Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 0014

 

 

 

     2016         08           15                                              115/ШШ2016/0014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод орших, .... регистрийн дугаартай, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох,

 

        Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/295 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Г” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж, өргөдлийн бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн болно.

      Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан талбай, сонгон шалгаруулалт явуулахаар санал авахаар хүлээгдэж байгаа талбайтай давхцалтай  тул зөвшөөрөхгүй  гэсэн дүгнэлтийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн гэх үндэслэлээр Дорноговь аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн болохыг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/295 тоот мэдэгдлээр манай компанид мэдэгдсэн юм.

        Бид уг мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон шийдвэр гэж үзэж байна.

        Захиргааны байгууллага нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж, аливаа захиргааны актыг гаргахдаа хуулийн зүйл заалтыг тодорхой зааж өгсөн байх ёстой. Манай өргөдлийг хянан шийдвэрлэх журам нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг байхад уг хуулийн ямар зүйл заалттай харшилсан, зөрчилдсөн эсэхийг тодорхой зааж өгөөгүй байна.

       Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь өргөдөлд дурдсан талбай нь зөвхөн ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан,түүнчлэн хайгуулын  тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэхийг тогтоож хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсхүл боломжгүй талаар дүгнэлт гаргахаар хуульчилж  өгсөн.

         Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн дүгнэлтэд дурдагдсан Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоол нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон тухай тогтоол биш. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд Кадастрын хэлтсийн хянаж шалгаад сонгон шалгаруулалт явуулахаар хүлээгдэж байгаа талбайтай давхцалтай  бол “боломжгүй” гэх дүгнэлт гаргах  ямар ч заалт байхгүй. Төрийн захиргааны байгууллага нь хуулийн хүрээнд ажиллах ёстой бөгөөд хуульд зааснаас өөр давуу эрх эдэлж дүгнэлт гаргах ёсгүй, хуулиас давсан, хууль зөрчсөн дүгнэлтэд үндэслэн  аймгийн Засаг дарга шийдвэр гаргах нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

       Харин ч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.10 дахь заалтад сонгон шалгаруулалтаар явуулахаар хүлээгдэж  байгаа талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад хамаарахгүйгээр хуульчилж өгсөн байна.

       Иймд Дорноговь аймгийн Засаг даргын манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн үндэслэл нь хуульд байхгүй, хууль зөрчсөн тул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/295 тоот захиргааны актыг хүчингүй болгож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Манайх аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  1/295 тоот захиргааны актыг хүчингүй болгуулж, хуульд заасан журмын дагуу “Г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 1/295 дугаартай захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн аймгийн Засаг даргын 1/295 дугаартай захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох юм.  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар манай компанийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу гаргасан өргөдлийг татгалзах хууль зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, татгалзах аль нь болохыг шийдвэрлэх байх. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэж ойлгож байгаа.

        Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 зүйлийн 14.1 дэх хэсэгт “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна” гээд мөн хуулийн 14.3 дахь хэсэгт “Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ” гэж зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж татгалзах ёстой байсан. Гэтэл 1/295 дугаартай захиргааны актад дээрх үндэслэлүүдээс огт дурдагдаагүй байгаа юм. Түгээмэл тархацтай ашигт малтмал гэдэг нь барилгын материалын зориулалттай шавар, элс, хайрга гэх мэт зүйлүүд байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсэгт “Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1 дэх хэсэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад хамаарахгүй” гэж заасан байхад түүнийг хамааруулсан ба манай компанийг өргөдөл гаргах үед энэ талбай дээр ямар нэгэн хайгуулын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл байгаагүй гэдэг нь Ашигт малтмалын газрын дүгнэлтээр тогтоогдож байгаа юм. Аймгийн Засаг дарга тус дүгнэлтэд аймгийн санал авахаар хүлээгдэж байгаа гэдгийг хараад хуулийн үндэслэл бүхий тайлбараа манайд өгөх боломжтой байсан. Яагаад гэвэл “санал авахаар хүлээгдэж байгаа” гэдэг нь Ашигт малтмалын газраас талбайн саналыг авахаар Дорноговь аймгийн Засаг даргад хүргүүлчихсэн гэсэн үг юм. Гэтэл хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй, тус дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй гараагүй байдаг ба аймгийн Засаг дарга нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзахдаа дүгнэлтэд үндэслэнэ гэсэн нэг ч үг үсэг байхгүй. Гэтэл  тус хуульд аймгийн Засаг даргад өөрт нь бүрэн эрхийг нь олгочихсон байгаа ба татгалзах үндэслэлүүдийг заагаад өгчихсөн байхад хамаарахгүй заалтыг хамааруулсан  нь буруу.  Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 239 дугаартай тогтоолын хавсралтаар 21 аймгийн тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг тогтоож өгсөн. Уг тогтоол нь улсын тусгай хамгаалалтад болон нөөцөд авахаар баталсан газар биш хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор тогтоосон газар юм. Тэгвэл сонгон шалгаруулалт явуулахаар тогтсон талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарахгүй гэсэн хууль нь Засгийн газрын тогтоолоос илүү хүчин төгөлдөр үйлчлэх байх гэж үзэж байна. Хуульд үндэслэж аливаа асуудлыг шийдвэрлэх ёстой байтал хууль бус дүгнэлтэд үндэслээд акт гаргасан  нь илт хууль бус юм.  Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэж байгаа тул аймгийн Засаг даргын 2016 оны 1/295 дугаартай захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

     Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасны дагуу хайгуул хийх талбайн давхцлыг хянаж, тусгай  зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг тогтоолгохоор Ашигт малтмалын газарт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/147 тоот албан бичгээр хүргүүлж, Ашигт малтмалын газрын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 6/1235 тоотоор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлт ирүүлсэн тул зөвшөөрөл олгох боломжгүй болж шийдвэрлэсэн.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа боловч энэ нь 1/295 тоот захиргааны акттай холбоотой байх тул шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хариу тайлбар гаргаад явах боломжтой.

        Дөрвөд Х ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр  А045-15/1 тоот итгэмжлэл гаргах тухай албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан байдаг. Энэ өргөдөл нь “Г” ХХК-ийн нэр дээр маягт 1 дээр бөглөгдөж, хуулийн этгээдийн тодорхойлолт, уул уурхайн хайгуулын газрыг кадастрын зургаар гаргаад Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг хавсарган анх 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аймгийн  Засаг даргад гаргасан байдаг. Засаг дарга энэ материалыг хүлээж аваад 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тухайн асуудлыг хариуцсан хэлтэс буюу Хөгжлийн бодлогын хэлтэст цохсон. Хөгжлийн бодлогын хэлтэс хүлээж аваад Улсын тэмдэгтийн хураамжийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсэгт заасан хураамжийг төлөөгүй байна гэдэг үндэслэлээр тухайн өргөдлийг бүртгэлийн дэвтэрт  бүртгээгүй. Харин энэ хураамжийг ”Н” ХХК-иас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлж, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өргөдлөө хүлээлгэж өгснөөр албан ёсоор бүртгэж авсан байдаг. Уг өргөдлийг хүлээж авсны дараа хуулийн дагуу аймгийн Засаг даргаас ажиллагаа явуулсан ба Ашигт малтмалын газарт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 3/147 дугаар албан бичгээр хандаж,  2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмалын газраас хуулийн дагуу хариу ирүүлсэн. Уг хариунд “Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын өргөдлийн бүртгэлийн ТХ-00069-DG кодтой өргөдөл, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайд Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан талбайд сонгон шалгаруулалт явуулахаар аймгийн Засаг даргын санал авахаар хүлээгдэж байгаа талбайтай давхцалтай тул түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлт ирсэн. Иймд аймгийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу 1/295 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж мэдэгдсэн бөгөөд тус албан бичиг нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна.

      Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын дүгнэлтээр бус аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж болох байсан гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Гэтэл нэгэнт эрх бүхий байгууллагаас нь хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх боломжгүй гэсэн чиглэл ирүүлчихсэн байхад түүнийг зөрчөөд тусгай зөвшөөрөл олгож болохгүй. Хууль тогтоомжид заасан шийдвэрийг гаргахын тулд эрх бүхий байгууллагаас дүгнэлт гаргуулах нь зайлшгүй бөгөөд дүгнэлтээр сонгон шалгаруулалт явуулах гэж байгааг мэдсээр байж тусгай зөвшөөрөл олговол хууль бус үйлдэл болно. Эндээс үзэхэд аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/295 дугаартай албан бичиг хуулийн дагуу гарсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.13-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

      Нэмж хэлэхэд тус захиргааны актыг хүчингүй болохыг тогтоолоо гэхэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1064 дугаартай шийдвэрээр “Г” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/9576 дугаартай мэдэгдлээр хүргүүлсэн байдаг. Энэ мэдэгдлээр “Г” ХХК нь сонгон шалгаруулалт явуулах талбай гэдгийг мэдэж байсан бөгөөд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх нэрээр тус газрын доорх баялагт олборлолт явуулах гэсэн санаа  байхыг үгүйсгэхгүй юм гэв.

      Гуравдагч этгээд “Ш” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:  Манай байгууллага нь Дорноговь аймгийн А сумын нутаг “Ш”  нэртэй 149.8 га талбай бүхий ... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмын дагуу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нь Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлт болон бичиг баримтын хянах ажиллагаанд шаардлага хангаж, тухайн өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд  бүртгэгдсэн байдаг.

        Нэхэмжлэгч тал дээрх өргөдөл бүхий талбайн хойд хэсгээр  1.96 га талбайтай давхцуулан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр түгээмэл тархацтай ашигт малтмал хүссэн өргөдлийг Дорноговь аймгийн Засаг даргад өгсөн байдаг бөгөөд уг өргөдөл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагын 12.1 дэх хэсэгт заасан “Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-17.3-т заасан шаардлагыг биелүүлнэ” гэсэн заалтыг хангаагүй байна.

      Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйл, Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага, 17.2.3 дахь хэсэгт зааснаар “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байна.

      Иймд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12.1 дэх хэсэгт заасан шаардлага зөрчигдсөн тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

       Гуравдагч этгээд “М” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9, 49.7, 60.9, Засгийн газрын 2014 оны 239, 2015 оны 511 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Ашигт малтмалын газраас 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зарлагдсан  Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг 5801.27 га бүхий “Б” нэртэй, СШ-608 кодтой талбайн нээлттэй тендер сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016.04.19-ний өдрийн 286 дугаар шийдвэрээр ... тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг  олгосон.

       Манай компани нь зохих хууль, журмын дагуу нээлттэй тендер сонгон шалгаруулалтад оролцож  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа бөгөөд уг талбай дээрээ хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу эрэл хайгуулын ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа ба Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/295 тоот захиргааны актын улмаас манай компанийн үйл ажиллагаанд хохирол учраагүй болно.

       Иймд Дорноговь аймгийн Засаг даргын 2016.03.10-ны өдрийн 1/295 тоот захиргааны актыг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгөхийг хүсье.

Тус компани нь Улаанбаатар хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд анх “Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/295 тоот захиргааны актыг хүчингүй болгуулж, тус компанид Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан  боловч шүүх хуралдааны явцад  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/295 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилж байгаагаа илэрхийлсэн  учир тус шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн “аймгийн Засаг даргын 2016 оны 1/295 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан хэлэлцэж, харин “Г”  ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах шаардлагаасаа татгалзсан гэж үзэж шийдвэрлэсэн болно.

 

         Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/295 тоот албан бичгээр  нэхэмжлэгч “Г” ХХК-ийн, тус аймгийн Алтанширээ сумын нутаг, Шохойт нэртэй газарт байрших 400 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан талбай, сонгон шалгаруулалт явуулахаар санал хүлээгдэж байгаа талбайтай давхцалтай учир зөвшөөрөл боломжгүй гэсэн дүгнэлт ирүүлсэн тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй“ гэсэн хариуг хүргүүлжээ.

       Нэхэмжлэгч хуулийн этгээдээс аймгийн Засаг даргын дээрх албан бичгийг илт хууль бус захиргааны акт гэж үзэж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  “...Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоол нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон тухай тогтоол биш, ...Кадастрын хэлтэс нь...зөвхөн ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай...давхацсан эсэхийг тогтоож...дүгнэлт гаргахаар хуульчилсан, ...хууль зөрчсөн дүгнэлтэд үндэслэн аймгийн Засаг дарга шийдвэр гаргасан нь хууль бус үйлдэл, ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т зааснаар сонгон шалгаруулалт явуулахаар хүлээгдэж байгаа талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад хамаарахгүй...” гэж тодорхойлсон, хариуцагч нь “...эрх бүхий этгээдийн ирүүлсэн дүгнэлтийг үндэслэсэн, нэгэнт сонгон шалгаруулалт явуулахаар хүлээгдэж буй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй...” хэмээн маргаж байна.

       Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга /Засаг даргын ажлын албаны холбогдох мэргэжилтэн/  нэхэмжлэгч “Г” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр огноолж гаргасан , тус аймгийн Алтанширээ сумын нутаг Шохойт нэртэй газарт байрших 400 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч  зохих ажиллагааг хийлгэхээр холбогдох байгууллага /хуучнаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс/-д хүргүүлснээр  тус байгууллагаас  2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 6/1235 тоот албан бичгээр “Өргөдөлд дурдсан талбай нь Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан талбай, сонгон шалгаруулалт явуулахаар аймгийн санал хүлээгдэж байгаа талбайтай давхцалтай тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй...” гэсэн дүгнэлт ирүүлсэн  нь дээрх захиргааны акт /Засаг даргын 2016 оны 1/295 тоот албан бичиг/-ыг гаргах үндэслэл болжээ.

       Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д “...төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэж заасныг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг хавсралтаар баталсан, үүнд нэхэмжлэгч “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан тус аймгийн Алтанширээ сумын нутаг, Шохойт нэртэй газарт байрлах 400 га талбай бүхэлдээ багтсан, тодруулбал сонгон шалгаруулалтаар олгох талбайтай 396.04 га-гаар, өргөдлөөр олгох талбайтай  1.96 га-гаар тус тус давхцалтай  нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдож  байх ба  талууд энэ талаар  маргаагүй байна.

       Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Аймаг...-ийн Засаг дарга ...өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагааг явуулна”, 14.1.4-т “...өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад…хүргүүлэх”, 14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг...-ийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш...энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг  гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ”, 14.3-т “Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд...бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ”,10 дугаар зүйлийн 10.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 10.1.3-т “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх  талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлнэ” хэмээн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тус тус зохицуулжээ. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй  үндэслэлүүд хамаарах ”тусгай хэрэгцээний газар”-ыг  Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газар, ”нөөцөд авсан талбай”-г урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн мэдэлд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг зогсоосон талбайг хэлэхээр тус тус тодорхойлжээ.

      Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор батлагдсан талбайгаас буюу тус аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт хамаарах талбайгаас гуравдагч этгээд “Ш” ХХК-д 149.80 га талбайг өргөдлөөр, “М” ХХК-д 5801.27 га талбайг сонгон шалгаруулалтаар тус тус хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон улмаар эдгээр талбайтай нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан 400 га талбай давхцалтай, тодруулбал “Ш” ХХК-ийн талбайтай 1.96 га-гаар, “М” ХХК-ийн талбайтай 396.04 га-гаар тус тус давхцсан  мөн гуравдагч этгээд “Ш” ХХК  нь 149.80 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлөө Т” ХХК-д шилжүүлсэн  болох нь  тогтоогдож байх боловч ийнхүү тусгай  зөвшөөрөл олгосон, шилжүүлсэн ажиллагаа нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан  хугацаанаас хойш хийгдсэн байх тул нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбайг хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхацсан гэж үзэх боломжгүй байна. 

         Дээрх үйл баримтуудаас  үзэхэд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбай  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан “ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан” үндэслэлүүдэд хамаарахгүй байх хэдий ч энэ нь хариуцагчийн гаргасан захиргааны актыг илт хууль бус захиргааны акт гэж  үзэх үндэслэл болохгүй гэж үзлээ.

          Учир нь тухайн тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй дээрх үндэслэлүүдээс гадна  уг зөвшөөрлийг авахад тавигдах шаардлагуудыг хуулиар тусгайлан тогтоожээ.  Тухайлбал Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-17.3-т заасан шаардлагыг биелүүлнэ”, Ашигт малтмалын тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.2-т “Өргөдөлд дурдсан талбай дараах шаардлагыг хангасан байна”, 17.2.3-т “...түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” хэмээн тус тус заасан. Мөн түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1.4-т “...өргөдөлд дурдсан талбай нь ... түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгохоор ... хүргүүлэх” гэжээ.

       Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан 400 га талбай нь түрүүлж өгсөн өргөдөлд /энэ нь Ашигт малтмалын газарт гаргасан түгээмлээс бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ч байж болох мөн аймгийн Засаг даргад гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ч байж болохоор байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.2.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.1.4 дэх заалтуудаас харагдана/ дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байхыг шаардаж байх бөгөөд уг шаардлагыг хангаагүй нь тухайн тусгай зөвшөөрлийг авах боломжгүй  нэг нөхцөл болохоор байна.

       Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  үзэхэд нэхэмжлэгч “Г” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө 2015 оны 12 дугаар сарын 21-нээр огноолж, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эрх бүхий албан тушаалтанд гаргасан,  гуравдагч этгээд “Ш” ХХК нь Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан өргөдлөөр олгох талбайгаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө нэхэмжлэгчээс өмнө буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ашигт малтмалын газарт гаргасан  болох нь тогтоогдож байх ба энэ нь  нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбай  түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай /“Ш” ХХК-ийн өргөдөлд дурдсан талбайтай  1.96 га-гаар давхцалтай болох нь дээр дурдсанаар тогтоогдсон/ ямар нэг байдлаар давхцаагүй байх хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй болохыг нотолж байна.

        Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ “...сонгон шалгаруулалт явуулахаар хүлээгдэж байгаа талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад хамаарахгүй, өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт явуулах талбайгаас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хориглосон зүйлгүй...” хэмээн тайлбарлаж байгаа нь ч үндэслэлгүй байна. Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т “Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1 дэх хэсэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад хамаарахгүй” гэж заасан  нь сонгон шалгаруулалт явуулах талбайгаас түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шууд авч болно гэсэн ойлголт бус харин түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад сонгон шалгаруулалт явуулахгүй, өөрөөр хэлбэл тухайн тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын бус журмаар буюу өргөдлөөр олгох талаарх зохицуулалт болно.

        Нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбай нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайтай давхцалтай байгаад болон уг тогтоолд холбогдуулан маргаагүй ч  уг тогтоолыг тухайн тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй гэх үндэслэл болгосон хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэж буй нэг үндэслэлээ “Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоол нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон шийдвэр биш, харин олгож болох талбай...” гэжээ. Монгол Улсын Засгийн газрын энэхүү тогтоолоос үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан агуулга байхгүй ч уг тогтоолоор батлагдсан талбайд тухайн тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”, 3.3-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг  тусгай хуулиар зохицуулна” гэж тус тус заасан бөгөөд Засгийн газар энэхүү шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын  саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэж заасныг үндэслэл болгожээ.

      Мөн  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”, 3.3-т “...Засгийн газрын шийдвэрээр  авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан  тусгай журмаар зохицуулж болно”, 8 дугаар зүйлийн 8.2-т “...бусад тусгай хэрэгцээний газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн тус тус зааснаас үзэхэд Монгол Улсын Засгийн газар түгээмэл тархацтай ашигт малтмалтай холбоотой  зөвхөн эдгээр асуудлаар л шийдвэр гаргахаар байна.

       Хуулийн дээрх зохицуулалтууд болон Ашигт малтмалын газраас ирүүлсэн тайлбараас  үзэхэд Засгийн газрын 2014 оны  239 дүгээр тогтоолоор түгээмлээс бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоожээ гэж үзэхээр байх ба уг тогтоолоор нэгэнт батлагдсан талбайтай давхцуулан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тул хариуцагчийн гаргасан захиргааны акт үндэслэл бүхий байна гэж үзлээ.

       Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагчийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул  нэхэмжлэгчийн гаргасан “Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 1/295 тоот албан бичиг болох захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

         Харин хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээс олгосон итгэмжлэлд  заасан эрхийнхээ хүрээнд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нэг болох “Г” ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг хариуцагч аймгийн Засаг даргад даалгах” шаардлагаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар “нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан” гэж үзэх үндэслэл болж байх тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

        Гуравдагч этгээдүүдэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир тэдгээрийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар мөн шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

 

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг,  Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн  “Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/295 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн буюу “Г” ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь хэсэгчлэн татгалзсан “Г” ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СИЙЛЭГМАА