| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00625/и |
| Дугаар | 152/ШШ2024/00519 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 152/ШШ2024/00519
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багт байрлах, регистрийн дугаар ...., Увс аймгийн Прокурорын газрын,
Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын ... дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ...., Ш ургийн овогт Ц-ий Ж-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Ж нь 2020 онд Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 5,000,000 (таван сая) төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан авсан байна. Гэвч Ц.Ж нь гэрээнд заасны дагуу 5,000,000 төгрөг төлөхөөс 2,000,000 төгрөгийг төлж, 3,000,000 төгрөгийг төлж барагдуулахгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 3,000,000 (гурван сая) төгрөгийн хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэнд “...иргэн Ц.Ж нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож нэхэмжлэл гаргаж өгнө үү” гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь тухайн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл байна. Иймд Иргэн Ц.Ж нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алинийх нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ц.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагын нэхэмжилсэн 3,000,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн. Одоо үлдэх 2,500,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Жаас ажлын байр дэмжих хөтөлбөрт хамрагдаж авсан зээлийн гүйцэтгээгүй үүрэг 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл болох 2,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь хариуцагч Ц.Жд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,000,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,000,000 төгрөгөөс хариуцагч Ц.Ж нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэлийн үлдэгдэл болох 2,500,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаа хариуцагч Ц.Ж илэрхийлсэн ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Ц.Ж нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ц.Ж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийн тал хувь буюу 31,475 төгрөгийг хариуцагч Ц.Жаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,000,000 төгрөгөөс хариуцагч Ц.Ж нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 2,500,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч Ц.Ж хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ж-аас улсын тэмдэгтийн хураамж 31,475 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ