Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 126/ШШ2024/0122

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б******х дүгнэлттэй, Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Б******ад холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б******х дүгнэлтдээ: ...Улаантайгын УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, эрх бүхий албан тушаалтан О.Б******а нь Улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт хамгаалалтын бүс Дарцагт гэх газар зөвшөөрөлгүй буутай нэвтэрсэн гэх Г-02 дугаартай зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Д.Б******рт 2023 оны 12 дүгээр сарын 02-ны өдөр 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн шинжийг бүрэн шалгаж, нотлож тогтоогоогүй байна гэж үзлээ.

Учир нь материалд цугларсан холбогдогч Д.Б******рийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар Д.Б******р нь Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах зөрчил үйлдсэн гэж үзсэн байна.

Гэтэл холбогдогч Д.Б******рийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдээгүй буюу зөрчил үйлдэгдсэн газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар улсын тусгай хамгаалалттай газар мөн эсэхийг багаж, хэрэгсэл ашиглан солбилцолын цэгийг тогтоох, үүний дагуу холбогдох байгууллагаас лавлагаа авах зэргээр хуулиар буутай (галт зэвсэг) нэвтрэхийг хориглосон газар мөн эсэхийг нотолж тогтоох шаардлагатай ажиллагааг хийж, зөрчлийн шинжийг тогтоох нотлох баримт бүрдээгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх-ийг эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тогтоосон байна гэж заасныг зөрчсөн байна.

Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн шийтгэлийн хуудас нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бичигдээгүй дараах зөрчлүүдийг дардаж байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсгийн 28.7.1- т Зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь дүгээр, эсхүл дугаар гэж бичгээр /1.1 дүгээр зүйл. г.м/, 28.7.2-т хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. г.м./ гэж хуулийн зүйл, хэсэг заалтыг хэрхэн бичих талаар хуульчилжээ.

Гэтэл шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 7.17.2-д заасны дагуу гэж бичсэн нь Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу бичигдээгүйгээс зүйл, хэсэг нь ялгагдахгүй, тодорхой бус байна. Мөн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтын хоёрдахь агуулгат шийтгэлийн төрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бичээгүй нь ойлгомжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

Түүнчлэн шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 2 дэх заалтын гурав дахь агуулгад зөрчил үйлдэж олсон мөнгөн орлогыг төрийн сангийн 10171413402 тоот дансыг бичсэн нь үндэслэлгүй буюу холбогдогч нь зөрчил үйлдэж ашиг орлого олсон зүйл байхгүй байхад төлүүлэх банк дахь данс бичжээ. Зөрчлийн материал болон хэргийн үйл баримтаар холбогдогчид үүрэг хүлээлгэх үндэслэл байхгүй байхад дээрх хэсгийг нөхөж бөглөсөн нь үндэслэлгүй байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны холбогдогч Д.Б******рт шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Улаантайгын УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, эрх бүхий албан тушаалтан О.Б******агийн 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0214684 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Б******а шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Эрх бүхий албан тушаалтан 2023 оны 12 дүгээр сарын 02-ны өдрийн 0214684 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.Б******рт шийтгэл оногдуулсан байх боловч шийгэлийн хуудсанд шийтгэлийн төрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бичээгүй нь ойлгомжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуултийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулийн тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны холбогдогч Д.Б******рт шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Улаан тайгын УТХГ-ын Хамгаалалтын захиргааны баигаль хамгаалагч эрх бухий апбан тушаалтан О.Б******агийн 0214684 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүи болгуулахаар мэргэжлийн хуульч прокурор албан ёсоор дүгнэлт гаргаж буйг хуулиа зөв тайлбарласан гэж үзэж хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоногэжээ.

Хариуцагч Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Б******а нь ... 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0214684 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0214684 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухайгаа холбогдогч Д.Б******рт мэдэгдсэн тухайгаа баримтжуулах үүрэг хүлээнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б******х гаргасан 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0214684 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахшаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ГАНЧИМЭГ