Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/02362

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/02362

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо,* байр, 0 тоотод байрлах * Сууц өмчлөгчдийн холбоо,

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, Хасбаатар гудамж,* байр, * тоот хаягт оршин суух, * овогт * * /РД:*/,

Нэхэмжлэлийн шаардлага: 636,076.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Доржзовд,

хариуцагч Х.*,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч * СӨХ нь хариуцагч Х.*гээс 636,076.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай * СӨХ нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 4, 5, 6 дугаар байруудын ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 2004 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Гэтэл 4 байрны 45 тоот орон сууцны өмчлөгч Х.*д СӨХ-нд төлбөл зохих төлбөрөө 2022 оны 5 сараас хойш огт төлөөгүй. Энэхүү нөхцөл байдал нь СӨХ-ны зардлаа хэвийн төлдөг бусад сууц өмчлөгч иргэдийн эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Иймд хуульд заасны дагуу * СӨХ-ны ашиглалт, засвар үйлчилгээний зардал 636,076.67 төгрөгийг хариуцагч Х.*гээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Миний бие тухайн ошин сууж буй хаягтаа 1999 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөг хүртэл амьдарч байгаа хугацаандаа нэг ч удаа СӨХ-ны мөнгөө өгөөгүй тохиолдол гарч байгаагүй үүнийг нэхэмжлэгч тал болон банкинд сар бүр тушаадаг баримтаар харагдана. Манай амьдарч буй байр нь нэг орцтой 12 давхар байр бөгөөд манайх тухайн байрны 12 давхарт лифтний хажууд байрлалтай. * даргатай * СӨХ нь хууль журамд заасан СӨХ-ны ажлаа туйлын муу хийдэг, тухайн байр нь анх ашиглалтад орсон цагаас хойш нэг ч удаа гадна болон дотор засвар огт өнөөг хүртэл хийгээгүй, байранд жижүүр бараг байдаггүй, байлаа гэхэд архи уудаг хүмүүсийг авчраад ажиллуулдаг, нөгөө хүмүүс нь цалин өгөөгүй гээд ажлаа хаяад явдаг, тухайн байранд гадна дотно цэвэрлэгээ гэх зүйл байдаггүй байнга орц нь түгжээгүй байнга эвдэрсэн байдаг ба гадны хог түүдэг, архи уудаг хүмүүс байнга орцоор хоноглож 12 давхарт манай гэрийн хаалга болон шатанд ирж унтаад шээж баагаад явдаг. Лифтны ажиллагаа маш муу эвдэрсэн энэ тэр юм шатсан гэх мэт шалтгаанаар ойр ойрхон ажилладаггүй, өвөл цас орж байрны дээвэр дээр тогтож хайлна, зун бороо орж дээврээс ус байнга орж ирж гэрийн засвар сүйтгэдэг ба энэ талаар тухай бүр биечлэн болон утсаар шаардлага тавихад хүлээж авдаггүй, худлаа ярьж оршин суугчдын амыг хаадаг. 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 30 минут * орж ирж ус гойжсон газруудыг үзээд хэмжээ аваад явсан. 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тухайн талаар утсаар дахин сануулан ярьсан. 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 16 цаг 25 минут дахин орж ирж зураг аваад явсан. Үүнээс хойш өнөөг хүртэл тавьсан шаардлагыг хүлээж аваагүй хууль, журамд заасан эрүүл аюулгүй орчинд амьдарч, оршин суух нөхцлийг бүрдүүлж чадахгүй байгаа учраас 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр * СӨХ буюу * даргатай биечлэн уулзаж тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа учраас манайх 2022 оны 6 дугаар сараас СӨХ-ны мөнгөө шаардлагыг биелүүлтэл төлөхгүй гэдгээ хэлсэн. Үүнээс өмнө СӨХ-ны мөнгөө төлөөгүй тохиолдол байхгүй ба шаардлагыг биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэлд дурдсан мөнгийг төлөхөд хэзээд бэлэн гэдгийг үүгээр дамжуулан хэлье гэжээ.

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, итгэмжлэл /хх 3/, СӨХ-ны гэрчилгээний хуулбар /хх 4/, Баянгол дүүргийн * СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоол /хх 5/, Төлбөрийн нэхэмжлэл /хх 6-11/,

4. Хариуцагчаас хариу тайлбар /хх 20-21/ гаргасан, нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч * СӨХ нь хариуцагч Х.*д холбогдуулан СӨХ-ны төлбөрт нийт 636,076.67 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...байранд жижүүр бараг байдаггүй, ...тухайн байранд гадна дотно цэвэрлэгээ гэх зүйл байдаггүй байнга орц нь түгжээгүй байнга эвдэрсэн байдаг ба гадны хог түүдэг, архи уудаг хүмүүс байнга орцоор хоноглож 12 давхарт манай гэрийн хаалга болон шатанд ирж унтаад шээж баагаад явдаг. Лифтны ажиллагаа маш муу эвдэрсэн энэ тэр юм шатсан гэх мэт шалтгаанаар ойр ойрхон ажилладаггүй, өвөл цас орж байрны дээвэр дээр тогтож хайлна, зун бороо орж дээврээс ус байнга орж ирж гэрийн засвар сүйтгэдэг ба энэ талаар тухай бүр биечлэн болон утсаар шаардлага тавихад хүлээж авдаггүй гэсэн агуулгаар тайлбарлав.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

2. Хариуцагч Х.* нь Баянгол дүүрэг, * дугаар хороо,* дугаар хороолол, Хасбаатар гудамж, * байр, * тоот хаягт оршин суудаг эсэх талаар маргаагүй бөгөөд тухайн орон сууц нь * СӨХ-д харьяалагддаг болох нь тус холбоог 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн №200 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд хариуцагч нь * СӨХ-ны гишүүн байна.

 

3. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой.

 

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 636,076.67 төгрөгийг төлөөгүй байгаа талаараа маргаагүй учраас уг төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд хариуцагчаас 636,076.67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч * СӨХ-нд олгоно.

4. Хариуцагч нь * СӨХ-ны үйл ажиллагаатай холбогдсон гомдлоо Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар * СӨХ-ны эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурлаар хянан шийдвэрлүүлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*гээс 19,733 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * СӨХ-нд олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Х.*гээс 636,076.67 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*гээс 19,733 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * СӨХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН