарсны дараа ... байгаль хамгаалагчдын эрх ашигт эергээр нөлөөлнө, зорьж байгаа аялагчид жуулчдад чанартай хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, байгалийн унаган төрхийг хадгалах нөхцөл бүрдэнэ. Байгалын унаган төрхийг хадгалснаар иргэн хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй, нэмэлт ачаалал үүсэхгүй гэжээ.

 

7. Эдгээрээс үзвэл Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зорилгоор нэвтэрч байгаа хүн, ачааны машин, нисдэг тэрэг зэргээс нэвтрэх хураамжийг авах агуулгаар гарсан гэж үзэхээр байна.

Учир нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аялал жуулчлалын тухай 2000 оны хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар бол түүнтэй холбогдсон харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.4-т нутаг дэвсгэрээрээ дайран өнгөрч яваа жуулчдаас хуульд зааснаас бусад тохиолдолд татвар, төлбөр, хураамж авахгүй байх гэж тус тус заажээ.

8. Мөн Татварын ерөнхий хуульд 6 дугаар зүйлийн 6.1.40-д "хураамж" гэж төрийн байгууллагаас аливаа этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг; ойлгохоор заасан бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрч буй нэхэмжлэгч компанийн нүүрс тээврийн ачааны машинуудыг ямар нэгэн үйлчилгээ авсан, эсхүл тухайн нутаг дэвсгэрт нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулсан гэж үзэж төлбөр авч төсөв бүрдүүлэхээр тухайн хураамжийг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй.

 

9. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрдөг ачааны машинтай этгээд буюу нэхэмжлэгч нүүрс тээврийн компанийн жолооч нар нь аялал жуулчлал хийхгүй, мөн тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн унаган төрхийг үзэх, түүнд нөлөөлөх үйл ажиллагаа явуулдаггүй, улсын чанартай авто замаар зорчиж, зам ашигласны төлбөрөө тухайн компанид төлдөг, хог хаягдлын төлбөрийг Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор баталсны дагуу төлдөг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул уг хураамжийн хэмжээ тогтоосон Сайдын А/71 дүгээр тушаал нь нэхэмжлэгч нарт чиглээгүй, тухайн тушаалын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байдал тогтоогдохгүй байна.

10. Харин дээр 3 дахь хэсэгт дурдсан нэхэмжлэгч нарын хөндөгдсөн эрх, ашиг сонирхол нь тухайн тушаалыг хэрэгжүүлж буй этгээдийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэхээр байна.

11. Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/71 дүгээр тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх ачааны автомашинаас 50000 төгрөгийн хураамж авахаар тогтоосны улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч компаниудаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

12. Тус шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн тушаалын маргаж буй хэсэг нь нэхэмжлэгч компаниудад чиглээгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн хүрээнд дүгнэлт хийсэн бөгөөд тухайн хураамжийн хэмжээ тогтоосон хэсэг нь тухайн актын үйлчлэл нь чиглэсэн этгээдээс нэхэмжлэл гаргасан тохиолдолд мөн нэхэмжлэгч нараас тушаалыг хэрэгжүүлж төлбөр төлүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулсан захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж, зохих журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аялал жуулчлалын тухай 2000 оны хуулийн 2 дугаар зүйлийн 2.3, 18 дугаар зүйлийн 18.1.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 18-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК болон М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монголын ачаа тээврийн ассоциаци ГҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалын хавсралт-1-ийн 1-д тусгай хамгаалалттай газар нутагт 3.5 тн-с дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэхэд 50,000 төгрөг хураахаар заасан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА