Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2024/01177

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2024/01177

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/01150/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ч.О ,

Гуравдагч этгээд: Т.О,

Гуравдагч этгээд: Б.М,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ч.О ,

Гуравдагч этгээд: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтаншагай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд Э.Ч , Т.О нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.О нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Би 2016 онд Бгийн М тай ханилан сууж, 3 хүүхдийн аав, ээж болсон. Том охин О 13 нас хүрч Ч.О , Б.М нарын асрамж, халамжид ирэх хүсэлтэйгээ хэлсэн бөгөөд өргөж авсан аав, ээж маань тэтгэвэрт гарах нас нь болсон, бие тэнхээ нь чилээрхэж өвдөн, охиныг маань асран халамжлах боломжгүй болсон. Охин Ч.О би оюутан байхдаа төрүүлсэн бөгөөд төрсөн эцэг нь Шаргадуул Бямбацогтын Дарьбазар гэж хүн байдаг. Б.Д нь охиноо төрснөөс хойш биднийг гэж ирээгүй, одоо хаана явдагийг нь ч би мэдэхгүй. Би оюутан байсан болохоор охиноо өөрийн аав, ээждээ үрчлүүлээд сургуульдаа суралцсан. Охин маань өвөө, эмээдээ үрчлүүлсэн хэдий ч өөрийн төрсөн ээж, дүү нар, аав Б.М нартайгаа хамт амьдарч, сургуульд суралцаж байгаа...гэжээ.

Гуравдагч этгээд Э.Ч , Т.О нар 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд: ...Т овогтой О , Э овогтой Ч нар нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулж, ээжийнх нь нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч байна.

2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин О ээж нь оюутан байсан учир өргөж авсан байсан.

Одоо охин О нь өөрийн аав, ээж дээрээ өсөж хүмүүжиж байгаа. Бидний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас аав, ээжид нь буцааж өгөхийг зөвшөөрч байна. гэх хариу тайлбарыг,

Гуравдагч этгээд Б.М 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б овогтой М нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулж, охиныг ээжийнх нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч байна.

2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин О хадам аав, ээж болох Э овогтой Ч , Т овогтой О нарт үрчлүүлсэн бөгөөд охин О нь эхнэр, бид хоёр дээр өсөж хүмүүжиж байгаа.

Хадам аав, ээж маань нас өндөр болсон, бие тэнхээ нь чилээрхэж, охиныг асран халамжлах боломжгүй гэсэн. Би Ч.О тай 2015 онд хурмаа хийж, 2017 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Охин Ч.О маань 2 дүүдээ хайртай, намайг Ч.О тай гэр бүл болсноос хойш ааваа гэж дууддаг болсон. Бидний болон хүүхдүүдийн харилцаа сайн байдаг. Бид 2 ярилцаад охиныхоо үрчлэлтийг хүчингүй болгуулж, өөрсдийн асрамжид авахаар шийдсэн... гэв.

Хүсэлт гаргагч Ч.О шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х аймгийн Т сумын М багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 290 дүгээр, Х аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 290 дүгээр албан бичгүүд, регистрийн дугаар Р** Д.О Үрчлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 09 сарын 30-ний өдөр гэсэн дардас дарагдсан Б.Д ын иргэний үнэмлэхийн хуулбар, Х аймгийн Т сумын Засаг даргад гаргасан Б.Д ын өргөдлийн хуулбар, Т сумын ЭМТ-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн охин Ч.О эрүүл бойжиж буй тодорхойлолт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар 20241202001079 Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Дугаар CVL2467310001000394 охин Ч.О Төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг,

Гуравдагч этгээд Э.Ч , Т.О , Б.М нар хариу тайлбарыг тус тус гаргаж өгчээ.

Зохигч хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Би 2016 онд Бгийн М тай ханилан сууж, 3 хүүхдийн аав, ээж болсон. Том охин О 13 нас хүрч Ч.О , Б.М нарын асрамж, халамжид ирэх хүсэлтэйгээ хэлсэн бөгөөд өргөж авсан аав, ээж маань тэтгэвэрт гарах нас нь болсон, бие тэнхээ нь чилээрхэж өвдөн, охиныг маань асран халамжлах боломжгүй болсон. Охин Ч.О би оюутан байхдаа төрүүлсэн бөгөөд төрсөн эцэг нь Шаргадуул Бямбацогтын Дарьбазар гэж хүн байдаг. Б.Д нь охиноо төрснөөс хойш биднийг гэж ирээгүй, одоо хаана явдагийг нь ч би мэдэхгүй. Би оюутан байсан болохоор охиноо өөрийн аав, ээждээ үрчлүүлээд сургуульдаа суралцсан. Охин маань өвөө, эмээдээ үрчлүүлсэн хэдий ч өөрийн төрсөн ээж, дүү нар, аав Б.М нартайгаа хамт амьдарч, сургуульд суралцаж байгаа...гэв.

Гуравдагч этгээд Э.Ч , Т.О , Б.М нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гуравдагч этгээд Э.Ч , Т.О , Б.М нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, гуравдагч этгээд Б.Мын шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Охин Ч.О 0003429 дүгээр: Үрчлэхийн өмнө: Хүүхдийн овог: Шаргадуул, Эцэг/эхийн нэр: Дарьбазар, Нэр: О , Эцгийн овог: Шаргадуул, эцэг/эхийн нэр: Бямбацогт, Нэр: Дарьбазар, Эхийн овог: Зүүн хариад, эцэг/эхийн нэр: Ч , Нэр: О , Үрчилсний дараа: Хүүхдийн овог: Зүүн хариад, эцэг/эхийн нэр: Ч , Нэр: О , Үрчлэн авсан эцгийн овог: Зүүн хариад, эцэг/эхийн нэр: Э , нэр: Ч , Эхийн овог: Барнууд, эцэг/эхийн нэр: Т , Нэр: О нар үрчлэн авсныг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 02-рт бүртгэж, гэрчилгээ олгов. гэх мэдээлэл бүхий үрчлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар CVL2467310001000394 Ч.О Төрсний бүртгэлийн лавлагаа,

Х аймгийн Т сумын М багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 290 дүгээр: Тус сумын М багийн иргэн Р** Э овогтой Ч , Р** Т овогтой О , охин Р** Ч овогтой О нар ам бүл 3-уул М 1 дүгээр багийн Гахайн хонхорын 22-4 тоотод оршин суудаг нь үнэн болно. гэсэн бичвэр бүхий,

Х аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 290 дүгээр: Ч О /Р**/ нь тус сургуулийн Э.Энхбат багштай 8в ангид суралцаж байгаа болно. гэсэн бичвэр бүхий албан тоотууд,

Х аймгийн Т сумын ЭМТ-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн охин Ч.О эрүүл бойжиж буй тодорхойлолт зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Ч.О нь охин Ч.О гуравдагч этгээд Э.Ч , Т.О нарт үрчлүүлсэн бөгөөд үрчлэгдсэн охин Ч.О нь одоо төрсөн эх Ч.О , Б.М нарын асрамжид байж, сурч боловсорч байгаа үйл баримт тогтоогдлоо.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Зүүн хариад Ч ын О 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Зүүн хариад Э гийн Ч , Барнууд Т ын О нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, охин Ч.О төрсөн эх Ч.О гийн асрамжид шилжүүлж шийдвэрлэв.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар 20241202001079 Гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар Б.М, Ч.О нар гэрлэгчид болох нь тогтоогдож байгааг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Зүүн хариад Ч ын О 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Зүүн хариад Э гийн Ч , Барнууд Т ын О нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар охин Ч.О төрсөн эх Зүүн хариад Ч ын О гийн асрамжид шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА