| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/00613/И |
| Дугаар | 102/ШШ2024/03035 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2024/03035
| 2024 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2024/03035 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Баруун * зам, Жем палас цогцолбор * тоотод байрлах хаягтай, *ХХК /РД:*/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, Гранд плаза, * давхар, * тоотод байрлах хаягтай, * ХХК /РД*/,
Нэхэмжлэлийн шаардлага: 38,087,235 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * /цахимаар/,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч * ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: * ХХК нь *ХХК-тай 2021.04.06-ны өдрийн №* дугаартай гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр манай компани Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Замын-Үүд боомтын гаалийн хяналтын талбайгаас Эрээн хотын авто замын хилийн боомтын Хуй Тун олон улсын ачаа тээврийн төвийн гаалийн хяналтын агуулах хүртэл нүүрс тээврийн үйлчилгээг үзүүлсэн. * ХХК нь 1329.65 тн нэг бүрийн үнэ 40 юань нийт 53186 юань буюу гэрээ байгуулах өдрийн Монгол банкны ханш 1 юань 474.5 төгрөгөөр тооцож 25,236,757 төгрөгийг, талууд хооронд байгуулсан гэрээний 5.3 дахь заалтын дагуу торгууль 12,618,378 төгрөг нийт 37,855,135 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. * ХХК-иас улс хоорондын нүүрс тээвэрлэсэн үйлчилгээний хөлсний холбогдох тооцооны үлдэгдлийг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж ирсэн боловч төлөөгүй өнөөдрийг хүрсэн тул нэхэмжилж байна. Маргаан шийдвэрлэх явцад 2 удаа шүүх хурал хойшилсон. Манай компани Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг. Бид Замын-Үүд сумаас очиж шүүх хуралдаанд оролцдог. Шүүх хуралдаанд оролцож байгаа өмгөөлөгч, төлөөлөгчийн зардлыг компаниас гаргасан. Унааны зардал буюу төмөр замаар зорчсон зардал 232,100 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагчаас нийт 38,087,235 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний дагуу 1329,65 кг нүүрс тээвэрлэсэн гэдэг. Манай компанийн зүгээс 1329,65 тонн тээвэрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яг хэдэн тонн нүүрс тээвэрлэсэн бэ гэдэг нь тодорхой байдаггүй. Хавтаст хэрэгт 1329,65 тонн нүүрс тээвэрлэсэн гэсэн нотлох баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг ямар учраас нэмэгдүүлж байгаа нь тодорхой бус. Мөн шүүх хуралдаанд оролцохоор ирэхдээ гарсан зардлыг шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тээвэрлэлт ачааг хүлээлгэн өгөх зэрэг зохицуулалтууд байдаг. Тээвэрлэлтийн гэрээний дагуу шаардлага хангагдахгүй байна. Иргэний хуулийн 380 дугаар зүйлээс 393 дугаар зүйл хүртэл тээвэрлэлтийг зохицуулсан байдаг. Нотлох баримтын хүрээнд шүүх шийдвэр гаргадаг. Ярьж байгаа баримтууд, гэрээний стандарт нь шаардлага хангаагүй байна. Нэхэмжлэлийг шүүхээс хангах асуудал нь тогтоогдохгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, Олон улсын тээвэр зуучлалын гэрээ /хх 3-8/, *ХХК-ийн 23/02 тоот албан бичиг /хх 9/, Нэхэмжлэх №08 /хх 10/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 11/, *ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 13/, итгэмжлэл /хх 32, 52/, *ХХК-ийн 23/09 тоот албан бичиг /хх 46/, Нэхэмжлэх №23/01 /хх 47/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 54/, Улаанбаатар Төмөр зам ХНН-ийн Зорчих тасалбар, Цахим тасалбар /хх 53-59/, Татвар төлсөн баримт /хх /
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 16/,
5. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл /хх 41-42/,
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд * ХХК-тай Олон улсын тээвэр зуучлалын гэрээ байгуулж нүүр тээврийн үйлчилгээг үзүүлсэн. * ХХК-ийн 1329.65 тн нүүрийг тээвэрлэсэн гэж нэг бүрийн үнэ 40 юань нийт 53186 юань буюу гэрээ байгуулах өдрийн Монгол банкны ханшаар тооцож 25,236,757 төгрөг, гэрээний 5.3 дахь заалтын дагуу торгууль 12,618,378 төгрөг, шүүх хуралдаанд оролцсон зардалд 232,100 төгрөг, нийт 38,087,235 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
3.1. 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний дагуу 1329.65 тн нүүрс тээвэрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдэн тонн нүүрс тээвэрлэсэн нь тодорхой байдаггүй.
3.2. Иргэний хуулийн 380 дугаар зүйлээс 393 дугаар зүйл хүртэл тээвэрлэлтийн харилцааг зохицуулсан байдаг. Олон улсын тээвэр зуучлалын гэрээ нь тээвэрлэлтийн гэрээний стандарт шаардлага хангахгүй байна.
3.3. Нэхэмжлэлийн шаардлагыг ямар учраас нэмэгдүүлж байгаа нь тодорхой бус бөгөөд шүүх хуралдаанд оролцохоор гарсан зардлыг шаардаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Олон улсын тээвэр зуучлалын №* гэрээг * ХХК болон *ХХК-иуд байгуулжээ. Уг гэрээгээр *ХХК нь өөрийн автомашинаар * ХХК-ийн нүүрсийг Монгол улсын Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын гаалийн хяналтын агуулахаас БНХАУ-ын Эрээн хотын авто замын хилийн боомтын Хуй Тун олон улсын ачаа тээврийн төвийн гаалийн хяналтын агуулах руу тээвэрлэх, * ХХК нь ачих газраас эцсийн өртөө хүртэл бараа тээвэрлэх тээврийн хөлс нэг тонн 40 юань төлөх, 300,000 юань тээврийн хөлсний урьдчилгаа төлөх, тээврийн хөлсийг төлж барагдуулаагүй тохиолдолд хоног хэтэрсэн өдөр бүр гэрээний урьдчилгаа мөнгөний 3 хувьтай тэнцүү торгууль төлөхөөр тохиролцож, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатайгаар байгуулсан байна.
Талууд 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Олон улсын тээвэр зуучлалын №* гэрээг байгуулсан эсэх талаар маргаагүй, талуудын маргааны зүйл нь гэрээний дагуу 1329,65 тн нүүрс тээвэрлэсэн эсэхэд маргасан.
Талуудын дээрх гэрээний тохиролцооноос үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил ашиглалтанд байх тээврийн хэрэгслээр * ХХК-ийн нүүрсийг тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээжээ.
Тээвэрлэлтийн гэрээ нь нийтлэг журмын дагуу тодорхой хэлбэргүйгээр байгуулагдана. Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д заасан дагалдах бичиг нь тээвэрлэлтийн гэрээ байгуулагдахад тавигдах угтвар нөхцөл биш бөгөөд Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.4-т дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна гэж заасан.
Иймд 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Олон улсын тээвэр зуучлалын №* гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.2. Хавтаст хэргийн 35 дугаар талд * ХХК *ХХК /ОУ-ын тээвэр зуучлал/ №* тоот гэрээний тооцоолол /үнэ 40CNY/ гэсэн баримт авагдсан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр уг баримтыг цахимаар хүлээн авсан и-мэйл хаягт 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн. Үзлэгээр хариуцагч * ХХК-ийн * гэх цахим хаягнаас нэхэмжлэгч *ХХК-ийн * гэх цахим хаягт 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цаг 11 минутад Хариу хүргэх нь: Манай компанийн бүртгэл тооцоолол Монгол төгрөгөөр илэрхийлэгддэг билээ. Тиймээс бид тооцоолол хүргүүлж байна. Хүндэтгэсэн ерөнхий ня-бо Буддорж гэсэн зурвас, и-мэйлийн хавсралтаар * ХХК *ХХК /ОУ-ын тээвэр зуучлал/ №* тоот гэрээний тооцоолол /үнэ 40CNY/ баримтыг илгээсэн болох нь тогтоогдсон тул * ХХК *ХХК /ОУ-ын тээвэр зуучлал/ №* тоот гэрээний тооцоолол /үнэ 40CNY/ баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотолгооны хэрэгсэл болно.
* ХХК *ХХК /ОУ-ын тээвэр зуучлал/ №* тоот гэрээний тооцоолол /үнэ 40CNY/ баримтаас үзвэл, цэвэр жин 1329.65, төрөл нүүрс, Говийн хан трансд төлөх дүн 23,466,501.42 төгрөг, тооцоолол гаргасан Ерөнхий ня-бо *, хянасан Гүйцэтгэх захирал * гэж бичээд гарын үсэг зурж * ХХК-ийн тамга дарсан байна.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1.Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан тул * ХХК *ХХК /ОУ-ын тээвэр зуучлал/ №* тоот гэрээний тооцоолол /үнэ 40CNY/ баримтаар хариуцагч * ХХК-ийг Олон улсын тээвэр зуучлалын №* гэрээний дагуу Монгол улсын Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын гаалийн хяналтын агуулахаас БНХАУ-ын Эрээн хотын авто замын хилийн боомтын Хуй Тун олон улсын ачаа тээврийн төвийн гаалийн хяналтын агуулах руу 1329.65 тн нүүрс тээвэрлүүлэх үүргийг нэхэмжлэгч *ХХК-иар гүйцэтгүүлсэн гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * ХХК-иас 25,236,757 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХХК-д олгож шийдвэрлэлээ.
4.3. Зохигчийн хооронд 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан Олон улсын тээвэр зуучлалын №* гэрээний 5.3-т * ХХК нь *ХХК-ийн тээврийн хөлсийг тогтоосон хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй. Хэрэв барагдуулаагүй тохиолдолд хоног хэтэрсэн өдөр бүр гэрээний урьдчилгаа мөнгөний 3 хувьтай тэнцүү торгууль төлнө гэж заасан байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд мөн зүйлийн 232.5-д зааснаар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. Түүнчлэн, мөн зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийнэ.
Гэрээний 5.3-т талууд торгуулийн хэмжээг хоног хэтэрсэн өдөр бүр гэрээний урьдчилгаа мөнгөний 3 хувьтай тэнцүү байхаар заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасантай харшлаагүй байна. Талууд гэрээгээр 300000 юанийн тээврийн хөлсний урьдчилгаа төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчээс торгуулийн хэмжээг 12,618,378 төгрөгөөр шаардсан нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 25,236,757 төгрөгийн 50 хувиас хэтрээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байна.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар гэрээний хариуцлага буюу торгууль 12,618,378 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
4.4. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь баримтаар тогтоогдож байх тул шүүх хуралдаанд оролцохоор гаргасан зардал болох 232,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,839 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 348,386 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.5, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч * ХХК-иас 38,087,235 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 354,839 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-иас 348,386 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН