Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/02544

 

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/02544

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, горькийн * гудамж, * тоотод оршин суух, *овогт * * /рд: */

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, горькийн * гудамж, * тоотод оршин суух, * овогт **/рд: */

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, горькийн * гудамж, * тоотод оршин суух, * овогт * * /рд: */

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс газар болон үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Газар болон үл хөдлөх хөрөнгийг дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч *, Ү.* нарт холбогдуулан газар болон хувийн сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие Баянгол дүүрэг, * дүгээр хороо, Горькийн *гудамж, *тоотод орших 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн **** нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн * дугаартай 61 м.кв хувийн сууцны эрхийн гэрчилгээтэй хувийн орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг өмчилдөг. Би хууль ёсоор Улсын бүртгэлийн газраас хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталж газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Гэтэл хариуцагч этгээд ээж охин хоёр болох *, Ү.* нар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй боловч миний өмчийн газар болон хувийн сууцанд хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дураар авирлан хашаанд гэр барин мөн хувийн сууцанд минь 2 жил гаруй амьдарч байна. Миний бие энэ өмчлөх эрхээ эдэлж энэ хашаа байшиндаа амьдарья гэхээр хариуцагч тал суллаж өгөхгүй байдаг улмаас орж чаддаггүй юм. Би хариуцагч болох *, Ү.* нартай холбогдож миний өмчийг чөлөөлж өгөхийг шаардахад элдэв шалтаг тоочин цааргалсаар өнөөдрийг хүрлээ. Иймд миний хууль ёсны эрхийг хангаж Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн *гудамж, ** тоотод орших улсын бүртгэлийн гэрчилгээтэй газар болон улсын бүртгэлийн гэрчилгээтэй хувийн сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нар хууль ёсны оршин суугчид. Тухайн үед өвлөх эрхийн гэрчилгээ гарах үед гэрчилгээ хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Гэрчилгээ хариуцагчийн гэрт нь байсан. Хашаанд байхад нь очиж авсан. 2012 оноос хойш Үдийннаран * нар хамт амьдарч байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Үдийннаран миний бие өөрийн дүү ** нарын хамт 2012 оноос хойш уг хашаа байшинд амьдарч байсан бөгөөд 2013 оны 11 дүгээр сард бид нийлж худалдан авч улмаар дүү * нэр дээр бүртгүүлж байсан болно. Тухайн үед худалдаж авахдаа бэлэглэлийн гэрээ байгуулж байсан бөгөөд 15,000,000 төгрөгийг бид дундаасаа гаргаж өгч байсан ба улмаар дүү * нэр дээр гэрчилгээг гаргуулан авсан байсан бөгөөд * миний хувьд уг хашаандаа өөрийн охин Ү.*ын хамт гэр барьж, дүү *нь байшинд амьдарч байсан бөгөөд * нь нөхөртэй болж тусдаа гараад явсан болно. Гэтэл дүү *нь 2021 оны 8 дугаар сард зам тээврийн ослоор нас барсан бөгөөд эгч дүүс бидний хувьд их хүнд хэцүү байдал үүсч ажил явдал хийж байсан. Яг талийгчийн ажил явдлын үеэр Б.* нь дүү * гэрээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг авсан байсан бөгөөд бидэнд мэдэгдэхгүйгээр нотариатын байгууллагад хандаж өвлөх эрхийн гэрчилгээ авч улмаар уг хашаа байшингийн өмчлөгчөөр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Гэтэл миний хувьд өөрийн талийгаач дүү * хамтаар уг хашаа байшинг худалдан авч засч сайжруулан улмаар хамт хашаандаа амьдарч байсан бөгөөд уг хашаа байшин болон үл хөдлөх хөрөнгө нь ** бидний дундын хөрөнгө юм. Гэтэл Б.* нь миний дүү талийгч Э.Үүрийнцолмонтой 2019 онд гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд тэдний гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө буюу 2017 онд уг хашаа байшинг дүү * нэр дээр бүртгүүлж амьдарч байсан болно. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу уг хашаа байшин нь талийгч дүү *болон * бидний дундын өмч бөгөөд * гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш * хуваарьт хөрөнгө байсан бөгөөд миний хувьд уг хөрөнгийг дүүтэйгээ хамтран худалдан авч барьж засварлаж амьдарч байсан болно. Иймд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 25 дугаар гудамж, 1049 тоот нэгж талбарын * дугаартай 415 м.кв талбайтай, өмчлөх эрхийн * дугаартай гэр бүлийн зориулалттай газар, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 25 дугаар гудамж, 1049 тоотод байрлах 61 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай * дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг *болон * бидний дундын хөрөнгө болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Үүрийнцолмон надтай гэр бүл болохоос өмнө өөр хүнтэй амьдарч байгаад салсан байсан. Бид хоёр 2015 онд танилцаж түүний гэрт буюу хариуцагчийн маргаж байгаа хашаа байшинд ирж хамт амьдрах болсон. Нөхөр маань энэ хашаа байшинг найзынхаа ахад бэлэглэсэн байснаа буцаад өөрийнхөө нэр дээр болгосон юм. Хариуцагч нар хашаа байшингаа буцааж авсан баримт шүүхэд ирээгүй болохоор далимдуулж үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үдийннаран намайг хашаа байшиндаа орно гэхэд Танай хоёр хүүхэд ямар явах нь бидэнд хамаагүй, дүүгийн маань бас нэг хүүхэд энэ хашаа байшинг авах ёстой гэдэг байсан одоо өөрөө худалдаж авсан мэт бичиж байна. 2015 оны үед дүү Мөнхцэцэг нөхрөөсөө салсан, өөр очих газаргүй манай хашаанд амьдарч байна гэж надад ярьсан. Мөнхцэцэг нь 4 ханатай гэр бариад хашаанд амьдарч байсан. 2016 онд том эгч нь Хэнтийн аймгийн Бор-Өндөр сумаас нүүж ирэн бас нэг гэр барьж амьдарсан. Үдийннаран нөхрөөсөө салсан гээд охинтойгоо хамт ирсэн. Үдийннаран Оюутолгойд ажилладаг ба 2019 оноос Өмнөговьд амьдрах болсон. Би жирэмсэн байсан учир 2016 оноос эхлэн хашаандаа гараж, өвлийн байшингийнхаа амбаарыг тус тус шинээр барьсан. Эдгээрийг нөхөр бид хоёр өөрсдийнхөө хөрөнгөөр барьсан төдийгүй байшингаа дулаалж, засан сайжруулсан. Гараж, амбаарыг барьсан, байшингаа сайжруулсан засварыг өөрийнхөө хөрөнгөөр гүйцэтгэсэн нотлох санхүүгийн баримт байгаа. Нөхөртэйгээ 2013, 2016 онуудад хамт авхуулсан зургийг нотлох баримтаар өгч байна. Нөхөр маань том машин барьж гэрээс хол хэцүү байна гээд байсан тул би хүүхдүүдээ аваад Сайншандад очиж бид нар ажилчдын байранд амьдарч байсан. Би өөрийнхөө хашаа байшинг нэр шилжүүлэхээр хорооны засаг даргаас тодорхойлолт авахад эгч дүү нар нь түр оршин суух гэсэн бүртгэлтэй байсан. Эд нар тухайн хашаа байшинг авахад ерөөсөө мөнгө оруулаагүй юм. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн Үүнд: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх 4-5/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 6/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 7/, Өвлөх эрхийн гэрчилгээ бүртгэлийн дугаар 0125 /хх 26/, Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт /хх 27/, * нас барсны гэрчилгээний хуулбар /хх 27, 37/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 28/, Ү.Дөлгөөн, Тэргэлжингоо нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 28-29, 35-36/, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Засаг даргын тодорхойлолт /хх 29, 38/, Өв хүлээн авах хүсэлт /хх 30, 36/, Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 31/, Өвлөх эрхийн гэрчилгээ бүртгэлийн дугаар 0124 /хх 32/, Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт /хх 33/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 34/, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр /хх 39/, итгэмжлэл /хх 43/, Нэхэмжлэлийн дагуу нэмэлт тайлбар гаргах тухай /хх 84/, Сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргах тухай /хх 138/, фото зураг /139-141/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах нь /хх 173-174/,

 

6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 44/, Сөрөг нэхэмжлэл гаргах нь /хх 95-96/, Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ /хх 175-176/, Бэлэглэлийн гэрээ /хх 177/,

 

7. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг /хх 54-68/, Баянгол дүүргийн *дүгээр хорооны тодорхойлолт /хх 108-109/, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны * тоот албан бичиг, хавсралт /хх 110-120/, Монголын Нотариатчдын танхимын 245 тоот албан бичиг, хавсралт /хх 121-137/, Баянгол дүүргийн * дүгээр хорооны засаг даргын * тоот албан бичиг, хавсралт /хх 142-143/, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн *тоот албан бичиг /хх 149-168/,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Миний өмчлөлийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 25 гудамж, * тоот хаягт байршилтай, 61 м.кв талбайтай, хувийн сууц, гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай * нэгж талбарын дугаартай 415 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч нар нь хууль бусаар эзэмшиж байгаа тул тэдгээрийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэсэн.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрсөн, хариуцагч * нь дээрх газар болон хувийн сууцыг *болон өөрийн дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны тодорхойлолт, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны * тоот албан бичиг, хавсралт, Монголын Нотариатчдын танхимын * тоот албан бичиг, хавсралт, Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны засаг даргын 16 тоот албан бичиг, хавсралт, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн * тоот албан бичиг, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Маргааны зүйл болж буй Улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, *дүгээр хороо, Горькийн * гудамж, * тоот хаягт байршилтай, 61 м.кв талбайтай, хувийн сууц, гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай * нэгж талбарын дугаартай 415 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.*, Ү.Дөлгөөн, Ү.Тэргэлжингоо нар бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргээр тус тус нотлогдож байна. Тодруулбал, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийн дугаар 0124 Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж Улсын бүртгэлийн газраас дээрх хувийн сууц болон газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.* болон түүний хүүхэд болох *, *нарын нэр дээр шилжүүлж, гэрчилгээ олгожээ.

 

6. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардлага гаргаж буй этгээд өөрөө тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, өмчлөх эрхийг зөрчиж буй этгээд нь тухайн эд хөрөнгийг хууль бусаар эзэмших, ашиглах буюу шаардлага гаргаж буй этгээдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон нь тогтоогдсон байхыг шаардана.

 

6.1 Нэхэмжлэгчийг тухайн хувийн сууц болон газрын хууль бус өмчлөгч гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хувийн сууц болон газрын өмчлөх эрх нэхэмжлэгчид улсын бүртгэлд бүргүүлснээр үүссэн байна.

 

6.2 Маргааны зүйл болох хувийн сууц, газар нь хариуцагч нарын эзэмшилд байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

7. Хариуцагч * нь ...өөрийн талийгаач дүү * хамтаар уг хашаа байшинг худалдан авч засч сайжруулан улмаар хамт хашаандаа амьдарч байсан бөгөөд уг хашаа байшин болон үл хөдлөх хөрөнгө нь ** бидний дундын хөрөнгө юм гэж маргаж, маргаан бүхий газар болон хувийн сууцыг *болон өөрийн дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн этгээд нэг эд хөрөнгийг дундаа хэсгээр болон хамтран өмчилж болох бөгөөд энэ нь хуульд болон гэрээний үндсэн дээр бий болдог.

 

7.1 Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 5/259 тоот албан бичгийн хавсралтаас үзэхэд нэхэмжлэгчийн нөхөр болох *нь маргаан бүхий хувийн сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж, улмаар 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эрхийн улсын * дугаарт бүртгэж, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 25 гудамж, 1049 тоот хаягт байршилтай 61 м.кв талбайтай, хувийн сууц, гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн гэрчилгээг Э.Үүрийнцолмонд олгосон болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000573213 дугаартай гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, * хүсэлт, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000361606 дугаартай гэрчилгээ, нэгж талбарын дугаар 18639312127035 газрын кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий хувийн сууц, гараж нь байнгын зориулалттай баригдсан байшин учир газрын бүрдэл хэсэг болно. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэгт зааснаар газар өмчлөх эрх нь газрын бүрдэл хэсэг болох байшинд бас хамаарна. Маргаан бүхий хувийн сууц, гараж баригдсан газар нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00361606 дугаартай 2015 оны 10 дугаар сарын 04ий өдрийн гэрчилгээгээр * хууль ёсны өмчлөлийн газар байх бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5, 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий хувийн сууц, гараж нь газраа дагаж газар өмчлөгч * өмчлөлд бүртгэгдсэн байна.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж зааснаар *газар өмчлөх эрхээ баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл Баянгол дүүрэг, * дүгээр хороо, Горькийн 25 гудамж, 1049 тоот хаягт байрлалтай 415 м.кв газрыг хуулиар * өмчлүүлж улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба уг бүртгэлийг буруу ташаа болохыг хариуцагч * эсэргүүцээгүй, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлээгүй тул дээрх бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

 

7.2 Хэдийгээр хариуцагчаас ...2013 оны 11 дүгээр сард бид нийлж худалдан авч улмаар дүү * нэр дээр бүртгүүлж байсан болно. Тухайн үед худалдаж авахдаа бэлэглэлийн гэрээ байгуулж байсан бөгөөд 15,000,000 төгрөгийг бид дундаасаа гаргаж өгч байсан ба улмаар дүү * нэр дээр гэрчилгээг гаргуулан авсан байсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотолж чадаагүй.

 

7.3 Нөгөөтээгүүр, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээнээс үзвэл, маргаан бүхий хувийн сууцыг барьсан газрыг өмчлөх эрх нэхэмжлэгчийн нөхөр болох Э.Үүрийнцолмонд гэрээний үндсэн дээр үүссэн байхаас гадна уг гэрээний харилцаанд хариуцагч * оролцоогүй байна. Түүнчлэн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын 16 тоот албан бичгээс үзвэл, хариуцагч *, Ү.* нар нь 2020 онд өрхийн бүртгэлд түр оршин суугчаар бүртгүүлсэн байна.

 

7.4 Мөн хариуцагчийн зүгээс Өвлөх эрхийн гэрчилгээг зөвхөн өөрийн хүүхдүүдэд гаргуулан авсан шударга өмчлөгч биш гэж татгалзлаа тайлбарласан боловч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт хууль ёсны өвлөгчийг нас барагчийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасан. Иймд талийгаач * хууль ёсны өвлөгч нэхэмжлэгч Б.*, түүний хүүхдүүд Ү.Дөлгөөн, Ү.Тэргэлжингоо нар мөн учир нэхэмжлэгч Б.*г маргаан бүхий газар болон хувийн сууцыг өвийн журмаар өмчлөн авсныг буруутгах үндэслэлгүй болно.

 

7.5 Иймд маргаан бүхий газрыг нэхэмжлэгчийн нөхөр болох * хамтаар худалдаж авсан үндэслэлээр хариуцагч *г хамтран өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй байх тул Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 25 дугаар гудамж, 1049 тоот нэгж талбарын 18639312127035 дугаартай 415 м.кв талбайтай, өмчлөх эрхийн Г-2205004653 дугаартай гэр бүлийн зориулалттай газар, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 25 дугаар гудамж, 1049 тоотод байрлах 61 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай * дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг *болон * нарын дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь маргааны зүйл болж буй газар болон хувийн сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч нар нь орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй.

 

8.1 Иймд дээрх үндэслэлээр * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дүгээр хороо, Горькийн * гудамж, ** тоот хаягт байршилтай, 61 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байршилтай *нэгж талбарын дугаартай 415 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 25 гудамж, 1049 тоот хаягт байршилтай, 61 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байршилтай 18639312127035 нэгж талбарын дугаартай 415 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч *, Ү.* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Баянгол дүүргийн * дүгээр хороо, * дугаар гудамж, 1049 тоот нэгж талбарын 1* дугаартай 415 м.кв талбайтай, өмчлөх эрхийн * дугаартай гэр бүлийн зориулалттай газар, Баянгол дүүргийн *дүгээр хороо, * дугаар гудамж, * тоотод байрлах 61 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай * дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг *болон * нарын дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *, Ү.* нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН