Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 114/ШШ2024/0025

 

                                                2024      09             05                                            114/ШШ2024/0025

                                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
               Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД:/,
           Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад холбогдох 
               “Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б /цахим/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов. 
                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:
            1.    Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад холбогдуулан шүүхэд “Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж маргасан. 
               2.    Хэргийн үйл баримтын тухайд: 
             2.1.    “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжих цэцэрлэгийн барилга, 150 ор /Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг/ тендерт оролцсон бөгөөд түүний ирүүлсэн тендер нь хамгийн сайн тендерээр шалгарч тус газраас 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид “гэрээ байгуулах эрх олгох” тухай мэдэгдлийг, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар албан бичгээр захиалагчид зөвлөмжийг тус тус хүргүүлсэн байна. 
           2.2.    Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар албан бичгээр “*******” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзаж, түүний үндэслэлээ “...танайх дээрх төсөл арга хэмжээтэй ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлага байхгүй тул гэрээ байгуулах боломжгүй” гэснийг нэхэмжлэгч хүлээн аваад эс зөвшөөрч дээд шатны байгууллага буюу Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тул “*******” ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
           3.    Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч Г.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, өмгөөлөгч А.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн худалдан авах ажиллагааны систем tender.gov.mn цахим хуудаст 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ******* урилгын дугаартай Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжих цэцэрлэгийн барилга 150 ор /Дархан-Уул, Дархан сум, 14 дүгээр баг/ тендер зарлагдсан байдаг. “*******” ХХК нь хуульд заасан хугацаанд багтааж 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дээрх тендер шалгаруулалтад нийт 146 хуудас материал бүхий тендерийн баримт бичгийг цахимаар хүргүүлсэн. Захиалагч хуульд заасан журмын дагуу тендерийг үнэлж, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. 
           3.1.    Дээрх мэдэгдэлд дурдсаны дагуу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулах тухай Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэнтэй утсаар холбогдоход гүйцэтгэлийн баталгаагаа гаргаж баталгаажуулаад ирүүлнэ үү гэх хариуг өгсөн. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан хуульд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг гаргаж, биет төлөөлөгчөөрөө дамжуулан эх хувиар хүргүүлсэн. Энэ хугацаанд гэрээ байгуулах тухай удаа дараа шаардлага тавьж байсныг дурдах нь зүйтэй байна. 
           3.2.    Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай албан бичгийг манай компанид ирүүлсэн. Тус албан бичгээр гэрээ байгуулахаас татгалзсан ба энэхүү татгалзал нь ямар ч үндэслэлгүйгээр манай байгууллагын хууль ёсны эрх ашигт шууд халдаж, эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа хуульд үндэслэх, шуурхай, тасралтгүй байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг заавал баримтлан ажиллах ёстой. 
         3.3.    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д “Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно” гэж хуульчилжээ. Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас манай байгууллагад 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг ирүүлснээс хойш хуульд заасан ажлын 10 өдөр 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дуусаж гэрээ байгуулагдсанд тооцогдсон байсан. 
          3.4.    Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай албан бичигт дурдсан шаардлага нь тендер шалгаруулалтын баримт бичиг болон техникийн тодорхойлолтод огт дурдагдаагүй шаардлага байсан. ТШӨХ-д заасан тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.3-д заасан тусгай зөвшөөрлийн заалтын хүрээнд хийсэн ажлын туршлагын шаардлагыг бүрэн хангаж тендерт шалгарсан байдаг. Үүнийг үнэлгээний хороо хянан үнэлж манайд гэрээ байгуулах эрх олгосон тухай дээр дурдсан. 
       3.5.    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендер шалгаруулалтын үйл ажиллагаа дууссан буюу хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д заасан нөхцөл байдал үүссэнээр аль хэдийн захиалагч гүйцэтгэгч нарын хооронд гэрээ байгуулагдсанд тооцогдсон байхад захиргааны байгууллага эрх мэдлээ хэтрүүлэн, хууль журамд заагаагүй үндэслэлээр бидний эрх ашигт халдаж байгаад гомдолтой байна. 
          3.6.    Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай албан бичгийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад 07 дугаар сарын 02-ны өдөр дээд шатны захиргааны байгууллага болох Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт гомдол гаргасан. Гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгааг дурдах нь зүйтэй байна.

          3.7.    Барилгын зураг нь эрчим хүчний хэмнэлттэйгээр зурагдан батлагдаж, зураг дээрээ “Эрчим хүчний гэрчилгээ”-г авсан тул манай компани зургийн дагуу барилга угсралтын ажлаа хийхэд барилга маань эцсийн дүндээ эрчим хүчний хэмнэлттэй байна гэсэн логик холбоос байгааг дурдах нь зүйтэй. 

      3.8.    Тендер шалгаруулалтын баримт бичигт оролцогчоос ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага шаардсан ба энэхүү шаардлага нь ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын баримт бичгийн 19.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн “Сүүлийн 2 жил буюу 2022, 2023 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь 1 удаа хийж гүйцэтгэсэн байх” гэх шаардлага байсан нь тодорхой харагдаж байна. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.2-т эрчим хүчний хэмнэлт гэж эрчим хүч хэмнэх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний эхний болон дараах эрчим хүчний хэрэглээнд хэмжилт буюу тооцоогоор гарсан зөрүүг ойлгохоор хуульчилжээ.  “*******” ХХК нь сонгон шалгаруулалтын материалд байгаа эрчим хүчний хэмнэлттэй барилга барьсан туршлагын мэдээлэлд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн барилга нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн тодорхойлолт, “Эм эс эл” ХХК-ийн тодорхойлолт зэргээр нотлогддог. 
        3.9.    Хариуцагчаас гэрээний төсөл огт ирүүлээгүй, өнөөдрийг хүртэл баталгаажуулсан гэрээ ирүүлээгүй болно гэх утга бүхий тайлбар гаргасан нь үндэслэлгүй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар захиалагч өөрийн шаардлагад нийцүүлэн гэрээний төслөө бэлтгэн ирүүлснийг гүйцэтгэгч хүлээн авч, баталгаажуулж буцаан хүргүүлэх ёстой юм. Бусад тендерийн харилцаа, үйл ажиллагаа яг энэ журмын дагуу гэрээ байгуулан ажилласаар ирсэн. Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас гэрээ байгуулах мэдэгдэл ирүүлсний дагуу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулах тухай Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Б*******тай утсаар холбогдоход “... гүйцэтгэлийн баталгаагаа гаргаж баталгаажуулаад ирүүлнэ үү” гэх хариуг өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгаа гаргаж, бие төлөөлөгчөөрөө дамжуулан эх хувиар хүргүүлсэн.
       3.10.     Нэгэнт ийм нөхцөл үүсэж цаг хугацаа алдсан тул бид хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтад оролцогч тендер ирүүлж шалгарсан тохиолдолд дээрх хугацааг баримтлахгүй байх боломжтойгоор хууль тогтоогч хуульчилсаны дагуу гэрээ байгуулагдсанд тооцогдсон гэх итгэл үнэмшилтэй байсан. 
       3.11.     Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг дарга энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан жагсаалтад тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх бараа, ажил үйлчилгээний хувьд захиалагч байна гэдгийг хуульчилсан байгаа юм. Манай тохиолдолд тухайн 150 хүүхдийн цэцэрлэг нь өөрөө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байгаа барилга ба аймгийн Засаг дарга руу шилжүүлж өгсөн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан. tender.gov.mn цахим хуудаст захиалагчаа Тамгын газар гэж оруулснаас биш мөн чанартаа хуулийн дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга нь өөрөө энэ тендерийн захиалагч гэдэг нь хуулиар нотлогддог. Дээрх эрх зүйн үндэслэлээс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нь захиалагч байх ямар нэгэн эрх зүйн үндэслэл байхгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар Засаг дарга нь өөрөө ажлын албатай байна. Ажлын алба нь Тамгын газар байна гэдэг хуулийн заалт байдаг. Тухайн хуулийн зүйл заалтын 67.1.1-ээс 67.1.8 дахь хэсэгт Тамгын газар нь яг ямар чиг үүргийг хэрэгжүүлэх ёстойг жагсаагаад хуульчилж өгчихсөн. Эндээс харахад Засаг даргыг төлөөлөх, захиалагчийнх нь хувьд эрхийг нь шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх ямар нэгэн арга, эрх хэмжээ нь харагддаггүй, үндэслэл нь тогтоогддоггүй. 
         3.12.     Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд шүүх уг актыг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэнд хамаарахгүй гэж Дээд шүүхээс хуулийг тайлбарласан байдаг. Монгол Улсад хууль тайлбарлах субъект бол Монгол Улсын Дээд шүүх байгаа. Дээд шүүхээс яг үүнтэй холбоотой асуудлыг энэхүү 30 дугаар тогтоолоор тайлбарлаж нэхэмжлэгчийн эрх ашгийг буюу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хангасан зохицуулалт, тайлбар байгааг бас шүүхээс харгалзан үзэх байх гэж бодож байна.
         3.13.     Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. 
       4.    Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Худалдан авах ажиллагааны газарт аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар албан бичгээр 402 хуудас бүхий цэцэрлэгийн барилга, 150 ор төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зарлахад аймгийн Засаг даргаар батлуулсан 22 шаардлага бүхий техникийн тодорхойлолт, зураг, төсөв, “Барилгын эрчим хүчний гэрчилгээ” бүхий холбогдох баримтуудыг хүргүүлсэн. 
        4.1.    Аймгийн Худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн “*******” ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалтай танилцахад захиалагчийн зүгээс хүргүүлсэн материалын шаардлага хангахгүй байсан. “*******” ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалд байгаа эрчим хүчний хэмнэлттэй барилга барьсан туршлагын мэдээлэлд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн барилгын тодорхойлолт ирүүлсэн нь барилгын эрчим хүчний гэрчилгээгүй тул шаардлага хангахгүй байна. Барилгын эрчим хүчний гэрчилгээ гэдэг нь Барилга, хот байгуулалтын сайд, Эрчим хүчний сайдын 2021 оны А/257, А/252 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу тодорхойлогддог болно. Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж бариагүй байна. 
      4.2.    Худалдан авах ажиллагааны газраас гүйцэтгэгчийн шалгарсан материал ирсэн дариуд захиалагчийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн техникийн тодорхойлолт холбогдох бичиг баримттай нийцүүлэн гэрээний төслийг аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн боловсруулан гүйцэтгэгчид танилцуулахаар хүргүүлдэг. Гэтэл “*******” ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасныг тулгаж буй нь үндэслэлгүй юм. Тус компани нь өнөөдрийг хүртэл баталгаажуулсан гэрээ ирүүлээгүй болно. 
      4.3.    Тендер шалгаруулалтын баримт бичиг болон техникийн тодорхойлолтод огт дурдагдаагүй шаардлага байсан гэдэг нь үндэслэлгүй юм. Техникийн тодорхойлолтын 10, 12, 13 дахь заалтын шаардлагыг хангасан баримт тендерийн материалд байхгүй байна. 
        4.4.    Дархан-Уул аймгийн Засаг даргыг төлөөлж миний бие гэрээ байгуулдаг бөгөөд гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 
                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:
      1.    “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
         2.    Боловсрол, шинжлэх ухааны яамны 2024 оны худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдэх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах эрхийг Боловсрол шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаалын хавсралтаар Төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, Боловсролын ерөнхий газарт тус тус шилжүүлсний дотор Цэцэрлэгийн барилга, 150 ор /Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р/ төсөл арга хэмжээг Дархан-Уул аймгийн Засаг даргад шилжүүлсэн байна. 
         3.    Улмаар Дархан-Уул аймгийн Засаг дарга 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ******* дүгээр тушаалаар дээрх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, техникийн тодорхойлолтыг батлан Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсний дагуу тус үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж цэцэрлэгийн барилга, 150 ор БШУЯ/20240101107 дугаар бүхий тендерт “*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, 03 дугаар тэмдэглэлийг үйлдсэн байх бөгөөд гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргад хүргүүлжээ. 
        4.    Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг, ******* дугаар албан бичгээр хариуцагчид гэрээ байгуулах зөвлөмжийг тус тус хүргүүлсэн байна. 
       5.    “*******” ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Хаанбанк” ХХК-тай баталгаа гаргах гэрээг байгуулж, гүйцэтгэлийн баталгааг гаргуулсан байх бөгөөд хариуцагч 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжих цэцэрлэгийн барилга, 150 ор /Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг/ төсөл арга хэмжээ нь эрчим хүчний өндөр хэмнэлттэй байхаар төлөвлөгдсөн. Танайх дээрх төсөл арга хэмжээтэй ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлага байхгүй тул гэрээ байгуулах боломжгүй байна” гэх  ******* дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлжээ. 
          6.    Үүнийг эс зөвшөөрч “*******” ХХК нь уг албан бичгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний үндэслэлээ “...эрхгүй этгээд захиалагчийн өмнөөс гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг гаргасан, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан байхад үндэслэлгүйгээр гэрээ байгуулахаас татгалзсан” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... “*******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ19.1, техникийн тодорхойлолтын 10, 12, 13-д заасан шаардлагыг хангаагүй, Дархан-Уул аймгийн Засаг даргын өмнөөс гэрээнээс татгалзах эрхийг эдлэх эрхтэй” гэж тус тус тайлбарлан маргасан. 
      7.    Шүүх дараах үндэслэлээр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ. 
          8.    Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасны дагуу захиргааны байгууллага, албан тушаалтны өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан захиргааны акт гаргасан цагаасаа үйлчлэлгүй илт хууль бус захиргааны акт болно. 
         8.1.    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 45.2-т заасан жагсаалтад тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна”, 45.2-т “Энэ хуулийн 45.1-д заасан төсөл, арга хэмжээний жагсаалтыг дараа оны төсвийн тухай хууль албан ёсоор нийтлэгдсэнээс хойш ажлын 10 өдрийн дотор Засгийн газар батална” гэж тус тус заасны дагуу Засгийн газрын 2023 оны 409 дүгээр тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны ******* дүгээр тушаал, түүний хоёрдугаар хавсралт, мөн сайдын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1а/844 дүгээр албан бичиг зэргээс үзвэл Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжих цэцэрлэгийн барилга, 150 ор /Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг/ төсөл арга хэмжээний захиалагч нь Дархан-Уул аймгийн Засаг дарга байх бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй. 

        8.2.    Захиалагчид дээрх хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:”, 48.2.6-д “худалдан авах гэрээ байгуулах”, 48.2.7-д “худалдан авах гэрээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, удирдлагаар хангах, хэрэгжилтийг цахим системд хөтлөх”, 48.2.11-д “гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх”, 49 дүгээр зүйлийн 49.4-д “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1-д зааснаас гадна худалдан авах ажиллагааг зохион байгуулах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 49.4.2-т “захиалагчийн энэ хуулийн 48.2.6, 48.2.7, 48.2.11-д зааснаас бусад эрх эдэлж, үүрэг хүлээх”  гэж тус тус заасны дагуу худалдан авах гэрээ байгуулах, худалдан авах гэрээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, удирдлагаар хангах, хэрэгжилтийг цахим системд хөтлөх, гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх тусгайлсан эрх, үүргийг хуулиар олгосон байна. 

        8.3.    Хэдийгээр Дархан-Уул аймгийн Засаг дарга 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “...хэлтсийн дарга П.Б нь Дархан-Уул аймгийн хэмжээнд хэрэгжиж буй Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, гэрээ байгуулах, гүйцэтгэл хангуулах ажлыг аймгийн Засаг даргын нэрийн өмнөөс төлөөлөн хэрэгжүүлдэг болно” гэх 1-10/474, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 335 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын зорилт 1.2-т зааснаар “Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих” албан тушаалын гүйцэтгэх үүргийг хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нь хэрэгжүүлж байна” гэх 1-10/480, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “...хэлтсийн дарга П.Бэд Дархан-Уул аймгийн хэмжээнд хэрэгжиж буй Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, гэрээ байгуулах, гүйцэтгэл хангуулах эрхийг аман хэлбэрээр өгсөн болно. Заавал цаасан хэлбэрээр гаргасан байх тухай хуулийн заалт олдохгүй байна” гэх 1-10/486 дугаар албан бичгүүдийг тус тус шүүхэд ирүүлсэн боловч хариуцагчийг дээрх хуульд заасан захиалагчийн гэрээ байгуулах хуулиар тусгайлан заасан эрхийг эдлэх эрхтэй гэж үзэх боломжгүй юм.
         8.4.    Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад шилжүүлэхийг хориглох бөгөөд хуульд зааснаас гэдгийг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан, тодруулбал хэргийн энэ тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ойлгох нь зүйтэй юм. 
    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Захиалагчийг төлөөлөх этгээд энэ хуулиар олгогдсон эрх, үүргийг тухайн байгууллагын холбогдох бусад этгээдэд шилжүүлэх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу захиалагч энэ хуулиар олгогдсон эрх, үүргийг тухайн байгууллагын холбогдох бусад этгээдэд шилжүүлж болох ч уг эрх, үүргийг амаар шилжүүлж болох эрхийг олгоогүй байна. 
        8.5.    Эрх зүйт төрд “Иргэний хувьд хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрнө, захиргааны байгууллага, албан тушаалтны хувьд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглоно” гэх ойлголт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчимтай уялдах бөгөөд захиалагчид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тусгайлан олгогдсон гэрээ байгуулах эрхийг бусдад амаар шилжүүлэхийг зөвшөөрөөгүй тул хариуцагчийг захиалагч Дархан-Уул аймгийн Засаг даргын өмнөөс худалдан авах гэрээ байгуулах эрхийг шилжлүүлэн авсан гэж үзэхгүй тул Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар албан бичгийг захиргааны байгууллага, албан тушаалтны өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан илт хууль бус захиргааны акт гэж үзлээ. 
        8.6.    Хариуцагчаас шүүхэд өөрийн албан тушаалын тодорхойлолт, эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашин нийлүүлэх ажлын хугацаа сунгасан гэрээг гарган өгч захиалагчийн өмнөөс гэрээ байгуулах эрхийг эдэлдэг гэж тайлбарлах боловч уг албан тушаалын тодорхойлолтын 1.2-т “Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон бусад хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих” гэж заасныг захиалагчийн өмнөөс гэрээ байгуулах эрхийг эдлэх эрхтэй гэж үзэх үндэслэлгүй. 
        8.7.    Мөн өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар удирдах албан тушаалтны зөвшөөрлийн үндсэн дээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай Дархан-Уул аймгийн Засаг даргыг төлөөлөн гарын үсэг зурж байгааг захиалагчийн өмнөөс гэрээ байгуулах эрхийг эдэлдэг гэж үзэх боломжгүй төдийгүй энэ нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “миний төлөөлж гарын үсэг зурсан гэрээг Дархан-Уул аймгийн Засаг дарга баталж гарын үсэг зурахгүй бол тэрхүү гэрээ хүчин төгөлдөр бус” гэх тайлбараар нотлогдож байна. 
         9.    Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад захиргааны акт гаргасан бол тэр акт нь илт хууль бус захиргааны акт болно. 
        9.1.    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, 30.3.1, 30.3.2-т зааснаар захиалагч гэрээ байгуулах эрх авсан оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу гэрээ байгуулах, эсхүл гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл энэ хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулахгүй байх эрхтэй байна. 
         9.2.    Дархан-Уул аймгийн Засаг даргын 2024 оны ******* дүгээр захирамжаар байгуулагдсан Цэцэрлэгийн барилга, 150 ор /Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурлын 03 дугаар тэмдэглэл, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024  оны ******* дүгээр албан бичгээр “*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл зэргийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага болон шүүхийн шийдвэр байхгүй бөгөөд нэхэмжлэгч гүйцэтгэлийн баталгааг хүргүүлжээ. 
      9.3.    Түүнчлэн Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын зөвлөмжийг захиалагч хүлээн аваад техникийн тодорхойлолт болон холбогдох бичиг баримтад нийцүүлэн гэрээний төслийг гэрээ байгуулах эрх авсан оролцогчид хүргүүлэх бөгөөд оролцогчоос гэрээг баталгаажуулан захиалагчид хүргүүлэх талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.”, 30.4-д “Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заасан ба үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй. 

       9.4.    Хэрэгт цугларсан баримтууд болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас Дархан-Уул аймгийн Засаг даргаас гэрээний төслийг “*******” ХХК-д хүргүүлээгүй тул нэхэмжлэгчийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээргүй байна. 

        9.5.    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд захиалагч үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй бөгөөд хуульд заасан дээрх үндэслэлүүдээс өөр, тодруулбал, “*******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй, гүйцэтгэлийн баталгаанд техникийн тодорхойлолт гэх үгийг оруулаагүй гэх үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл байхгүй байх бөгөөд гэрээ байгуулах эрхгүй этгээдээс хуульд заагаагүй үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзсан албан бичгийг гаргасан нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад гаргасан илт хууль бус захиргааны акт юм. 
      10.    Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд “Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан ч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.12-т тусгагдсан тайлбарыг гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолд “...захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдож буй үед шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”-д хамаарахгүй...” гэж заасан. 
          11.    Иймд дээрх үндэслэлүүдээр маргаж буй акт нь илт хууль бус болох нь тогтоогдсон тул Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.
         12.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй. 
          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12, 106.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 
          1.    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, 45 дугаар зүйлийн 45.1, 48 дугаар зүйлийн 48.2.6, 48.3, 49 дүгээр зүйлийн 49.4.2, Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоосугай. 
        2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д олгосугай. 
        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 
    


                                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ө.МӨНХ-ЭРДЭНЭ