Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/05

 

                                      Д.Э*******т холбогдох эрүүгийн

                                                                хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

 

Прокурор Э.Гантулга,

Шүүгдэгч Д.Э*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болортуяа,

Нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Э*******т холбогдох 2215002480227 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Д.Э

 

 Д.Э******* нь Булган аймгийн Б******* сумын .... дугаар багийн М******* гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хувийн таарамжгүй харилцаанаас болж О.Ү*******тэй маргалдаж улмаар түүний биед нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Булган аймгийн Прокурорын газраас: Д.Э*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Г******* овогт Д*******ын Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж, энэ хэрэгт шүүгдэгч Д.Э******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******аас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ......... тоотод оршин суух Б******* овогт О*******ын Ү*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.544.000 /нэг сая таван зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох нотлох баримт болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж, шүүгдэгч Д.Э*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж О.Ү*******ийн өмсөж явсан хуучин, урагдсан ноолууран цамц 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд тус тус даалгаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болортуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй байхад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шүүх эм тарианы 500.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтаар тооцож шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн.

Тодруулбал: Хавтаст хэргийн 23-24 талд ...Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 119 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “....О.Ү*******ийн биед зүүн завжинд сорви, баруун хацар, шуу, хүзүү, зүүн эгэм, бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт, О.Ү*******ийн шүүхэд гаргаж өгсөн амбулаторийн картын бичиглэл нотлох баримтын шаардлага хангахгүй он, сар, гарын үсэг, тамга тэмдэг байхгүй 1 удаагийн бичиглэлтэй, мөн Ү*******ийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ “зүрх, толгойдоо эмчилгээ хийлгэж байгаа гэх тайлбар”, мөн иргэний нэхэмжлэлийн тухайд шүүгдэгчээс гаргаж буй “манай охиныг удаа дараа зодож баривчилгаанд орохдоо хүмүүстэй зодолдож тархи толгойгоо гэмтээсэн гэж дуулсан мөн 8 дугаар сарын 01-ний өдөр болсон хэрэгт 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эм тариа авч хэрэглэж байгаа зэрэг нь эргэлзээтэй байна” гэх тайлбар зэрэг дээрх нотлох баримтыг үнэлэхдээ шүүх хуульд заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн дүгнэлтийг хийж чадсангүй.

Иймд эм тарианы 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1.544.000 төгрөг буюу Redmi-10 pro загварын гар утасны үнэ 500.000 төгрөг, шүүхийн шатанд нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн эмчилгээний зардал, Булган аймагт ирж хоносон буудлын төлбөр 1.000.000 төгрөг, ямар шалтгаанаар бензин авсан нь тодорхойгүй 44.000 төгрөг, нийт 1.544.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.

Тодруулбал: Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хохирогч иргэний нэхэмжлэлээ гаргаад талууд шүүх хуралд мэтгэлцэж оролцсон тохиолдолд иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эцэслэн шийдвэрлэх зохицуулалттай. Гэтэл шүүх ямар үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж буйгаа тайлбарлахгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд тус шүүхийн шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг нэг мөр шийдвэрлэж, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022\ШЦТ\255 тоот шийтгэх тогтоолын 5 дахь заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.7, 36.7 дугаар зүйлийн 3.5, 36.3 дугаар зүйлийн 1 дэх, 36.5 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байх тул хянуулахаар гомдол гаргаж байна” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй“ гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Э*******т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг сонслоо. Анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй. Учир нь 500.000 төгрөгийн үнэтэй эм тарианы мөнгийг хангаж шийдсэн нь үндэслэлтэй. Хохирогч нь тухайн эм тариаг нэр бүхий эмийн сангуудаас авч баримтын хуулбарыг хэрэгт өгсөн. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эмчилгээ сувилгаа хийлгэх эрх хохирогчид байгаа. Энэ эрхийн хүрээнд хүн ямар ч эм тариаг авах эрхтэй. 1.544.000 төгрөгийн хохирлын хэлэлцэхгүй орхисон. Ингэж уг хохирлыг хэлэлцэхгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн тогтоосон байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Булган аймгийн Б******* сумын 3 дугаар багийн М******* гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хувийн таарамжгүй харилцаанаас болж О.Ү*******тэй маргалдаж улмаар түүний биед нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

Хохирогч О.Ү*******ийн “...2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б******* шүүхэд нэхэмжлэл гаргаж надаас 12 сая төгрөг гаргуулж өнгө үү гэсэн өргөдөл өгсөн байсан. Би надад хандаж өргөдөл гаргасныг мэдээд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б*******тай уулзаж надаас нэхэмжилж байгаа 12 сая төгрөгийн нотлох баримт, дансны хуулгыг харахаар Булган аймгийн Б******* сумын нутагт байх Б******* дээр хөдөө гэрт нь очсон. Тэгээд би гэрийнх нь гадаа очоод Б*******тай уулзъя гэхэд Б*******ын аав Э******* намайг чи миний зуслан дээр юу хийж яваа юм гээд намайг машин дотор сууж байхад баруун шанаа хэсэг рүү нэг удаа, зүүн шанаа хэсэг рүү 3-4 удаа, тэгээд машины зүүн тал руу шахаж байгаад толгой, хүзүү хэсэг рүү 6-7 удаа цохисон. Тэгээд намайг машин дотроос татаж гаргаад Э******* гэх хүнтэй барьцалдаж авахад Б******* миний машины түлхүүрийг авсан. Э******* нь миний гар утсыг бичлэг хийлээ гээд дундуур нь хугалсан. Тэгээд намайг ална гээд машин тойруулж хөөсөн, тухайн үед миний цамцыг урсан. Тэгэхээр нь би Б*******аас машиныхаа түлхүүрийг авах гэхэд өгөхгүй байхаар нь барьж аваад булаагаад авах гэтэл намайг нохойдоо хоол өгдөг саваар толгой руу цохисон. Тэгээд нэг машиныхаа түлхүүрийг аваад явж байсан чинь миний машин дотор утас дуугарсан. Тэгтэл Б******* миний машин дотор утсаа унагасан байсан болохоор би буцаад Б*******ын гэрт очоод утсыг нь өгөхөд наад утсаар чинь яадаг юм гээд над луу шидсэн. Тэгэхээр нь би зүгээр танайд дансны хуулга харах гэж ирсэн юм гэхэд Б******* намайг хацар луу 3 удаа алгадсан. Тэгээд Б*******тай хэрэлдэж байхад аав Э******* нь дахиад ирээд барьж байсан гар утсаар миний толгой руу цохисон. Редми 10 про маркийн гар утас байсан. Цамцаа Улаанбаатар их дэлгүүрийн Гоёо гэх кашмирын дэлгүүрээс 252,000 төгрөгөөр худалдаж авч байсан.... нийт би 1,265,800 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 33-34,36, 38/

Хувцсанд үзлэг хийсэн: О.Ү*******өөс гаргаж өгсөн урд талдаа цахилгаантай ноолууран цамцанд үзлэг хийхээр тогтов. Тус цамцны баруун суга хэсэгт урагдсан байх ба өөр урагдалт цооролт байхгүй байв. Мөн тоос шороо мэт зүйл болон хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байв гэх тэмдэглэл / хавтаст хэргийн 28/,

Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний ТХҮ-ОРХ/4546 дугаартай дүгнэлтэд “Redmi 10 рго загварын гар утас 500,000 төгрөг, Гоёо брэндийн ноолууран цамц 100.000 төгрөг” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 53-56/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “О.Ү*******ийн биед зүүн завжинд сорви, баруун хацар, шуу, хүзүү, зүүн эгэм, бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 23-24/,

Шинжээч эмч С.Эийн өгсөн “Тухайн гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд гарсан байх боломжтой.” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 61/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болортуяагийн ”... Иргэний нэхэмжлэлтэй холбоотой дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй байхад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.  

Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Э*******ыг дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Д.Э*******т хуульд заасан төрөл, хэмжээний дотор дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 1.4 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг тус тус хангасан, анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн Зургаадугаар бүлэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, журмыг хуульд зааснаар баримталсан байх боловч хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан Эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай эм зүйн бүтээгдэхүүн гэх бар кодтой, TV19787746 бүхий сугалааны дугаартай, Өгөөж найрамдал эмийн худалдаа явуулдаг компанийн и-баримттай 500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Э*******аас гаргуулж хохирогч О.Ү*******т олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай эм зүйн бүтээгдэхүүн гэх 500.000 төгрөгийн баримт нь чухал боловч ямар эмчилгээнд зориулагдсан, ямар өвчинд уух, урьдчилан сэргийлэх зориулалттай эм зүйн бүтээгдэхүүн гэж юунаас урьдчилан сэргийлэх, ямар төрлийн эмийн бүтээгдэхүүн болох нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг анхан шатны шүүх үнэлж шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Шүүгдэгч Д.Э*******ын учруулсан гэмтэлд зориулж хэрэглэсэн эм болон эмийн эмчилгээний баримт гэж үзэх боломжгүй байна.

 

Харин 1.544.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисон нь хуульд нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болортуяагийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч .......... тоотод оршин суух Б******* овогт О*******ын Ү*******т олгож” гэснийг 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болортуяагийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ  

      

 

                                       ШҮҮГЧ                                   Н.БАЯРХҮҮ

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ