Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2024/04980

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би

Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****-д холбогдох,

Гэм хорын хохиролд 6,011,050 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн 49-85 УБС улсын дугаартай Тоёота акуа /Toyota aqua/ маркийн авто машинтайгаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт төв зам дагуу зүүнээс баруун чиглэлтэй явж байтал баруун гар талаас буюу Оргил худалдааны төвийн зогсоолоос ******* овогтой ******* өөрийн эзэмшлийн 02-69 УБА улсын дугаартай Тоёота велфаер /Toyota Vellfire/ маркийн автомашинтайгаа гарч ирэн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, миний машиныг мөргөсөн. Тухайн үед замын Цагдаагийн газраас хэмжилт хийсэн бөгөөд иргэн Д.*******ы буруутай талаар дүгнэлт гарсан. Хохирлоо Тэргүүн үнэлгээ ХХК-иар үнэлүүлэхэд 6,011,050 төгрөг болсон. Д.******* нь одоо болтол миний хохирлыг барагдуулахгүй байгаа тул Д.*******аас 6,011,050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие тус шүүхэд Д.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Д.******* нь төлбөрөө төлсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дайриймаа овогтой ******* би 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр өөрийн эзэмшлийн Toyota vellfire маркийн 0269 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн зогсоолоос төв замруу орж явахдаа гуравдугаар эгнээнд явж байсан Aqua маркийн 4985 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зөрчил гаргасан нь үнэн.

Тухайн үед дээрхи тээврийн хэрэгслийн хохиролын үнэлгээ 6.011.050 төгрөг /зургаан сая арван нэгэн мянга тавин төгрөг/-ийн үнэлгээ гарсан.

Д.******* би тухайн тээврийн хэрэгслээ банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авсан учир жолоочийн хариуцлагын даатгал нь эзэмшигч солигдсон шалтгаанаар хүчингүй болсон байсан.

Иймд хохирогч *******д энэ талаар хэлээд надад одоо гаргаад өгөх зургаан сая төгрөг байхгүй учир машиныг чинь аваад янзлуулаад засвар үйлчилгээг нь хийгээд өгье гэж удаа дараа гуйсан боловч ******* нь машинаа өгөхгүй та нар яачих ч юм билээ би өөрөө янзлуулна. Төрийн албан хаагч байж ингэж новшрохгүй шүү, хурдан тэр мөнгө өг балай авгай минь гэх мэтээр хзл амаар удаа дараа доромжилж эхэлсэн.

Би тухайн үед ямар ч байсан хохирлыг чинь барагдуулна, чи надад хугацаа өгчих гэж хэлэхэд, би ахаараа машинаа засуулна чи хурдан тэр мөнгө өг гэж дахин нэхсэн.

Үүнээс хойш 2024 оны 05 дугаар сарын 16-ны едөр иргэн *******гийн /5026666259/ Хаан банкны дансруу 4 сая төгрөгийг шилжүүлэхэд хагас дутуу мөнгө авахгүй бүтнээр нь авна гээд миний /5014020367/ Хаан банкны дансруу буцаан шилжүүлсэн. Тухайн үед би чиний хохирлыг аль болох барагдуулах гээд арай гэж олсон 4 сая төгрөгийг шилжүүллээ. Чи өөрөө авсангүй шүү гэхэд ******* 6 сая төгрөгөө бүтэн болгож өг гэж хэлсэн. Мөн хохирогчийн эхнэр, хохирогч хоёр надруу 99150868, 80867988 дугааруудаас залгаж зүй бусаар доромжилж, мессеж бичиж байсан.

Хэдийгээр бидний дунд үл ойлголцол үүссэн ч гэсэн би иргэн *******гийн хохирлыг барагдуулна.

Д.******* би Голомт банкны цалингийн зээлэнд 1,178,770,46 төгрөг, дижитал зээлэнд cap бүр 214.939 төгрөг, Хаан банкны ногоон зээлэнд 158.900 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагад 1.717.643 төгрөг, сард нийт 3.270.252 төгрөгийг тус, тус төлдөг. Иймд дээрх иргэний хохирлыг барагдуулахын тулд сард нэг удаа буюу тухайн сарын 10-15-ны өдрийн хооронд 500.000 төгрөгөөр хуваан төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 6,011,050 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 6,011,050 төгрөгийг бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох, 6,011,050 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,127 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 55,563.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН