| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/01917/И |
| Дугаар | 102/ШШ2024/02360 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/02360
| 2024 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2024/02360 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Хасбаатарын гудамж, * байр, * тоотод байрлах * Сууц өмчлөгчдийн холбоо,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * бичил хороолол, Хасбаатар гудамж, * байр, * тоот хаягт оршин суух, Их аривжих овогт Бадарчийн Төмөрчөдөр /РД:*/,
Нэхэмжлэлийн шаардлага: 378,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Даваасүрэн,
хариуцагч *,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч * СӨХ нь хариуцагч *өөс 378,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: * СӨХ нь Баянгол дүүргийн * дүгээр хороо, * дугаар бичил хорооллын *, 20, 21, 7/3 байрнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх тухайн орон сууцны байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг, сонирхлыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших ашиглалт хамгаалалтыг эрхлэн хариуцан ажилладаг. Тус СӨХ-ны зарим оршин суугчид СӨХ-нд төлбөрөө цаг тухайд нь төлдөггүй бөгөөд бид хугацаанд нь зохих төлбөрөө төлөхийг шаардсаар ирсэн. Манай СӨХ-ны 19 байрны 16 тоотын оршин суугч Төмөрчөдөр нь энэхүү хүлээсэн үүргээ биелүүлэхгүй төлөх ёстой 378,300 төгрөгийг төлөхгүй элдэв шалтаг хэлж өдийг хүрсэн болно. Монгол улсын Иргэний хуулийн 149.1.2, 148.2.3-т заасан үүргээ 15 сарын турш биелүүлээгүй бол СӨХ төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Иймд СӨХ-ны гишүүний сууц өмчлөгч * байрны * тоотын оршин суугч Төмөрчөдөрөөс тус СӨХ-ны төлөх ёстой 15 сарын нийт 378,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнийг өөрт нь адилхан хараагаагүй. Би тэр үед яагаад уурласан бэ гэвэл манай охин 2 дарааллаад төрсөн. Гэртээ ирэхэд 2 хаалт хийлгэсэн байсан, тэр хаалтыг нээх сахиул байхгүй юм бол нэг хаалтыг авах хэрэгтэй гэж хэлсэн. Би эмч хүн энэрэнгүй хүн. Төлбөрийн хувьд би чадахгүй гэж хэлсэн. Мөнгө нь дээр асуудал байхгүй. Би өдий насан дээр гайхаж байна. Ороогүй хаалгаараа орж байна. Надад өс хонзонгийн асуудал байхгүй. Би төлбөрөө төлнө. СӨХ их юм хийсэн гэх юм би хараагүй. Манай орцны хаалгыг засварлаагүйгээс болж дулаан дамжуулах 2 паар хөлдсөн. Би үнэн байдлыг ярина. Би төлбөр дээрээ маргахгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, * иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, * СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын тогтоол /хх 5/, СӨХ-ны гэрчилгээний хуулбар /хх 6/, Төлбөрийн нэхэмжлэх /хх 16/,
4. Хариуцагчаас хариу тайлбар гаргаж өгөөгүй, нотлох баримтаар асуулгын хуудас /хх 17-34/ гаргаж өгсөн.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * СӨХ нь хариуцагч *т холбогдуулан СӨХ-ны төлбөрт нийт 378,300 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ * СӨХ-ны үйл ажиллагаатай холбогдсон гомдлын улмаас тухайн СӨХ-ны төлбөрийг төлөхөөс татгалзсан тухай тайлбарыг гаргасан.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.
2. Хариуцагч * нь Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, Хасбаатар гудамж, 19 байр, 16 тоот хаягт оршин суудаг эсэх талаар маргаагүй бөгөөд тухайн орон сууц нь * СӨХ-д харьяалагддаг болох нь тус холбоог 2004 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд хариуцагч нь * СӨХ-ны гишүүн байна.
3. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой.
Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 378,300 төгрөгийг төлөөгүй байгаа талаараа маргаагүй учраас уг төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд хариуцагчаас 378,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч * СӨХ-нд олгоно.
4. Хариуцагч нь * СӨХ-ны үйл ажиллагаатай холбогдсон гомдлоо Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар * СӨХ-ны эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурлаар хянан шийдвэрлүүлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *өөс 11,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * СӨХ-нд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *өөс 378,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * СӨХ-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *өөс 11,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН