Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 0023

 

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0023

Улаанбаатар хот

Г.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Г.Д, хариуцагч С.У, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, гуравдагч этгээд М.Г нарыг оролцуулан хийж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Д-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилохыг мөн газрын даргад даалгах гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Г би эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь, ХХҮГ-ын шинэчлэн боловсруулсан ажлын байрны тодорхойлолтыг шинжлэн судлалгүйгээр Г.Д-г ажилд томилохыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт, Захиргааны хэргийн анхан шатны шүүх даалгаж байгаа нь төрийн албатай холбоотой хууль тогтоомжуудыг зөрчиж гуравдагч этгээд миний эрхийг үл хүндэтгэсэн шийдвэр гаргасанд хүлээн зөвшөөрөх боломжгүй гомдолтой байна.

Миний бие нь нийгмийн хамгааллын салбарт 13 дахь жилээ ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч, мэргэшсэн нийгмийн ажилтан бөгөөд миний өмнө эрхэлж байсан Захиргаа, хяналтын албаны даргын ажлын байрны тодорхойлолтод нийгмийн халамжийн сангаас олгож буй тэтгэвэр тэтгэмжийн олголтын байдал, гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авахтай холбоотой чиг үүргүүд хэвээр хадгалагдан үлдсэн, нөгөө талаар миний ажлын туршлага, мэргэшлийн байдлыг харгалзан намайг энэхүү албан тушаал дээр томилсон гэж ойлгож байгаа.

Иймд Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул гомдол гаргаж байна. гэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.У би эс зөвшөөрч давж заалдах гомдол.гаргаж байна.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэр нь "шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна" гэж хариуцагч тал үзэж байна.

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх ХХҮГ-ын дарга С.У миний 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгосон захиргааны хэргийн шүүхийн дээрх шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтыг буруу тайлбарлаж, буруу хэрэглэж байна.

Тухайлбал тус шүүхээс"... нэхэмжлэгч Г.Д-ийн өмнө эрхэлж байсан HXYX-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоо өөрчлөн байгуулагдсан ХХҮГ-т 2 болон нэмэгдсэн тул тэрээр өмнө эрхэлж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах давуу эрхтэй...", мөн иргэн Г.Д-г "... хуучин НХҮХ-ийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байсан тул тус хэлтсийн даргын 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар уг албан тушаалд томилсон байна..." гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Тодруулбал, энэхүү дүгнэлтийг гаргахдаа Г.Д-ийн өмнө эрхэлж байсан албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлага, шинээр боловсруулсан ажлын байрны тодорхойлолтыг бүрэн хэмжээнд нягтлан судлаагүй байна гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Г.Д-г ажилд нь буцаан томилохыг Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгаж байгаа нь төрийн албатай холбоотой хууль тогтоомжуудыг зөрчихийг хариуцагч талд үүрэг болгосон байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, ... орон тоо хасагдсан гэж заасныг баримтлан Г.Д-г Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрнаас чөлөөлсөн байна.

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр тушаалаар Аймаг, нийслэл, дүүргүүдийн орон тоо зохион байгуулалтын бүтэц батлах тухай тушаалын хавсралтаар Өвөрхангай аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн бүтцэд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтний орон тоог 1 байхаар баталсан ба тухайн ажлын байранд Г.Д нь Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогджээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолуудаар батлагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай тушаалын хавсралтаар Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн 2 орон тоотой байхаар батлагдсан байна.

Дээрхээс үзэхэд төрийн байгууллагууд нэгдэж шинээр бүрдсэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байр 2 орон тоотой байхаар батлагдсан байна. Хариуцагчаас уг 2 орон тооны 1-д нь Хөдөлмөрийн хэлтэст уг албан тушаалыг эрхэлж байсан хүнийг томилсон гэж тайлбарлаж байна. Үүнээс үзвэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэгдсэн 2 байгууллагад өмнө нь байсан хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэг, нэг орон тоо хоёулаа хадгалагдан үлдсэн бөгөөд хуучин Хөдөлмөрийн хэлтэст уг албан тушаалд ажиллаж байсан хүнийг шинэ байгууллагын 1 орон тоон дээр нь үргэлжлүүлэн томилон ажиллуулсантай адил анх Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст уг албан тушаалд ажиллаж байсан Г.Д-г 1 орон тоон дээр нь үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байжээ. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан ажлын байр хасагдаагүй байна.

Хариуцагчаас гаргасан давж заалдах гомдолд шинээр боловсруулсан ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй тул Г.Д-г томилоогүй гэжээ.

Хоёр төрийн байгууллага нэгдэж нэг байгууллага болсон боловч Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг хэвээр байгаа учир уг албан тушаалд тавигдах шаардлагыг ханган ажиллаж байсан Г.Д-г шинээр батлагдсан тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангахгүй гэж дүгнэх нь ойлгомжгүй, ийм шаардлага тавьж чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй байна. Тиймээс шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг Г.Д хангахгүй байгаа гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Гуравдагч этгээд М.Г-ын Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст эрхэлж байсан Захиргааны хяналтын албаны даргын орон тоо хасагдсан нь Г.Д-ийн эрхэлж байсан мэргэжилтний албан тушаалд томилогдох үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд М.Г нь өөрийн эрхэлж байсан албан тушаал шинээр зохион байгуулсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хасагдсан бол Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхийг шаардах эрхтэй болохоос өөр албан тушаалд ажиллаж байсан хүнийг чөлөөлж, уг өөр албан тушаалд томилогдох үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Ц.ЦОГТ