Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 34

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

      Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Б.Оюун  даргалж,  шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

        Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Булган сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй, 

        Хариуцагч: Дорнод аймгийн Булган сумын Сонгуулийн  хороонд холбогдох,

      Нэхэмжлэлийн шаардлага: “Булган сумын Сонгуулийн хорооны 2016 оны  09 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолын, хавсралтын 10 дугаарт бичигдсэн Мижээ овогтой Ганбаатарт холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, нэр дэвшигчийн бүртгэлээс хасахыг, Булган сумын Сонгуулийн хороонд  даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Булган сумын Ардчилсан намын дарга М.Эрхэмбаатар, хариуцагч Булган сумын Сонгуулийн хорооны дарга Б.Мөнгөнчимэг, гуравдагч этгээд  М.Ганбаатар, нарийн бичгийн дарга Г. Намуунзул  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Булган сумын Ардчилсан намын хорооны дарга М.Эрхэмбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа, төрийн байгууллагын чиг үүргийг Булган сумын Сонгуулийн хороо нь гүйцэтгэхдээ  Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтыг ноцтой зөрчиж, МАН-аас нэр дэвшигчээр Мижээ овогтой Ганбаатарыг бүртгэсэн. Нэр дэвшигч М.Ганбаатар нь Хэрлэн сумын 10 дугаар баг Хивс- гудамжны 46-11 тоот  хаягаас 2016 оны 08  дугаар  сарын  19-ний өдөр  Булган сумын Баян-Уул 3-р багийн иргэнээр хаягийн шилжүүлэг  хийлгэсэн  байна.  Сонгуулийн  тухай  хуулийн  11  дүгээр  зүйлийн  11.8 дахь хэсэгт “Нэр дэвшигчийн эрх зүйн” байдлыг  хуульчилсан байна. Сонгогдох эрхээ эдлэх нь тухайн иргэний хуулиар олгосон боломж бөгөөд сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т заасан нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг үндэслэн М.Ганбаатарыг бүртгэснээ хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь  сонгуулийн үйл ажиллагаанд хувийн сонирхлоор хандсан гэж үзэж байна.

       Миний бие  тус шүүхэд  Булган сумын Сонгуулийн хорооны  2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолын хавсралтын 10-рт  бүртгэгдсэн  М.Ганбаатарт холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, нэр дэвшигчийн бүртгэлээс хасахыг Булган сумын Сонгуулийн хороонд даалган шийдвэрлүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Нэр дэвшигч М.Ганбаатарыг 2016 оны 8 дугаар сарын 19-нд шилжүүлэг хийлгэсэн байхад  Сонгуулийн хороо бүртгэсэн гэж ойлгож байсан.Гэтэл энэ нутгийн уугуул иргэн бөгөөд нутгийн ах дүү нар учир шүүхдэлцээд байх шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

      Хариуцагч Булган сумын Сонгуулийн хорооны дарга Б.Мөнгөнчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Сумын орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн хороо байгуулагдан ажиллаж байгаа билээ. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтын дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг  Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэж Сонгуулийн Ерөнхий хорооны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Сонгуулийн хорооны хуралдааны дэгийн 3.4 дэх заалтын дагуу олонхийн саналаар шийдвэрлэж 01 дүгээр тогтоолыг гаргасан. Мөн хуулийн 157 дугаар зүйлийн  157.13 дахь заалтын дагуу Сонгуулийн хорооны гаргасан шийдвэрийг  2016 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 8 цагт сумын Засаг даргын Тамгын газрын шуурхай хуралдаанаар нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг нийтэд зарласан.

       Нэхэмжлэгч шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Бид гурав нэг нутгийн хүмүүс тэгээд ч М.Эрхэмбаатар нь манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга миний бие Тамгын газрын даргаар ажилладаг нэгнийхээ шийдвэрийг биелүүлээд л явсан. М.Ганбаатарын тухайд МАН-аас нь нэр дэвшүүлээд орж ирсэн сумын Сонгуулийн хороо хуралдаад олонхийн саналаар шийдвэрлэсэн юм. Энэ удаад шүүхэд хандахаас өмнө учир зүйгээ олох боломжтой байсан юм гэв.

       Гуравдагч этгээд М.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Булган сумын орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн. Тус Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь заалтыг үндэслэн МАН-аас нэр дэвшигчээр намайг бүртгэсэн юм. Миний бие Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар Сонгох. сонгогдох эрхээ эдлэх бүрэн эрхтэй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Дорнод аймгийн Булган сумын Ардчилсан намын дарга М.Эрхэмбаатар нь  “Дорнод аймгийн Булган сумын  Сонгуулийн хорооны  2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 10-рт бичигдсэн Мижээгийн Ганбаатарт холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, нэр дэвшигчийн бүртгэлээс хасахыг Булган сумын Сонгуулийн хороонд даалгуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлийг гаргасан.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэсний дагуу нэхэмжлэгч нь  шүүх хуралдааны явцад Булган сумын Сонгуулийн хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа аман тайлбар болон бичгээр илэрхийлж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавартай танилцсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1.Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Дорнод аймгийн  Булган сумын  Сонгуулийн хорооны  2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 10-рт бичигдсэн Мижээгийн Ганбаатарт холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, нэр дэвшигчийн бүртгэлээс хасахыг Булган сумын Сонгуулийн хороонд даалгуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч М.Эрхэмбаатар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татагалзсан этгээд нь  уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ОЮУН