| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00674/И |
| Дугаар | 145/ШШ2024/00570 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 145/ШШ2024/00570
| 2024 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 145/ШШ2024/00570 | Арвайхээр сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “.....................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................ сумын ...............дугаар баг, ................... тоотод оршин суух, Э...................н Ц......................д холбогдох
“5,258,038.15 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “.......................” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Г.................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Ц нь манай компанитай 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 132904313 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд “Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч Э.Ц-н цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас ................. тоот дансанд зээлийг олгосон. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардалд 8,500 төгрөг гарсан тул хариуцагч Э....................с нийт 5,266,538.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “..................” ХХК-ийн нэхэмжилсэн 5,258,038.15 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 28-нд 340,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 340,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,186,538.15 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: “....................” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э...................д холбогдох “5,258,038.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Э.Ц нь тухайн нэхэмжлэлийн үнийн дүнг 2024 оны 12 дугаар сарын 28-нд 340,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 340,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,186,538.15 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “.................” ХХК нь хариуцагч Э.Ц....................д холбогдуулан “5,258,038.15 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “....................” ХХК-ийн “5,258,038.15 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Ц бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “......................” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Ц.....................д холбогдох “5,258,038.15 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Ш.С........................с 126,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 99,214.61 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. .
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА