| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00477/И |
| Дугаар | 132/ШШ2024/00436 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 132/ШШ2024/00436
| 2024 10 29 | 132/ШШ2024/00436 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ж нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжлийн үнэмлэх баталгаажуулах тухай 132/2024/00477/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.Ж*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Ж******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие 1994-1995 онд Булган аймаг дахь Өлзийт тосгоны цэцэрлэгийн багшийн сургуульд анхан шатны сургалтын багш мэргэжлээр төгсөж үнэмлэх авсан. Одоо Булган аймгийн Сайхан сумын Ерөнхий боловсролын сургуульд технологийн багшаар ажиллаж байгаа тул боловсролын үнэмлэх баталгаажуулах шаардлагатай байна. Иймд миний анхан шатны багшийн мэргэжлийн үнэмлэхийг баталгаажуулж өгнө үү. гэв.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
3.Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Ж*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч нь Б*******ы Ж******* нь 1994-1995 онд Булган аймаг дахь Өлзийт тосгон дахь Цэцэрлэгийн багшийн сургуульд анхан шатны сургалтын багш мэргэжлээр суралцаж төгссөн тул мэргэжлийн үнэмлэхээ баталгаажуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
2.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1.Нэхэмжлэгч Б.Ж******* нь 1994-1995 онд Булган аймаг дахь Өлзийт тосгон дахь Цэцэрлэгийн багшийн сургуульд анхан шатны сургуулийн багшийн мэргэжил эзэмшсэн нь мэргэжлийн боловсролын 1476 дугаартай гэрчилгээ, гэрч Л.О*******, Л.О******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
2.2.Б.Ж******* нь Цэцэрлэгийн багшийн сургуульд анхан шатны сургуулийн багшийн мэргэжлийн 1476 дугаартай гэрчилгээг баталгаажуулах нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй байна.
Тодруулбал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133.1.6-д эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, 135.2.4-т эрх олгосон ямар нэгэн баримт бичигт дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх-ийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг.
Гэтэл нэхэмжлэгч хүсэлтдээ 1476 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байгаа анхан шатны сургуулийн багшийн мэргэжлийн хөтөлбөрийг бүрэн хангасан үйл явдлыг тогтоолгох зорилго, уг үйл явдлыг тогтооход ач холбогдолтой баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг ирүүлээгүй байна.
2.3.Нэхэмжлэгчийн анхан шатны сургуулийн багшийн мэргэжлийн хөтөлбөрийг хангаж үйл явдлыг нотлох 1476 дугаартай гэрчилгээ нь өөрт нь хадгалагдаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хэргийн 4-р хуудас/
3.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т ...үйл явдлыг тогтоох баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй..., мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэсэн бүрдүүлбэрийг хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.
4.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4 дэх хэсэгт заасны дагуу Б.Ж*******гийн гаргасан Мэргэжлийн үнэмлэх баталгаажуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА