| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00401/И |
| Дугаар | 132/ШШ2024/00420 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 132/ШШ2024/00420
| 2024 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 132/ШШ2024/00420 | Булган аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б-н нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болохыг тогтоолгох тухай 132/2024/00401/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б******* нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие 1989-1992 оны хооронд Булган аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан. Үүний дараагаар 1993 оноос Б******* Д******* ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1995 оны 05 дугаар 23-ны өдөр төрж хүүхэд асрах чөлөө авсан.
Иймд 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний 03/04 дугаартай тогтоол /хэргийн 4-р хуудас/,
- Нийгмийн даатгалын дэврийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /хэргийн 8-11-р хуудас/,
3. Шүүхийн санаачилгаар Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас Булган аймгийн Б******* Д******* ББХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 1995 оны 3 дугаар улирал, 1996 оны 1 дүгээр улирлын тайлан, Д.Б*******гийн шимтгэл төлөлттэй холбогдох бусад баримтыг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч нь 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Д.Боломаа нь Б******* Д******* ББХК-д 1995 онд ажиллаж байсан байдал нь Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа, Б******* Д******* ББХК-ны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 1995 оны 2, 3 дугаар улирлын тайлан, Д******* ББХК-д ажиллаж буй даатгуулагчий хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 1996 оны дүгээр сард нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэлийн тооцооны хуудас, охин П.О*******ий төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын .......дугаартай дэвтрээр тус тус нотлогдож байна.
3.2.Нэхэмжлэгчид Б******* Д******* ББХК-иас 13 дахь сарын цалин олгосон тооцооны хуудас байгаа нь түүнийг тасралтгүй ажиллаж байсан гэх үндэстэй байна.
4. Иймд нэхэмжлэгчийг 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болохыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Б-г 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА