| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00419/И |
| Дугаар | 132/ШШ2024/00449 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 132/ШШ2024/00449
| 2024 11 12 | 132/ШШ2024/00449 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00419/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* /цахим/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М******* ХХК нь тус Н******* ХХК-нд 4,332,992.11 төгрөгийн эм, эмийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдан борлуулсан. Үүнээс хариуцагч 332,922.11 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 4,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагчаас 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2023 оноос хойш хамтран ажилласан. Хамтын ажиллагааны хувьд М******* ХХК-ийн бүтээгдэхүүнийг хариуцагч Н******* ф******* ХХК-д нийлүүлдэг байсан. 2023 оны 01 дүгээр сараас 03 дугаар сар бүртэл тооцоо нийлэхэд 4,000,000 төгрөгийг үлдэгдэлтэй гарсан. Өр төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг төлж барагдуулсан байсан. Өр төлбөр болох 2,000,000 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа уг 2,000,000 төгрөгийг хариуцагч Н******* ф******* ХХК-аас гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н******* ф******* ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сар хүртэл М******* ХХК-тай хамтын ажиллагаатай ажилласан. Энэ хугацаанд эм барааны төлбөр тооцоог гэрээнд заагдсан хугацаанд төлж барагдуулсан явсан ба зарлагын баримтын дунд зөрүү үлдэгдэл төлбөр тооцоо үлдэж явсныг манай байгууллага мэдээгүй мөн бараа материалаа авахдаа бэлэн болон дансаар хийж явсан ба 2024 оны 05 дугаар сарын байдлаар 4,332,992.1 төгрөгийн үнийн дүн гарсан үүний 332,992.1 төгрөгийг бэлнээр төлж үлдсэн 4,000,000 төгрөгийг дансаар төлж барагдуулсан болно гэв.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Итгэмжлэл /хэргийн 3-р хуудас/
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4-р хуудас/,
-Тооцооны үлдэгдлийн баталгаа /хэргийн 5-р хуудас/.
6.Хариуцагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Хариу тайлбар /хэргийн 12-р хуудас/,
-Хаан банкны шилжүүлгийн баримт /хэрийн 13-14-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Н******* ХХК-нд 4,332,992.11 төгрөгийн эм, эмийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдан борлуулсан. Үүнээс хариуцагч 332,922.11 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 4,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул гаргуулна гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл 2,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
3.Хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын байдлаар 4,332,992.1 төгрөгийн үнийн дүн гарсан үүний 332,992.1 төгрөгийг бэлнээр төлж үлдсэн 4,000,000 төгрөгийг дансаар төлж барагдуулсан гэж маргаж байна.
4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Нэхэмжлэгч М******* ХХК нь Н******* ф******* ХХК-нд эм, эмийн бүтээгдэхүүнийг 2023 оны 01 дүгээр сараас эхлэн нийлүүлж, санхүүгийн тооцоо үүсгэж байсан нь талуудын тооцоо нийлсэн акт, харилцагчийн дансны хуулга, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
5.2.Хариуцагч Н******* ф******* ХХК, нэхэмжлэгч М******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсжээ. Худалдагч М******* ХХК нь Н******* ф******* ХХК-нд эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлж, худалдан авагч Б.Г******* тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт нийцжээ.
5.3.Нэхэмжлэгч М******* ХХК болон хариуцагч Н******* ф******* ХХК нар нь эм, эмийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хариуцагчийн хариу тайлбараар нотлогдож байна.
5.4.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Н******* ф******* ХХК-д эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлж байсан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч М******* ХХК нь эм, эмийн бүтээгдэхүүнийг хариуцагч Н******* ф******* ХХК-нд хүлээлгэн өгөх, хариуцагч нь эм, эмийн бүтээгдэхүүний үнийг нэхэмжлэгч М******* ХХК-нд төлөх үүрэгтэй.
5.5.Тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 132/ШЗ2024/01716 дугаартай шүүгчийн захирамжаар талуудын хооронд байгуулагдсан Худалдах худалдан авах гэрээг нотлох баримтаар ирүүлэхийг нэхэмжлэгч М******* ХХК-д даалгасан боловч нэхэмжлэгчийн гэрээний архив болон салбар эм ханган нийлүүлэх төвд уг гэрээ байхгүй тул гаргаж өгөх боломжгүй байгааг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/074 дугаар албан бичгээр мэдэгдсэн болно.
6.Хариуцагч барааны тооцоог бэлэн болон дансаар өгч байсан, нэхэмжлэгч М******* ХХК-ийн түгээгч болох Тэмүүлэн гэх хүнд бэлэн мөнгөөр тооцоо хийж байсан гэж маргаж байгаа ч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны тооцоо нийлсэн актаар 4,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг төлж дууссан гэж маргаж байгаа ч дансны хуулгаар 2,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн байгаа нь тооцоо нийлсэн акт үйлдэхээс өмнө хийгдсэн төлбөр байна. /ХХ-5, 19/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргах өгөх гэж заасан үүргийг хариуцагч биелүүлээгүй байна.
7.Талуудын тооцоо нийлсэн актаар 2024 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар 4,000,000 төгрөгийн үлдэгдлийг хариуцагч зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан байх бөгөөд М******* ХХК-ийн харилцагчийн дансны хуулгаар 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 3196763 регистртэй Н******* ф******* ХХК-аас 2,000,000 төгрөгийн төлөлт хийгдэж, 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
8.Иймд хариуцагч Н******* ф******* ХХК-аас 2,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК-д олгож шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,589 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н******* ф******* ХХК-аас 46,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М******* ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчээс түүний эзгүйд хэргийн шийдвэрлэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан үндэслэл болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүд, 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 211 дүгээр зүйлийн 211.2-т тус тус зааснаар хариуцагч Н******* ф******* ХХК-аас 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,589 /тавин мянга таван зуун наян ес/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н******* ф******* ХХК-аас 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА