Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 0760

 

 

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2017/0760

Улаанбаатар хот

 

 

 

О.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч шүүгч О.Номуулин даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, гуравдагч этгээд А.Б нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн гомдлын дагуу О.М-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 тоот тогтоол, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Оюут багийн Засаг дарга О.Мөнх-Одод холбогдох хэсэг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн А.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд А.Б давж заалдах гомдолдоо: Тус багт харьяалалгүй 11 иргэн санал өгсөн гэх асуудлыг анхан шатны шүүх хийсвэр дүгнэлт хийсэн. Дээрх 11 иргэн тус багийн харьяалалгүй гэх боловч Засаг даргыг сонгох сонгуульд ялангуяа 226 хүн санал өгсөн иргэд дотор санал өгсөн эсэхийг нотлоогүй, түүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анх Засаг даргад нэр дэвшихээр хуралдаанд оролцохоор ирсэн 305 хүний бүртгэлд дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Бүртгэл нь өөр боловч тухайн багт суурьшин амьдардаг эсэх нь, тухайн хуралдаанд санал өгсөн эсэх Засаг даргыг сонгох саналд дээрх 11 иргэн оролцсон эсэх нотлогдоогүй байхда уг 11 хүнийг санал өгсөн байн гэж үзэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

Миний бие 8 хүний саналын зөрүүтэй ялсан. Засаг даргын санал өгсөн иргэдээс 8 хүчингүй саналын хуудас гаарсан. Дээрх 11 хүний санал хүчингүй санал өгсөн 8 иргэн, зөрүүтэй санал өгсөн 8 иргэн нийт 16 иргэн дотор байгаа эсэх, хүчинтэй санал өгсөн 218 иргэн дотор байгаа эсэхд шүүх дүгнэлт хийлгүй оролцсон байна гэж дүгнэсэн үндэслэлгүй.

Улсын бүртгэлийн лавлагаа үнэн зөв гэж шүүх үзсэн. Гэтэл иргэдийн Нийтийн Хурлын ирцийн бүртгэлийг иргэний үнэмлэх болон хүн амын өрхийн бүртгэлийн үзэж бүртгэл явагдсан. Хурал анхнаасаа улсын бүртгэлийн лавлагааг хэрэглэж, явагдана гээгүй хурлын дэгээс иргэний үнэмлэх болон хүн амын  өрхийн бүртгэлийг үзэж бүртгэнэ гэсэн учир хурлын дэгийн дагуу хийгдсэн ажиллагаа. Гэтэл улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар үнэлж ирцийн бүртгэл бүхий нотлох баримтыг хэрэгт үнэлээгүй нь хэрэгт нэг талын нотлох баримтыг харж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ирцийн бүртгэл болон улсын бүртгэлийн лавлагаа зөрүүтэй байгааг шүүх анхаарч аль нотлох баримтыг үнэн зөв гэж үзэх вэ гэдгийг нягтлан үзэхийн тулд бусад нотлох баримтыг бүрдүүлж хэргийг шийдвэрлэх байтал бие биенээ үгүйсгэсэн дээрх хоёр баримтын нэгийг үнэн зөв гэж үзэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Нотлох баримтыг бүхэлд нь анхааралгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтыг үндэслэлгүй хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байх тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.М-оос “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 тоот тогтоол, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Оюут багийн Засаг дарга О.М-д холбогдох хэсэг, мөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн А.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргыг сонгох” хуралдааны тэмдэглэл[1], болон тус өдрийн “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04 тоот тогтоол[2], тооллогын комиссын “Санал хураалтын дүнгийн тухай” 04 тоот тогтоол[3]” зэрэг баримтуудыг үндэслэл болгосон байна. Мөн “Оюут багийн харьяалалгүй нэр бүхий 11 иргэн[4] Оюут багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон зэргээр тогтоосон боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон эдгээр баримтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Ингэхдээ хавтаст хэрэгт мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй” гэж заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хавсаргаагүй байна.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа бичмэл баримтын эх хувийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч болно. Харин уг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэргийн материалд үлдээнэ” гэж заасныг зөрчиж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг буцаан хүргүүлжээ.[5]

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, 121.3.4-д заасан шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзэх үндэслэл болохоор байх тул мөн хуулийн 121.1.4, 121.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.  Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ

 


[1] Хх-ийн 116-121 дүгээр тал

[2] Хх-ийн 114 дүгээр тал

[3] Хх-ийн 115 дугаар тал

[4] Хх-ийн 45-55 дугаар тал

[5] Хх-ийн 157 дугаар тал