| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00400/И |
| Дугаар | 132/ШШ2024/00435 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 132/ШШ2024/00435
| 2024 10 29 | 132/ШШ2024/00435 |
|
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Л холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 16,500,000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2024/00400/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Э*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,
Хариуцагч Т.Л*******,
Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Э******* нь хариуцагч Т.Л*******д холбогдуулан машины үнэ 1,650,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Т.Л*******тай 2011 оноос хойш харилцаатай байсан боловч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж шүүхээр шийдвэрлүүлж, миний биед яс хугаралт тархи доргилт гэх мэт олон бэртэл гэмтэл учирсан байдаг. Одоогоор бид хамт амьдардаггүй ч Т.Л******* нь хаяа манай гэрээр ирж очиж байдаг. Би өөрийн хүүхдүүдийн хамтаар Төв аймгийн Заамар суманд бичил уурхайд ажилладаг ба амьдралаа өөрийн гараар бүтээж, хүүхдүүдийнхээ дэмжлэг туслалцаатай ажиллаж амьдарч явдаг юм. Би Заамар суманд бичил уурхайн чиглэлээр ажил хийж амьдардаг учир ажлын шаардлагаар надад портер маркийн машин хэрэгтэй байсан. Ингээд 2023 онд Т.Л*******ын хамтаар Улаанбаатар хот орж ...... улсын дугаартай Цагаан өнгийн Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг 16,500,000 төгрөгөөр худалдан авсан юм. Би өөрөөсөө бүх төлбөрийг төлж, мөн бүхий л шатахуун, сэлбэг хэрэгслийг худалдаж авсан.
Харин тухайн үед би тээврийн хэрэгсэл барих эрхийн үнэмлэхгүй байсан тул Т.Л*******д итгээд түүний нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан худалдах худалдан авах гэрээ хийлгэсэн юм. Түүнээс хойш би тухайн машинаараа ажил амьдралаа залгуулан явдаг. Гэрчилгээ нь Т.Л*******ын нэр дээр байгаа эсэхэд ч би анхаарал өгдөггүй байсан. Учир нь Т.Л******* нь манайхаар хааяа ирж очиж, би түүний зээлийг хүртэл төлж, түүнийг харж хандаж явдаг байсан. Портер машиныг худалдан авахад миний хүүхдүүд надад 10 сая төгрөг өгсөн, би өөрт байсан алтан ээмэг, гинжийг зарж бас өөрийнхөө мөнгийг нэмэрлэж бүх мөнгийг би 100 хувь төлж машин авсан. Гэтэл сүүлийн үед Т.Л******* нь .... улсын дугаартай Цагаан өнгийн Портер-2 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ өөрийнх нь нэр дээр байгааг далимдуулан энэ машин чинь минийх гэж намайг дарамтлан машиныг минь өгөхгүй болсон. Би машингүйгээр амьдралаа залгуулан явж чадахгүй. Би өөрөө банкны зээл төлдөг, бас Т.Л*******ын цалингийн ч зээлийг төлдөг. Түүгээр барахгүй Т.Л*******ыг байнга санхүүгээр дэмжин тусалж явдаг. Гэтэл Т.Л******* нь миний ганц амьдралаа залгуулан ажиллаж байдаг Портер маркийн машиныг зөвхөн тээврийн хэрэгслийн нэр нь өөрийнх нь нэр дээр байгааг далимдуулан машиныг минь надаас авч яваад өгөхгүй байгаа нь миний эрхийг зөрчиж байна. Хэдийгээр тухайн машины гэрчилгээ Т.Л*******ын нэр дээр байх боловч төлбөрийг би бүрэн төлсөн тул түүнээс машины төлбөр болох 16,500,000 төгрөгийг гаргуулан авахыг хүсэж байна. гэжээ.
2.Хариуцагч Т.Л******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Л******* миний бие 2011 оноос 2024 оны 8 дугаар сар хүртэл Э*******тай хамтран амьдарсан. Энэ хугацаанд бид 2 Төв аймгийн Заамар суманд хувиараа алт олборлох, нүүрс борлуулах, айраг авч зарах зэргээр ажиллаж орлого олж байсан. Миний бие 2012-2015 онд аймгийн нөөцийн газар 2019-2023 оны 10 дугаар сарыг дуустал Цоожид өрхийн Эрүүл мэндийн төвд галчаар ажилласан. Хамт амьдрах хугацаанд олсон орлого /цалингаас бусад/ Э*******гийн дансанд орж гарч зарцуулагдсан. Гэтэл зөвхөн өөрөө мөнгө олж байсан мэтээр бичсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Нэхэмжлэлдээ намайг анхаарч харж ханддаг гэжээ. Намайг энэ хүнтэй хамт амьдарч эхлэхэд Э******* өсвөр насны 4 хүүхэдтэй амьдрал ахуй хүрэлцээ муутай, гэр орны нөхцөл ч сайнгүй байсныг бид хамт амьдрах хугацаандаа өөд нь татаж одоо бусдын жишгээр амьдарч байгаа. Би энэ хүний амьдралд тус дэм болж хүүхдүүдийг нь өдий зэрэгтэй амьдрахад нь миний хүч хөдөлмөр шингэсэн, орон гэр болох байшин хашааг нь засварлан янзалж амьдрах нөхцөлийг сайжруулсан. Энэ бүхнийг Э*******гийн хөрш айлууд бүгд гэрчилнэ. Би Э*******тай нийлэхдээ өөрийн өмчлөлийн протер машинтай байсныг худалдаж бид амьдрал ахуйдаа хэрэглэсэн. Дараа нь цалингийн зээл авч 1-2 машин худалдан авч байсан. Бид хамт амьдарч байхдаа олсон орлого цалингийн зээл зэргээр 2 приүс, 1 портер худалдан авсан. Нөгөө 2 машин нь Э*******гийн нэр дээр байгаа. 13 жил хамт амьдрах хугацаандаа олсон бүх орлогоо тэдний амьдралд зарцуулсан байхад, таарамжгүй болж тусдаа амьдарч эхэлсэн чинь миний эзэмшлийн портер машины үнийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд Э*******гийн амьдралыг дээшлүүлэхэд миний оруулсан хувь нэмэр энэ машины үнэтэй зүйрлэшгүй их юм. Э*******тай амьдарч эхлэх үед бид 2 хэн хэн нь архи уух сонирхолтой байсан тэр цаг үед түүний биед халдаж байсан үйлдэлдээ хариуцлага хүлээсэн байхад саяхан мэт бичиж буй нь түүний мөн чанарыг харуулж байна. Би сүүлийн 6-7 жил архи согтууруулах ундаа хэрэглэхгүй амьдралынхаа төлөө зүтгэж яваа. Өнгөрсөн хугацаанд 2 удаа цалингийн зээл авч хэрэглэсэн одоо 4,100,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. гэжээ.
3.Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
1.Маргаан бүхий тээврийн хэрэгсэл болох ..... улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгслийн үнийг 10,000,000 төгрөг байхаар талууд тохиролцов.
2...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 10,000,000 төгрөг болгож харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Б.Э******* нэхэмжлэлийн үнийн дүнгээс 6,500,000 төгрөгөөс татгалзав.
3........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан, шилжүүлсэн тохиолдолд худалдсан буюу шилжүүлсэн үнийн дүнгээс 50 хувийг талууд тэнцүү хэмжээгээр хувааж авахаар тохиролцов.
4....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч эзэмшиж байгаа тохиолдолд талууд дундаа хамтран өмчилж тэнцүү хэмжээгээр эзэмшиж ашиглахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э******* нь хариуцагч Т.Л*******д холбогдуулан 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигч эвлэрч маргаан бүхий тээврийн хэрэгсэл болох ..... улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгслийн үнийг 10,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Б.Э******* нэхэмжлэлийн үнийн дүнгээс 6,500,000 төгрөгөөс татгалзаж, ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан, шилжүүлсэн тохиолдолд худалдсан буюу шилжүүлсэн үнийн дүнгээс 50 хувийг талууд тэнцүү хэмжээгээр хувааж авахаар, ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч эзэмшиж байгаа тохиолдолд талууд дундаа хамтран өмчилж тэнцүү хэмжээгээр эзэмшиж ашиглахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Э*******, хариуцагч Т.Л******* нар нь маргаан бүхий ...... улсын дугаартай портер-2 тээврийн хэрэгслийн үнийг 10,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Б.Э******* нэхэмжлэлийн үнийн дүнгээс 6,500,000 төгрөгөөс татгалзаж, ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан, шилжүүлсэн тохиолдолд худалдсан буюу шилжүүлсэн үнийн дүнгээс 50 хувийг талууд тэнцүү хэмжээгээр хувааж авахаар, ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч эзэмшиж байгаа тохиолдолд талууд дундаа хамтран өмчилж тэнцүү хэмжээгээр эзэмшиж ашиглахаар харилцан тохиролцож зохигчийн эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Л*******аас 120,225 /нэг зуун хорин мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА