Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 0495

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль

орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                              Танхимын тэргүүн М.Батсуурь,

Шүүгчид:                                 Л.Атарцэцэг

                                                Г.Банзрагч,

                                                Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                        Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:       Ц.Ундрал.

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай” А/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 221/ШШ2018/0014 дүгээр шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А нар.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 221/ШШ2018/0014 дүгээр шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 2-ын 3, 2-ын 5, 15 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай” А/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

          Давж заалдах журмаар гаргасан гомдол

2. Байгаль орчныг орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүй тухай: Бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “барагшун нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан обьектод хамаарахгүй гэж маргасан. Учир нь, тус хуулийн 3.1 дэх хэсэгт тус хуулиар хамгаалах байгалийн обьектүүдийг заасан бөгөөд үүний аль нэг хэсэгт нь барагшун хамаарахгүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зүгээс энэ талаар дүгнэхдээ шүүхийн шийдвэрийн 4 дэх талд “байгалийн баялаг болох барагшуныг хуулиар хамгаалах обьектод хамаарахгүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэсгүй” гэж тайлбарласан байна. Гэвч бидний тус тайлбар яагаад үндэслэлгүй тухай дүгнэлт хийгээгүй байна. Хуулийн 3.1 дэх хэсэгт тус хуулиар ямар байгалийн обьектүүдийг хамгаалах тухай тодорхой заасан. Үүний аль нэгэнд нь барагшун хамаарахгүй байгаа. Иймд барагшуныг тус хуулийн хүрээнд хамааруулж зохицуулах үндэслэлгүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс барагшун нь амьтаны гаралтай түүхий эд тул хуулийн 3.1.5 дахь хэсэгт хамаарна гэж тайлбарладаг. Гэвч хуулийн тус хэсэгт зөвхөн амьтныг хамааруулсан бөгөөд амьтны гаралтай түүхий эд гэж заагаагүй. Түүнчлэн хэрэгт авагдсан 2009 оны судалгааны дүгнэлт, зөвлөмж хэсгийн 3 дахь хэсэгт (хэргийн 51 дэх тал) “...түүнийг ямар хулгана, оготны баас, өтөг хөрзөн мэтээр ач холбогдлыг бууруулах явдал байгааг таслан зогсоох шаардлагатай” гэж тэмдэглэсэн нь амьтны гаралтай түүхий эд биш болохыг илтгэнэ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус тайлбар үндэслэлгүй юм. Түүнчлэн хуулийн 15.1.4 дэх заалтад “жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж” гэж заасан нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь тус хуулийн 3.1 дэх хэсэгт заасан байгалийн обьектуудыг хамгаалах агуулгатай болохыг илтгэнэ.

3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.3, 5.2.5 дахь заалтуудыг хэрэглэх үндэслэлгүй тухай: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зүгээс хуулийн 5.1 дэх хэсэгт “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчин тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасныг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгон хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж бид үзэж байна. Хуулийн тус хэсэгт төр нь байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх тухай заасан. Иймд хэрэв барагшуныг түүхийгээр гадаад улсад гаргах нь байгаль орчинд хортой нөлөөлөх байгаль орчны тэнцэл алдагдахад хүргэх нөхцөлд барагшуныг гадаад улсад гаргахыг хориглох нь захиргааны байгууллагын чиг үүрэгт нийцэх юм. Гэвч барагшуныг түүх нь байгаль орчинд ямар ч хортой, сөрөг нөлөө үзүүлдэггүй. Барагшуныг түүснээр байгаль орчинд сөрөг нөлөөтэй тухай хэрэгт авагдсан 2009 он Монгол Алтайн барагшуны судалгаанд ч тусгагдаагүй бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ч тийнхүү үндэслэл, баримт шүүхэд гаргаагүй. Шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.5 дахь хэсэгт заасан байгаль орчны салбарт баримтлах зарчмыг маргаанд хэрэглэх болсон үндэслэл нь тодорхойгүй. 

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зүгээс маргаан бүхий хэм хэмжээний акт нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15.1.4 дэх заалтад “хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох гэж заасанд нийцнэ гэж үзсэн. Гэвч маргаан бүхий хэм хэмжээний акт нь хуулийн тус заалтад заасан урьдчилсан нөхцөл, шийдвэр гаргах журмыг хангаагүй байсан. Тодруулбал жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж гэж заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй. Хэрэв барагшун нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хамгаалагдах обьектод хамаарна гэж үзвэл хуулийн тус заалтын хүрээнд жил бүр ашиглаж болох барагшуны хэмжээг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах гаргах шаардлагатай. Гэтэл хариуцагч нь 2009 оны судалгааг үндэслэл болгон 2017 онд 5 жилээр барагшуны ашиглалтыг хориглосон нь жил бүр ашиглаж болох тоо хэмжээг тодорхойлох шаардлагыг хангахгүй юм.

5. Хуулийн дээрх заалтад экологийн шаардлага, нөөцийг харгалзах тухай заасан. Үүнээс хариуцагч байгууллага нь нөөцийг харгалзаж үзэж шийдвэр гаргасан гэдэг боловч экологийн шаардлагыг харгалзаж үзээгүй. Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас сэргийлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх, байгалийн баялгийн ашиглалтыг зохицуулах зорилгоор байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тус тус хийнэ” гэж заасны дагуу нөөцийн үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх шаардлагатай билээ. Хуулийн тус хэсэгт байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлэх, байгалийн баялгийн ашиглалтын зохицуулах нөхцөлд дээрх хоёр төрлийн үнэлгээг хийх тухай заасан. Иймд захиргааны байгууллага нь хуулийн 5.1 дэх хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс хуулийн 15.1.4 дэх заалтын дагуу арга хэмжээ авахдаа тухайн байгалийн баялгийн экологийн шаардлага болон нөөцийг харгалзах буюу нөөцийн үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх шаардлагатай билээ. Гэвч хариуцагч байгууллага нь шийдвэр гаргахдаа барагшуны экологийн шаардлагыг тооцох үүднээс байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй.

6. Барагшуныг түүснээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй тул түүнийг ашиглахыг хориглох, хязгаарлах экологийн шаардлага байхгүй юм. Хэрэгт авагдсан аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн, улсын байцаагчдын шийдвэр, албан бичгүүдэд барагшуныг түүснээр байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй тухай тусгагдсан. Шүүх хуралдааны явцад барагшуны түүнээс байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх тайлбар гаргаагүй.

7. Хариуцагч байгууллага нь маргаан бүхий хэм хэмжээний актыг гаргахдаа барагшуны нөөцийг харгалзан үзсэн гэж тайлбарладаг.  Захиргааны хэргийн давж шатны шүүх энэ талаар дүгнэхдээ “Монгол Алтайн барагшуны...судалгааны тайлан, түүнд үндэслэн гаргасан дүгнэлт, зөвлөмжийн 3 дугаарт “Монгол Алтайн барагшун нөөц төдийлөн их биш”, 4 дүгээрт “Барагшуны үүсэн бүрэлдэх үйл явц нь жарнаас хэдэн мянган жилээр үргэлжлэх учраас байгаа бага нөөцөө цөлмөн гадаадад түүхийгээр худалдахыг зогсоох нь зүйтэй”, “Монгол оронд тодорхой нөөц бүхий газрыг орон нутгийн хамгаалалтад авч, нөөцийг тогтоосон тохиолдолд тодорхой хяналтан доор судалгаа шинжилгээний зорилгоор ашиглах асуудлыг авч үзэх нь зүйтэй, 8 дугаарт “Одоогоор барагшуныг олборлон экспортлохоор мэдүүлж байгаа тоо хэмжээ нь барагшуныг 1-2 жилд нөөцгүйгээр бүрмөсөн ашиглах хэмжээ юм” гэж дурдсан байгаагаас үзэхэд барагшун нь .. нөөц, тархац нь хомсдож түүхий эдээр гадагш гаргах тоо хэмжээ нь дотоодод боловсруулан гаргаж байгаа хэмжээнээс их байгааг харгалзан ... экспортлохыг хориглосон шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй байна” хэмээн дүгнэсэн.

8. Гэвч хариуцагч байгууллагын болон шүүхийн үндэслэл болгож буй 2009 оны судалгаа нь бодитой бус болох нь хэрэгт авагдсан баримтуудаар илэрхий байгаа. Тодруулбал дээрх судалгаанд “барагшуны ашиглалтыг хязгаарлахгүй бол 1-2 жилийн хугацаанд түүний нөөц бүрмөсөн дуусна” гэж дүгнэсэн боловч 2009 онд судалгаа хийгдсэнээс хойш барагшуны нөөц дуусаагүй. Тус судалгаанд барагшуны нөөцийг 300 тн гэж тэмдэглэсэн байдаг. Гэвч зөвхөн 2016 онд гэхэд 2335 тонн түүхий барагшуныг гадаад улсад гаргасан болох нь хэргийн 40 дэх талд авагдсан танилцуулгад тусгагдсан. Нэхэмжлэгч Н ХХК нь 2016-2017 онд Баян-Өлгий аймаг, Баяннуур сумын зөвхөн нэг уулын бэлнээс 200 тонн барагшун бэлдсэн тухай баримт хэрэгт авагдсан. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, түүний улсын байцаагчид зэрэг захиргааны байгууллага, албан тушаалтнуудад хэрэгт авагдсан баримтуудыг судлавал барагшуныг элбэг ургамал гэж тусгасан байгаагаас барагшуны нөөц хомсдсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болох нь харагдана. Иймд дээрх судалгаа нь маргаан бүхий хэм хэмжээний акт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй бодитой бус судалгаа юм.

9. Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 15.1.4 дэх заалтанд “хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох гэж заасан. Хуулийн тус заалтыг хуулийн 3.1 дэх хэсэгтэй уялдуулж тайлбарлавал хариуцагч нь хуулийн 3.1 дэх хэсэгт заасан зургаан төрлийн байгалийн обьектээс ой, ургамал, амьтны төрлийн обьектийн ашиглалтын хязгаарлах, хориглох эрхтэй болох нь ойлгогдоно. Харин хуулийн 3.1 дэх хэсэгт заасан обьектүүдээс агаар, газар, түүний хэвлий, газрын хөрсний ашиглалтыг хариуцагч хязгаарлах эрхгүй юм. Хуулийн 15.1.4 дэх заалтыг тийнхүү хязгаарлагдмал байдлаар тайлбарлахгүй, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тайлбарласан байдлаар буюу ерөнхий байдлаар тайлбарлавал хариуцагч нь газар, түүний хэвлий, хөрс, газрын хэвлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу алт, нүүрс зэрэг ашигт малтмалын ашиглалт, экспортыг ч хязгаарлах эрхтэй болно. Иймд хуулийн 15.1.4 дэх заалт нь хариуцагчид хуулийн тус заалтад заасан амьтан, ой, ургамлын ашиглалтыг хязгаарлах, хориглох эрх олгосон гэж тайлбарлах үндэслэлтэй юм. Барагшун нь тэдгээрийн аль нэгэнд нь хамаарахгүй тул хариуцагч байгууллага түүнийг ашиглах, хязгаарлах хориглох эрхгүй юм. Иймд маргаан бүхий хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтад заасан тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, ... хүрээнд нийцсэн байх шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлтэй. 

10. Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчигдсөн тухай: Хариуцагч нь маргаан бүхий хэм хэмжээний актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн тухай бид тайлбар гаргаж маргасан. Бидний тус тайлбарын тухай шийдвэрийн 3 дахь талд “хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуульд тавьсан шаардлагатай нийцээгүй гэх тайлбар үндэслэлгүй” гэж дүгнэсэн байна. Шүүхийн тус дүгнэлт үндэслэлгүй байна гэж бид үзэж байна. Учир нь маргаан бүхий хэм хэмжээний актыг гаргахдаа хариуцагч нь сонсох ажиллагаа хийгээгүй буюу барагшуныг гадаад улсад гаргадаг хуулийн этгээдүүдийн саналыг аваагүй. Түүнчлэн шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй боловч нөхцөл байдлыг бодитойгоор тогтоогоогүй. Тодруулбал энэ хүрээнд барагшуны нөөц жил бүр ашиглаж болох хэмжээг тогтоох учиртай ч энэ тухай бодит судалгаа хийгдээгүй. 2009 оны судалгаанд “барагшуны нөөц 1-2 жилийн хугацаанд нэгмөсөн дуусна” гэх боловч үүнээс хойш одоог хүртэл нөөц дуусаагүй байгаагаас үзэхэд тус судалгаа нь үндэслэлгүй. Мөн тус судалгаанд барагшуны нөөц 300 тн болох тухай тусгасан боловч 2016 онд гэхэд 2335 тн барагшун гадаад гарсан. Н ХХК нь Баян-Өлгийн аймгийн Баяннуур сумын Цагаан хад гэх зөвхөн нэг уулын бэлээс 200 тн барагшун бэлдсэн байгаагаас харахад 2009 оны судалгаа нь бодитой бус юм. Барагшуныг гадаад улсад гаргахыг хориглосноор тийнхүү үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдүүдийг үйл ажиллагаа зогсох, ажилчид ажлаас халагдах зэрэг нийгмийн нөхцөл байдлыг ч шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй.

11. Хэм хэмжээний акт барагшуны нөөцийг хамгаалах зорилгод нийцээгүй тухай: маргаан бүхий бүхий хэм хэмжээний актыг барагшуны наөцийг хамгаалах үүднээс гаргасан гэж хариуцагч нь тайлбарладаг. Шүүхийн зүгээс ч тийнхүү байдлаар дүгнэсэн.  Гэвч маргаан бүхий хэм хэмжээний акт нь тийнхүү зорилгод нийцээгүй. Харин гагцхүү Монгол Улсад барагшун ашигладаг, барагшуныг түүхийгээр бус хагас болон бүтэн боловсруулж гадаад улсад гаргадаг аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн шинжтэй байсан.  Учир нь маргаан бүхий хэм хэмжээний актаар барагшуныг зөвхөн түүхий байдлаар нь гадаад улсад гаргахыг хориглосон. Харин хагас боловсруулсан байдлаар нь болон эм эмийн бүтээгдэхүүн болгож гадаад улсад гаргах нь чөлөөтэй бөгөөд үүнд хэмжээний хязгаар байхгүй. Иймд барагшуны дотоод хэрэглээ болон хагас, бүтэн боловсруулсан байдлаар хэдэн ч тонн хэмжээгээр гадаад улсад гаргах боломжтой тул маргаан бүхий хэм хэмжээний акт барагшуны нөөцийг хамгаалж байгаа гэж үзэх үндэслэлгүй. Бодит байдалд барагшуныг дотоодод ашигладаг Монос фарм зэрэг эмийн компаниудын лобби нөлөөгөөр дээрх тушаал гарсан болохыг барагшунтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд мэдэж байгаа. Иймд маргаан бүхий хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтад заасан “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн ... зорилгод ... нийцсэн байх” зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

12. Маргаан бүхий хэм хэмжээний акт нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5, 13.2.7 дахь заалтуудыг зөрчсөн гэж бид үзэж, энэ тухай шүүх хуралдааны явцад тайлбарласан. Маргаан бүхий акт нь барагшуныг түүхийгээр гадаад улсад гаргахыг хориглож буй шинжээрээ зах зээлийг нутаг дэвсгэр, барааны нэр төрлөөр хувиарлаж, барагшуныг дотоодод хэрэглэдэг, гадаад улсад боловсруулж гаргадаг эмийн компаниудад давуу байдал олгосон шинжтэй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв. 

ХЯНАВАЛ:

13. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

14. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай” А/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

15. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/86 дугаар тушаалаар, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-ийн 4, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, Монгол эрдэмтэн судлаачдын 2009 оны  “Монгол Алтайн барагшун тархац, гарал үүсэл, химийн бүрдэл” судалгааны тайланг тус тус үндэслэн Монгол орны барагшуны тархац, нөөц хомсдож байгааг харгалзан барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд, судалгаа, шинжилгээний сорьц, дээжийг 5 кг-аас дээш хэмжээгээр гадаад улсад гаргах зорилгоор түүж бэлтгэх, боловсруулах, экспортлохыг 5 жилийн хугацаагаар хориглосон байх бөгөөд тус захиргааны акт нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 3752 дугаарт бүртгэгдсэн байна.

16. Нэхэмжлэгчээс А/86 дугаар тушаалыг захиргааны хэм хэмжээний акт биш гэж маргаагүй, харин “...тус компани цаашид 5 жилийн хугацаанд барагшуныг гадаад улсад түүхийгээр гаргах боломжгүй болж эрх нь зөрчигдөж байгаа, ...барагшун нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хуулиар  хамгаалах обьектад хамаарахгүй, ...маргаан бүхий хэм хэмжээний акт нь зорилгодоо нийцээгүй, ...мөн захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй...” гэсэн үндэслэлээр маргажээ.  

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар, мөн 52 дугаар зүйлийн 52.5.6-д ...захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох... нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахаар хуульчилсан.

18. Давж заалдах шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-ийн 4-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/86 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна.

19. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хуулийн зорилтыг, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах гэж тодорхойлсон, мөн 5 дугаар зүйлд байгаль орчныг хамгаалах талаархи төрийн чиг үүрэг, зарчмыг хуульчилж, энэ зүйлийн 2-ын 3-т “байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах”, 2-ын 5-д “байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах” гэж, 15 дугаар зүйлийн 1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ; ...4/-т “хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох” гэж тус тус заажээ.

20. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд МУИС-ийн Биологийн факультетын судалгааны багаас Монгол Алтайн барагшуны тархац, гарал үүсэл, химийн бүрдэл зэргийг судалж, судалгааны ажлын тайлан гаргасан байх бөгөөд уг тайлангийн “Дүгнэлт, зөвлөмж”-ийн 3-т “Монгол Алтайн барагшуны нөөц төдийлөн их биш...”, 4-т “Барагшун үүсэн бүрэлдэх үйл явц нь жарнаас хэдэн мянган жилээр үргэлжлэх учраас байгаа бага нөөцөө цөлмөн гадаадад түүхийгээр худалдаалахыг зогсоох нь зүйтэй”, 7-д “Монгол оронд тодорхой нөөц бүхий газрыг орон нутгийн хамгаалалтад авч, нөөцийг тогтоосон тохиолдолд тодорхой хяналтын доор судалгаа шинжилгээний зорилгоор ашиглах асуудлыг авч үзэх нь зүйтэй”, 8-д “Одоогоор барагшуныг олборлон экспортлохоор мэдүүлж байгаа тоо хэмжээ нь Монгол Алтайн барагшуныг 1-2 жилд нөөцгүйгээр бүрмөсөн ашиглах хэмжээ юм. Иймд Байгалийн нөөц баялагийнх нь хувьд ашиглалтын Төрийн бодлого шаардлагатай” гэж дүгнэж, зөвлөжээ. Мөн түүнчлэн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулиас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 78/2041 тоот албан бичигт “...тайланд нөөцийн мэдээ орсон бөгөөд энэ нөөц сүүлийн жилүүдэд нэмэгдээгүй болно” гэж тодорхойлсон, эдгээр судалгааны дүгнэлт, зөвлөмжийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

21. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол эрдэмтэн судлаачдын 2009 оны  “Монгол Алтайн барагшун тархац, гарал үүсэл, химийн бүрдэл” судалгааны тайланг үндэслэн, барагшуны нөөцийг хамгаалах зорилгоор түүхийгээр, тодорхой хугацаанд гадагш экспортлохыг хориглож шийдвэрлэсэн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-ийн 4-т заасантай нийцсэн, энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

22. Дээрх судалгааны тайлан, хариуцагчийн тайлбар зэргээс дүгнэхэд Монгол орны барагшун нь Барагчин төрлийн оготны ялгадасны хуримтлалаас он удаан жилийн явцад үүсэж бий болсон олон найрлагатай байгалийн эрдэс хуримтлал /амьтнаас гардаг эрдэс бодис/ буюу амьтны гаралтай түүхий эдэд хамаарч байх тул барагшуныг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасан хуулиар хамгаалагдах обьектад хамаарахгүй гэж дүгнэх боломжгүй, иймд энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

23. Түүнчлэн А/86 дугаар тушаал гарсантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн гомдол, хүсэлтийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус яамны сайдын зөвлөл хуралдаж, тус хуралдаанаас 2017 оны А/86 дугаар тушаал гарахаас өмнө барагшуныг түүж бэлтгэн, гадаадад экспортлох хүсэлт ирүүлсэн компаниудын бэлтгэсэн барагшуны хэмжээг тогтоон, экспортод гаргах зөвшөөрөл олгох хэмжээ нь анх хүсэлт гаргасан нийт хэмжээний 50 хувиас ихгүй байхаар тогтоож шийдвэрлэсэн байх ба хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч компанид 50 тонн барагшуныг экспортлох зөвшөөрөл олгосон нь гаргасан шийдвэрийн хүрээнд байна.

24. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор заасан байхад хариуцагчаас маргаан бүхий А/86 дугаар тушаалыг гаргахдаа ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд /барагшуныг гадаадад экспортлодог аж ахуйн нэгж, байгууллага/-эд мэдэгдэж, тэдэнд тайлбар, санал хүсэлтээ гаргах боломжийг олгоогүй нь тогтоогдсон, гэвч энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь үгүйсгэж хүчингүй болгохгүй.

25. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ...Танилцуулгад “...барагшуны нөөц ихээхэн хэмжээгээр хомсдож байгаа талаар мэдээллүүд ирсээр байна. ...Урт хугацааны туршид байгалийн үзэгдлийн хувьсац өөрчлөлтөөр хуримтлагдан бий болдог, удаан нөхөгдөж нөөцлөгддөг байгалийн барагшуныг боловсруулалт хийхгүйгээр тооцоо судалгаа муутай экспортод гаргаж байгаа нь ашиглах нөөцгүй болгох өндөр эрсдлийг дагуулна. ...Түүхий барагшуныг гадаадад гаргах зорилгоор түүж бэлтгэх, боловсруулах, экспортлохыг хориглоход шинээр захиргааны байгууллага болон төрийн байгууллагад ачаалал ирэхгүй. Харин барагшуныг түүхийгээр гадаадад гаргаснаар цөөн хэдэн хувь хүн, аж ахуйн нэгжийн эрх ашгаас илүү нийт ард иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн, ...байгалийн баялгийн нөөцийг бага хэмжээгээр, урт хугацаагаар ашиглах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой” гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэм хэмжээний акт барагшуны нөөцийг хамгаалах зорилгод нийцээгүй...” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

26. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 221/ШШ2018/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

           ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА