Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 215/МА2020/00029

 

 

Говь-Алтай аймгийн ПГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2020/00506 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ПГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9-7 тоотод оршин суух З.О-д /РД: ДЭ69030601/ холбогдох,

 

Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 2.639.110 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Л.Г, З.О нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга М.Д-тай 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр сум хөгжүүлэх сангаас олгох 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан мөнгийг шилжүүлэн авсан байна. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дууссан ба зээлдэгч нар үндсэн зээлийн 10,000,000 төгрөгөөс 7,360,891 төгрөг, хүүнд 533,330 төгрөг, 2016-2017 оны алданги 53,729 төгрөг төлсөн байна. Харин үндсэн зээлийн 2,639,110 төгрөг төлөгдөөгүй байна. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас иргэний нэхэмжлэгчээр оролцуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар Л. Г нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь тогтоогдож байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч З.О-гээс улсад учирсан 2.639.110 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тухайн үед дүүдээ зээлснийг нь мэдээгүй. Нас барсных нь дараа мэдсэн. Нас барахдаа 5.000.000 гаруй төгрөгийн зээлтэй байсан. Би төлөөд явж байсан. Нас барснаас нь хойш 1 жилийн дараа дансны хуулгыг үзэх эрх нээгдсэн. Тэгээд би харсан чинь 2.800.000 төгрөг дүүдээ зээлсэн байсан. Би дүүд нь чи авсан байна гэж хэлээд зээл төлөх хуваарийг нь үзүүлсэн чинь тэгсэн, би авсан, төлнө гэж хэлсэн. Би дүүг нь төлчихсөн байх гэж бодоод яваад байсан чинь төлөөгүй байсан. Би ах дүү нараас нь тусламж хүссэн. Ах дүү нар нь шийдэж өгөхгүй байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа талаар дүүд нь хэлсэн боловч өгч чадахгүй гэж хэлсэн. Эхлээд бэлнээр өгсөн гэж ярьж байгаад сүүлдээ би аваагүй гээд байгаа. Коронагаас болоод манай ажил зогссон. Би Алтай-Улиастай эрчим хүчний газрын цайны газарт ажилладаг. 2020 оны 01 дүгээр сараас хойш ажил зогссон байгаа. Авсан цалин байхгүй учраас надад хугацаа хэрэгтэй байна. Би 2 жилийн хугацаа хүсэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д үндэслэн хариуцагч З.О-гээс сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 2.639.110 /хоёр сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун арав/ төгрөгийг гаргуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 2.639.110 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 57.176 төгрөгийг хариуцагч З.О-гээс гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч З.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2020/00506 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.О-ийн үндсэн зээлийн үлдэгдэл, улсад учирсан хохирол гэх 2.639.110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. З.О миний бие Л.Г-тай анх 2000 онд гэр бүл болсон. 2015 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын тамгын газраас зээл хөөцөлдөж байна, ирээд гарын үсэг зураадах гэхээр нь би очиж тус зээлийн гэрээнд нь гарын үсэг зурсан. Тухайн үед би яг ямар зээл авч байгааг мэдээгүй. Манай нөхөр болох Л.Г нь 2017 оны 03 дугаар сарын 17-ний өдөр зуурдаар нас барсан бөгөөд нас барснаас хойш зээлийн үлдэгдэлтэй байна, тухайн зээлийн үлдэгдэлийг намайг төл гэх талаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын тамгын газраас огт мэдэгдээгүй. Би одоо ам бүл хоёулаа, 10 настай охины хамт амьдардаг бөгөөд өрх толгойлсон ганц бие эх юм. Тухайн үед манай нөхөр Л.Г нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргатай гэрээ байгуулсан болохоос биш Говь-Алтай аймгийн Прокурорын газраас ямар нэгэн зээл аваагүй, гэрээ байгуулаагүй юм. Ийм учраас би дээрх нэхэмжилсэн зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас тус зээлийн төлбөрийг надаас гаргуулахаар нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Учир нь:

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын зүгээс надад холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас иргэний нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт ирүүлсний дагуу Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

Баримталсан заалтын тухайд:

Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.

41.2-т “...Прокурорын нэхэмжлэл, тайлбар, гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангасан байна...” гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд Хэргийн оролцогчийн эрх, үүрэг, “...25.1.Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь эрх эдэлнэ:…

31 дүгээр зүйлд Прокурор, бусдын эрхийг хамгаалж байгаа этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох

31.1.Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.

31.2.Бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалж байгаа этгээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу оролцож болно.

31.3.Энэ хуулийн 31.1, 31.2-т заасан этгээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос, эсхүл гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан явдал уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болох үндэслэл болохгүй...” гэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргажээ.

Гэвч Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “...Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, ...нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно...” гэж,

20.3-т “...Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ...” гэж,

20.4-т “...Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно...” гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээн оролцох боломжтой байна.

Гэвч тухайн нэхэмжлэлийг прокурор нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх хуулиар олгогдоогүй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Засаг даргаас тусгайлан олгосон итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсгээ зурах эрхийг хэрэгжүүлэх боломжтой байна. Гэтэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын зүгээс иргэний нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт ирүүлсний дагуу гэж тайлбарлаж байгаа ч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг эргэн төлүүлэхтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргах эрх Говь-Алтай аймгийн ПГ-т олгогдоогүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт ирүүлээгүй байхад Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж нэхэмжлэлдээ дурдаад байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн буюу Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар болон Говь-Алтай аймгийн ПГ нь нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байна гэж үзэх үндэслэлтэй байна. Миний нөхөр Л.Г нь 2015 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга М.Д-тай зээлийн гэрээ байгуулсан гэсэн байхад Говь-Алтай аймгийн Засаг даргаас тус ПГ болон прокурорт шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхийг олгоогүй байхад тус төлбөрийг төлж барагдуул гэж шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна. 

 

Иргэн Л.Г, З.О нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга М.Д-тай 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, сум хөгжүүлэх сангаас зээл авчээ. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дууссан ба зээлдэгч нар үндсэн зээлийн 10,000,000 төгрөгөөс 7,360,891 төгрөг, хүүнд 533,330 төгрөг, 2016-2017 оны алданги 53,729 төгрөг төлсөн байна. Харин үндсэн зээлийн 2,639,110 төгрөг төлөгдөөгүй талаар талууд маргаагүй байна.

Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар Л.Г нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь тогтоогдож байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч З.О-гээс зээлийн гэрээний үүрэг 2.639.110 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс иргэний нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт ирүүлсний дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрыг төлөөлж сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг эргэн төлүүлэхтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргах эрх Говь-Алтай аймгийн ПГ-т олгогдоогүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт ирүүлээгүй байхад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж хариуцагч маргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж заасан тул Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас иргэний нэхэмжлэгчээр оролцуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу төрийг төлөөлөн нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад хамтран үүрэг гүйцэтгэгч З.О нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр талууд тохирч гэрээ байгуулсан байгаа нь зээлийн төлбөрийг төлөхгүй, хариуцахгүй гэх үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2020/00506 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.О-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57176 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.Ж

                              ШҮҮГЧИД                             Ч.Э

                                                 Ш.Б