Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/01181

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/01181

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/01109/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Р.Н,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.Н д 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн болон бусад холбогдох тушаал олдохгүй байгаагаас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм...гэв.

Хүсэлт гаргагч Р.Н нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11/809 дүгээр албан бичиг, Х аймгийн А сумын Х багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр, Х аймгийн А сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 3/206 дугаар, Х аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10/2151 дүгээр албан бичгүүд, хүсэлт гаргагчийн Х аймгийн А сумын М нэгдэлд ажиллаж байсан цалингийн түүвэр, Х аймгийн А сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 09 сарын 04-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд, цалингийн түүвэр, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт зэрэг нотлох баримтыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр А.Т , Ш.С нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990-2000 онуудын ажилласан жилийг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримт зэргийг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн болон бусад холбогдох тушаал олдохгүй байгаагаас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн А сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 3/206 дугаар албан бичгээр ирүүлсэн: Тус сумын М нэгдлийн 1,2-р бригадад ажиллаж байсан Р овогтой Н ийн ажилласан жил, авсан цалин хөлсний түүврийг сумын архивын 70-р данснаас түүвэрлэж лавлагаа олгов. Үүнд:

1986 он 2 сар 37.75, 3 сар 132.75, 4 сар 170.50, 12 сар 84.50, 1987 он 2 сар хоног 12, 71.76, 3 сар хоног 27, 271.76, 4 сар 86.71, 1988 он 1 сар хоног 29, 69, 2 сар хоног 31, 318, 3 сар хоног 30, 153.87, 4 сар хоног 30, 97.66, 5 сар хоног 30, 144.21, 6 сар хоног 31, 94.76, 7 сар хоног 31, 564.32, 8 сар хоног 30, 102.12, 10 сар хоног 30, 101.43, 12 сар хоног 61, 252.54, 1989 он 1 сар 69, 2 сар 79.04, 3 сар 300, 6 сар 500, 12 сар 86.04, 1990 он 1 сар 120, 1991 он 1 сар 27.24, 2 сар 102.53 гэх түүвэр бүхий Х аймгийн А сумын Засаг дарга гэсэн тамга, ХӨН0444 гэх улсын байцаагчийн тэмдэг дарагдсан ажилласан жил, цалин хөлсний тодорхойлолт, Х аймгийн А сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 09 сарын 04-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 30/1297 дугаар албан бичгээр ирүүлсэн: Р Н , ажилладаг байгууллага: А сум М нэгдэл, ажилд орсон он: 1985, эрхэлдэг ажил: хоньчин, оршдог сум, район: А ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,

Х аймгийн А сумын Х багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр: Р овогтой Н нь (Р***) нь ам бүл-1 гэр бүл болж байгаагүй бөгөөд 1986-1990 оны хооронд М нэгдэлд илгээлтээр мал маллаж байгаад 1991 оноос хойш 2024 он хүртэл ганц бие өрх толгойлон мал маллаж байгаа нь үнэн болно. гэсэн албан бичиг зэргээр хүсэлт гаргагч Р.Н нь Х аймгийн А сумын М нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Гэрч А.Т ын: ...Р.Н нь Х аймгийн А сумын М нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчин хийдэг байсан. Аав, ээж нь бас малчин байсан, сургуульд огт сураагүй, аав, ээжтэйгээ хамт мал малладаг байсан, цэрэгт ч яваагүй... гэх,

Гэрч Ш.С ын: ...Р.Н нь Х аймгийн А сумын М нэгдлийн 1 дүгээр бригадад мал малладаг байсан, цэрэгт яваагүй, аав, ээж нь мал малладаг хүмүүс байв, насаараа л мал маллаж байна... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хүсэлт гаргагч Р.Н ийн Х аймгийн А сумын М нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Хэрэгт хүсэлт гаргагчийн ХААТР21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11/809 дүгээр, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өдрийн 11/1032 дугаар, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 333 дугаар, Х аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10/2151 дүгээр албан бичгүүд, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт зэрэг баримт авагдсан ба эдгээр баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүх үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жанчив Р гийн Н ийн Х аймгийн А сумын М нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА