Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/03011

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/03011

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, * дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, ** байр, ** тоотод оршин суух, * овогт  * /рд: */-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч:

Хүсэлт гаргагч Г.*,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ** би 1960 онд төрсөн. Ховд аймгийн 1 дүгээр 10-н жилийн сургуулийг 1987 онд төгсөөд УБДС /тухайн үеийн нэршлээр/-ийн кино драмын ангид орж суралцаад 1982 оны 6 дугаар сард тус сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Тухайн үед их сургууль төгссөн хүмүүс мэргэжлийнхээ дагуу ажилд шууд томилогдон ажилладаг байсан ба Ховд аймгийн ХДТ-ын даргын 1982 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 60 тоот тушаалаар театрын жүжиг ангид жүжигчнээр томилогдон ажилласан. Уг ажлыг хийж байгаад Соёлын яамны шийдвэрээр ЗХЦ-д театрын урлагийн дээд сургуульд суралцах болсон тул театрын даргын 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 30 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. ЗХЦ-д сургууль төгсөж ирээд одоог хүртэл Соёл урлагийн их сургуулийн Радио телевиз медиа урлагийн сургуульд ажиллаж байна. Гэвч миний бие өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл Ховд аймгийн ХДТ-т ажилд орсон тушаалд олдохгүй уг баримт архивт байхгүй ба ажилд орсон он, сар өдөр, ажилд томилсон эрх бүхий этгээдийн тушаалыг миний хөдөлмөрийн дэвтэрт тодорхой бичсэн байх боловч хөдөлмөрийн дэвтрийг 1983 онд нээсэн байна гэдгээр нийгмийн даатгалын байгууллага ажилд орсон тодорхой бус гэж үзсэн. Миний бие сургуулиа төгсөөд шууд ажилд томилогдон орсон болохыг дараахь баримтаар нотлогдоно. Үүнд: Ховд аймгийн ХДТ нь хөдөлмөрийн дэвтрийг 1983 онд нээсэн хэдий ч ажилласан жилийг 1982 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэж тэмдэглэсэн. Тухайн үед ажиллаж байсан бүх хүмүүс Монголын үйлдвэрчний Эвлэл гишүүнээр элсэж, ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл цалингаасаа гишүүний татвар хураамж төлдөг байсан болохыг Монголын үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэх гэх баримтад тодорхой тусгагдсан. Түүнлчэн намайг тус байгууллагад ажилд ороход театрын жүжиг ангид Ц.Цэндхорлоо, Ч.Оюунцэцэг нар нь жүжигчнээр хамт ажиллаж байсан. Мөн эдгээр хүмүүс өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ба намайг тус театрт ажиллаж байсан болохыг гэрчилнэ. Иймд иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Г.* миний 1982 оны 7 дугаар сары 16-ны өдөр Ховд аймгийн ХДТ-т жүжигчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Г.*ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 6-7/, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 8/, Дипломын хуулбар /хх 9/, Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх /хх 10-11/, Ч.Оюунцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд гаргасан тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 12-14/, Ц.Цэндхорлоогийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд гаргасан тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 15-17/, Гэрэл зураг /хх 18/, Тайлбар /хх 39-41/.

 

3. Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Ховд аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын даргын 10 дугаартай Урлагийн бригад гаргах тухай тушаал /хх 29/, Ховд аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын даргын 48 дугаартай Шагнах тухай тушаал /хх 30/, Ховд аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын даргын 36 дугаартай Ажилчдын ээлжийн амралт олгох тухай тушаал /хх 51/, Ховд аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын даргын 37 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх 32/, хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ч.Оюунцэцэг /хх 20-21/, Ц.Цэндхорлоо /хх 24-25/ нарыг гэрчээр асуусан тэмдэглэл.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

 

Бэсүд овогт ** нь 1982 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Ховд аймаг дахь Хөгжимт драмын театрт жүжигчинээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Г.*т 1983 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгогдсон 045464 тоот Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улсын Багшийн дээд сургуулиас Г.*т 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгогдсон 8113 бүртгэлийн дугаартай Дипломын хуулбар, 1979 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Г.*т олгогдсон 417593 тоот Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх, Ховд аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын даргын 1985 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай Урлагийн бригад гаргах тухай тушаал, Ховд аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын даргын 1986 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаартай Шагнах тухай тушаал, Ховд аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын даргын 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаартай Ажилчдын ээлжийн амралт олгох тухай тушаал, Ховд аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын даргын 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нотлох баримтуудаар, гэрч Ч.Оюунцэцэгийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч Г.*ийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Бэсүд овогт ** /*/-ыг 1982 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Ховд аймаг дахь Хөгжимт драмын театрт жүжигчинээр ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Г.*ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН