Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/02956

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/02956

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо,* дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, * байр, * тоот хаягт оршин суух, * овогт * * /РД: *,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Сүхбаатарын гудамж 1* байр, * тоот хаягт оршин байх хаягтай, * ХХК /РД: 531542/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгч М.*,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч * ХХК-иас 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Нэхэмжлэгч М.* би МӨХ-ны гишүүн бөгөөд 2014 оноос эхлэн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх эрх аван өмгөөлөгчөөр ажиллаж байна. Өмгөөлөгч М.* би 2018 онд * ХХК-ийн удирдлага * уулзсан бөгөөд тус компаниас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа *ХХК-тай холбоотой иргэний хэрэгт өмгөөлөгчөөр ажиллахыг хүссэний дагуу хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчөөр ажиллахаар болсон. Миний үйлчлүүлэгч * ХХК-иас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *ХХК-д холбогдуулан иргэний нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд тухайн хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр М.* би оролцож нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалан хууль зүйн туслалцаа үзүүлэн ажилласан юм. Тухайн иргэний хэрэг 2018 онд 10 дугаар сараас шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 2-р сарын 25-ны өдөр тус тус хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэвч хариуцагчийн зүгээс Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж Улсын Дээд шүүхийн 2019 оны 6-р сарын 06-ны өдрийн Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Тус хэрэг маргаан нь 3 жил гаруй хугацаанд үргэлжилж тус хэрэгт өмгөөлөгчийн хувьд хууль зүйн туслалцааг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан. * ХХК-ийн хувьцаа эзэмшигч * тус хэрэг маргаанд биечлэн оролцоогүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *ыг оролцуулж хэргийг өмгөөлөх тактик, төлөвлөгөө зэрэг бүх ажиллагааг өмгөөлөгчийн хувьд бүрэн хариуцаж ажиллахаар болсон. Хэргийн оролцогчид Эвлэрлийн гэрээ байгуулсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр зохигчийн эвлэрлийг баталж шүүгчийн * дугаартай захирамж гарч уг хэрэг маргаан 3 жил гаруй үргэлжилсний эцэст дуусгавар болсон. Өмгөөлөгч би үйлчлүүлэгч * ХХК-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан тус гэрээгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцон хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллах, үйлчлүүлэгч зохих төлбөрийг гэрээнд заасан хувь хэмжээгээр төлөхөөр тохиролцсон. Тодруулбал * ХХК хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт 100 сая төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн бөгөөд үүнээс 5 сая төгрөг төлсөн үлдэгдэл төлбөрийг иргэний хэрэг дуусгавар болсон, компаниа бусдад худалдсан хойно шилжүүлэхээр бид тохиролцсон. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсны дараа Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний зохих төлбөрийг нэхсэн боловч компаниа бусдад худалдах гэж байна өмгөөлөгч таниар гэрээ контрактаа хийлгэнэ тэгээд төлбөрийг шилжүүлнэ гэсэн боловч холбоо барихгүй сураггүй болсон. Сүүлд * ХХК-ийн удирдлага *тай холбогдох гэсэн боловч утсаа авахгүй, * ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж Нарантуяа гэдэг хүн болсон байсан бөгөөд түүнтэй утсаар ярихад би энэ асуудлыг мэдэхгүй гэж хэлсэн. Хариуцагч * ХХК нь хуулийн этгээдийн хувьд гэрээ байгуулан миний өмнө үүрэг хүлээсэн бөгөөд иргэний хэрэг маргаан дуусгавар болж үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаа тул * ХХК-иас Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 70 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2020 оны 2-р сарын 06-ны өдрийн №2020 2/06-01 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй холбоотой аливаа төлбөр тооцоо манай компанид байхгүй болно. Уг гэрээг * ХХК-ийн тухайн үеийн 60%-ийн хувьцаа эзэмшигч *тай байгуулсан байх бөгөөд Компанийн тухай хууль болон Компанийн дүрэмд * нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд байх тул дан ганц түүний гарын үсгээр гэрээ хүчин төгөлдөр болох боломжгүй, гэрээнд тухайн үеийн гүйцэтгэх захирал буюу Компанийн тухай хууль, компанийн дүрмээр тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох * гарын үсэг зураагүй байна. Иймд маргааны үндэслэл болж буй уг Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 59.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн * ХХК-ийн хувийн хэргийн материалаас үзэхэд, гэрээ байгуулагдах үед тус компани 3 хувьцаа эзэмшигчтэй, * 60%, З.Цэрэнмаа 20%, * 20%-ийг тус тус эзэмшиж байсан ба компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь гүйцэтгэх захирал * байсан. Мөн нэхэмжлэгч М.* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн * ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хуюэн синхан ХХК-д холбогдох иргэний маргаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцохдоо * ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал *тэй 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр оролцож байсан байна. Гэтэл нэхэмжлэгч М.* нь *г компанийг төлөөлөх эрхгүй гэдгийг мэдсээр байж ямар үндэслэлээр түүнтэй гэрээ байгуулж, одоо уг гэрээний дагуу компаниас төлбөр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Компанийн одоогийн гүйцэтгэх удирдлага * нь 2022 оны 3-р сарын 15-ны өдөр өмнөх захирал *ээс ажлаа хүлээн авч, одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд анх ажил хүлээж авах үед нэхэмжлэгчтэй болон түүнтэй байгуулсан гэрээ хэлцлийн төлбөр тооцооны талаар ямар нэгэн баримт материалыг хүлээж аваагүй болно. 2022 оны 4-р сарын 18-ны өдөр компанийн хуучин хувьцаа эзэмшигчид болох *, З.Цэрэнмаа, * нар нь өөр өөрсдийн хувьцаагаа * шилжүүлэн өгснөөр * нь компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч болсон байна. Үүнээс хойш 2 жилийн дараа буюу 2024 оны 4-р сарын 01-ний өдөр компанийн хувьцаа эзэмшигч * нь өөрийн эзэмшлийн 100%-ийн хувьцаагаа Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр Батбэхремикон ХХК-д шилжүүлснээр, одоо тус компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч нь Батбэхремикон ХХК байгаа болно. Компанийн хувьцаа шилжих үед талууд компанийн өр төлбөр, зээлийн асуудлаар тодорхой үүрэг хүлээж, тохиролцоо хийсэн байдаг. Иймд өмнөх гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нараас компанийн одоогийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагад нэхэмжлэгч М.*тай байгуулсан 2020 оны 2-р сарын 06-ны өдрийн №2020 2/06-01 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний өр төлбөрийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй тул компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнд заасны дагуу энэхүү асуудлыг өмнөх удирдлагууд хариуцах ёстой гэж үзэж байна. Компанийн одоогийн удирдлагуудад нэхэмжлэгч М.*тай байгуулсан 2020 оны 2-р сарын 06-ны өдрийн №2020 2/06-01 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй холбоотой мэдээлэл байхгүй тул тэрээр гэрээнд заасан ажил үүргээ бүрэн хийж гүйцэтгэсэн эсэх, ажил дууссаны дараа талууд гэрээг дүгнэсэн эсэх, өмнөх удирдлагуудын зүгээс түүнд ажлын хөлсөнд нийт хэдэн төгрөгийг өгсөн болох, хэрэв тооцоо дуусаагүй гэж үзвэл хэдэн төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа талаар тайлбар өгөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээний хуулбар, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 5-7/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 8-13/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэрэг танилцуулсан тухай баримт №6 /хх 14, 25, 76/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2018/12172 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж /хх 15/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримт №9 /хх 16, 19, 21, 23, 56, 59, 61, 69, 74/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2018/12765 дугаар Шүүх хуралдаан хойшлуулж, нотлох баримт гаргуулах тухай захирамж /хх 17-18/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/* дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах, нотлох баримт гаргуулах тухай захирамж /хх 20/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн * дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж /хх 22/, * ХХК-ийн итгэмжлэх /хх 24/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх 26-30/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/02780 дугаар шийдвэр /хх 31-32/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх баримт №15 Давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг танилцуулах тухай /хх 33/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Давж заалдах журмаар гаргасан гомдлыг танилцуулсан тухай баримт /хх 34/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Хэргийн оролцогчдод хэргийн материалыг танилцуулсан тухай баримт /хх 35/, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол /хх 36/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Хүсэлт хэлэлцэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай /хх 36-37/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 374 дугаар магадлал /хх 38-45/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх баримт №11 Магадлалыг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн тухай /хх 46/, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Хяналтын шатны шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт /хх 47/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2019/00875 тогтоол /хх 48-53/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2019/10028 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж /хх 54-55/, * ХХК-ийн Уулзалт зохион байгуулах тухай 19/09 тоот албан бичиг /хх 57/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн * дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж /хх 60/, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай * дугаар захирамж /хх 62-63/, * ХХК-ийн итгэмжлэл олгох тухай /хх 64/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2019/12306 дугаар Хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж /хх 65/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баримт №7 /хх 66/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2019/14936 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж /хх 67-68/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх 70-72/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн * дугаар Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж /хх 73-74/, * ХХК-ийн итгэмжлэл олгох тухай /хх 75/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2021/09372 дугаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай захирамж /хх 77/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2021/09687 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж /хх 78/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баримт №11 /хх 80/,

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 109/, * ХХК-ийн 24/13 тоот итгэмжлэл олгох тухай албан бичиг /хх 232/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 233/, хариу тайлбар /хх 234-235/,

 

5. Шүүхээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 9/4210 тоот албан бичиг, хавсралт /хх 125-224/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ * ХХК-иас *ХХК-д холбогдуулан иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр М.* би оролцож хууль зүйн туслалцаа үзүүлэн ажилласан. * ХХК хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт 100 сая төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн бөгөөд үүнээс 5 сая төгрөг төлсөн үлдэгдэл төлбөрийг иргэний хэрэг дуусгавар болсон, компаниа бусдад худалдсан хойно шилжүүлэхээр бид тохиролцсон. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсны дараа Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний зохих төлбөрийг нэхсэн боловч компаниа бусдад худалдах гэж байна өмгөөлөгч таниар гэрээ контрактаа хийлгэнэ тэгээд төлбөрийг шилжүүлнэ гэсэн боловч холбоо барихгүй сураггүй болсон гэж тайлбарласан.

 

3. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

3.1. * ХХК-ийн тухайн үеийн 60%-ийн хувьцаа эзэмшигч *тай байгуулсан байх бөгөөд Компанийн тухай хууль болон Компанийн дүрэмд * нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

3.2. Нэхэмжлэгч М.* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн * ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хуюэн синхан ХХК-д холбогдох иргэний маргаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцохдоо * ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал *тэй 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр оролцож байсан байна.

3.3. Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнд заасны дагуу тус компанийн өмнөх удирдлагууд хариуцах ёстой гэж үзэж байна гэж үгүйсгэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Хавтаст хэргийн 233 дугаар талд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч М.* болон хариуцагч * ХХК нарын хооронд байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ авагджээ. Уг гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч буюу өмгөөлөгч М.* нь * ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр *ХХК-тай байгуулсан Хайрганы карьерийг хариуцан ажиллах гэрээтэй холбоотой харилцаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэрэг маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр бүх шатны шүүхэд төлөөлөн оролцох, хөлсийг талууд тохиролцоно гэжээ.

 

Хавтаст хэргийн 8 дугаар талд нэхэмжлэгч М.* болон хариуцагч * ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2020 2/06-1 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ авагджээ. Уг гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч буюу өмгөөлөгч М.* нь * ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлэх, * ХХК нь 100 сая төгрөг төлөхөөр харилцан тохирсон байна.

 

4.2 Талуудын маргааны зүйл нь 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2020 2/06-1 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байх бөгөөд хариуцагчаас уг гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулсан талаар маргаагүй.

 

4.3 Хэлцлийн хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үздэг.

 

2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2020 2/06-1 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г үзвэл, уг гэрээнд * ХХК хувьцаа эзэмшигч * гарын үсэг зурсан байна, мөн * ХХК-ийн тамга дарагджээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаар * нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд * ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч байсан байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2020 2/06-1 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь нэг эрх зүйн маргаанд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх харилцаа буюу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн * ХХК-ийн нэхэмжлэлтэй, *ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч буюу өмгөөлөгч М.* нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэх тухай байна.

 

Түүнчлэн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2020 2/06-1 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.5-т Хуульч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үйлчлүүлэгчийн Хуюэн Синхан ХХК-д холбогдуулан гаргасан иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд сөрөг нэхэмжлэл /500 сая төгрөг/ гаргасан нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хөлс, хуульчийн гүйцэтгэх ажлыг нэмэгдүүлэн энэхүү гэрээг байгуулсан болно гэж бичсэнээс үзвэл, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний дагуу ажиллагч буюу нэхэмжлэгч уг гэрээний дагуу тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх явцад нэхэмжлэгчийн хүлээсэн үүргийг нэмэгдүүлэх, мөн ажлын хөлсийг тохиролцох зорилгоор талууд 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2020 2/06-1 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулсан гэж үзэхээр байна.

 

Хэдийгээр хариуцагчаас 2020 2/06-1 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж тайлбарласан боловч дээрх үйл баримтаар тэдний хооронд бодит үйлдлээр буюу Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4.4 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад хэлбэрийн хувьд тусгай шаардлага тавиагүй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх ёстой үүрэгт онцлог зүйл байхгүй бол хэлбэрийн хувьд чөлөөтэй байна. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажлын тодорхой үр дүн биш, харин ажил үйлчилгээг гүйцэтгэх үйл явц байдаг бөгөөд нэхэмжлэгч өөрийн шүүхэд гаргасан шаардлагаа нотлох үүднээс гаргаж өгсөн хавтаст хэргийн 14-80 дугаар талд авагдсан нотлох баримтууд болох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд * ХХК-ийн нэхэмжлэлтэй, *ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдсэн эрх зүйн баримт бичгүүдийг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2020 2/06-1 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад ажиллагч буюу нэхэмжлэгч уг гэрээний дагуу тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

 

Нөгөөтээгүүр, хариуцагч * ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн нь нэхэмжлэгчийн өмнө Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Нэгэнт нэхэмжлэгч М.*т Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 2020 2/06-1 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний үүргийг буюу үлдэгдэл төлбөрөө хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд хариуцагч * ХХК-иас 70,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүхээс үзлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-иас 507,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * ХХК-иас 70,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-иас 507,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН