Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 145/ШШ2024/00566

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 145/ШШ2024/00566

Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ................ сумын .............. дугаар баг, ................. тоотод ршин суух, Б...................н О......................н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн .............. сумын ................ дугаар баг, ............. тоотод оршин суух, Г.................н Л....................,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн .................. сумын ................. дугаар баг, ....................тоотод оршин суух, М........................н Х........................ нарт холбогдох

“Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж, 47,984,750 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “20,335,500 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, П.А, хариуцагч Г.Л, М.Х, хариуцагч нарын өмгөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Би 2019 оноос 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хариуцагч Г.Л, М.Х нарт нийт 82,460,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж дээрх мөнгө зээлүүлсэн байгаа. Зээлийн хугацаанд үндсэн зээлээс 37,460,000 төгрөгийн хасалт хийгдэж, зээлийн алданги хүүнд 45,092,500 төгрөгийн төлбөр хийгдсэн. Үлдэгдэл 45,000,000 төгрөг, хүү 2,600,000 төгрөг, алданги 384,750 төгрөг, нийт 47,984,750 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүн дээр 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хойших хүү, алдангийг тооцож нийт 68,320,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. Энэ хугацаанд анх 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ хийж ............... ............... улсын дугаартай “Портер” маркийн машиныг барьцаалсан байгаа. Хариуцагч нарын хүсэл зорилгын дагуу буюу өөрсдөө хүсэлт илэрхийлж түүнийг хүлээж авснаар барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж, ............... ............ улсын дугаартай “...............” маркийн машин болон 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хийсэн зээлийн гэрээгээр ................ ................ улсын дугаартай “.................” маркийн авто машиныг тус тус барьцаалж нийт 45,000,000 төгрөг өгсөн байгаа. Ингэж өгөхдөө бид зээлийн гол нөхцөлийг харилцан тохиролцож, тохиролцсоны үндсэн дээр гарын үсэг зурж зээл олгосон. Тус зээлийн гол нөхцөл нь зээлийн хүүг урьдчилж авна, зээлийг болох хугацаанаас 2-3 хоногийн өмнө утсаар буюу биеэр

мэдэгдэнэ, мөн зээлийн үүргийг гүйцэтгээгүй зээл болон хүүг төлөөгүй хоног тутмын торгууль болох хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцно гэсэн эдгээр нөхцөлүүдийг урьдал болгож гэрээ хийж байсан. Одоо 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлдэгч нараас хүү болон алдангийг тооцоогүй явж байгаа. Би нэг их их хэмжээний мөнгөнд эргэлдүүлдэггүй. 40,000,000-50,000,000 төгрөгийн дотор эргэлддэг. Би байгаа бүх мөнгөө хариуцагч нарт өгсөн. Тухайн үедээ өгч байхдаа “Би чамд бүх мөнгөө өгч байгаа шүү, чи миний итгэлийг алдаж болохгүй шүү, цаг хугацаанд нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу мөнгөө хүүтэй нь өгч байгаарай, 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болно шүү” гэж хэлж, гэрээний гол нөхцөлөө харилцан тохирсон. Энэ гэрээг контракт баримт бичгийн дагуу хийгдсэн гэж үзэж байгаа. Мөн хэрэгт баримт материалууд, зээлийн гэрээ болон банкны харилцах данс, М.Х...................н .................. гэсэн дугаартай данс руу олгосон гэдэг нь үнэн бодитой нотлох баримтуудыг хэрэгт өгсөн. Тооцоо нийлсэн актыг 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Г.Л...................той хийсэн. Энэ актыг нийлэхдээ маш нарийн чанд хийсэн. Өөрийн хийсэн тэмдэглэлийн дагуу хөтөлж, М.Х................н данс руу хийсэн мөнгөтэй тулгаж хийж байсан. Тухайн үед тооцоо нийлсэн актыг хийж байхад 46,155,000 төгрөг үлдлээ гэхэд Г.Л хүлээн зөвшөөрч, энэ байдлыг нөхөр М.Х.................д утсаар мэдэгдсэн. Тэгээд М.Х зөвшөөрсөн тул би зээлдэгч Г.Л.......................той тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурж тооцоо нийлсэн актыг хоёр хувь үлдсэн байгаа. Би өөрийнхөө хувийг хэрэгт хавсаргасан байгаа. Үлдсэн нэг хувь нь зээлдэгч нарт байгаа байх. Энэ дотор би тооцооны алдаанаас болоод алданги болон 8 дугаар сарын 08-ны өдөр авах байсан хүүгээ оруулаагүй. Тэр нь 2,600,000 төгрөг болон хүү байгаа. Энэний 1,750,000 төгрөгийг би оруулахаа мартчихсан байсан. Тухайн үедээ энэ хүмүүс надаас өөрсдийн хувийн хэрэгцээндээ болон ажил амьдралдаа зарцуулах хүсэлтэйгээ илэрхийлж мөнгө зээлж авсан. Ийм учраас энэ хүмүүст өгсөн мөнгөө хурдан авмаар байна. Тухайн үедээ энэ хүмүүсийн ажил хэргийг бүтээж л өгсөн байх. Тийм байхад шүүхээр ороод наана, цаана болоод явах сонин санагдаж байна. Энэ 8 дугаар сараас хойш миний ажил зогссон. Тийм учраас хариуцагч нараас 68,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч М.Х.......................н төлсөн гээд байгаа 2,040,000 төгрөгийг би тооцоондоо оруулаагүй юм шиг байна. Миний дансанд орсон гэсэн баримт байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаасаа хасч тооцъё. Би хүүхдийн цэцэрлэгт очиж хүүхэд айлгаж сүрдүүлээгүй, харин тэр цагдаад хандсан асуудал бол мөнгөө авч чадахгүй байгаа тул өөртөө туслахаар цагдаад хандсан, хуульд ч заасан байдаг гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартааХариуцагч нар нэхэмжлэлийг гардаж аваад өгсөн хариу тайлбар, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага буюу алдангитай холбоотой бүх тайлбаруудыг харсан. Хариуцагч нарын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч нар нь үндсэн зээлийн мөнгө дээр маргаагүй, хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон. Харин алданги төлөх боломжгүй,  алдангийг илүү тооцсон гэсэн тайлбар гаргасан байсан. Тэгэхээр алдангийг яагаад илүү тооцсон гэж үзэж байгаа нарийн тооцоогоо хариуцагч тал хэлээгүй байсан. Тэгэхэд миний үйлчлүүлэгчид бүх гэрээ, бичиг баримт, гарын үсэг тэмдэглэлүүд нь бүгд байж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл үндсэн нэхэмжлэл болон алданги нийлээд бүгд 68,300,000 төгрөгийг хариуцагч тал төлөх хуулийн үндэстэй гэж үзэж байна. Яагаад гэвэл зээл авсан тал үүргийнхээ гүйцэтгэлийг хангах ёстой. Үүргийн гүйцэтгэлийг ямар хэлбэрээр авсан тэр хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй байдаг. Ийм учраас нэн даруй энэ төлбөрийг барагдуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч асуудалд уян хатан хандаж, гэрээгээ сунгаж, тэр битгий хэл барьцаанд тавьсан машинаа шилжүүлж өгнө гэчихээд баримт бичгийг нь одоо хүртэл шилжүүлээгүй. Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажих үүднээс битүүмжлэх хүсэлт шүүхэд тавьсан. Шүүхээс хариуцагч нар машин тэргээрээ ажил үүргээ гүйцэтгэвэл төлбөр нь түргэн төлөгдөх юм байна гэж үзээд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг нэг удаа хүлээж аваагүй. Энэ бүгдийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагад тооцоо алдсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч өөрөө санхүүгийн хүн тул биднээс илүү тооцоо судалгаа хийж, нарийн бичиж тооцсон байгаа шүү дээ гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.О................... болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А өмгөөлөгч нарын хэлсэн тайлбартай давхцуулж хэлээд байх шаардлага байхгүй гэж бодож байна. Нэгэнт 2017 оноос хойш бид нар хоорондоо харилцан тохиролцоод итгэлцэл дээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанд авсан зээлээ өгөх хугацаанд нь өгөөд явдаг байсан. Хамгийн гол нь хүүгийн асуудал дээр хоорондоо харилцан тохиролцож гэрээгээ хийдэг. Хариуцагч нар өөрсдөө улирлын чанартай ажил хийдэг тул хүүг нь урьдчилж өгөхийг зөвшөөрдөг байсан. Тэгээд зээлийн гэрээг талуудын хүсэл зорилгын дагуу  зээлийн гэрээг тухайн цаг хугацаанд хийж байсан зэрэг ийм нөхцөл байдлууд байдаг. Тэгээд энэ нийт хийсэн гэрээнүүдийн хувьд зээлийн гэрээнүүдийг цаг тухай бүрд нь талуудад мэдэгдсэн, хэргийн үйл баримтаар тогтоогддог. Хамгийн сүүлд хавтаст хэргийн 100 дугаар хуудсан дээр байгаа тооцоо нийлсэн акт байж байгаа. Хариуцагч Г.Л нь М.Х..................с итгэмжлэлээр оролцоод үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар зээлийн гэрээтэй тулгалт хийж, хоёр тал тооцоо нийлсэн акт дээр 41,000,000 төгрөг дээр ямар нэгэн маргаан байхгүй, төлөхийг хүлээн зөвшөөрч байна гээд гарын үсэг зурсан. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гээд байна л даа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг төлөх ёстой. Энэ нь хоног тутамдаа гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасан байгаа. Тэгэхлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулсан боловч тухайн тээврийн хэрэгслийг эдгээр хүмүүсийг тодорхой хэмжээгээр өөрсдөө ч хэлдэг нэр лүү чинь шилжүүлье бид нар өөрсдөө үйл ажиллагаагаа явуулаад мөнгө төгрөгөө олоод өгөөд байна аа гэсэн. Үүнийн үндсэн дээр барьцааны гэрээ байгуулсан боловч тэр машины хууль ёсны эзэмшигч хариуцагч нар өөрсдөө боловч эзэмшигчээр тогтоогдсон нэр дээр нь шилжигдээд орсон хөрөнгийг өөр хүнд хүртэл захиран зарцуулсан асуудал байдаг. Ийм үйл баримтуудаар хариуцагч нар гэрээний үүргээ зөрчсөн асуудлууд байгаа тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулсан. Талууд тооцоо нийлсэн акт дээр маргаан байхгүй. Үүргийн гүйцэтгэлийг хангахдаа эхний ээлжинд хариуцагч нар нэхэмжлэгчээс мөнгө зээлж авсан, тэр зээлийн гэрээний үүргийг зөрчсөн, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, дээрээс нь хүү алдангиа хоног тутмаараа гээд Иргэний хуульд заачихсан байгаа учраас хариуцагч нараас нийт 68,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж миний хувьд үзэж байгаа гэв.

 

Хариуцагч Г.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМанайх 2017 оноос эхэлж анх зээл авч эхэлсэн. Гэхдээ нэхэмжлэл дээр 2019 оноос гэж явж байгаа. Манайх хугацаа хэтэрсэн хүү, алдангийг хангалттай төлсөн. 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байсан. Тэгээд 9 дүгээр сард нь манай түрээс буухгүй байгаа учраас удаахгүй өгнө гэж хэлээд байсан. Манайд ажил явдал гараад хөдөө явсан хойгуур манай хүүгийн цэцэрлэг дээр нэхэмжлэгч ирж ахын чинь сургууль хаана юм бэ? танайх хаана байдаг вэ? гэж асууж хүүхдийг сүрдүүлсэн байсан. Мөнгөний маргаан дээр хүүхэд оролцуулж болохгүй байх. Түүнээс хойш манай хоёр хүүхэд халуураад бие нь өвдөөд унасан. Манайх хугацаа хэтрүүлдэг байсан ч хугацаа хэтэрсний алдангийнхаа 100 төгрөг ч дутаалгүй төлдөг л байсан. Энэ удаад олон сар төлөөгүй явчихсан болохоор хуулиараа шийдвэрлүүлэх гэж байгааг ойлгож байна. Манайх үндсэн зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Барьцаалбар өөрийнх нь нэр дээр байгаа. Сүүлийн хурлын дараа манай нөхрийг машин авчихлаа гэж цагдаад өгчихсөн байсан. Манай нөхрийг машин хашаанаас авч явсан гэж нэр төрд нь халдсан гэж үзэж байгаа гэв.

 

Хариуцагч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ер нь эхнэрийнхээ ярьсантай ойролцоо тайлбартай байна. Тэгэхдээ хүү, алданги дээр л жоохон маргаантай байна л даа. 9 дүгээр сарын 30-ны өдөр 47,000,000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Тэр 47,000,000 төгрөгөөр би 2,040,000 төгрөгийг 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн. Өмнө 4 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг өдрийн 50,000 төгрөгийн хүүтэй зээлийн гэрээ хийж зээлсэн. Тэрийг 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 8 сая гаран төгрөг төлсөн. Төлөхдөө 2,900,000 төгрөгөөр нэг удаа, 1,000,000 төгрөгөөр 3 удаа, сүүлд 2,040,000 төгрөгийг төлсөн байгаа. Тэгсэн энэ 2,040,000 төгрөгийг өгөөгүй гэж нэхэмжлэл дээрээ бичсэн байсан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай маргах зүйл байхгүй. Харин 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш сарын хугацаанд 20 сая гаран төгрөгийг нэхэмжлээд байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрээ дуусаад надаас хүү авах байсан гээд байгаа. Үгүй, хүүгээ урьдчилаад авчихдаг байсан. Тийм болохоор авах үндэслэлгүй. 45,000,000 төгрөг дээр бол маргаан байхгүй. Харин би 2,040,000 төгрөгийг төлсөн шүү гэв.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Талууд 2017 оноос хойш 2024 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд зээлдэг, зээлдүүлэгчийн харилцаатай байсан. Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс мөнгө зээлдэг байсан ба нэхэмжлэгч Б.О хариуцагч нарт мөнгө зээлэхдээ тэдгээрийн өмчлөлийн хоёр тээврийн хэрэгслийг барьцаалан зээл олгодог. Нэхэмжлэлийн шаардлагаа ч мөн адил барьцааны зүйлээр үр дүн гүйцэтгэл хангуулах гэдэг талаар нэхэмжлэл гаргасан. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний  өдрийн Монгол Улсын Их Хурлаас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гэж батлагдсан. Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй эсвэл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль нь үйлчлэхгүй гэж заасан байгаа юм. Тэгэхээр хүмүүсийн хооронд байгуулагдаад байгаа гэрээ нь нэг удаагийн шинжтэй биш, олон удаагийн мөнгө зээлэх асуудал үүссэн. Хоёрдугаарт, ашиг олох зорилготой биш. Учир нь хариуцагч нарт нэхэмжлэгч нь мөнгө зээлэхдээ хүү, алданги тооцдог байсан. Мөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд эрхэлнэ”, 4.2-д “Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно” гэж тус тус заасан. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулахдаа эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн талаар баримт авагдаагүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хэлэхэд мөн тус хуулийн буюу Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан байгаа. Тиймээс энэ хуулийн заалтыг нэхэмжлэгч зөрчиж нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байгаа. Дараагийн заалт болох 19 дүгээр зүйлийн 19.1-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гээд 19.1.8-д анз хэрэглэх буюу алданги авах эрхгүй гэж заагаад өгчихсөн байна. Энэ хууль нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Улмаар хууль хүчин төгөлдөр хэрэгжсэн өдрөөс буюу 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийтдээ 3-4 зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан байгаа. Тиймээс Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд зааснаар гэрээний дагуу нэхэмжлээд байгаа хүү, алдангийн асуудлыг тооцох боломжгүй учраас хүү, алдангийг дээрх хуульд нийцүүлэн хариуцагч талд хариуцуулахгүй байж өгнө үү гэв.

 

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ,

 

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх  гэрээ,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн .................. дугаартай бүртгэлийн гэрчилгээ,

 

2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт гэсэн гар бичвэр,

 

2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтын гэрээ гэсэн гар бичвэр,

 

Мөнгөн шилжүүлгийн баримтууд,

 

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ,

 

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт гэсэн бичвэр,

 

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ гэсэн гар бичвэр,

 

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтын гэрээ гэсэн гар бичвэр,

 

2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт гэсэн гар бичвэр,

 

Мөнгөн шилжүүлгийн баримт

 

2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 636 дугаартай зээлийн гэрээ,

 

Б.Оюун-Эрдэнэ, М.Хүрэлтогоо, Г.Лхагвадолгор нарын иргэний үнэмлэхийн хуулбар,

 

Hyundai Porter 0733 ӨВО улсын дугаартай бага оврын ачааны машин гэрчилгээний хуулбар,

 

2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний сунгалт гэсэн гар бичвэр,

 

Б.Оюун-Эрдэнийн  депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд,

 

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний сунгалт гэсэн гар бичвэр,

 

2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ гэсэн гар бичвэр,

 

2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ гэсэн гар бичвэр,

 

Мөнгөн шилжүүлгийн баримт,

 

2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0951 дугаартай зээлийн гэрээ,

 

2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0951 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд  хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн  гэрээ,

 

........................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

 

2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ гэсэн гар бичвэр,

 

Зээлийн гэрээ гэсэн гар бичвэр, Дансны хуулгууд,

 

2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0091 дугаартай зээлийн гэрээ,

 

................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Б.О, М.Х нарын иргэний үнэмлэхийн хуулбар,

 

2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ гэсэн гар бичвэр,

 

2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ гэсэн гар бичвэр,

 

2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэсэн гар бичвэр,

 

2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн гэж засвартай бичсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэсэн гар бичвэр,

 

2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ гэсэн гар бичвэр,

 

2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээ гэсэн гар бичвэр,

 

Б.Оюун-Эрдэнийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд,

 

2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэсэн засвартай зээлийн нэмэлт гэрээг сунгах тухай хүсэлт гэсэн гар бичвэр,

 

2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Тооцоо нийлсэн акт,

 

2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт гэсэн гар бичвэр,

 

Зээлийн гэрээний сунгалт гэсэн гар бичвэр,

 

2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулав гэсэн гар бичвэр,

 

2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн нэмэлт гэрээг сунгах тухай хүсэлт,

 

2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ гэсэн гар бичвэр,

 

2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ гэсэн гар бичвэр,

 

Д.Мөнхбатын депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1295 дугаартай итгэмжлэл,

 

2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эмнэлгийн магадлагаа

 

2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн эмнэлгийн магадлагаа,

 

М.Хүрэлтогоогийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт,

 

Хүрэлтогоогийн Үүрдмөнхийн Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн нэгдсэн лабораторийн шинжилгээний хариу,

 

Хүрэлтогоогийн Үүрдмөнхийн Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндсэний төвийн Нэгдсэн лабораторийн тасгийн шинжилгээний хариу зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Г.Л, М.Х нарт холбогдууланБарьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж, 47,984,750 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэл, “20,335,500 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан ба  хариуцагч нараас зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэг 68,320,250 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа 2,040,000 төгрөгөөр багасгаж байгаагаа илэрхийлсэн ба нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 66,280,250 төгрөг болсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гээд, зээлийн гэрээний үндсэн төлбөр болон зээлийн хүүг төлнө гэсэн тайлбар гаргасан.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

4. Нэхэмжлэгч Б.О нь  2019 оноос эхлэн хариуцагч нарт мөнгө зээлдүүлж байсан, хариуцагч нар 2017 оноос эхлэн нэхэмжлэгчээс мөнгө зээлдэж байсан гэсэн тайлбар шүүх хуралдаанд гаргасан ба талуудын харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан, талууд мөнгөн зээлийн харилцаанд орж байсан болохоо илэрхийлсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Б.О нь Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2024 оны 07 дугаар сард авсан, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэгч  байх тул талуудын зээлийн харилцаа Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар зохицуулагдана.

5.  Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо:

- Үндсэн зээл 45,000,000 төгрөг буюу 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлөх байсан 35,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлсэн 5,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зээлсэн 5,000,000 төгрөг. Үүнээс 2,040,000 төгрөг хасаад 42,960,000 төгрөг

- Зээлийн хүү нийт 2,678,950 төгрөг буюу шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх хүү 850,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойших хүү 1,828,950 төгрөг

- Алданги нийт 20,641,300 төгрөг,  2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 104 хоногийн алданги 19,110,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлсэн 5 сая төгрөгний 84 хоногийн 2,205,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлөх байсан 3 сая төгрөгний  60 хоногоор тооцсон алданги 1,155,000 төгрөг байгаагаас зарим алдангийг хасч тооцсон гэж тайлбарласан.

6. Зээлийн гэрээний үндсэн төлбөр 42,960,000 төгрөг, зээлийн хүү 2,678,950 төгрөг, нийт 45,638,950 төгрөгийн хувьд хариуцагч нар маргаагүй гэж үзлээ.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-т мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч анз хэрэглэхийг хориглосон тул нэхэмжлэлийн шаардлагаас 20,641,300 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар хариуцагч Г.Л, М.Х нараас 45,638,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О...............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,641,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г.Л, М.Х нараас улсын тэмдэгтийн хураамж 386,144 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О........................д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 657,501 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА