Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 132/ШШ2024/00455

 

 

 

 

2024 11 15

132/ШШ2024/00455

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Э-н нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай 132/2024/00504/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: П.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.Э******* нь Б.Б*******ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Б.Б*******д 2024 оны 04 дүгээр сард Төрийн банканд байрлаж байсан хүүхдүүдийнхээ хадгаламжийн мөнгөнөөс 14,998,000 төгрөгийг түүний эзэмшлийн данс болох 120000437810 тоот дансанд шилжүүлсэн юм. Энэ үед Б.Б******* нь хувиараа үсчин мөн цагаан идээг боловсруулан зардаг байсан. Мөнгө зээлдүүлсний дараа буюу 05 дугаар сард Б.Б******* өөрийн эзэмшил банкаар дамжуулан 5,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Гэтэл үлдсэн мөнгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй, түүний оршин суух хаяг тодорхойгүй байгаа учраас Б.Б*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 179 дугаар албан тоотын хуулбар /хэргийн 5-р хуудас/.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь Б.Б*******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад түүний хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

П.Э******* нь Б.Б*******д 2024 оны 04 дүгээр сард 14,998,000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд 05 дугаар сард 5,000,000 төгрөгийг буцаан авсан. Үлдэгдэл 9,998,000 төгрөгийг аваагүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 179 дугаар албан тоотоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Б.Б*******д холбогдуулан 9,998,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний оршин суугаа газар нь тодорхойгүй ба оршин суух хаягийг тодруулах шаардлагатай байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд шүүх Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*******ийн Б*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалган шийдвэрлэхээр тогтов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*******ийн Б*******ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б*******ийн Б*******ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА