Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02694

 

 

 

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02694

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, Хоймор оффис, * давхар, * тоотод байрлах, *ХХК /рд:*/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Эрин хороолол, 53/12 байр, * тоотод байрлах, *ХХК /рд:**/,

Нэхэмжлэлийн шаардлага: 60,841,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баттулга,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа хөтлөв.

/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч *ХХК холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: * ХХК нь Зам, барилгын материал үйлдвэрлэл, асфальтбетон хольц үйлдвэрлэн борлуулах чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч компани юм. *ХХК болон хариуцагч *ХХК-тай 2022 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 5-р сарын 15-ны өдөр №* дугаартай Асфальтбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ байгуулан тус гэрээгээр манай компаниас 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд захиалагчийн хийж гүйцэтгэсэн ажилд Монгол улсын чанар, стандартын шаардлагыг хангасан асфальтбетон хольц, битумын эмульс нийлүүлэх, захиалагч тал нь нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг манай талд гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон болно. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 269.40 тонн асфальт хольц нийлүүлсэн. Хариуцагч *ХХК нь нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 40,561,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч *ХХК нь үлдэгдэл төлбөртэй болохыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ТБ23/02 тоот Төлбөр барагдуулах гэрээг байгуулж төлбөрийн үлдэгдлийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Мөн уг гэрээний 2.2-т заасны дагуу дээрх төлбөрийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулбал алданги 3,000,000 төгрөгийн хамт нийт 43,561,000 төгрөг төлөх, гэрээний 2.3-т заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулаагүй тохиолдолд 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан * тоот Асфальт бетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ-ний 22/12-2 тоот Захиалгын гэрээний 2.5-д заасны дагуу 20,280,500 төгрөгийн алданги төлөхөөр тохиролцсон болно. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн төлбөр болох 40,561,000 төгрөг, гэрээний үүргийг гүйцэтгээгүй алданги 20,280,500 төгрөг, нийт 60,841,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн АБ22/12 тоот Асфальтбетон хольц, битум нийлүүлэх гэрээ-г *ХХК-тай байгуулж гэрээний дагуух материалаа хүлээн авсан бөгөөд ажил хийж байх явцдаа цаг тухай бүрт нь төлбөрөө хийж байсан. 2022.05.20-нд 8,119,600 төгрөг, 2022.05.30-нд 20,000,000 төгрөг, 2022.06.10-нд 20,000,000 төгрөг, 2022.06.29-нд 15,929,300 төгрөг, 2022.07.01-нд 20,000,000 төгрөг. Гэвч зам засварын ажил нь улирлын чанартай тул ажил зогсож, нийгмийн даатгал, татвар, материалын төлбөр гэх мэт санхүүгийн хүндрэлд орж өнөөдрийг хүрлээ. Тухайн үед хийсэн ажлын урьдчилгаа төлбөрөө цалин мөнгө, бараа материалдаа зарцуулаад дууссан боловч өнөөдрийн байдлаар 2022 оны ажлын санхүүжилт дутуу, 2023 оны ажлын санхүүжилт ч орж ирээгүй, хэзээ орж ирэх нь тодорхойгүй байгаа, мөн*компаниас нэхэмжилсэн алданги хэтэрхий өндөр байгаа тул уг нэхэмжлэлийн дагуух 60,841,500 төгрөгийг манай компани төлөх боломжгүйг мэдэгдэж байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/, итгэмжлэл /хх 5/,*ХХК-ийн улсын бүртгэлийн гэрээ /хх 6, 38/, *ХХК-ийн улсын бүртгэлийн гэрээ /хх 7/, Асфальбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ /хх 8-10, 39-41/, Захиалгын гэрээ №АБ 22/12-2 /хх 11, 43/, Тооцооны үлдэгдлийн баталгаа №14/22 /хх 12, 44/,*ХХК-ийн нэхэмжлэх нь /хх 13, 45/, Захиалгын гэрээ №АБ 22/12-1 /хх 42/, Батлан даалтын гэрээ /хх 46/, Төлбөр барагдуулах гэрээ /хх 47/,

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 22/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч *ХХК нь нэхэмжлэлийн шаардлын үндэслэлээ хариуцагч *ХХК нь нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 40,561,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Хариуцагч *ХХК нь 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ТБ23/02 тоот Төлбөр барагдуулах гэрээг байгуулж төлбөрийн үлдэгдлийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Мөн 2023 оны 5 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулаагүй тохиолдолд 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан АБ22/12 тоот Асфальт бетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ-ний 22/12-2 тоот Захиалгын гэрээний 2.5-д заасны дагуу 20,280,500 төгрөгийн алданги төлөхөөр тохиролцсон гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:*компаниас нэхэмжилсэн алданги хэтэрхий өндөр байгаа тул уг нэхэмжлэлийн дагуух 60,841,500 төгрөгийг манай компани төлөх боломжгүй гэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Асфальбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээгээр нийлүүлэгч талаас*ХХК, захиалагч талаас * ХХК нар Мах импекс ХК-ийн гадна зогсоол, зам талбайн барилгын ажилд Монгол улсын чанар, стандартын шаардлагыг хангасан асфальтбетон хольц, битумын эмульс нийлүүлэх, шаардлагатай тохиолдолд автогудернатороор цацлага цацаж өгөх, захиалагч нийлүүлсэн бүтээгдэхүүний болон автогудернатороор цацлага цацаж гүйцэтгэсний төлбөрийг төлөх, нийлүүлэгчээс захиалагчид нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, бүтээгдэхүүний үнэ, бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа, төлбөрийн нөхцөл зэргийг гэрээний салшгүй хэсэг болох Захиалгын гэрээ-гээр нарийвчлан зохицуулж баталгаажуулах, гэрээг 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулж, Захиалгын гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Мөн хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №АБ* тоот Захиалгын гэрээгээр нийлүүлэгч тал нь захиалагчийн өгсөн захиалгын дагуу бүтээгдэхүүнийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд бэлтгэн нийлүүлнэ, захиалагч тал болох * ХХК-ийн хийж гүйцэтгэх замын ажилд нийлүүлэх бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээ, үнэ зэргийг дараах хүснэгтэд заасн дагуу харилцан тохиролцов. Хүснэгтэд асфальтбетон хольц өнгө, нэгжийн үнэ 195,000 төгрөг, асфальтбетон хольц суурь, нэгжийн үнэ 192,000 төгрөг, Битумын эмульс нэгжийн үнэ 1,700,000 төгрөг, Автогудернатор нэгийн үнэ 600,000 төгрөг гэжээ.

Хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №АБ 22/12-2 Захиалгын гэрээгээр нийлүүлэгч тал нь захиалагчийн өгсөн захиалгын дагуу бүтээгдэхүүнийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд бэлтгэн нийлүүлнэ, захиалагч тал болох * ХХК-ийн хийж гүйцэтгэх замын ажилд нийлүүлэх бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээ, үнэ зэргийг дараах хүснэгтэд заасн дагуу харилцан тохиролцов. Хүснэгтэд асфальтбетон хольц өнгө, 346 тн, нэгжийн үнэ 195,000 төгрөг, нийт үнэ 67,470,000 төгрөг, асфальтбетон хольц суурь, нэгжийн үнэ 192,000 төгрөг, Битумын эмульс, 2 тн, нэгжийн үнэ 1,700,000 төгрөг, нийт үнэ 3,400,000 төгрөг, Автогудернатор нэгийн үнэ 600,000 төгрөг, нийт үнэ 600,000 төгрөг, нийт 71,470,000 төгрөг гэжээ.

 

Түүнчлэн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар ТБ 23/02 Төлбөр барагдуулах гэрээгээр *ХХК нь *ХХК-тай 2022 оны 5-р сарын 15-ны өдөр байгуулсан АБ 22/12 тоот Асфальт бетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 40,561,000 төгрөгийг *ХХК-иас нэхэмжилсэн. *ХХК нь АБ 22/12 тоот Асфальт бетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 40,561,000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр тохиролцов. *ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны дотор 40,561,000 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд алданги болох 3,000,000 төгрөгийн хамт нийт 43,561,000 төгрөгийг*ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499174105 тоот дансанд бүрэн шилжүүлнэ. *ХХК нь 2023 оны 5 сарын 25-ны дотор 40,561,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан АБ 22/12 тоот Асфальт бетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээний 22/12-1 тоот Захиалгын гэрээний 2.5-д заасны дагуу алданги төлөхөөр заасан байна.

 

4.2. Талууд дээрх гэрээг Асфальбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулгыг хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан судлахад тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгийн хэлбэрээр байгуулах боломжтой.

Худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

4.3. Нэхэмжлэгч*ХХК-иас 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №АБ 22/12 тоот Асфальбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ, мөн өдрийн №АБ 22/12-1 тоот Захиалгын гэрээний дагуу гэрээнд заасан зүйлийг нийлүүлсэн, хариуцагч *ХХК-иас гэрээнд заасан зүйлийг хүлээн авсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй.

 

4.4. Хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар ТБ 23/02 Төлбөр барагдуулах гэрээ нотлох баримтаас үзвэл, хариуцагч *ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №АБ 22/12 тоот Асфальбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ, мөн өдрийн №АБ 22/12-1 тоот Захиалгын гэрээний үлдэгдэл төлбөрт 40,561,000 төгрөг, алданги төлбөрт 20,280,500 төгрөг, нийт 60,841,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Тодруулбал, 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар ТБ 23/02 Төлбөр барагдуулах гэрээний 2.3-т *ХХК нь 2023 оны 5 сарын 25-ны дотор 40,561,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан АБ 22/12 тоот Асфальт бетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээний 22/12-1 тоот Захиалгын гэрээний 2.5-д заасны дагуу алданги төлнө гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1.Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан тул хариуцагч *ХХК-ийг нэхэмжлэгч*ХХК-тай байгуулсан №АБ 22/12 тоот Асфальбетон хольц, битумын эмульс нийлүүлэх гэрээ, мөн өдрийн №АБ * тоот Захиалгын гэрээний үлдэгдэл төлбөрт 40,561,000 төгрөг, алданги төлбөрт 20,280,500 төгрөг, нийт 60,841,500 төгрөг төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч *ХХК-иас Худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *ХХК-иас 60,841,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 462,158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *ХХК-иас 60,481,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 462,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ХХК-иас 462,158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН