| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Азжаргал |
| Хэргийн индекс | 21150027700279 |
| Дугаар | 2023/ДШМ/08 |
| Огноо | 2023-03-13 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2023/ДШМ/08
Э.Т*******, Н.М******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Э.Гантулга,
Яллагдагч Э.Т*******, Н.М*******,
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Дашдорж /цахим/, Р.Нямцэрэн /цахим/,
Нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэлийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/41 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Э.Т*******, Н.М******* нарт холбогдох эрүүгийн 2115002770279 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Э.Т
Монгол Улсын иргэн, Н.М
Э.Т*******, Н.М******* нар нь бүлэглэн албан тушаалаа урвуулан ашиглаж Булган аймгийн Засаг даргын тамгын газарт их хэмжээний хохирол буюу 106 579 050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас: Э.Т*******, Н.М******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/41 дугаар захирамжаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.М*******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т******* нарт холбогдох эрүүгийн 2115002770279 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Булган аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Гантулга эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...1. Яллагдагч Э.Т*******, Н.М******* нарт холбогдох эрүүгийн 2115002770279 дугаартай хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг бодитой тогтоох зорилгоор “И*******” ХХК-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд заасны дагуу шинжээчээр томилж шинжээч Э.Ганбаатар 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №81/01 дугаартай дүгнэлтийг гаргасан байна.
Уг дүгнэлтийг гаргахдаа Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 22 цэцэрлэгээс ирүүлсэн хөрөнгийн жагсаалт, түүнийг тодорхойлсон зурагт үндэслэж дүгнэлт гаргасан ба энэ нь зах зээлд ижил үнээр зарагддаг ижил төрлийн бараанд харьцуулах байдлаар дүгнэлт гаргасан байна. Энэ талаар ч Булган аймгийн 22 цэцэрлэгт тоглоом нийлүүлсэн “Б*******” ХХК-ийн захирал Д.Б*******гийн өгсөн “...Тоглоомоо БНХАУ-аас захиалж авдаг. Аж ахуйн нэгжээр гаалийн бүрдүүлэлт хийгээгүй ээ. Хувь каргоны компаниар дамжуулаад бага багаар нь зөөж авчирсан. Тиймээс гаалийн мэдээнд гарахгүй...” гэсэн /2-р ХХ-ийн 31-33/ мэдүүлгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл зах зээлд ижил үнээр зарагддаг, ижил чанар стандарттай барааг зах зээлийн үнээс хэт дээгүүр үнээр худалдан борлуулсан үйлдэлд тодорхой дүгнэлт гаргасан байна гэж үзэхээр байна.
Мөн дээрх нөхцөл байдалд эргэлзээ төрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 22 цэцэрлэгийн 1 цэцэрлэгийг шүүх хуралдааны явцад сонгон авч үзлэг хийх бүрэн боломжтой ба энэ нь хэргийг шийдвэрлэхэд илүү итгэл үнэмшил, бодит байдалтай нийцэж байгаа болохыг дурдъя.
2. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5-д “төсөв” гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг гэж,
4.1.6-д "улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг гэж,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлд: Төсвийн ерөнхийлөн захирагч, түүний бүрэн бүрэн эрх... 14.1-д Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна... 14.1.20-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч... 14.2.5-д өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилжээ.
Дээрх хуульд заасны дагуу Булган аймгийн хэмжээнд хуваарилагдсан төсвийн хэмнэгдсэн зардлаас 22 цэцэрлэгт хуваарилсан төсвөөс бараа материал авахыг дээд шатны
албан тушаалтан болох Э.Т*******, Н.М******* нараас үүрэг чиглэл өгсний дагуу “Б*******” ХХК, “Н*******” ХХК-иудтай үнийн саналыг судлалгүйгээр тоглоом худалдан авах гэрээ байгуулсан байна гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас тухайн цэцэрлэгт хохирол учирсан бус Булган аймгийн төсөвт хохирол учирсан болох нь илэрхий байна.
3. Хэрэгт яллагдагч Н.М******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс дээд шатны прокурорт гомдол гаргасан ба дээд шатны прокуророос гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсний дараа хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4/244 тоот яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч Э.Т*******өд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 40 минутад, яллагдагч Н.М*******д 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 02 минутад яллах дүгнэлтийн хувийг гардуулж өгч хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд шилжүүлэх явцад Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргасан эсэх талаар хэлж мэдэгдээгүй, мөн нөгөөтээгүүр дахин гомдол гаргах шалтгаанаар болон өөр бусад шалтгаанаар яллах дүгнэлтийг гардан авахаас татгалзаагүй байгаа нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул Булган аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №2023/ШЗ/41 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг зөрчсөн, захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хүчингүй болгуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.
Яллагдагч Э.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Бид 2-5 насны хүүхдүүдийн суралцах орчинг таатай болгож, сургуулийн ойр орчмыг тохижуулах ажил хийсэн. Уг асуудалд хөрөнгө мөнгө шийдэж өгөлгүй олон жил болсон. Уг асуудалд цэцэрлэгүүд саналаа мөн ирүүлсэн байгаа. Энэ мөнгийг орон нутгийн төсөвт оруулах боломж байхгүй, тухайн үед 2020 он буюу ковидын нөхцөл байдлын үе байсан. Тухайн ковидын үед хичээл сургалтын үйл ажиллагаа бараг тасарсан. Сургууль, цэцэрлэгийн хэмнэгдсэн төсөв эрүүл мэндийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Гэрчүүдийг шүүх хуралдаанд биеэр оролцуулах ёстой гэсэн тайлбарыг хэлсэн. “И*******” ХХК нь зах зээлийн үнэлгээг тооцож 106,000,000 төгрөг гэж дүгнэсэн. Бидний тооцоолоогүй тоо байгаа. Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн Монгол Улсад орж ирэхдээ нэг ижил үнээр орж ирэх ёстой юу, үгүй юу гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ гэвэл би сургуулийн хүүхдүүдэд бөмбөг авах хэрэгцээ гарч байгаа. Уг бөмбөг нь 400,000 төгрөгийн үнэтэй. Ийм үнээр бөмбөг аваад урт удаан хэрэглэх үү эсвэл 40,000 төгрөгийн бөмбөг аваад 1 сарын хугацаанд хэрэглэх үү гэдгийг сонгох хэрэгтэй. Мэдээж 400,000 төгрөгөөр бөмбөг авах сонголтын сонгоно. Мэргэжлийн хяналтын байгууллага бидний худалдаж авсан тоглоомыг чанар стандартад нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Зөвхөн зах дээр байгаа үнэтэй жишиж хэлэх нь үндэслэлгүй. Төсвийн шууд захирагч нар бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан учраас хохирогчоор Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг 22 цэцэрлэг хохирогчоор тогтоогдох ёстой гэж үзэж байна” гэв.
Яллагдагч Н.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анхан шатны шүүхэд тайлбар мэдүүлгээ өгсөн байгаа. Миний яллах дүгнэлт гардан авсан эсэхэд хугацааны хувьд зөрүүтэй тайлбар прокурор хийсэн. Би 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 15 минутад хэргийг шүүхэд хүлээлгэн өгч байхад үүднээс “Монгол шуудан” ХК-ийн ажилтан над руу залгаж бичиг ирсэн байна гэж хэлсэн” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Дашдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтоох ёстой. Мөн хохирогч хэн байгаа талаар зайлшгүй тогтоох хэрэгтэй. Хавтаст хэрэгт үнэлгээний хэд хэдэн байгууллагыг оролцуулсан. Зарим үнэлгээний байгууллага татгалзсан байсан. Татгалзсан учир нь тоглоомын үнэ бодит байдлаар ирээгүй учраас дүгнэлт гаргах боломжгүй гэсэн байсан. Шүүх шинжилгээний дүгнэлт гарахдаа цэцэрлэгийн багш нараас ирүүлсэн баримтыг хүлээж авсан, гэтэл хил гаалиар орж ирсэн талаарх баримт гаргуулаагүй. Шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа хил гаалийн баримтууд ирдэг. Гэтэл шүүх шинжилгээний дүгнэлт үнэн бодитой байх нөхцөл байдал алдагдсан байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Уг тоглоомууд нь чанарын шаардлагад нийцсэн байна гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Ийм учраас хохирлыг бодитой тогтоох хэрэгтэй байна. Хор уршиг хохирлын асуудлыг бодитой тогтоож байж хуулийн зүйлчлэлд хамаарна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т төсвийн шууд захирагч нарыг заасан. Ийм учраас энэ гэмт хэрэгт хохирогчоор цэцэрлэгүүд байна. Хохирлын асуудлыг бодитой тогтоох хэрэгтэй байгаа. Прокурорт гомдол гаргахдаа дээд шатны прокурорт гомдол гаргана. Заавал тухайн шатны прокурорт мэдэгдэх журам байхгүй. Улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2/34 дугаартай тайлбар шүүхэд бичиж хүргүүлсэн. Тодорхой хэд хэдэн үндэслэлээр бичсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан. Урьдчилсан хэлэлцүүлгийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1-т заасан үндэслэлээр гэсэн тодорхой бус хүсэлт өгсөн байдаг. Яллагдагч Э.Т******* хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж хэрэгтэй танилцсан. Өмгөөлөгчийн миний хувьд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаагүй, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах талаар тайлбар хэлээгүй. Хохирол төлбөрийн хувьд 106.000.000 төгрөг байгаа. Прокурорын эсэргүүцэлдээ төсвийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг дурдсан. Үүнийг хангалттай биш байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн мэтгэлцээний асуудал дээр уг зүйл заалтыг дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй байна гэж үзэж байна. Ийм учраас давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд шийдэх нь зүйтэй байна гэж үзэж байна” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т тус тус зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч Э.Т*******, Н.М******* нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Булган аймгийн прокурорын газраас яллагдагч Э.Т*******, Н.М******* нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бодитой тогтоогоогүй, хэрэгт нотолбол зохих зүйл бүрэн нотлогдоогүй...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдол бүхий зарим нөхцөл байдалыг хангалттай шалгаж тодруулаагүй байх бөгөөд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүд, тухайлбал (1) гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээдийг бодитой тогтоосон эсэх, (2) хохирлын хэр хэмжээг бүрэн гүйцэд бодитой тогтоосон эсэх, (3) оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан зэрэг нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах” тухай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл хуульд заасан нотлогдвол зохих үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хохирлын хэмжээг бодитой тогтоож, хохирогчийн зөв тодорхойлох нь тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан байх тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй.
Иймд нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүх гарч буй эрх зүйн акт болох шүүгчийн захирамжид яллагдагчийн овгийн үсгийг бичихдээ буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргаж байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/41 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ