| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00296/и |
| Дугаар | 152/ШШ2024/00516 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 152/ШШ2024/00516
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багт байрлах, .... улсын бүртгэлийн дугартай, .... регистрийн дугаартай, Увс дулааны станц ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, Урбан женс, Женс шоп, Бэрс шоп дэлгүүрт холбогдох,
Дулааны төлбөр 33,240,432 төгрөг, алданги 11,080,144 төгрөг, нийт 33,240,432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс дулааны станц ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт Дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг онцгой объект бөгөөд Увс аймгийн Улаангом сумын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дулаан үйлдвэрлэж, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааг хэвийн явуулж, дулаанаар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Женс шоп, Урбан женс, Бэрс шоп дэлгүүр нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдпаар Дулааны эрчим хүч хэрэглэсэн 22,160,288 төгрөгийг төлөхгүй байгаагаас шалтгаалж Увс дулааны станц ХХК нь цахилгаан эрчим хүч, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, нүүрс, дизель түлшний их хэмжээний өрөнд орж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 6 дугаар зүйлийн 6.1.11-д халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоон гэж тус тус хуульчилсан. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай тушаалын б/ Увс аймгийн халаалтын улирал эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон. Нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх хангах үйл ажиллагааг хуулийн дагуу тасралтгүй хугацаандаа явуулж ирсэн болно. Увс дулааны станц ХХК нь Женс шоп, Урбан женс, Бэрс шоп дэлгүүрийн эзэн Алтанхүүд 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1/72 дугаартай Албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлж 2024 оны 4 дүгээр сарын 15-ны дотор дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөхийг хүсэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл дулааны төлбөр төлөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөегүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5% хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж хуульчилсан. Иймд Хариуцагч Женс шоп, Ухбан женс, Бэрс шоп 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 22,160,288 төгрөг, алданги 11,080,144 төгрөг, нийт 33,240,432 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн А.Алтанхүү нь Улаангом сумын 3 дугаар багийн 2 дугаар 64 айлын 19 тоот байрыг өргөтгөж 2010 оноос хойш бэлэн хувцасны дэлгүүрийг 14 жил ажиллуулсан. Энэ хугацаанд манай дэлгүүрийн дээд талын айл болох Увс дулааны станц ХХК-ийн захирал Сын байрны паарны изгон задарсанаас болж 2 удаа, угаалгын өрөөний халуун, хүйтэн усны холигч задарснаас болж 1 удаа, нийт 3 удаа их хэмжээний ус алдалт, 00-ийн суултуураас 4-5 удаагийн бага хэмжээний ус алдалт удаа дараа алдагдсаны улмаас манай дэлгүүрийн бараа норж нэлээдгүй их хохирол үүссэн. Тухай бүрт нь компани нягтлан, слесарь, ажилчид, хүүд нь мэдэгдэж, авч ирж үзүүлж байсан. Үүний улмаас би хохирлоо барагдуулж авахын тулд дулааны төлбөрөө хийхгүй байсан нь үнэн. Түүнээс биш өр үүсгэж шүүхэд очих хүртлээ нийгмийн хариуцлагаас умартдаг хүн би бишээ. Хэд хэдэн удаа С гуайтай уулзаж ярилцахаар очсон боловч уулзаж ярилцаж чадахгүй байна. Энэ хүн өөрийн хариуцлагагүй байдлаас үүдэж надад эд материалын болон бие махбодь, сэтгэл санаа, байрны засвар, ажлаа хийх боломжгүй дэлгүүрээ олон хоногоор хаах гээд үнэлэх юм бол маш их хохирол учруулчихаад байна. Тэгээд дулааны төлбөр дээрээ алданги 50 хувиар тооцсон байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Байцаагч нар нь нэхэмжлэлээ авч ирэх бүрт асуудлаа шийдэж өгөөд төлбөрөө хурдан ав, би их болохоос өмнө өгөх ёстой төлбөрөө өгмөөр байна гэж байнга хэлдэг байсан гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийнхээ дагуу нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би хариуцагч Женс шоп, Урбан женс, Бэрс шоп дэлгүүрийн захирал А.Алтанхүү бид дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. 1. Хариуцагч Бэрс шоп дэлгүүр нь 2022 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 294,938 төгрөг, 2023 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 578,528 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлөгдөөгүй дулааны төлбөр 1,183,528 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдууллаа. Харин Женс шоп дэлгүүр нь 2017 онд төлөгдөөгүй дулааны төлбөр 5,141,565 төгрөг, 2018 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 6,235,515 төгрөг, 2019 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 5,141,565 төгрөг, 2020 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 6,673,095 төгрөг, 2021 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 6,673,095 төгрөг, 2022 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 8,423,415 төгрөг, 2023 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 10,366,070 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл төлөгдөөгүй дулааны төлбөр 11,375,870 төгрөг, алданги 2,162,076 төгрөг, нийт 13,537,946 төгрөг, Урбан женс дэлгүүр нь 2016 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 493,064 төгрөг, 2017 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 1,972,256 төгрөг, 2018 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 3,697,982 төгрөг, 2019 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 3,017,814 төгрөг, 2020 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 4,053,917 төгрөг, 2021 оныг төлөгдөөгүй дулааны төлбөр 4,053,917 төгрөг, 2022 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 6,026,173 төгрөг, 2023 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 8,463,047 төгрөг, 2024 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 9,600,887 төгрөг, алданги 2,162,076 төгрөг, нийт 11,762,963 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцлоо. 2. Хариуцагч Женс шоп дэлгүүр нь 13,537,946 төгрөг, Урбан женс дэлгүүр нь нийт 11,762,963 төгрөг, нийт 25,300,909 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны дотор багтаан Увс дулааны станц ХХК-ийн Хаан банкны 5800037626 тоот данс руу үл маргах журмаар шилжүүлнэ. 3. Нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би хариуцагч Женс шоп дэлгүүрээс алданги 3,525,859 төгрөг, Урбан женс дэлгүүрээс алданги 2,638,367 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 4. Хэрэв дээрх эвлэрлийн гэрээг хариуцагч Женс шоп дэлгүүр, Урбан женс дэлгүүр нь хугацаандаа төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Женс шоп дэлгүүр, Урбан женс дэлгүүр зөвшөөрсөн болно. 5. Дээрх эвлэрлийн гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гарын үсэг зурж ирүүлсэн байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК нь хариуцагч Женс шоп, Урбан женс, Бэрс шоп дэлгүүрт холбогдуулан дулааны төлбөр 33,240,432 төгрөг, алданги 11,080,144 төгрөг, нийт 33,240,432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Бэрс шоп дэлгүүр нь 2022 оны дулааны төлбөр 294,938 төгрөг, 2023 оны дулааны төлбөр 578,528 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дулааны төлбөр 1,183,528 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож хариуцагч Женс шоп дэлгүүр нь 2017 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 5,141,565 төгрөг, 2018 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 6,235,515 төгрөг, 2019 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 5,141,565 төгрөг, 2020 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 6,673,095 төгрөг, 2021 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 6,673,095 төгрөг, 2022 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 8,423,415 төгрөг, 2023 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 10,366,070 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 11,375,870 төгрөг, алданги 2,162,076 төгрөг, нийт 13,537,946 төгрөг, Урбан женс дэлгүүр нь 2016 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 493,064 төгрөг, 2017 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 1,972,256 төгрөг, 2018 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 3,697,982 төгрөг, 2019 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 3,017,814 төгрөг, 2020 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 4,053,917 төгрөг, 2021 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 4,053,917 төгрөг, 2022 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 6,026,173 төгрөг, 2023 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 8,463,047 төгрөг, 2024 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 9,600,887 төгрөг, алданги 2,162,076 төгрөг, нийт 11,762,963 төгрөг, бүгд 25,300,909 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаан дээр зохигчид эвлэрсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хувааж хариуцуулахаар заасан тул нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516,581 төгрөгөөс илүү төлсөн 192,429 төгрөгийг Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 324,152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Женс шоп, Урбан женс, Бэрс шоп дэлгүүрээс зохигчдын эвлэрсэн хэмжээ болох 25,300,909 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 284,455 төгрөгийн тал хувь буюу 142,227 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-д олгох нь зүйтэй.
Тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1695 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эын шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж, хариуцагч Женс шоп, Урбан женс, Бэрс шоп дэлгүүрийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн буюу 33,240,432 төгрөгийн хэмжээгээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар зогсоож шийдвэрлэсэн. Зохигчид эвлэрсэн тул дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож хариуцагч Женс шоп дэлгүүр нь дулааны төлбөр, алдангид нийт 13,537,946 төгрөг, Урбан женс дэлгүүр нь дулааны төлбөр, алдангид нийт нийт 11,762,963 төгрөг, бүгд 25,300,909 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 192,429 төгрөгийг Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 324,152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Женс шоп, Урбан женс, Бэрс шоп дэлгүүрээс 142,227 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1695 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ