Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Ц,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б,

Хохирогч: С.Д ,

            Шүүгдэгч: А.Х  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Х т холбогдох 1728001350001 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа, удирдлага мэргэжилтэй, Хүрмэн сумын Хүрмэн багийн засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Хүрмэн сум 3 дугаар баг Угалз байрны 6-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, А.Х , регистрийн дугаар КЛ.

Шүүгдэгч А.Х  нь 2017 оны 06 сар, 2017 оны 11 дүгээр сарын 11, 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус тус Өмнөговь аймгийн Хүрмэн сумын 3 дугаар багт эхнэр С.Д гийн бие эрх чөлөөнд халдан байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2017 оны 11 дүгээр сард зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Х  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч С.Д тай 5 жилийн өмнө айл гэр болсон. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болсон хэрүүл маргаан бол 3 багийн малчдын зөвлөгөөнөөр болсон. Малчдын зөвлөгөөний хаалтын үйл ажиллагаанд тоног төхөөрөмж гардуулж өгөх ажиллагаанд оролцох ёстой байсан. Эхнэр тэр үед байгаагүй. 22 цагийн үед манай эхнэр уг арга хэмжээнд ирсэн ба манай 2 хүүхэд 5 настай, 2 настай байсан. Эхнэр 2 хүүхдээ унтуулчихаад ирсэн байсан. Тэр үед жаахан маргалдаад би хүүхэд уйлна шүү дээ гээд хүүхэд рүүгээ явсан. Би эхнэрийнхээ 2 гар дээрээс нь базаад түлхэж унагаасан. Миний буруу. 11 дүгээр сарын 18-ны өдөр Соёлын төвд гар бөмбөгийн тэмцээнээр хамгийн сүүлд тэргүүн байранд ороод найз нартайгаа машинд сууж байхад эхнэр залгасан. Эхнэр бид 2 замдаа хэрэлдсэн. Утсанд чинь ийм ийм дуудлага ирсэн байна гээд дахиад маргалдсан. Эхнэр миний хамар луу 2 удаа цохиод цус гаргасан. Ээж аавынх руугаа цусаа арчих гээд орсон. Эхнэр араас уурлаад ороод ирсэн. Эхнэрээ 2 алгадаж авсан. Гэрийн унинаас зүүгдэж байгаад унагаад ойчсон. Эхнэрээ зодсондоо харамсаж байна гэв.

Хохирогч С.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд би эрхээ эдлээд мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч С.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2012 онд Хүрмэн сумын харьяат А.Х тай танилцаж нэг гэр бүл болсон. Бид 2 амьдраад 5 жил болох хугацаанд 2-5 насны 2 охинтой болсон. Сүүлийн 3-4 сарын хугацаанд манай нөхөр А.Х  архи ууж зан авир нь өөрчлөгдөн янз бүрийн авир гаргах болсон. 2013 онд манай нөхөр А.Х  өөрийнхөө багш болох Б  гэх хүүхэнтэй холбогдож тухайн үед бид хоёр түр хугацаагаар салж тусдаа амьдарч байсан. Түүнээс хойш бид хоёр өчүүхэн жижиг маргаанаас болж салж нийлэх тохиолдол олон гарч байсан. 2016 онд мөн тэр Б  гэр хүүхнээс манай нөхрийн утсанд мессеж ирсэнээс болж бид хоёр мөн салж байсан. 2017 оны 06 сард манай нөхөр намайг гэчий гэхээр нь би “чи намайг яахаараа гэчий гэдэг юм” гэсэн чинь А.Х  намайг хоолой боогоод эрүүн дээрээс базаад намайг хөл нүцгэн байсан чинь гуталтай хөлөөрөө миний хөлөн дээр гишгэж гутлаараа нухаж байгаад миний хөлийг хөхрүүлж байсан. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сумын төвд 3 багийн өдөрлөг болж байхад би нөхөр А.Х тай хамт соёлын төвд ирсэн боловч А.Х  тоглолт үзээгүй тэр тоглолтоор ирсэн жолоочтой хамт соёлын төвийн гадаа машин дотор архи пиво уугаад сууж байсан. Би очоод тоглолт дуусчихлаа гэртээ харья, ээж дүү 2-ыг эргэж соёлын төв рүү явуулж караоке үзүүлье гэсэн. А.Х тай хамт гэртээ харьсан. Би гэртээ 2 хүүхдээ хараад үлдсэн. А.Х  дүү ээж 3-ыг буцаагаад заал руу явуулсан. Гэрт байж байгаад халаасаа үзсэн чинь би машиныхаа түлхүүрийг аваад үлдчихсэн байсан. Миний машин заалны гадаа байсан юм. Би машинаа авах гээд заал руу иртэл нөхөр А.Х  намайг 2 хүүхэд унтчихсан юм бол юм үзээд явахгүй юу даа гэсэн. Шөнө 24 цаг өнгөрч байсан болохоор дүүгээ гэртээ хариад 2 дүүгээ харж бай гэсэн чинь манай дүү гэр лүү хүргээд өгчих гэхээр нь би А.Х ыг чи дүүг гэр лүү хүргээд өгчих гэсэн чинь А.Х  уурлаад боль боль гээд гэнэт дүрс хийгээд уурлаад би очоод хүүгээ харж байя гээд гараад явахаар нь би араас нь гарч очтол А.Х  хүнтэй юм яриад зогсож байхаар нь би за за чи байж бай, би очоод хүүхдээ харж байя гээд би гэртээ харьчихаад 2 хүүхдийнхээ хажуугаар хэвтэж байтал А.Х  гаднаас орж ирээд хүүхдээс болж хэрүүл хийж байгаад миний толгойруу дэрээр 2 удаа цохьсон. Би босож ирээд уурлаад муу эр эм дээ гэж үг байдаг юм. Би чамд зодуулж нүдүүлж амьдарч чадахгүй шүү гэсэн чинь А.Х  миний гэдэснээс базаад миний гэдсийг урсан. Би “чи арчаагүй муу эрийн оронцог” гэсэн чинь А.Х  уурлаад гараа зангидаж байгаад миний шанаанд гараа тулгаж байгаад нүүрийг шалтай хавсарч нухсан. Би цохиж зодож чадахгүй учраас А.Х ыг нэг хэсэг хэл үгээр доромжилж миний гэрээс зайл гэсэн. Тэгээд уурлаад гараад явсан. Маргааш нь А.Х  нөгөө Б тайгаа уулзах гээд Улаанбаатар хот руу явчихсан байсан. 7 хоноод ирсэн. 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сумын зааланд гар бөмбөгийн тэмцээн болсон. Манай сумын нэг хүүхэд Хүрлээ ах гар утсаа зааланд орхичихсон байна гээд надад авчираад өгөхөөр нь би утсыг нь үзээд сууж байсан чинь нөгөө Б гаас яацгааж байна гэсэн мессэж ирсэн байхаар нь би утсыг нь аваад заалнаас гараад А.Х ын ээжийнд нь очсон чинь А.Х  байгаагүй. Би найз руу нь залгасан чинь заалны гадаа байна гэхээр нь би хүрээд очиход А.Х  цагаан өнгийн истана маркийн машинаас нэлээд их архи үнэртүүлчихсэн буугаад ирэхээр нь машиндаа суулгаад аав ээжийнх нь гэр лүү явсан. Явах замдаа чи Б тай 2013 оноос хойш холбоотой байдаг юм байна, 2-уулаа одоо салья. Би 2 хүүхдийнхээ хувцасыг авья гээд аав ээжийнх нь гэр лүү явсан чинь надаас утсаа авах гээд булаацалдаад байсан. А.Х  надаас утсаа аваад гэр лүүгээ түрүүлээд орсон, би араас нь ортол А.Х  утсаа хугалж газар шидээд сим картаа амандаа хийгээд зажилчихсан. Тэр хооронд би утастай нь зууралдаж байсан чинь намайг эрэгтэй хүн зодож байгаа юм шиг миний толгой руу 2 удаа цохиод 2 гар луу нэлээд хэдэн удаа цохиод нуруу бөөр хөл рүү өшиглөж зодоод байсан. Би төрсөн эгч С  руу утсаар залгаж тусламж хүссэн. С  эгчийг гаднаас орж ирэх үед А.Х  намайг элэг рүү гараараа цохиод би амьсгаа авч болохгүй газар хэвтчихсэн байсан. С  эгчийн хүүхэд И.С  А.Х ыг тэврээд хорьсон. Тэр үед А.Х  өнөөдөр чи үхнэ, эсхүл би үхнэ гээд манай эгч рүү мөн агсарч байгаад 2 цохиод нэг өшиглөж байгаа харагдсан. А.Х  гэрийнхээ 2 унийг хугалж орон дээрээ гарч ороо эвдсэн. Гарт нь юм таарвал эгч бид 2 луу шидэх гээд байсан. Тэгээд нэлээд хугацаанд хэрүүл болж байхад гаднаас А.Х ын ээж Цогзолмаа, дүү С.О  нар нь орж ирсэн. Ээж нь би ийм хүү төрүүлсэн, миний буруу гээд уйлаад байсан. А.Х  ээжийнхээ өмнө сөгдөж уйлаад жүжиг тавиад байсан. Дүү нь намайг түлхсээр байгаад гэрээсээ хөөгөөд гаргасан. Манай эгч С  намайг аваад явсан. Тухайн үед 2 гар хөхөрсөн толгой нуруугаар их өвчтөй байсан. Би энэ талаар Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Би гэр бүлээ 2 хүүхдээ бодоод Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй.  А.Х  тэр болгон архи уугаад байдаггүй юм. Сүүлийн 3-4 сарын хугацаанд архи уух нь ихсээд Улаанбаатар хот руу байнга явах болсон. Тэгсэн цаанаа өөр хүнтэй болчихоод түүнтэйгээ уулзах гэж хот явдаг байсан юм билээ. Хэрүүл болж А.Х  надад гар хүрдэг. Би гомдолтой байна. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэж хүсмээр байна. ...Одоогоор нөхөр А.Х тай хоёр тусдаа амьдарч байгаа А.Х  2 хүүхэдтэйгээ уулзаад утсаар яриад явж байгаа өөрөөр харилцаад байгаа зүйл байхгүй байна. Надад санал байхгүй байна. Би анх Цагдаагийн байгууллагад хандахдаа хууль дүрэм ийм байдаг гэдгийг мэдрүүлэхийн тулд цагдаад хандаж байсан юм. Бусдаар бол ямар нэгэн өс хонзон санаж баривчлагаанд явуулна гэж бодоогүй юм. Би нөхөр А.Х тай ханилж суугаад 6-н жил болсон 2 хүүхдийн эцгийгээ баривчлагаанд явуулмааргүй байна, тийм баривчлагаанд явуулахгүйгээр шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна...” гэжээ. /хх-6-9,10-11/,

Шүүгдэгч А.Х ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “Би эхнэр С.Д тай гэр бүл болоол 5 жил болж байна. Энэ хугацаанд хэрэлдэж маргалдах зүйл байдаг байсан. Сая сүүлд буюу 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр суманд 3 багийн өдөрлөг болж байхад би соёлын төвд иргэдэд шагнал өгөх, аймгаас соёлын төвд ирсэн тоног төхөөрөмжийг хүлээн авах ажилтай байж байсан. Намайг соёлын төвд байхад 20 цагийн орчимд манай эхнэр соёлын төвд 2 хүүхдээ унтуулчихаад ирлээ гэсэн. Би хариад хүүхдээ харж бай гэсэн чинь С.Д  явахгүй, чи очиж хүүхдээ харахгүй юу гээд миний өөдөөс уурласан. Би 21 цагийн үед гэр лүүгээ харьсан. Эхнэр миний араас гэрт ороод ирсэн. Бид 2 хүүхдээ харсангүй гэдэг шалтгаанаас болж хоорондоо маргалдсан. Маргалдаж байхад С.Д  намайг үмхий үнэртсэн гэр лүүгээ зайл гэхээр нь би дэрлэж байсан буйдангийн дэрээрээ нүүр лүү нь 2 удаа цохьсон. С.Д  намайг нүүр лүү гараараа 1-2 удаа цохиод миний цээжин дээр 2 газар маажихаар нь би С.Д гийн 2 гарнаас нь базаж авч байгаад түлхсэн. Би том охиноо аваад ээжийнхээ гэрт очиж амарсан. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би тэмцээнд орчихоод гарч ирээд найз А ын машинд сууж байсан. С.Д  над руу залгаад уулзъя гэсэн. Би гараад С.Д гийн машинд нь суусан чинь манай аав ээж 2-ын гэрийн хашааны үүдэнд очиж зогссон. С.Д  намайг чи Б тай утсаар ярьсан байна гээд маргалдаж байгаад С.Д  миний хамар луу 2 удаа гараараа цохьсон. Би машинаас буугаад гэр лүү орсон С.Д  миний араас орж ирээд намайг эр хүний оронцог амьдралаа авч явж чаддаггүй гэж доромжилсон. С.Д  намайг цохиж зодоод байхаар нь би нүүр лүү нь 2 удаа алгадсан гэдэс рүү нь нэг удаа цохьсон. С.Д г заамдаж байгаад түлхэхэд С.Д  газар ойчсон. Энэ үед С.Д гийн эгч С  гаднаас гэрт орж ирсэн. С  хэл ам хийгээд байхаар нь би И.С ийг наад ээжийгээ аваад явж бай гэсэн чинь С  явахгүй байхаар нь нэг өшиглөсөн чинь С ын хүү И.С  намайг хориод С  өшиглөхөд оногдоогүй. Удаагүй С , И.С  нар С.Д г аваад манай ээжийнхээс явсан. Түүнээс хойш С.Д тай дахиж уулзаагүй. Тухайн үед та архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний биед ямар нэг гэмтэл шарх учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэг гомдол санал байхгүй. Би эхнэрээ байнга цохиж зоддог асуудал байхгүй. Б  намайг 10 жилд байхад хичээл ордог байсан багш байгаа юм, хааяа нэг утсаар ярьдаг, өөр ямар нэг холбоо байхгүй. Ер нь янз бүрийн л шалтгаан байдаг, гэр орны асуудлаас болж маргалддаг...” гэжээ. /хх-12-13/,

Гэрч С.С ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед сумын соёлын төвд тэмцээн үзэж байсан чинь манай дүү С.Д  өөрийнхөө гар утсаар над руу яриад уйлаад намайг зодож байна гэхээр нь би С.Д гийн хадмынд хүү И.С ийн хамт очсон юм. Гэрт нь ороход манай дүү С.Д  гэрийн шалан дээр уначихсан, уйлаад хэвтэж байсан. А.Х  нь хашигчаад байж байсан. Тухайн үед яг юу гэж хашигчаад байсныг би санахгүй байна. Би юу болсон талаар асуухад А.Х  над руу агсараад өнөөдөр чи бид 2-ын нэг нь үхнэ гээд зодох гээд дайрсан чинь манай хүү И.С  А.Х ыг тэвэрчихээд тавихгүй байсан. А.Х  намайг цээж рүү нэг удаа гараараа цохиод зүүн гуя луу нэг удаа өшиглөөд авсан. Энэ үед А.Х ыг Б тай мессежээр холбогдсон талаар хэрүүл болж хэсэг хугацаанд хэрүүл маргаан болж А.Х  манай дүү бид 2 луу нэг хэсэг дайрсан. А.Х ын дүү С.О  ээж Цогзолмаа нар гаднаас орж ирсэн. Энэ үед А.Х  нь гэрийнхээ унийг хугалж ороо эвдэж орныхоо банзыг хуулж гартаа таарсан болгоныг шидэж байсан. Машины түлхүүрээ аваад явъя гэсэн чинь түлхүүр өгөхгүй бүр дайрч давшилаад байсан. А.Х ыг дүү С.О , ээж нар нь хорьсон. Тэгээд машиных нь түлхүүрийг нь ч авч чадаагүй, би дүүгээ аваад хүүтэйгээ хамт явсан. Тухайн үед А.Х  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед цээжний зүүн хэсэг болон зүүн гуя хөхөрсөн байсан. Одоо зүгээр болчихсон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, намайг цохиж зодсон асуудалд надад ямар нэг гомдол санал хүсэлт алга байна. Миний мэдэж байгаагаар А.Х  нь С.Д г 2 удаа цохиж зодсон. Цохиж зодохдоо дандаа далд газар базаж чимхсэн хоолойг нь боосон эрүү амыг нь базсан байдаг. 2015 оны 05 дугаар сарын сүүлээр А.Х  манай дүүг зодож байсан. Би очиж салгаж байсан. 2016 онд мөн хүүхдийн баярын үеэр мөн хоолойг нь боож эрүү амыг нь базаад гудамжинд чирээд гэр лүүгээ аваад орж байсан. Сая сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дүүг дуудахаар нь би А.Х ын ээжийнд нь очиход манай дүүг цохиод унагачихсан байсан. А.Х  архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаггүй. Хааяа уучихсан байдаг. Учир зүйгээ олчих байлгүй гэж бодоод би хуулийн байгууллагад хандаж байгаагүй. А.Х  нь цаанаа өөр хүүхэнтэй утсаар холбогдоод очиж уулзаад байдаг болохоор хэрүүл маргаан үүсдэг...” гэжээ. /хх-14-15/,

Гэрч А.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед байх би цагийг нь сайн санахгүй байна. Тэр өдөр сумын спортын зааланд гар бөмбөгийн тэмцээн болж би тэр тэмцээнд оролцож дуусаад замаараа дэлгүүр орчихоод гэртээ очтол манай гэр дотор 2 хүн хэрэлдээд байгаа бололтой чанга чанга дуу чимээ гарч байсан. Би ороод очтол А.Х  ахыг И.С  гэрийн хойно тэврээд зогсож байсан. Гэрийн зүүн талд бэр эгч С.Д  С  2 зогсож байсан. Намайг ороод очиход А.Х  ах С.Д  руу хандаад чи одоо хэлээтэх манай гэрээс үмхий үнэртэж байна гэлүү балиар заваан гэсэн үү, энэ үгээ дахиад хэлээтэх гээд байсан. С.Д  нь чимээгүй байгаад байсан. С.Д  машины түлхүүр өг би машинаа авч явна гэсэн чинь тэр 2 мөн машины түлхүүрнээс болоод хэрэлдсэн. Би И.С ийг чи ээж эгч 2-ыгоо аваад гарчих би ахыгаа хараад байж байя гэсэн чинь С.Д  чи эр хүн юм бол машины түлхүүрээ өгчих би явлаа гэсэн. Чи намайг эр хүн гэж бодож байна уу, чи намайг эрийн оронцог гэж сүүлийн хэдэн сар бараг өдөр бүр хэлж байгаа биз дээ гэхээр нь би И.С ийг ээж эгч 2-ыгоо аваад явж бай гэсэн. Тэр 3 гэрээс гараад явсан. Тэгсэн ээж гаднаас ороод ирсэн, араас нь И.С  С.Д  С  3 орж ирээд машины түлхүүр өг гээд байсан. Ах би түлхүүр өгч чадахгүй, энэ машиныг зарж би өр ширнээсээ хөнгөлнө гэсэн. Тэр 3 жаахан зогсож байгаад гараад явчихсан. Гэрийн зүүн талын угсардаг модон ор нурчихсан, гэрийн 2 ширхэг унь мултарчихсан, хувцас бусад эд зүйл эмх замбараагүй болсон байсан. Намайг ороод очиход С  танай ах чинь манай дүүг зодож нүдээд алах нь гэхээр нь би С.Д  руу хартал юм л ил харагдах гэмтэл шархгүй, өмссөн хувцас нь зүгээр харагдаж байсан. С  ч мөн адилхан зүгээр байсан. Харин манай ахын хамар ам нь цус болоод жаахан хатчихсан байсан. Ахын гадуур өмсдөг хар өнгийн хавар намрын куртикны нэг талыг дээрээс нь доош нь чигтээ цуулаад урчихсан байсан. Өөр ноцтой зүйл ажиглагдаагүй. Тухайн үед А.Х , С.Д  нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Б  гэдэг хүн манай суманд хими биологийн багш, сургуулийн захирлаар ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжсэн юм. Манай ахтай ямар харилцаатай талаар надад мэдэх зүйл байхгүй. А.Х  С.Д  2 өмнө нь хэрүүл маргаан болдог байсан байхаа. Би яг хажууд нь байж байгаагүй. Манай ах эхнэрээсээ саллаа гээд 2 удаа гэртээ ирж байсан...” гэжээ. /хх-16-17/,

Гэрч С.Ц гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “.2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед би хөдөө гэртээ байж байтал манай бэр С.Д  над руу залгаад “Та хаана байна вэ” гэхээр нь би хөдөө байна гэсэн. “А.Х  хаана байгаа юм” гэхээр нь “би мэдэхгүй, наад суман дээр чинь байгаа байх” гэсэн чинь С.Д  А.Х ыг нөгөө Б тайгаа яриад байна гэж надад хэлсэн. Би энэ талаар мэдэхгүй гэж хэлсэн чинь С.Д  утсаа тавьчихсан. Би 20 орчим минутын дараа сум руу орж ирээд гэртээ очтол хашааны гадаа С.Д , С , И.С  3 зогсож байсан. С  надад танай хүү чинь эрийнхээ толгойг залгисан, муу янхан хүүхэнтэй утсаар яриад мессежлээд байна гэсэн. Би юм хэлээгүй шууд яваад гэр лүүгээ орсон чинь А.Х  баруун орон дээр сууж байсан. Манай нэг хүү С.О  ирчихсэн зүүн орон дээр сууж байсан. Гэр орны эд зүйл эмх замбараагүй болчихсон байсан. Би юу болоод байгаа талаар хүү С.О ээсээ асуухад мэдэхгүй, ийм болчихсон байна гэсэн. С.Д , С , И.С  3 гэрт орж ирсэн. С , С.Д  2 гэрийн 2 талаар дайраад А.Х ын хажууд очоод Хурэлбаатартай хэрүүл хийгээд байсан. Тэгсэн А.Х  чи манай аав ээжийн гэрээс гар, үмхий гэрт яах гэж орж ирээд байгаа юм гэсэн чинь С.Д  чи муу эрийн оронцог чамаас өөр намайг аваад явчих хүн надад байгаа гэсэн. Тэгээд би уйлаад хөдөө гэр лүүгээ яваад нөхөр А ийгээ аваад эргээд ирсэн. Ирэхэд 2 хүү гэр янзалчихсан байсан. Хүүхдүүдэд мах чанаж өгье гээд гал дээр мах хийчихээд байж байтал С.Д гийн ээж Цэгмэд гаднаас орж ирээд хүүхдэд гар хүрсэн байна А.Х ыг хуулиа мэддэг хүүхэд байлгүй, багийн дарга хүн байж гэхээр нь би мэдэхгүй энэ 2 өөрсдөө зохиосон амьдрал надад мэдэх зүйл алга даа гэсэн. Цэгмэд гуай гэрээс гараад явсан. Эвдэрсэн эд зүйл байгаагүй гэрийн 2 унь мултарчихсан байсан. Тэр хоёр эрүүл байсан. Миний хүү архи уугаад байдаггүй. Хэрүүл маргаантай байдаг юм шиг байсан. Миний хүү С.Д гаас саллаа гээд 3 удаа манайд ирж байсан. Би яг он сар өдрийг нь санахгүй байна...” гэжээ. /хх-18-19/,

Гэрч И.С ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хүрмэн зааланд Хүрмэн сумын цомын төлөөх тэмцээн болсон юм. Би тэмцээнд оролцоод тоглочихоод сууж байхад манай ээж С.С  залгаад Хүрлээ ахын аавын гэрт нь хүрээд ир Хүрлээ аниаг чинь зодоод байна гэж хэлсэн. Би заалнаас гараад яваад очиход манай ээж хашааны гадаа зогсож байсан. Ээж бид хоёр хамт гэрт нь ороход аниа буюу С.Д  эгч гэрийн хоймор хэсэгт газар эвхрээд уйлаад хэвтэж байсан. Хүрлээ ах гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Бид хоёрыг очиход чинь аниа босч ирээд Хүрлээ ах руу хэл амаар дайрсан. Тэр хоёр хэрэлдэж байх явцадаа Хүрлээ ах орныхоо дээр нь гишгээд хөндлөн модыг нь доош унгасан, мөн гэрийн унинаас татаад 1 унь мулталсан. Хүрлээ ах аниа руу дайрахаар нь би Хүрлээ ахыг хориод байж байхад Хүрлээ ахын дүү С.О  ороод ирсэн. С.О  орж ирээд гэр орны юмаа янзлаад байсан. С.О  намайг чи ээж, эгч хоёроо аваад яв гэж хэлээд байж байхад нь Хүрлээ ахын ээж Цогзол эгч гаднаас орж ирээд уйлаад юм яриад байсан, юу яриад байсан талаар нь санахгүй байна. Би ээж, эгч хоёрыг аваад гараад явсан...” гэжээ /хх-20/,

            Гэрч Б.З ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “А.Х  манай хөрш айл байгаа юм.  Нэг дор амьдраад 5 жил орчим болж байна.  А.Х , С.Д  хоёр гайгүй байдаг. Манайд мэдэгдээд байдаг зүйл байхгүй. А.Х  нэг их архи, дарс уугаад байдаггүй, даруухан залуу байдаг юм.  Бид хоёр мэндлээд л явж байдаг юм.  Бид нар нэлээд хэдэн жил хөршүүд амьдарч байна. Гэр орондоо агсан согтуу тавиад явж байхыг нь хараагүй...” гэжээ /хх-21/,

            Шүүгдэгч А.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Сүхбаатарын С.Д тай 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болсон юм. 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр анхны хүүхдээ гаргасан. Энэ хугацаанд бид хоёрт хэрэлдэж маргалдах зүйл гарч хэрэлддэг байсан. Бид хоёр муудалцаж хэрүүл болдогч гэсэн нэг их зодолдоод байдаггүй байсан. 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2 дахь охиноо гаргасан. Тэрнээс хойш бид хоёрын амьдрал дажгүй л байдаг байсан. Хааяа хэрүүл маргаан гарч хэрэлддэг байсан. 2015 онд байх, сайн санахгүй байна. Бид хоёр хэрэлдэж, муудалцсан. Манай эхнэр хутга бариад нэг бол би үхье эс бол чи үх гээд над руу дайраад байсан санагдаж байна. Бид хоёрт хэрүүл маргаан хийдэг үе байдаг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хүрмэн сумын 3-н багийн малчдын уулзалт 2 өдөр үргэлжилээд сүүлийн өдөр нь шагнал гардуулах ёслол болж байхад 21 цагаас 22 цагийн хооронд манай эхнэр сумын соёлын төвд ирсэн. Бид хоёр уулзаад яриад сууж байхад эхнэр 2 хүүхдээ унтуулчихаад ирлээ гэж хэлсэн. 20 минут сууж байгаад би эхнэртээ хандаад чи гэртээ очоод хүүхдээ хараад байж байх уу, 2 жоохон хүүхэд сэрчихвий гэхэд эхнэр С.Д  надад хандан чи өөрөө очоод харж бай, би юм үзмээр байна гэж хэлсэн. би тухайн үед гэр лүү явах боломжгүй багийн шагнал авах гээд хүлээж байсан юм. Түүнээс болоод бид хоёр соёлын төвийн сандал дээр сууж байгаад бага зэрэг маргалдсан. Түүнээс болоод миний уур хүрээд шагналаа авалгүй гэртээ харьсан. Удалгүй эхнэр араас гэрт ороод ирсэн. Над руу хандаад чи хүүхдээ харахаар яадаг юм бэ гэж ууралсан. Бид хоёр хоорондоо хэрэлдсэн, хэрэлдэж байхад манай эхнэр намайг чи үмхий үнэртсэн гэр лүүгээ зайл гэж хэлсэн. Түүнээс болоод би буйдангийн дэр аваад 2 удаа эхнэр С.Д г цохиж авсан. С.Д  босч ирээд над руу дайраад миний нүүр лүү олон удаа цохиж, алгадаж авсан. Мөн зүүн мөр, гэдэсний зүүн хэсэгт самардсан. Би С.Д гийн хоёр гарнаас барьж аваад арагш түлхэж унагаасан. Манай 2 хүүхэд сэрээд уйлсан. Би гэрээсээ явах гээд гарах гэхэд хоёр хүүхэд дагаж уйлаад байхаар нь би том охиноо дагуулаад 00 цагийн орчимд гэрээсээ гараад аав ээжийндээ очиж амарсан. Түүнээс хойш одоог хүртэл гэртээ очоогүй аав ээжийндээ байгаа. Тэр явдал болсноос хойш 6-7 хоногийн дараагаар сумын соёлын төвд тэмцээн болоод тарахад эхнэр залгаад хоёулаа уулзъя гээд машинтай ирээд намайг аваад аав ээжийн гэр лүү явсан. Бид хоёр машин дотор хэсэг хэрэлдсэн. Аавын хашааны гадаа ирэх үед С.Д  машинаа зогсоогоод миний хамар луу 2 удаа цохиж авсан. Хамарнаас цус гоожоод байхаар нь би машинаас буугаад аавын гэр лүү орох гээд явж байхад миний араас цохиод байсан. Бид хоёр хэрэлдээд аавын гэр лүү орж цусаа угаасан. Тэр үед бид хоёр хэрэлдсээр л байсан. Нэг нэгнийгээ элдвээр хэлж байхад С.Д  намайг чи муу эрийн оронцог намайг аваад явчих өөр эр хүн байна гэж хэлсэн. Уур хүрээд баруун хацар дээр нь гараа тавьж байгаад 2 удаа хүчтэй түлхэж авсан. С.Д  над руу дайраад намайг цохиж, зодоод байхаар нь би эргүүлээд олон удаа түлхэж авсан. Мөн гэдэс рүү нь нэг удаа цохиж авсан. Би С.Д г яв гэхэд над руу агсраад дайраад байхаар нь заамдаж аваад түлхсэн. С.Д  цаашаа газар унасан. С.Д гийн эгч С  гаднаас орж ирсэн. Араас нь С ийн хүү И.С  мөн орж ирсэн. С  орж ирээд би чамайг дүүгээсээ салгана гэж хэлээд над руу хэл амаар дайраад байсан. Би одоо явцгаа гэхэд явахгүй байхаар нь И.С ийг ээж, эгч хоёрыгоо аваад яв гэж хэлсэн. С  гэрээс гараад эргэж орж ирээд намайг элдвээр хэлээд байсан. Манай дүү С.О  ирээд мөн С  С.Д  нарыг яв гэхэд явахгүй байсан. С ийн хүү И.С  манай дүү С.О  нар С.Д , С  хоёрыг гэрээс түлхэж гаргаад аваад явсан, үүнээс хойш С.Д тай уулзаагүй байгаа. Гурван багийн малчдын уулзалт дээр болсон хэрүүл бол хүүхэд харанхуй шөнө орхиж ирсэн асуудлаас болоод муудалцсан. Гэртээ очоод хэрэлдсэн. Түүнээс хойш бид хоёр 1 удаа уулзаж хэрэлдсэн байгаа. Мөн манай эхнэр намайг Б  гэж манай суманд байсан багш эмэгтэйтэй хардаад байдаг юм. Түүнээс болж энэ хэрүүл болсон байх. Би цохиж, зодоод байсан асуудал байхгүй. Эхнэр намайг цохиж зодоод байхаар нь би өөрийгөө хамгаалах зорилгоор ганц нэг удаа цохиж авсан, мөн нэг, хоёр удаа түлхэж унагаасан. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэжээ. /хх-34-37/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-2/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3-4/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-5/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-22-23,27/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №574 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “С.Д гийн биед тархи, бөөрний доргилт, эрүү, зүүн бугалга, сарвууны цус хуралт, хүзүү, хэвлийн зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд/11/Х1, 18/Х1 аль өдөр нь үүсгэгдсэн эсэхийг ялгах боломжгүй/ үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-24/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №55 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “А.Х ын биед зүүн мөр, сүвээнд зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хуучин гэмтэл ба хэзээ учирсан эсэхийг тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэжээ. /хх-28/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-25,26,29,30/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-31/,

Хувийн баталгаа гаргасан баримт /хх-32/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-33/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, фото зураг /хх-39,45-47,48/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-40,44/,

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг даргын тодорхойлолт /хх-41/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-49/,

Эмчлүүлэгчийн карт /хх-50-51/,

Мөрдөгчийн мэдэгдэл /хх-52/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-53-61/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-62-63/,

Хүсэлт хангахаас татгалзах тухай мөрдөгчийн тогтоол /хх-64/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-65/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-69-71/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Х  нь 2017 оны 06 сар, 2017 оны 11 дүгээр сарын 11, 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын 3 дугаар багт эхнэр С.Д гийн бие эрх чөлөөнд халдан байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Х  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Д г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эхнэрээ 2 алгадаж авсан. Эхнэрээ зодсондоо харамсаж байна... хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хохирогч С.Д гийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №574 тоот шинжээч эмчийн: “С.Д гийн биед тархи, бөөрний доргилт, эрүү, зүүн бугалга, сарвууны цус хуралт, хүзүү, хэвлийн зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд / 11 дүгээр сарын 11, 11 дүгээр сарын 18-ны аль өдөр нь үүсгэгдсэн эсэхийг ялгах боломжгүй/  үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар  шүүгдэгч А.Х ын хувийн байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлаж, эрх чөлөөг нь тодорхой хугацаагаар хязгаарлаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Х ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болохоор хуульчилсан ба шүүгдэгч А.Х т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах үүргийн хүрээнд “гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг” зан үйлээ засах үүргийг хүлээлгэхээр, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан хязгаарлалтын хүрээнд “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тогтоож, албадлагын арга хэмжээнд хяналт тавих хугацааг шүүгдэгчийг тэнссэн хугацаагаар буюу 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгчийг тэнссэн хугацаанд хяналт тавих журам, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавих журам нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд адил байдлаар зохицуулагдсан ба шүүх шүүгдэгчийг тэнссэн хугацаанд нь үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн тул эдгээр албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулж, шийтгэх тогтоолд энэ талаар дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хохирогч С.Д  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч А.Х ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1,5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Х ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн  хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч А.Х ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг зан үйлээ засах үүргийг хүлээлгэж, мөн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х  нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х т шүүхээс авсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч А.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ