Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 152/ШШ2024/00521

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, ... дугаар хороо, Сансар ..  дүгээр гудамж, ... тоотод оршин суух, регистрийн дугаар ....., Б ургийн овогт М-гийн Н-гийн,

 Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд төрсөн, 60 настай. Би цэргийн албыг 1984-1986 онд 0230 дугаар ангид хаасан. Улмаар 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилласан. Аймгийн архивд энэ хугацааны орсон тушаал нь байсан боловч гарсан тушаал байхгүй. Дараа нь 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд манаач, мужаанаар ажиллаж байсан хугацааны холбогдох бичиг баримт гарч ирээгүй боловч тухайн үед ажилд орсон Барилга угсралтын трестийн даргын 604 тоот тушаалын хуулбар байгаа болно. Улмаар 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Өргөө компанид мужаанаар ажилласан боловч Аймгийн архивд тухайн компанитай холбогдох бичиг баримт гарч ирээгүй. 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Увс аймаг дахь Хорих 453 ангид хянагчаар ажиллаж байсан хугацаа нь цалингийн картаар нотлогдож байгаа. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд дээрх бичиг баримтууд дутуу тул тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд миний 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд манаач, мужаанаар, 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Өргөө ББХК-д мужаанаар, 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Увс аймаг дахь Хорих 453 ангид хянагчаар тус тус ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 127 дугаар зөвлөмжийн хуудас, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 450 дугаар архивын лавлагаа, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 109, 110 дугаар, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 297 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаар “ТМС төгсөж үйлдвэрт хуваарилагдаж ирсэн ажилчдыг ажилд томилох тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 884 дүгээр “Ажилд шилжүүлэх тухай” мэдэгдэл, 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “М.Нгийн тухай” гэх тодорхойлолт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1155 дугаар тодорхойлолт, гэрч Д.А, Б.Б, Ж.О, С.О, Н.Т нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтэр, ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Б, Ж.О, С.О, Н.Т нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан,  М.Нгийн ХААТР-1 баримт, гэрлэснийг бүртгэх анкет, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадаст одонт Барилга трестийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 604 дүгээр “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 332 дугаар албан бичиг зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.Нгийн 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд манаач, мужаанаар, 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өргөө ББХК-д мужаанаар, 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймаг дахь Хорих 453 ангид хянагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч М.Нгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 127 дугаар зөвлөмжийн хуудсанд: М.Н Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1983 онд орсон тушаал Аймгийн архиваас гараагүй, мөн 1989-1992 онд  Барилга угсралтын трестэд, 1992-1994 онд Увс аймгийн барилгын Өргөө компанид ажиллаж байх үеийн ажилд орсон, ажлаас гарсан тушаал Аймгийн архиваас гараагүй тул уг хугацааны ажилласан жилийг тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэж, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 450 дугаар архивын лавлагаанд: М.Нгийн ажиллаж байсан Улаангом сумын Өргөө хоршоо 1992 онд, Өргөө компани 1993 онд шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэжээ.

2.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 109, 110 дугаар, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 297 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн баримт тус архивд шилжиж ирээгүй ба архивд ирүүлсэн Нэгдэл дундын үйлдвэрийн 1983-1984 оны тушаалын баримтыг судалж үзэхэд М.Нд холбогдох 1983 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаар тушаал гарсан болно. 1984 оны тушаалын баримтаас ажлаас чөлөөлөгдсөн тушаал гараагүй болно. Увс аймгийн Барилга угсралтын трестийн 1989 оны тушаалын баримтыг судалж үзэхэд М.Нд холбодох баримт гараагүй, Увс аймгийн барилгын Өргөө компаний баримт тус архивд шилжиж ирээгүй тул М.Нд холбогдох баримтыг гаргах боломжгүй болно гэжээ.

2.3. Увс аймгийн ХАА-н техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр М.Нд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ...1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар томилон ажиллуулав, 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Цэргийн алба хаахаар явсан тул Нэгдэл дундын үйлдвэрийн барилгачны ажлаас чөлөөлөв, 1984 оны 7 дугаар сарын 20-ны өдөр УЦСЕГ-ын дэргэдэх 0230 дугаар ангид цэрэг, 1986 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ЦСАнгид сэргийлэгч, 1989 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Орон тооны цомхотголоор халагдах болсон, 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн барилгын Өргөө компанид мужааны мэргэжлийн ажилчнаар томилон ажиллуулав, 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн барилгын Өргөө ББХК-ийн ажилчнаас өөрийн хүсэлтээр, 1994 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Хорих ангид хянагчаар томилов гэсэн бичилтүүд хийгджээ. Тус хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгч М.Нгийн 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд манаач, мужаанаар ажиллаж байх үеийн бичилт хийгдээгүй байх боловч бусад ажиллаж байсан байдлын талаар бичилт хийгдэж, тамга дарж баталгаажуулсан байх тул хөдөлмөрийн дэвтрийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.

2.4. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаар “ТМС төгсөж үйлдвэрт хуваарилагдаж ирсэн ажилчдыг ажилд томилох тухай” тушаал, хавсралтаар М.Нийг 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс барилгачнаар авч ажиллуулсан байна. Мөн Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 884 дүгээр “Ажилд шилжүүлэх тухай” мэдэгдлээр М.Нийг Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллуулахаар шилжүүлсэн, 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “М.Нгийн тухай” гэх тодорхойлолтоор Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх ангид ажиллаж байсан М.Нийг ажилд авахыг хүссэн, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбараар М.Нийг 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс манаачаар авч ажиллуулсан, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадаст одонт Барилга трестийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 604 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалаар ... М.Н-ийг манаачаар томилсон байх ба эдгээр тушаал, баримтууд нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хамаарА, ач холбогдолтой байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

2.5. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1155 дугаар тодорхойлолтод: М.Н нь тус газарт 1994-1998 онд ажиллаж байсан нь цалингийн картаар нотлогдож байгаа нь үнэн болно гэжээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар даатгуулагчийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах гол үндэслэл нь 1995 оноос хойш түүний нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаа байдаг бөгөөд уг хугацаанаас хамааран ажилласан жилийг тооцдог. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас М.Нгийн 1994-1998 оны цалингийн тооцооны хүснэгтийг ирүүлсэн байх боловч тухайн байгууллага нь нэхэмжлэгчийн цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болох нь Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 332 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул 1995-1998 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч М.Н нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэж, мөн зүйлийн 24.1.2-т ажил олгогч энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд төлөөгүй, эсхүл дутуу төлсөн бол гэж, 21 дүгээр зүйлийн  21.1-д Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө гэж зааснаар ажиллаж байсан байгуулллага болох Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах эрх нь нээлттэй болохыг дурдав.

2.6. М.Нгийн ХААТР-1 баримт, гэрлэснийг бүртгэх анкетад нэхэмжлэгчийг Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэс болон Баруунтуруун сумын цагдан сэргийлэх хэлтэст сэргийлэгчээр ажиллаж байсан байдлын талаар тэмдэглэгдсэн байх тул 1983-1984 онд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1989-1992 онд Увс аймгийн Барилга угсралтын трестэд манаач, мужаанаар, 1992-1994 онд Увс аймгийн Өргөө ББХК-д мужаанаар, 1994-1998 онд Увс аймаг дахь Хорих 453 ангид хянагчаар ажилалж байсан байдал тогтоолгох тухай хэрэгт хамааралгүй гэж үзлээ.

2.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.А, Б.Б, Ж.О, С.О, Н.Т нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь Д.Аг гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан ба гэрч Б.Б “Миний бие 1976 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Ундрах бүтээмж ХХК-д мужаан, шилчин, бригадын дарга, мастераар тус тус ажиллаж байсан. 1992 онд Увс аймгийн Барилга угсралтын трест 10 компани болж хуваагдсан. М.Н 1989 оноос 1992 оны 3 дугаар сар хүртэл тус трестийн харьяа материалын үйлдвэрт манаач, мужаанаар ажиллаж байсан бөгөөд 1992 онд тус трест 10 компани болж хуваагдахад Өргөө компанид 1994 он хүртэл мужаанаар ажиллаж байсан” гэж, гэрч Ж.О “Миний бие 1975 оноос 1998 он хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон Нэгдэлчин ББХК-д засалчнаар ажиллаж байсан. М.Н 1983 оноос 1984 оны 6 дугаар сар хүртэл тус үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан. Тухайн үед Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар Дашхүү, нягтлан бодогчоор Бэлэг нар ажиллаж байсан” гэж, гэрч С.О “Миний бие 1979 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон Нэгдэлчин ББХК-д барилгачнаар ажилласж байсан. М.Н нь 1983 оноос 1984 оны хооронд тус үйлдвэрт барилгачнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Тухайн үед Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар Дашхүү, нягтлан бодогчоор Бэлэг нар ажиллаж байсан” гэж, гэрч Н.Т “Миний бие 1993 оноос 2009 он хүртэл Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байсан. М.Н 1994 оноос 1998 он хүртэл Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хянагчаар ажиллаж байсан. Тухайн үед би сургалт хариуцсан ажилтнаар ажиллаж байсан. М.Н нь тус албанд ажиллаж байхдаа алдаа зөрчил гаргаж байгаагүй бөгөөд тасралтгүй ажилласан. Тухайн үед жижүүр нь 4 ээлжээр гардаг байсан бөгөөд нэг ээлжинд ээлжийн дарга 1, хянагч 2 хүн гардаг байсан ” гэж тус тус мэдүүлсэн байна. Гэрч Б.Б, Ж.О, С.О шүүхэд өгсөн мэдүүлэг нь  С.Нгийн хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаар “ТМС төгсөж үйлдвэрт хуваарилагдаж ирсэн ажилчдыг ажилд томилох тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 884 дүгээр “Ажилд шилжүүлэх тухай” мэдэгдэл, 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “М.Нгийн тухай” гэх тодорхойлолт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбараар тогтоогдож байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой. 1995-1998 онд Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэгчийн цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх үндэслэлээр түүний энэ хугацааны ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гэрч Н.Т-гийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэх нь зүйтэй.

3. Иймд нэхэмжлэгч М.Н-гийн 1995-1998 онд Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хянагчаар ажиллаж басйан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Нэхэмжлэгч нь 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд манаач, мужаанаар ажиллаж байсан гэх боловч Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадаст одонт Барилга трестийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 604 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалаар  манаачийн ажилд томилсон байх тул түүнийг дээр хугацаанд манаачаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Ийнхүү М.Н нь 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд манаачаар, 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өргөө ББХК-д мужаанаар, 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймаг дахь Хорих 453 ангид хянагчаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаар “ТМС төгсөж үйлдвэрт хуваарилагдаж ирсэн ажилчдыг ажилд томилох тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 884 дүгээр “Ажилд шилжүүлэх тухай” мэдэгдэл, 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “М.Нгийн тухай” гэх тодорхойлолт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадаст одонт Барилга трестийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 604 дүгээр “Ажилд томилох тухай” тушаал, гэрч Б.Б, Ж.О, С.О нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт М-гийн Н-гийн 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд манаачаар, 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өргөө ББХК-д мужаанаар, 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймаг дахь Хорих 453 ангид хянагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1995-1998 онд Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хянагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт М-гийн Н-гийн 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд манаачаар, 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өргөө ББХК-д мужаанаар, 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймаг дахь Хорих 453 ангид хянагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1995-1998 онд Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хянагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ