Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/283

 

 

 

 

 

 

     2023          3             09                                         2023/ДШМ/283

 

 У.Т, Н.Э, Б.Р,

Э.Э, Э.У нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Майбаяр,

хохирогч А.Б-ийн өмгөөлөгч А.Ариунаа,

яллагдагч У.Т-ийн өмгөөлөгч Б.Батсүрэн,

өсвөр насны яллагдагч Э.Э-ийн өмгөөлөгч Ю.Тогмид,

өсвөр насны яллагдагч Э.У-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/140 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Майбаярын бичсэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар эсэргүүцлийг үндэслэн У.Т, Н.Э, Б.Р, Э.Э, Э.У нарт холбогдох 2211 00000 1563 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ............... овгийн ...............-гийн Т, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .................. төрсөн, .. настай, э..эгтэй, боловсрол.., мэргэжил..., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ............ийн хамт ................ дүүргийн .. дугаар хороо, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.........................../,

2. ..................... овгийн ......................-ийн Э, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ......................... төрсөн, ... настай, э.эгтэй, ................... боловсролтой, мэргэжил..., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .................. нарын хамт ................. дүүргийн .. дугаар хороо, ...................... тоотод оршин суух, /РД: ..................../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн, 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

3. ........... овгийн ...............-ын ................, 20.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ............... төрсөн, .. настай, э..эгтэй, ................ боловсролтой, мэргэжил.., ............... ажилладаг гэх, ам бүл .., .......... хамт .. дүүргийн .. дугаар хороо, .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.........................../,

4. .......... овгийн -...........ын Р, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ..................... төрсөн, .. настай, э..эгтэй, ............. боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ............... хамт ............. дүүргийн .. дүгээр хороонд оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............./,

5. ............. овгийн ...............-ын ..................., 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .................. төрсөн, ... настай, э..эгтэй, ............. боловсролтой, ............... дүгээр ангид сурдаг, ам бүл .., ........ нарын хамт ........ дүүргийн .. дугаар хороо, ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..................../.

Яллагдагч У.Т, Н.Э, өсвөр насны яллагдагч Э.У, Б.Р, Э.Э нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 16-291Б тоотод байрлах нийтийн байрны 11 тоотод хохирогч А.Б-ийн банкны картын нууц дугаар, гар утас, цаг зэрэг эд зүйлийг авах зорилгоор цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн, мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа яллагдагч У.Т, Н.Э, өсвөр насны яллагдагч Э.Э нар нь бүлэглэн хохирогч А.Б-ид хүч хэрэглэн довтлохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч У.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16-291Б тоотод байрлах нийтийн байрны 11 тоотод дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хамтран үйлдсэн хүмүүсээс зөрж, хохирогч А.Б-ийг шатааж, онц харгис хэрцгий аргаар алахыг завдсан,

яллагдагч У.Т нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний шөнө 02 цаг 50 минутын орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24 дүгээр гудамжинд хохирогч Ц.М-ын Айфоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэж авсан, мөн яллагдагч У.Т нь Ц.М-ын эд зүйлийг авахаар хүч хэрэглэх явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: У.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.6 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар,

Н.Э, Э.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

Э.У, Б.Р нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч Ц.М, гэрч Х.Э, Ц.Э болон У.Т-гийн гэрчээр, яллагдагчаар, насанд хүрээгүй Э.У-ын гэрчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, танилцахад 2022 оны 5 дугаар сарын 31-ний шөнө 02 цаг 50 минутын үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24 дүгээр гудамжинд хохирогч Ц.М-ын Айфоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэж авсан, мөн яллагдагч У.Т нь Ц.М-ын эд зүйлийг авахаар хүч хэрэглэх явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэхэд насанд хүрээгүй гэрч Э.У нь хамт байсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Мөн гэрч Ц.Э мэдүүлэхдээ Э.У-ыг “...цүнхнээсээ саарал өнгийн Iphone 11 рrо загварын гар утас гаргаж ирээд буцаад цүнхэндээ хийсэн” гэж мэдүүлдэг, насанд хүрээгүй гэрч Э.У нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдэх үед У.Т-гийн хажууд гэмт хэрэг эхлэхээс дуусах хүртэл хугацаанд хамт байсан, мөн У.Т-гийн хохирогч Ц.М-аас авсан Iphone 11 загварын гар утсыг өөрийн цүнхэндээ хийсэн байсан талаар гэрч Ц.Э мэдүүлсэн байна. Иймд насанд хүрээгүй гэрч Э.У-ыг яллагдагч У.Т нь дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал байгаа эсэх, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болохыг лавтай сайн мэдсээр байж уг эд зүйлийг өөрийн цүнхэнд хадгалж яллагдагч У.Т нь зарж борлуулан ашиг олж уг мөнгийг зарцуулах хүртэл хугацаанд авсан, эзэмшсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа эсэхийг тогтоож мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай.

Хохирогч А.Б, гэрч Ц.Э, Д.О болон У.Т, өсвөр насны Э.У, Б.Р нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судалж, танилцахад өсвөр насны яллагдагч Б.Р-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ. Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж заасныг хэрэглэсэн байна. Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудтай танилцахад өсвөр насны яллагдагч Б.Р нь яллагдагч У.Т-д дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх талаар дохио зангаа байдлаар хариулсан талаар оролцогч нар мэдүүлжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэгт хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ гэж заажээ. Өсвөр насны яллагдагч Б.Р-ын үйлдлийн шинж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцохдоо гүйцэтгэгчээс гадна гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон оролцоо байгаа эсэхийг шалган тогтоох мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулах,

хохирогч А.Б, өсвөр насны яллагдагч Б.Р нарын мэдүүлэгт яллагдагч У.Т хутга, заазуур зэргээр сүрдүүлсэн талаар мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, довтолгоон эхэлснээр бүрдэл төгсдөг гэмт хэрэг болохын хувьд хутга, заазуур зэргийг зэвсэг болгон ашиглаж хохирогчийг айдас түгшүүрт автуулж, дээрэмдэх үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх, сэтгэхүйн хувьд эсэргүүцлийг дарах зэрэг зорилгоор хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ гэж заасныг журамлан хохирогч А.Б-ийг алахаар завдсан үйлдэлд яллагдагч У.Т-г зөрж гүйцэтгэсэн гэж прокуророос дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Гэтэл энэхүү нотлох баримтуудтай танилцахад хэдийгээр шатаах үйлдлийг У.Т гүйцэтгэсэн гэх боловч зөрж гүйцэтгэх гэх хуульд заасан нөхцөлд хамаарч байгаа эсэхэд дүгнэлт хийж, бусад оролцогчидын үйлдэл оролцоо байгаа эсэхийг тогтоох, мөн хохирогч А.Б-ийг шатаасны дараа түүнийг дахиж зодсон, мөн жалганд хаясан гэх үйлдлүүд нь хохирогчийн амь нас аюултай нөхцөл байдалд очсон болохыг лавтай сайн мэдсэн атлаа үйлдлээрээ нэгдэж хохирогчийн амь нас хохирч болзошгүй хохирол, хор уршигт хүрэх нөхцөлийг санаатай бүрдүүлсэн гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл, оролцоо оролцогч нарын хувьд байгаа эсэхийг шалган тогтоох зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байна.

Мөн хэргийн нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч В.Н /ГССҮТ- ийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эмч/, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэний нэхэмжлэгч Б.Ө нарын мэдүүлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх болон бусад нотлох баримтуудтай танилцахад хохирогч А.Б эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, тэр дундаа шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрүүл мэндийн хувьд боломжтой эсэхийг эмчлэгч эмчээс мэдүүлэг авах, хохирогчийн эрүүл мэндийн байдлыг тогтоосны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хохирогч А.Б нь эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоож, хууль ёсны төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу томилох ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ гэж тус тус заасан тул хууль ёсны төлөөлөгч тогтоох нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа биш тул хэргийг прокурорт буцааж хууль ёсны төлөөлөгч тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй юм.

Хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирлыг хэний үйлдлээр үүсгэгдсэн, мөн бусад оролцогч нар ямар үйлдэл оролцоотой байсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг хуулийн дотор иш татан хэрэглэдэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 14 төрлийн хүндрүүлэх шинжийн аль шинжийг хангаж байгаа зэргийг тодорхойлох, эргэлзээтэй байдлыг арилгах шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Майбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн өмгөөлөгч А.Ариунаагаас гаргасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлт, ялладагч Н.Э-ы өмгөөлөгч О.Санчирбалаас гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол ойлгомжгүй тухай гомдолд прокурорын зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг тодорхой дурдаж, нотлох баримтуудыг зааж хариу талбайрыг гаргасан бөгөөд хохирогчийн болон яллагдагч нарын өмгөөлөгч нараас ч мөн адил нотлох баримтуудыг дурдаж, хүсэлт, тайлбараа гаргасан болно. Прокурорын зүгээс яллагдагч У.Т-г ганцаараа 2022 оны 5 дугаар сарын 31-ний шөнө 02 цаг 50 минутын үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24 дүгээр гудамжинд хохирогч Ц.М-ын Айфоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэж авсан, мөн хүч хэрэглэх явцдаа хохирогч Ц.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, уг хэргийг У.Т нарт холбогдох эрүүгийн 2211000001563 дугаартай хэрэгт нэгтгэн шалгасан. Мөрдөн байцаалтын явцад хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.М, гэрч Ц.Э, Х.Э, насанд хүрээгүй гэрч Э.У, яллагдагч У.Т-гийн яллагдагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлэг нь У.Т-г тухайн гэмт хэргийг үйлдэх үед хажууд нь Э.У байсан, У.Т-гийн хохирогчоос авсан утсаа Э.У-т өгч цүнхэнд нь хадгалуулж байсан гэдгийг л нотолж байгаагаас бус түүнийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэдгийг нотлоогүй болно. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаагаар насанд хүрээгүй Э.У нь У.Т-г дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд санаа зорилгоороо болон үйлдлээрээ нэгдээгүй, мөн түүний гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг өөрт авч ашиглаагүй, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Насанд хүрээгүй Э.У нь яллагдагч У.Т-тэй хамтран амьдардаг байсан ба түүнийг У.Т-г гэмт хэрэг үйлдэхэд нь хамт байсан гэдгээр түүнийг эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэлгүй юм.

Прокуророос яллагдагч У.Т, Н.Э, өсвөр насны яллагдагч Э.Эрхэмбаяр, Д.Р, Э.У нар бүлэглэн хохирогч А.Б-ийг дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцохдоо бүгдгийг гүйцэтгэгчээр оролцсон гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдсэн. Өсвөр насны яллагдагч Д.Р нь У.Т-д дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх талаар гараараа дохио зангаа үзүүлсэн байх боловч Д.Ренченхандыг тухайн дохио зангаа үзүүлэхээс өмнө яллагдагч У.Т нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж эхэлсэн буюу хохирогч А.Б-ийн бугуйн цагийг авсан, мөн яллагдагч нар нь хохирогчийг тухайн нийтийн байранд ирэхээс өмнө эд зүйлийг нь авах талаар урьчилсан үгсэн тохиролцсон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогдсон. Иймд прокурорын зүгээс дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдэх явцад Д.Ренченхандын үзүүлсэн дээрх үйлдлийг гэмт үйлдлээ түргэтгэх, төгсгөх талаар У.Т-д сануулж, үзүүлсэн дохио гэж дүгнэн, гүйцэтгэгчээр зүйлчилсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэг цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар яллагдагч У.Т нь хохирогч А.Б-ийн эд зүйлийг дээрэмдэх зорилгоор хутга, заазуурыг зэвсэг болгон хэрэглэсэн, хохирогч А.Б-ийн биед гэмтэл учруулсан, учруулахыг оролдсон, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ сүр хүч оруулсан, сүрдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Гэрч Ц.Э, Д.О нарын мэдүүлгээр яллагдагч Н.Э, өсвөр насны яллагдагч Э.У нарын яллагдагч У.Т-г хохирогч А.Б-ийг шатааж, онц харгис хэрцгий аргаар алахыг завдсан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм. Учир нь, тухайн гэрч нар гэмт хэрэг үйлдэх үед байгаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэний дараа буюу болсон үйл явдлыг харсан гэрч нар юм. Мөн хохирогчийг шатаасны дараа түүнийг цохиж, өшиглөсөн, мөн шатсан эд зүйлийг жалганд аваачиж хаясан гэх үндэслэлээр яллагдагч Н.Э-ыг, мөн тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хамт байсан, хохирогчийг шатаахад ашигласан будаг шингэлэгчийг хэргэлэж байсан гэх үндэслэлээр өсвөр насны яллагдагч Э.У-ыг тус тус хохирогчийг шатааж, онц харгис хэрцгий аргаар хүнийг алахыг завдах гэмт хэргийг У.Т-тэй бүлэглэж үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлгүй юм. Мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч Н.Э, өсвөр насны яллагдагч Э.У нар нь хохирогчийн амь нас аюултай нөхцөл байдалд очсон болохыг лавтай сайн мэдсэн атлаа үйлдлээрээ нэгдэж хохирогчийн амь нас хохирч болзошгүй хохирол, хор уршигт хүрэх нөхцөлийг санаатай бүрдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд зааснаар хууль ёсны төлөөлөгч томилоогүй бөгөөд томилох шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь, хохирогч А.Б нь болсон хэргийн талаар болон эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, хохирсон талаар хүсэл сонирхолоо илэрхийлж удаа дараа мэдүүлгээ өгсөн, өмгөөлөгч А.Ариунааг сонгон авсны үндсэн дээр тэрээр түүний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалж байгаагаас гадна гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр Б.Ө-ыг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч өөрөө шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт ирүүлээгүй байдаг. Гэтэл шүүхээс иргэний нэхэмжпэгчийн хэлснээр хохирогч А.Б нь шүүх хуралдаанд оролцож удаан суух боломжгүй гэж хэлсний дагуу түүний эмчлэгч эмчээс мэдүүлэг авч энэ нөхцөл байдлыг тогтоон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох. Уг ажиллагаагаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй байна.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12820, 7968 дугаартай дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээр хохирогч А.Б-ийн биед тогтоогдсон зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажилалгаагаар яллагдагч У.Т, Н.Э, өсвөр насны яллагдагч Э.Э нар нь бүгд хохирогчийн биед тухайн гэмтэл, хохирол учирсан газарт цохисон болох нь тогтоогдсон боловч яг хэний цохисон үйлдлийн улмаас тухайн гэмтэл, хохирол учирсныг ялгаж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд яллагдагч У.Т, Н.Э, өсвөр насны яллагдагч Э.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх шинжийг хангаж үйлдсэн гэж дүгнэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Мөн мөрдөн байцаалтаар хэргийн бусад оролцогч болох өсвөр насны яллагдагч Д.Р, Э.У нь хохирогч А.Б-ийн биед халдаагүй, түүнийг цохиж зодоогүй, бусад байдлаар хамтран оролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон бөгөөд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийн бодит байдыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй асуудал, нотлох баримтыг дурдаж хэргийг прокурорт буцаасан, мөн шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, Шүүхээс шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Насанд хүрээгүй яллагдагч нарын хувийн байдлын талаар тогтоовол зохих асуудлыг тогтоогоогүй” гэж заасан бол гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэгт уг заалт байхгүй. Мөн гардуулсан шийдвэрт хохирогч А.Б, өсвөр насны яллагдагч Б.Р нарын мэдүүлэгт яллагдагч У.Т хутга, заазуур зэргээр сүрдүүлсэн талаар мэдүүлсэн байдаг. ...хутга, заазуур зэргийг зэвсэг болгон ашиглаж хохирогчийг айдас түгшүүрт автуулж, дээрэмдэх үйлдэлдээ хуч нэмэгдүүлэх, сэтгэхүйн хувьд эсэргүүцлийг дарах зэрэг зорилгоор хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох, хохирогч А.Б-ийг шатаасны дараа түүнийг дахиж зодсон, мөн жалганд хаясан гэх үйлдлүүд нь хохирогчийн амь нас аюултай нөхцөл байдалд очсон болохыг лавтай сайн мэдсэн атлаа үйлдлээрээ нэгдэж хохирогчийн амь нас хохирч болзошгүй хохирол, хор уршигт хүрэх нөхцөлийг санаатай бүрдүүлсэн гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл, оролцоо оролцогч нарын хувьд байгаа эсэхийг шалган тогтоох зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байна гэж заасан бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр энэ асуудал хэлэлцэгдээгүй, шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэгт уг заалт тусгагдаагүй байсан болно. Мөн шүүхийн шийдвэрт “...хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирлыг хэний үйлдлээр үүсгэгдсэн, мөн бусад оролцогч нар ямар үйлдэл оролцоотой байсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг хуулийн дотор иш татан хэрэглэдэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 14 төрлийн хүндрүүлэх шинжийн аль шинжийг хангаж байгаа зэргийг тодорхойлох, эргэлзээтэй байдлыг арилгах шаардлагатай байна.” гэж заасан нь ойлгомжгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг зүйлчлэгдсэн байдаг бөгөөд уг хэрэгт шүүгчийн захирамжид заасан хүндрүүлэх нөхцөл байдал хуульчлагдаагүй. Прокурорын зүгээс тухайн асуудлыг бичиг техникийн шинжтэй алдаа гэж харж байгаа хэдий ч шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Хохирогч А.Б-ийн өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдвол зохих байдал нотлогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байдалтай байгаа. Гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдэхэд шалтгаалсан нөхцөл байдал зэргийг нотолж чадаагүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцсон хэлбэр зэргийг нотолж чадаагүй. Тухайлбал, Б.Р-ыг гүйцэтгэгчээр тогтоосон. Шүүгчийн захирамжид дурдсанаар Б.Р нь зохион байгуулагч юм. Учир нь Б.Р нь фейсбүүкээр А.Б-той танилцаж, өөрийн түрээсэлж байсан байрандаа дуудаж, дээрэмдэх санаачилгыг эхэлж гаргасан хүн юм. Хамтран оролцсон хэлбэрийг тогтоож чадаагүй, гэмт хэргийн зүйлчлэл тохироогүй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн байдаг. У.Т хутга, заазуурыг хажуудаа тавьж байгаад дээрэмдсэн. Зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэж байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зөвхөн У.Т-г зүйлчилсэн байдаг. Өөрөөр хэлбэл, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн. Гэтэл өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байхад нь, бүлэглэж үйлдсэн гэх зүйл ангиуд нэмэх ёстой гэж үзэж байна. У.Т-г бусдаасаа зөрж гүйцэтгэсэн гэдэг. Н.Э тухайн үед үйл явдлыг харж байсан гэрч юм. Гэтэл гэрч нар гэмт хэрэг үйлдэгдсэний дараа харсан гэдэг. Гэмт хэрэг үйлдэх үед нь харсан байдаг. Хөл гарыг нь барьж, “намайг битгий шатаагаач” гэж байх үе, мөн өшиглөж, нийтийн байрнаас хөөж гаргаад ариун цэврийн өрөө рүү оруулж байх үеийг харсан. Ийм учраас Н.Э, Э.У нарыг хамжигчаар оролцсон гэж үзэж байна. Өнөөдөр хохирогч А.Б мэдүүлэг өгөх боломжгүй, шүүх хуралдаанд суух боломжгүй байгаа нь үнэн. Биеийнх нь 70-80 хувь түлэгдсэн, гар, хөл, суга, цавь бүгд хоорондоо наалдсан маш хэцүү байдалтай байгаа. Тийм учраас А.Б шүүх хуралдаанд удаан суух ямар ч боломжгүй. Насанд хүрээгүй Э.У-ын төрсөн эцэг, эх нь байсаар байхад хууль ёсны төлөөлөгчөөр эцэг, эхийг нь тогтоогоогүй, нийгмийн ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь үндэслэлгүй байна. Мөн Э.У нь мансуурах донтой. Яагаад будаг шингээгчийг байнга үнэртдэг эсэх, яагаад будаг шингээгчийг А.Б-ийн биед нь асгах болсон, будаг шингээгчийг үнэртсэн үед мансуурдаг уу, архи согтууруулах ундааны зүйлтэй хавсарч хэрэглэхэд болсон үйл явдлыг санах уу, өөрчлөлт ордог уу гэх асуудлыг тогтоох шаардлагатай гэж урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн хүсэлтээ дэмжиж байна. Шүүх эмнэлгийн шинжилгээний тухай хууль шинэчлэн батлагдсан. Үүгээр сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох шаардлагатай. Учир нь, хохирогч А.Б их өвдөлт, олон удаагийн хагалгаанд орсон байдлаас болж сэтгэцэд нь өөрчлөлт орсон. А.Б мартаж, санаж, байнгын уйлдаг нөхцөл байдалтай байгаа. Уг гэмт хэрэг нийтийн байранд болсон байгаа. Тус нийтийн байрны түрээслэггч нь 14, 15 настай хүүхдүүдтэй түрээсийн гэрээ байгуулсан. Нийслэлийн хэмжээнд нийтийн байрны үйл ажиллагаа явуулах журам байгаа. Үүний дагуу гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тодруулах мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэнгүй. Хохирогч А.Б-ийг шатааж, өшиглөж, зодож, нийтийн байрнаас хөөж гаргаад жалганд хаясан. Энэ нь амь насанд аюултай нөхцөл байдалд орхисон асуудал мөн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч У.Т-ийн өмгөөлөгч Б.Батсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Өсвөр насны яллагдагч Э.Э-ийн өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Өсвөр насны яллагдагч Э.У-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжид Э.У-ыг “хохирогч Ц.М-ын гар утсыг У.Т-тэй хамт дээрэмдсэн хэрэгт лавтай сайн мэдсээр байж үйлдсэн, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэж дурдсан. Өмгөөлөгчийн хувьд Э.У нь тухайн үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан насанд хүрээгүй буюу өсвөр насны хүүхэд байсан. Ийм учраас ухамсарлах, лавтай сайн мэдэх гэх нөхцөл байдал байхгүй. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Насанд хүрээгүй гэрч Э.У-ыг яллагдагч У.Т нь дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх нөхцөл байдал байгаа эсэх, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болохыг лавтай мэдсээр байж уг эд зүйлийг өөрийн цүнхэнд хадгалж яллагдагч У.Т нь зарж борлуулан ашиг олж уг мөнгийг зарцуулах хүртэл хугацаанд авсан, эзэмшсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа эсэхийг тогтоож мөрдөн шалгах,

            - Өсвөр насны яллагдагч Б.Р-ын үйлдлийн шинж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцохдоо гүйцэтгэгчээс гадна гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон оролцоо байгаа эсэхийг шалган тогтоох,

            - Яллагдагч У.Т-гийн хутга, заазуур зэргээр сүрдүүлсэн үйлдэл нь хохирогчийг айдас түгшүүрт автуулж, дээрэмдэх үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх, сэтгэхүйн хувьд эсэргүүцлийг дарах зэрэг зорилготой байсан эсэх болон түүний үйлдэлд зөрж гүйцэтгэх гэх хуульд заасан нөхцөлд хамаарч байгаа эсэхэд дүгнэлт хийж, бусад оролцогчдын үйлдэл оролцоо байгаа эсэхийг тогтоох,

- Хохирогч А.Б-ийг шатаасны дараа түүнийг дахиж зодсон, мөн жалганд хаясан гэх үйлдлүүд нь хохирогчийн амь нас аюултай нөхцөл байдалд очсон болохыг лавтай сайн мэдсэн атлаа үйлдлээрээ нэгдэж хохирогчийн амь нас хохирч болзошгүй хохирол, хор уршигт хүрэх нөхцөлийг санаатай бүрдүүлсэн гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл, оролцоо оролцогч нарын хувьд байгаа эсэхийг шалган тогтоох,        

- Хохирогч А.Б эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, тэр дундаа шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрүүл мэндийн хувьд боломжтой эсэхийг эмчлэгч эмчээс мэдүүлэг авах, хохирогчийн эрүүл мэндийн байдлыг тогтоосны үндсэн дээр өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох,  хууль ёсны төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу томилох,

- Хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирол хэний үйлдлээр үүсгэгдсэн, мөн бусад оролцогч нар ямар үйлдэл оролцоотой байсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг хуулийн дотор иш татан хэрэглэдэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 14 төрлийн хүндрүүлэх шинжийн аль шинжийг хангаж байгаа зэргийг тодорхойлох, эргэлзээтэй байдлыг арилгах гэсэн үндэслэлүүд зааж хэргийг прокурорт буцаажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Анхан шатны шүүх зарим яллагдагч нарт Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог нарийвчлан тогтоох, гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг ашигласан эсэх, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгч томилох эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, яллагдагч нарын гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлуулахаар хэргийг прокурорт буцаасан нь  хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, дээрх ажиллагаануудыг хийснээр гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох зэрэг нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан, нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар бүрэлдсэн байх шаардлагатай ба түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах суурь нөхцөл болдог.

Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Майбаярын бичсэн “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/140 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Майбаярын бичсэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай

2. Хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч У.Т-д авсан цагдан хорих, яллагдагч Н.Э-д авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, өсвөр насны яллагдагч Б.Р, Э.Э, Э.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                         Н.БАТСАЙХАН

         ШҮҮГЧ                                         Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                        Т.ШИНЭБАЯР