Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/298

 

 

 

 

 

   2023            3              15                                          2023/ДШМ/298

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Содбаяр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Бд холбогдох эрүүгийн 2211 00596 1378 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Г овгийн Бын Б, .... оны ... дугаар сарын ....-ний өдөр ........ аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт .................. дугаар хороо, ............ тоотод оршин суух, /РД:......................../,

          - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

          - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 199 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн.

            Шүүгдэгч Б.Б нь “С” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Теди худалдааны төвд үйл ажиллагаа явуулах 2 дугаар лангуунд 2022 оны 3 дугаар сарын 01-нээс 25-ны өдрийн хооронд худалдааны зөвлөхөөр ажиллах хугацаандаа түүнд худалдан борлуулахаар итгэмжлэн хариуцуулсан Samsung galaxy А5, Samsung galaxy А80 2 ширхэг, Samsung galaxy А90 5G 2 ширхэг, Samsung galaxy Z folder, note 4, Samsung galaxy S9, Samsung galaxy А10 зэрэг 9 ширхэг гар утсыг хувьдаа завшиж “С ХХК-д нийт 5.390.000 төгрөгийн хохирол,

          мөн худалдагчаар ажиллаж байхдаа иргэн Э.Дын худалдан борлуулахаар өөрт нь итгэмжлэн хариуцуулсан Iphone XS загварын гар утсыг хувьдаа завшиж 900.000 төгрөгийн хохирол, бусдад нийт 6.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овгийн Бын Бг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 418 цагийн 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 11 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгаас 5.830.000 төгрөгийг гаргуулж хохирогч “С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Нт 4.930.000 төгрөгийг, хохирогч Э.Дт 900.000 төгрөгийг тус тус олгуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 5 настай хүүгийн хамт өрх толгойлон амьдардаг. Өөрийн хариуцлагагүй байдлаас болж бусдад учруулсан гэм буруугаа маш сайн ухамсарлаж, гэмшиж байна. Үр хүүхдээ бэтгэрүүлж, харж хандаж чадахгүй хаалттай торон хаалганы цаана юу ч хийж чадахгүй суугаадаа үнэн сэтгэлээсээ шаналж байна. Өөрийн анхаарал болгоомжгүй хариуцлага алдсаны улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“С” ХХК нь Б.Бд хэзээ, ямар байдлаар хэдэн төгрөгийн үнэ бүхий хэдэн ширхэг гар утсыг хүлээлгэн өгсөн нь тодорхойгүйн сацуу утас хүлээлгэн өгсөн гэх гадаад хэл дээрх баримт /хх 31/-ыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүхээс уг баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна.” гэж заасныг зөрчсөн төдийгүй шийтгэх тогтоолын үндэслэл болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана.” гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээний гэх “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилж, Б.Бд хүлээлгэн өгсөн гэх гар утаснуудын зах зээлийн үнэлгээг тогтоолгох ажиллагааг хийсэн. Гэвч гар утасны зах зээлийн үнэлгээг тогтоох “Дамно” ХХК нь үнэлгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа нь, мөн бодитоор байхгүй эд зүйлийн үнэлгээг хэрхэн, ямар аргаар, юунд үндэслэн үнэлгээ гаргасан нь эргэлзээтэй, ойлгомжгүй байх тул үнэлгээг бодитоор тогтоосон гэж үзэх боломжгүйн сацуу үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэх боломжгүй. Гэвч шинжээч гэх “Дамно” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтнууд нь үнэн зөв дүгнэлт гаргах баталгаа гаргаагүй, мөн мөрдөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг тайлбарлан өгөөгүй байгаа нь шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна. Шүүхээс дээрх хуулийн үндэслэлгүй баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс 5.830.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан хохирол төлбөрийг төлж барагдуулах хуульд заасан завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй нь, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн бөгөөд анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх үлдэгдэл цагийг бодитоор тогтоогоогүйгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гарсан гэж үзэж байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн, бодитой тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагын хангаагүй, шинжилгээ хийх тусгай зөвшөөрөл, тусгай мэдлэг бүхий байгууллагаар хийлгэсэн гэж үзэх боломжгүй байх тул хохирлын хэмжээг бүрэн, бодитой тогтоосны үндсэн дээр иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн, нийтэд тустай ажил хийх ялыг бодитоор тогтоон шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Л.Содбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш мөрдөн шалгах ажиллагааны явцад багагүй хугацаа өнгөрсөн. Хэрэгт 2022 оны 8 дугаар сард яллах дүгнэлт үйлдсэн. Үүнээс хойш шүүх хуралдаан шүүгдэгчийн өмгөөлөгч авах хүсэлт, эмнэлгийн шаардлагын улмаас удаа дараа хойшилж байсан. Энэ хугацаанд хохирол, төлбөр бүрэн барагдах боломжтой байсан. Шүүгдэгчийн зүгээс хохирол, төлбөр барагдуулсан гэх гомдлыг гаргасан боловч өнөөдрийн байдлаар барагдуулаагүй гэдгээ хэлж байна. Өмгөөлөгчийн зүгээс утаснуудыг аваагүй, хариуцуулж өгөөгүй. Мөн гадаад хэл дээрх баримт гэдэг асуудал ярьж байна. Хавтаст хэргийн 31 дүгээр хуудаст солонгос бичигтэй баримт байгаа. Энэ баримтыг “С” ХХК Б.Бд тухайн гар утаснуудыг хүлээлгэж өгсөн баримт гэж гаргаж өгсөн. Гэсэн хэдий боловч энэ дээр хохирогч, шүүгдэгч нарын зүгээс энэ гар утаснуудыг аваагүй гэх маргаан байдаггүй. Тэгэхээр яллагдагч, хохирогч нарын мэдүүлгээр гар утас авсан үйл баримтад ямар нэгэн маргаан байхгүй. Хохирлын үнэлгээг бодитой тогтоогоогүй, гар утаснуудыг үнэлээгүй гэж байна. “Дамно” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бөгөөд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээрх бүхий л эд зүйлийн үнэлгээг тодорхой хэмжээнд  гаргадаг байгууллага юм. Энэ байгууллага нь хэрхэн, яаж шинжилгээний дүнг гаргасан нь тодорхой тусгагдсан /хх 46, 47/. Мөн “Дамно” ХХК-ийн үнэлгээ, шинжээч томилсон тогтоолыг шүүгдэгч болон хэргийн оролцогч нарт танилцуулсан. Хавтаст хэргийн 51 дүгээр хуудаст шинжээчийн дүгнэлт гарсны дараа танилцуулсан. Яллагдагчийн мэдүүлэг /хх 85/, шүүх хуралдаанд танилцуулсан мэдүүлэг зэргээр шүүгдэгч болон хохирогч нар нь үнэлгээтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргадаггүй. Өөрөөр хэлбэл, энэ үнэлгээг бүрэн хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, үнэлэх боломжтой нотлох баримт гэж үзэж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдлийн тооцоог буруу гаргасан гэсэн. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 418 цагийн үлдэгдэлтэй байгаа талаар холбогдох эрх бүхий байгууллагын тооцоо гарсан байдаг. Б.Бгийн зүгээс шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан байдаг. Тухайлбал, 11 дүгээр сарын 08, 12 дугаар сарын 02-ны өдөр. Өөрөөр хэлбэл, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ялын үлдэгдэл тооцоог гаргасан байсан. Шүүх хуралдаан болсон 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар ялын тооцоо ирээгүй бөгөөд 10 дугаар сарын 28-ны өдрийн албан тоотод ирүүлсэн 418 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй гэж тооцсон нь үндэслэлтэй. Хорихоос өөр төрлийн ял нь дахин гэмт хэрэг үйлдсэн, дахин гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар мэдүүлэх боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл, ял зогсдог. Тэгэхээр 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр тооцож байгааг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн өмгөөлөгчийн гомдолдоо хавсаргасан гэх 212 цагийн үлдэгдэлтэй гэдэг дээр баримт ирээгүй учраас хэлэх тайлбар байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь “С” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди” худалдааны төвд үйл ажиллагаа явуулах 2 дугаар лангуунд 2022 оны 3 дугаар сарын 01-нээс 25-ны өдрийн хооронд худалдааны зөвлөхөөр ажиллах хугацаандаа түүнд худалдан борлуулахаар итгэмжлэн хариуцуулсан Samsung galaxy А5, Samsung galaxy А80 2 ширхэг, Samsung galaxy А90 5G 2 ширхэг, Samsung galaxy Z folder, note 4, Samsung galaxy S9, Samsung galaxy А10 зэрэг 9 ширхэг гар утсыг хувьдаа завшиж “С” ХХК-д нийт 5.390.000 төгрөгийн хохирол,

мөн худалдагчаар ажиллаж байхдаа иргэн Э.Дын худалдан борлуулахаар өөрт нь итгэмжлэн хариуцуулсан Iphone XS загварын гар утсыг хувьдаа завшиж 900.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 6.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нын “...2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр манайд худалдагчаар ажилд орохоор Б.Б ирсэн бөгөөд тухайн өдрөөс эхлээд манайд ажиллаж эхэлсэн. 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэнэтийн тооллого хийсэн. Тэр үед нийт 16 утас байхаас 7 ширхэг утас нь байхгүй байсан. Samsung galaxy А5 гэсэн утаснаас 1 ширхэг, Samsung galaxy А80 2 ширхэг, Samsung galaxy А90 5G 2 ширхэг, Samsung galaxy Z folder утаснаас нэг ширхэг, galaxy note 4 гэх утаснаас 1 ширхэг, өөрийнх нь барьж байсан манай компанийн S9 загварын гар утас ...Нийтдээ манайд 6.020.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Тийм учраас энэ хохирлоо төлүүлж авах хүсэлтэй байна...” /хх 12/,

хохирогч Э.Дын “...Б.Б манайд 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд орсон. Манай компанийн захирал болох Н, Б гэх хүнд итгэл хүлээлгэн өөрийн эд хөрөнгө болох гар утаснуудаа хүлээлгэн өгсөн байдаг. Би Н гэх хүний “С” ХХК-д нягтлан ажилтай болохоор 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр буюу пүрэв гариг байсан санагдаж байна гэнэтийн тооллого хийх гээд Бг өглөөнөөс хойш дуудсан боловч ирээгүй. Гэтэл орой 18 цагийн орчимд ирсэн. Тэгээд өөрт нь хүлээлгэж өгсөн утаснуудыг хамтдаа тоолоход нийт 16 ширхэг утас байх ёстойгоос өөрийнх нь барьж байгаа утастай нийлээд 7 ширхэг утас байсан байх тэгж санагдаж байна. Мөн би зараад өгөөч гэж хэлээд 2022 оны 3 дугаар сарын 14-ний үед санагдаж байна Iphone XS загварын саарал өнгийн 64gb багтаамжтай гар утсыг Бд зарчихаад мөнгийг нь өгөөрэй гэж хэлээд итгэмжлэн хариуцуулж хүлээлгэн өгч байсан бөгөөд тэр утсыг ч гэсэн аваад одоог болтол өгөхгүй байгаа юм. Тэр утас нь хаана байгаа нь тодорхойгүй тэр чигээрээ таг алга болчихсон. Би өөрийн хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” /хх 16/,

шүүгдэгч Б.Бгийн “...Одоо үлдэгдэл 7 ширхэг утаснаас миний сайн таньдаг хоёр дүү болох Мөнхсүлд, Магнай нарт А80, А90, А5 загварын 3 ширхэг утсыг зээлээр өгөөд одоог хүртэл мөнгөө авч чадаагүй байна. Хүний эд хөрөнгийг цааш нь бусдад дамжуулсан нь миний буруу. Хохирлыг төлж барагдуулна. Би Z folder гэх гар утсыг нь зараад нөхрийн ээж болох Гантуяа шүүхээр орох гээд хохирол мөнгө барагдуулах үе тулчихсан байсан учир түүний хохиролд өгсөн. Одоо надад А80, А10И, galaxy s9 загварын гар утаснууд байгаа. Гэхдээ тэр утаснуудаа авахгүй байх гэж бодож байна. Iphone XS загварын гар утсыг бас цааш бусдад дамжуулсан...” /хх 84-85/ гэх мэдүүлгүүд,

“С” ХХК-ийн ажил олгогчийн анкет, гар утас хүлээлгэн өгсөн санхүүгийн баримт /хх 29-31/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-28/, “Дамно” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 22-633 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 46-47/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Бг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Б.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйл хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Б “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр “...уг гар утаснуудыг хүлээлгэж өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, хохирлыг бүрэн, бодитой тогтоогоогүй, шинжээчид хууль сануулаагүй, “Дамно” ХХК нь үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэл цагийг бодитоор тогтоогоогүй, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хэргээс үзэхэд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нын “...Тэр үед нийт 16 утас байхаас 7 ширхэг утас нь байхгүй байсан. Samsung galaxy А5 гэсэн утаснаас 1 ширхэг, Samsung galaxy А80 2 ширхэг, Samsung galaxy А90 5G 2 ширхэг, Samsung galaxy Z folder утаснаас нэг ширхэг, galaxy note 4 гэх утаснаас 1 ширхэг, өөрийнх нь барьж байсан манай компанийн S9 загварын гар утас...” /хх 12/, хохирогч Э.Дын “...өөрт нь хүлээлгэж өгсөн утаснуудыг хамтдаа тоолоход нийт 16 ширхэг утас байх ёстойгоос өөрийнх нь барьж байгаа утастай нийлээд 7 ширхэг утас байсан. ...Мөн би зараад өгөөч гэж хэлээд ...Iphone XS загварын саарал өнгийн 64gb багтаамжтай гар утсыг Бд зарчихаад мөнгийг нь өгөөрэй гэж хэлээд итгэмжлэн хариуцуулж хүлээлгэн өгч байсан...” /хх 16/, шүүгдэгч Б.Бгийн “...Хүний эд хөрөнгийг цааш нь бусдад дамжуулсан нь миний буруу. Хохирлыг төлж барагдуулна. Би Z folder гэх гар утсыг нь зараад нөхрийн ээж болох Гантуяа шүүхээр орох гээд хохирол мөнгө барагдуулах үе тулчихсан байсан учир түүний хохиролд өгсөн. Одоо надад А80, А10И, galaxy s9 загварын гар утаснууд байгаа. Гэхдээ тэр утаснуудаа авахгүй байх гэж бодож байна. Iphone XS загварын гар утсыг бас цааш бусдад дамжуулсан...” /хх 84-85/ гэх мэдүүлгүүдээр Б.Бгийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд “уг гар утаснуудыг хүлээлгэж өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол няцаагдаж байна.

Түүнчлэн, “Дамно” ХХК нь уг гар утаснуудын зах зээлийн үнэлгээг хэрэг учрал болсон цаг хугацааны байдлаар буюу үнэлж буй хөрөнгөтэй ижил төсөөтэй болон түүнийг орлож чадах хөрөнгийн борлуулалт ба холбогдох зах зээлд тэдгээртэй холбоотой өгөгдлүүдэд үндэслэн “6.290.000 төгрөг” гэж тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ хийхийг даалгаж, тус хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулж /хх 46/, уг хөрөнгийн үнэлгээний тайланг хохирогч болон шүүгдэгч нарт танилцуулахад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хохирлыг бүрэн, бодитой тогтоогоогүй, шинжээчид хууль сануулаагүй, үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилсан ба шүүгдэгч Б.Б өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 199 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн байх бөгөөд тэрээр дахин бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал нь түүний засрал хүмүүжлийг олоогүйг илтгэж байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “хорихоос өөр төрлийн ял оногдуулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр нь давж заалдах гомдолдоо Б.Бгийн хувийн байдалтай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4/2388 дугаартай албан бичгийг хавсаргасан /хх 194/ гэх боловч хэрэгт уг баримт авагдаагүй, анхан шатны шүүхээс 1 хавтас, 196 хуудас материалыг хүргүүлсэн байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй, “нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэл цагийг бодитоор тогтоогоогүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бгийн төрсөн хүү болох 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн Г.С /хх 108/-ийн асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, орхигдуулсан байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Шүүгдэгч Б.Б нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн хүү Г.С /РД:............../-ийн асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулан өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ШИНЭБАЯР

                               ШҮҮГЧ                                           Д.МӨНХӨӨ

 

                                ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ