Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Ц,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б,

Шүүгдэгч: М.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г т холбогдох 1728000000035 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 20-нд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их Засаг Олон Улсын Их сургуулийн Эрх зүйн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Өмнөговь аймаг, Ханхонгор сум, 2 дугаар баг, Тоонотын хавчиг гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, М.Г , регистрийн дугаар КК97082011,

Шүүгдэгч М.Г  нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Ш.И гийн бие эрх чөлөөнд халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө босоод цайгаа уугаад сууж байсан. Нуурнаас ус уугаад ирж байсан хонийг Ш.И   хөөгөөд байсан. Аав “Яаж байгаа юм бол” гээд бид нар ярилцаж байгаад аав очиж уулзъя гээд гараад явсан. Ээж намайг хонио туугаад зүүн урагш нь гаргачих гээд бид 2 цуг очсон чинь маш ууртай “пизда, гөлөг” гээд хараагаад байсан. Мотоциклоо хажуугаар нь тавьчихаад манай аавыг багалзуурдаад түлхээд байсан. Удалгүй цаанаас нь ах Ш.Б  нь их уурласан байдалтай ирээд “муу сайн пизда гөлөгнүүд ална” гээд доромжлоод байсан. Манай аавыг Ш.И   багалзуурдаад байж байхад цохиж авсан. Би голоор нь ороод та болиоч, яагаад байгаа юм бэ гэсэн. Ш.Б д та одоо наад дүүгээ аваач, яасан гээд бөөнөөрөө манай аав руу давшилаад байгаа юм гэсэн. Тэгэхэд л Ш.И   манай аавыг заамдсан, нүүр нь улайчихсан аав боогдож байх шиг байсан. Тэр үед эрүүрүү нь мөргөөд, давшилаад байсан. Хэд хэдэн удаа мөргөсөн. Би тэр хоёрыг салгая гэж очоод хоёр тийш нь болгосон. Тэгсэн чинь Ш.Б  цаанаас нь орж ирснээ миний толгойруу учиргүй цохиод миний цамцнаас бариад авахаар нь би цамцаа ураад хойшоо зугтсан. Ээж цаанаас нь ирээд “хөөе болиоч та нар яагаад байгаа юм” гэсэн. Тэр үйл явдал дууссаны дараа Ш.И   зөөлхөн газар сууснаа хэвтээд өгсөн гэв.

Хохирогч Ш.И гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн орчимд мотоцикльтой малдаа явж байхад “Өгөөмөр” бригадаас манай ойролцоо нүүж очсон Д.М ын мал манай бага малтай нийлэх маягтай өөд, өөдөөсөө явж байсан. Би мотоцикльтой хоёр малын дундуур орж Д.М ын малыг буцаагаад гэр лүү нь 50 орчим метр туучихаад эргээд явж байхад Д.М , хүү М.Г тайгаа хамт араас мотоцикльтой давхиж ирсэн. Д.М  ирээд надтай мэнд мэдээд “Чи яагаад хонь хөөгөөд байгаа юм бэ?” гэсэн. Би Д.М д хандан “Та нар айлын бууцан дээр ирж буугаад яагаад бэлчээрт малаа оруулаад байгаа юм бэ?” гэхэд Д.М  “Би хаана буух газраа өөрөө мэднэ” гээд уурласан. Д.М  мотоцикль дээрээ сууж байхдаа намайг түлхсэн. Би зөрүүлээд түлхэхэд Д.М ын хүү М.Г  мотоциклоосоо буугаад намайг түлхэж унагаасан. Би мотоцикльтойгоо хамт унасан. Би босч ирээд Д.М тай түлхэлцэж байхад манай ах Ш.Б  мотоцикльтой ирсэн. Ш.Б  ирээд Д.М  бид хоёрын дундуур орж байхад М.Г  миний толгойны зүүн тал руу гараараа 1 удаа цохиж авсан. Дараа нь толгойны ар хэсэг рүү гараараа 1 удаа цохиж авсан. Миний толгой манараад газарт унасан. Нэг хэсэг ухаан балартаад, нэг мэдэхэд намайг машинд өргөөд оруулж байсан санагдаж байна. Манай гэрт би өөрийн 2 ах болон Д.М , М.Г  нарын хамт очсон. М.Г  түргэн дуудсан сумын эмч ирээд даралт ихэссэн байна. Аймаг руу авч явна гээд аймагт ирж эмнэлэгт хэвтээд байж байхад 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр М.Г ын ээж Д.Э  ирж уулзаад миний хүүг хэрэг төвөгт оруулахгүй байгаач эмчилгээний мөнгө өгнө гэж хэлээд явсан. Маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр М.Г  ирээд намайг уучлаарай миний буруу би таныг хохиролгүй болгож өгнө гэсэн. Би эмчилгээний зардал өгчихвөл би ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлээд гар бариад явуулсан. Маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр М.Г ын ээж Д.Э  байн байн залгаад байхаар нь утсаа авсан чинь мөнгө өгье хэдэн төгрөг авах уу гээд асуугаад байсан. Би 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гэж хэлж байгаад ор хоногийн мөнгө их гардаг гэхээр нь “2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг байвал болох уу” гэхэд “болно, болно” гээд удалгүй Д.Э , М.Г  нар ирээд 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг өгөөд эмчилгээний зардал өгсөн гэсэн бичиг хийж ирсэн байсан. Түүн дээрээ гарын үсэг зуруулаад явсан. Тэрнээс хойш хэд хоногийн дарааг нь санахгүй байна эмнэлэгт байхад М.Г  ирээд “Та ямар сонин хүн бэ? эмчилгээний зардлын мөнгө өгчихөөд байхад Цагдаад хэлсэн байх юм” гээд ууртай хэлчихээд явсан. Түүнээс хойш тэр хүмүүстэй дахин уулзаагүй. Би 10 хоног эмнэлэгт хэвтээд эмнэлэгээс гарсан ч биеийн байдал нэг л сайн болохгүй толгой өвдсөн хэвээрээ байна. Би Д.М тай малын бэлчээрээс болж муудалцсан юм. М.Г тай хэрэлдэж маргалдсан, яг юу гэж хэрэлдсэн талаараа сайн санахгүй байна. М.Г  хэрэлдэж байгаад намайг 2 удаа цохиж авсан. Би тэд нарт гар хүрээгүй М.Г  миний толгой руу гараараа 2 удаа цохиж гэмтээсэн. Миний тархи толгой их өвдөж байгаа. Одоо толгой их өвдсөн хэвээрээ байна. М.Г т цохиулахаас өмнө 2016 оны 07 дугаар сард зүүн талдаа бага хэмжээний харвалт өгч эмнэлэгт нийт 20 хоног хэвтэн эмчлүүлж байж зүгээр болсон. Бусдаар бол хууч өвчин бол байхгүй. Бариачид 2 удаа бариулсан, гэхдээ л толгой дүүрээд өвдөөд байдаг юм. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол,санал байхгүй. Гомдол санал байхгүй учраас хэргийн материалтай танилцахгүй. Мөн шүүх хуралд суух шаардлага байхгүй гэж бодож байна...” гэжээ. /хх-7-8/,

Гэрч Ш.И гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө хониндоо явж байтал Өгөөмөр багийн малчин Д.М ын хонь манай хоньтой ойрхон байхаар нь малыг нь цааш нь туучихаад эргээд хонь руугаа явж байтал Д.М  хүү М.Г тайгаа хамт мотоцикль унаж ирээд яагаад хонь элдээд байгаа юм бэ гэж хэлэхээр нь та нар яагаад айлын бууц, өвөлжөөний ойролцоох малын бэлчээр идээд байгаа юм бэ гэж хэлээд бид нар хоорондоо маргалдаад Д.М  бид хоёр хоорондоо нэгнийгээ түлхэлцэж байсан чинь миний төрсөн ах Ш.Б  хүрч ирээд бид нарыг салгаж байтал Д.М ын хүү М.Г  нь миний зүүн шанаанд гараараа нэг удаа толгойны ар дагз руу гараараа нэг удаа цохьсон чинь миний толгой манараад газар хэвтсэн. Миний толгой өвдөж манараад босч чадахгүй байсан чинь тэд нар утсаар яриад эмнэлэг дуудсан. Миний нэг ах Ш.Ө  машинтай ирээд намайг машинд суулгаад гэрт хүргэж өгсөн. Гэрт байж байсан чинь сумаас эмч ирээд намайг аймгийн эмнэлэгт хүргэсэн. Д.М  бид хоёр нэгнийгээ түлхэлцэж маргалдсан, цохьсон зүйл байхгүй. Толгойн зүүн талд хөндүүр, баруун чих дүйрээд, шуугиад байгаа. Толгойн ар хэсгээс хатгуулж дүйрч өвдөөд байна. Өөр ямар нэг гэмтэл учраагүй. Д.М ынх отроор манай хажууд ирж буусан юм. Уг нь өөр газар нутагладаг юм. Д.М , М.Г  хоёр эрүүл байсан. Бид гурвыг маргалдаж байхад Ш.Б  ирсэн өөр хүн байгаагүй. Эмнэлэгээс тухай үед нь мэдэгдэнэ гэхээр нь цагдаад хэлээгүй юм. М.Г ын ээж Д.Э  гэдэг хүн эмчилгээний зардал гэж мөнгө авчирч өгчихөөд дараа нь утсаар ярихаа “Та нарт мөнгө өгсөн, одоо та нар яадаг юм бэ?” гээд загнаад байгаад гомдолтой байна. М.Г т зодуулсандаа гомдоод байх зүйл байхгүй...” гэжээ. /хх-9/,

Гэрч Т.О ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот явсан. Маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө эгчийндээ байж байхад эгч О гийн гар утас руу манай нөхрийн ах Ш.Ө залгаад “Ш.И  г Д.М , М.Г  нар зодсон. Ш.И   босч чадахгүй чичрээд хэвтэж байна” гэж хэлсэн. Манай эгч сумын эмч рүү залгаад “Ханхонгор сумын Өгөөмөр багт зодуулсан байна яаралтай аймгийн эмнэлэгт хүргэж өг” гэж хэлсэн. Манай нөхрийг 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр аймагт ирж гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байсан. Би 2017 оны 08 дугаар сарын 21-ний шөнө ирээд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өглөө эмнэлэг дээр ирж уулзахад биеийн байдал нь гайгүй байсан. Өөрөө бол толгой өвдөөд манараад байна гэж хэлж байсан. Би Цагдаагийн газарт ирж “Манай нөхөр бусдад зодуулсан байна” гэж хэлээд өргөдөл гаргаж өгсөн. Эргээд гэрт очиж хоол хийгээд эмнэлэгт очиход М.Г , ээж Д.Э ы хамтаар эмнэлэгт очиж манай нөхөртэй уулзаад эмчилгээний зардалд 2.100.000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөг өгчихөөд эмчилгээний зардал бүрэн барагдуулав гэсэн бичиг хийж очоод гарын үсэг зуруулаад явсан байсан. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр эмнэлэгээс гарсан. Ханхонгор сум орж хоноход толгой нь өвдөөд чичрээд эхэлсэн. Буцаж аймагт ирээд эмнэлэгт үзүүлэхэд мэдрэлийн тасагт хэвт гэсэн. Манай нөхөр эмнэлэгт хэвтэхгүй бариачид үзүүлнэ гээд бариач руу явж 2 өдөр бариулсан. Гайгүй болоод Ханхонгор сум руу очиж гэртээ байж байгаад өнөөдөр аймагт ирж байна. Хууч өвчин бол байхгүй манай нөхөр Ш.И  гийн даралт ер нь өндөр байгаад байдаг юм. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зүүн талдаа хөнгөн харвалт авч зүүн гар, зүүн хөл нь хөдлөхөө байж саажилттай болоод Өмнөговь аймгийн БОЭТ-ийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж, 2 дахин эмнэлэгт хэвтээд зүгээр болоод гарч байсан юм. Тархиндаа доргилт авсан гэсэн эмчийн дүгнэлт гарч эмчилгээ хийлгэсэн. Одоо биеийн байдал сайнгүй байна. Байнга эм ууж хэвтэж байгаа. Улаанбаатар хотод очиж дахин шинжилгээнд орж үзүүлэхээр явах гэж байгаа. Би өөрийн нүдээр хараагүй Ш.И  гаас өөрөөс нь сонсоход М.Г  нь толгойны баруун талд 1 удаа цохьсон. Мөн дагзны ар талд мөн 1 удаа цохьсон гэсэн. Ш.И   энэ хэргээс өмнө нь тархи толгойндоо гэмтэл авч байгаагүй. Улаанбаатар хотод очиж эмчлүүлэх эмчилгээний зардалыг М.Г аас гаргуулмаар байна. Өөр санал хүсэлт байхгүй. Манай нөхөр эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна.” гэжээ. /хх-10/,

Гэрч Ш.Ш.Ө ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө эхнэр Оюунчимэг бид хоёр худаг дээрээ мал услаад байж байтал манай дүү Ш.Б  Ш.И  г Д.М ын хүү зодчихлоо гэж хэлсэн. Би гэрээрээ орж машин аваад Ш.И   дээр очсон. Биднийг очиход Ш.И   газар хажуугаараа хэвтээд хөдөлж байсан ярьж чадахгүй байсан Д.М  хажууд нь байж байсан. Намайг очсон дараа Д.М ын эхнэр хүү хоёр нь ирсэн. Ш.И  г хэвтээгээр нь өргөж машинд суулгаад гэрт нь авч очсон. Гэрт оруулаад сум руу авч явах гэсэн чинь Д.М  хөдөлгөж болохгүй гээд гэрт нь хэвтүүлсэн. Намайг очихоос өмнө эмч дуудсан юм билээ, удаагүй эмч ирээд тариа будаа хийчихээд аваад явсан. Ш.И  д ил харагдах шарх сорви байгаагүй. Урьд нь тэд хоорондоо маргалдаж муудалцаж байгаагүй. Д.М , М.Г  хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэжээ. /хх-11/,

Гэрч Ш.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө малдаа явж байгаад овоон дээр зогсоод мал дурандаж байгаад манай дүү Ш.И  гийн өвөлжөөнөөс зүүн хойш 1 км гаруй газар малын бэлчээрт Ш.И   Д.М ын малыг зүүн тийш нь мотоциклоос тууж байгаад орхиод явсан. Д.М  хүүтэйгээ хамт мотоциклоор Ш.И   дээр очоод ярилцаад зогсож байгаад барилцаад авахаар нь би тэд нар дээр очсон. Намайг очиход Ш.И  гийн мотоцикль нь хажуугаараа уначихсан Ш.И  г Д.М , хүү М.Г  хоёр 2 талаас нь бариад маргалдаж байсан. Би очоод салгах гэж байтал М.Г  Ш.И  гийн толгой руу гараараа 3 удаа цохьсон чинь Ш.И   газар хэвтээд өгсөн. Би Ш.И  г өмөөрч хэдэн үг хэлсэн чинь М.Г  намайг зодох гээд дайраад байсан. М.Г  “Та нар ямар дээрэлхүү хүмүүс вэ?” гээд намайг зодох гээд дайраад байсан. Д.М  надтай маргалдаж муудалцаагүй. Би М.Г аас салаад Ш.Ө  ах дээр очоод машинаар нь яваад Ш.И  г аваад гэрт очсон. Ш.И  гийнд байж байтал эмнэлэг ирээд аваад явсан. Ш.И  д ил харагдах шарх сорви байгаагүй. Урьд нь Ш.И   нь М.Г , Д.М  нартай маргалдаж муудалцаж байгаагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би М.Г ыг цохиогүй. М.Г  намайг зүүн шанаанд гараараа 1 удаа цохьсон. Тухайн үед шанаа хавдсан одоо зүгээр болсон. Би гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад гомдол санал байхгүй. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-12/,

Гэрч Ш.Ш.Б гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө би мал бэлчээчихээд овоон дээр гараад дурандаад сууж байхад манай дүү Ш.И  , Д.М ын малыг зүүн тийш нь тууж яваа харагдсан. Дурандаад сууж байхад Д.М  хүүтэйгээ ява мотоциклоор очоод Ш.И  тай уулзаж байгаа харагдсан. Ява мотоциклоосоо буугаад бөөгнөрөлдөөд эхэлсэн. Намайг очиход манай дүү Ш.И  гийн ява мотоцикль хажуугаараа хэвтсэн байдалтай Ш.И  , Д.М , хүү гурав бөөгнөрөөд хэрэлдээд байж байсан. “Яаж байна юу болж байна” гэхэд хоорондоо хэрэлдээд намайг анхаарахгүй байсан. М.Г  хүү манай дүү Ш.И  гийн толгой руу 2 удаа цохиход Ш.И   унаад өгсөн. Би дүү рүүгээ очиход М.Г  намайг бас цохиж авсан. Ш.И   ухаан алдчих шиг болсон. Би ява мотоциклоо унаад ах Ш.Ө ийнд очиж “Ш.И   зодуулчихлаа” гэж хэлээд ахын машинаар очиж Ш.И  г аваад гэрт нь хүргэсэн. Түргэн ирж үзээд тариа хийгээд сум руу авч явсан. Цааш нь аймагт аваачиж эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн үед Д.М ын гэрээс 300-400 метрт байсан байх намайг очиход Д.М , Ш.И  , М.Г  нар байсан. Манай дүү Ш.И   цохиулаад унасны дараа Д.М ын эхнэр Д.Э  ирчихсэн байсан. Яг хэзээ ирснийг нь анзаараагүй. Би тэр хоёрын хэнд ч гар хүрээгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ш.И  , Д.М ын цээж рүү мөргөсөн зүйл харагдаагүй. Ш.И   толгойдоо гэмтэл авсан толгой нь эргээд явж чадахгүй байгаа. Юм идэж уухгүй огиод байдаг болсон. Одоо Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаа. Миний дүү алсдаа тархи толгойдоо янз бүрийн өвчтэй болвол гомдолтой байна.” гэжээ. /хх-13-14/,

Шүүгдэгч М.Г  мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “Манай гэр малтайгаа оторлоод Бумбат гэх газар нутаглаад явж байсан. Машинтай нүүж явсан юм. Манай мал Хатанбаатар /аав Д.М ын дүү/ ахын өвөлжөөний зүүн урд хоноод 2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө өглөөний цайгаа ууцгааж байсан. Манай хонь нуурын хөвөөс ус уучихаад ирж байтал Ш.И   манай хонийг мотоциклоор хөөгөөд байсан. Бид нар “Яагаад мал хөөгөөд байгаа юм бол” гэж ярилцаад харж байтал Ш.И   зогсож мал дурандаж байгаад дахиад манай малыг хөөхөөр нь аав бид хоёр мотоцикльтой Ш.И   руу очоод мэндлээд аав “Яагаад мал хөөгөөд байгаа юм бэ?” гэсэн чинь Ш.И   бид хоёрыг хараагаад “Муу сайн даварсан гөлөгнүүд малаараа даралдаг гөлөгнүүд” гээд аавтай маргалдаад аав “Би дүүгийнхээ бэлчээр дээр байна. Та яасан омогтой хүн бэ?” гэж загнасан. Ш.И   мотоциклоо хажуугаар нь газарт хаяад бууж ирээд аавыг заамдаад авсан. Аав мотоциклоос буугаад Ш.И  хоёр нэгнийгээ барилцаад нэгнийгээ хувцасаар боогоод байсан. Би мотоцикль дээр тэр хоёрыг хараад байж байсан. Ш.Б  гэж Ш.И  гийн ах мотоцикльтой ирэхээр нь би зэрэгцээд мотоциклоосоо буусан. Ш.Б  ах ирээд “Та муу сайн юмнууд яах гээд байгаа юм бэ? Танай Хатанбаатар эхэлсэн шүү” гээд аав руу дайраад аавыг Ш.Б  ах гараараа шанаа руу нь нэг удаа цохьсон. Би очиж Ш.Б  ахыг салгаад “Хатанбаатар ахыг манай гэр бүлийнхэн мэдэхгүй, бид нар тустай амьдралтай хүмүүс” гэж хэлсэн. Ш.Б  ахыг тайвшируулчихаад аав Ш.И   ах хоёр руу очоод тэр хоёрын голоор ороод салгасан чинь Ш.Б  ах уурлаж ирээд намайг заамдаад шанаанд 2 удаа цохиод хөл рүү өшиглөхөөр нь би хойшоо зугтааж салсан. Манай ээж бид нар руу боль гээд гүйгээд ирсэн. Ш.Б  ах намайг зодож байгаад салсаны дараа Ш.И   ах газар сууснаа толгой руу цохьчихлоо гээд газар хэвтээд өгсөн. Ээж намайг түргэн дууд гэхээр нь Хатанбаатар ахынд очиж утсаар эмнэлэг дуудсан. Эмнэлэг дуудчихаад эргээд очиход Ш.И   ах газар хэвтсэн хэвээрээ байсан. Ш.И  , Ш.Б  хоёрын ах Ш.Ө  нь машинтай ирээд Ш.И  г гэрт хүргэж өгсөн. Ш.И   ах уурандаа зүрх өвдөөд газар хэвтсэн байх гэж бодож байна. Аав Ш.И   ахыг цохиогүй, Ш.И   ахыг цохих хэмжээний биш ядарсан хүн байгаа. Ш.Б  намайг хувцсаараа боохоор нь боолтноосоо салах гээд эсэргүүцэхдээ нүүрэнд нь хүрсэн байх, бусдаар бол санаатайгаар цохиогүй. Би Ш.И  г цохиогүй, харин хоёр тийш нь салгасан. Тухайн үед цээж хөхөрсөн байсан. Одоо арилсан. Би гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Манай аав Д.М  Ш.И  , Ш.Б  нартай өмнө нь маргалдаж байгаагүй. Хатанбаатар, Ш.И  , Ш.Б  нар маргалдаж байхыг хараагүй. Ш.Б , Ш.И   хоёр л тийм зүйл яриад байсан.” гэжээ. /хх-15-16/,

Гэрч Д.Э ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өглөө 08 цагийн үед манай нөхөр Д.М  хонио усалчихаад өглөөний цайгаа уух гэж байтал Ш.И   манай хонийг хөөж байхыг дурандаж харсан. Дахиад манай хонийг туусан чинь манай нөхөр очиж уулзчихаад ирье гэж хэлээд явах гэхэд нь би хүү М.Г ыг “Хонио зүүн урагш нь туугаад гаргачих” гээд цуг явуулчихаад харж байсан чинь Д.М  очоод мотоциклоосоо бууж байгаа харагдсан. Тэр хоёр таширалдаж харагдаж байсан. Бид нар оторт явж байсан болохоор гэр оронгүй машинтай явж байсан юм. Би хоол хийх санаатай тэд нарыг бас хараад байж байсан чинь Ш.И  гийн ах Ш.Б гийн гэрийн тэндээс мотоцикльтой ирж байгаа харагдсан. Тэд нар манайхаас 500 орчим метрийн зайнд байсан. Би машинаас буугаад алхаад очих үед Ш.Б  надаас өмнөхөн очоод манай нөхөр Д.М ыг цохиод авч байгаа харагдсан. Тэр үед манай хүү М.Г  мотоцикль дээрээ байгаа харагдаж байсан. Намайг очихоос өмнө Ш.Б  Д.М ыг цохиход манай хүү М.Г  Ш.Б г салгасан. Д.М  Ш.И  гийн хоёр гарыг бариад зогсож байхад нь цээж рүү нь толгойгоороо мөргөөд байсан. Ш.Б  тэр үед та нарыг Хатанбаатар явуулсан гэх мэтээр загнаад байсан. Ш.Б г би “Чи ямар муухай юм бэ?” гэж загнасан. Ш.Б  загнаж байгаад ах Ш.Ө ийнх рүү яваад Ш.Ө , түүний эхнэр, Ш.Б  нар машинтай ирсэн. Ш.И   Д.М аас салаад газар сууснаа хэвтээд өгсөн. Манай аав харваж байсан болохоор би тухайн үед айгаад битгий хөдөлгө гэж хэлсэн. Ш.Ө  эхнэртэйгээ ирж бид нарыг загнаж байгаад Ш.И  г аваад явсан. Ш.И  г цохьсон хүн байхгүй. М.Г  татахад гэмтээгүй бол цохьсон хүн байхгүй. Ш.И   Д.М  хоёрыг салгасан чинь Ш.Б  М.Г ыг зодох гээд дайраад байхад нь би Ш.Б г загнаж байж болиулсан. Ш.Б  М.Г ыг 2-3 удаа цохиж, хөл рүү нь өшиглөж байгаа харагдсан. М.Г  цохиогүй. Бид маргалдаж байгаагүй. 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед Ш.Б  мотоцикльтой согтуу ирээд 1 шил архи авч ирээд Д.М  руу архи шахаад мотоцикль нь газар унасан чинь Д.М ыг барьж боогоод та нарт зодуулах гэж ирсэн гээд хашгираад байсан. Тэр чимээг манай хүү гэрээс сонсоод гараад ирсэн чинь чулуу шидээд танай хүүг амар заяаг нь үзүүлэхгүй гээд байсан. Тэгтэл хаа байсан 10 км байсан Ш.И  гийн 2 хүүхэд нь Ш.Ө ийн эхнэр хамт араас нь ирээд Ш.Б гийн нүүрийг яасан бэ гээд асуугаад байсан. Ш.Б  Д.М ыг боогоод хамт тэр газар унахдаа Ш.Б  нүүрээ урсан байсныг харчихаад асуугаад байсан. Мөн нүдний шилээ газар унахдаа хагарсан байсныг аваад Ш.Б г аваад явсан. Д.М  Ш.Б г цохиж зодоогүй. Ш.Б  төмрөөр Д.М ыг цохиод дахиад цохих гэхэд нь би очиж Ш.Б гөөс булаагаад авсан. Манай нөхөр Хатанбаатар нь Д.М ын төрсөн дүү нь байгаа юм. Хатанбаатар, Ш.И  , Ш.Б  нар маргалдаж байхыг мэдэхгүй.” гэжээ. /хх-17-18/,

Гэрч Д.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өглөө эрт малаа усалж ирчихээд гэртээ цайгаа уух гэж байтал араас манай малыг хүн элдээд гараад ирсэн. Дахиад мал туухаар нь хүү М.Г тай хамт мотоциклоор яваад очиход Ш.И   байсан. Ш.И  тай мэндэлсэн чинь “Та нар манайхыг дээрэлхэж бэлчээр идээд” гээд загнасан. Мотоциклоосоо бууж ирээд намайг заамдаад боогоод нүүр халуу асгаад байхаар нь түүний гарыг салгаад гараас нь бариад байж байтал Ш.И  гийн ах Ш.Б  “Та нар яаж байгаа юм бэ? Яасан овоо юм, та нарыг алаад өгнө” гээд миний шанаанд 1 удаа гараараа цохиод авсан. Би Ш.И  гийн гарыг бариад зогсож байхад Ш.И   намайг мөргөж дайраад байсан яасан овоо юм бэ та нар гээд толгойгоороо миний цээж рүү мөргөөд байсан чинь манай хүү ирээд бид хоёрыг салгасан. Бид хоёрыг салгасан чинь Ш.Б  манай хүү М.Г ыг хөшиглөж цохиод элдээд байсан. Манай эхнэр Д.Э  хүрч ирээд больцгоо та нар яаж байгаа юм юу болж байна гээд хүрээд ирсэн чинь манай хүү Ш.Б  хоёр нэгнийгээ хөөхөө больсон. Ш.И   доошоо зөөлхөн сууснаа газар хэвтээд өгсөн. Зүрх нь өвдсөн болов уу гэж бодсон. М.Г ыг Хатанбаатарынд очиж эмнэлэг дууд гэж хэлээд явуулсан. Ш.Б  гэр рүүгээ яваад Ш.Ө ийг машинтай нь авч ирээд Ш.И  г гэрт нь хүргэж өгсөн. Би машинд нь суугаад хүргэж өгөлцөх гэсэн чинь буу өөрийнхөө машинтай яв гэж Ш.Ө  хэлэхээр нь машинаас буугаад М.Г тай хамт мотоцикльтой араас нь очсон. Гэрт нь очиход Ш.И   хэвтэж байгаад эм уугаад эмч ирээд аваад явсан. Ш.И  г цохьсон хүн байхгүй. Хонь элдээд байхаар нь очиж уулзаад яагаад хонь элдээд байгаа юм гэж хэлсэн чинь битгий хуц та нар дээрэлхэлээ гэж загнасан. Бэлчээр булаацалдсанаас болж маргалдсан. Ш.И  г зодох гэж байна гэж ойлгоод дайрсан байх. Ш.Б  ирээд намайг цохиход нь М.Г  салгасан чинь М.Г  руу дайраад байсан. М.Г  Ш.И  г цохиогүй. Ш.Б  М.Г ыг 2-3 удаа цохиж, хөл рүү нь өшиглөж байгаа харагдсан. М.Г  цохиогүй. Хатанбаатартай Ш.И  , Ш.Б  нар маргалдаж байхыг би мэдэхгүй. Ер нь Ш.Б  Ш.И  г явуулсан гэж бодож байна. Ш.Б  ирээд дуулиан тариад хэрүүл маргаан даамжруулсан.” гэжээ. /хх-19-20/,

Гэрч Д.М ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө бид нар гэртээ цайгаа уугаад сууж байхад гэрийн баруун хойноос мотоцикльтой хүн манай хонийг хөөгөөд гараад ирсэн. Би хонь мал нийлэх гэж байсан юм болов уу гээд харахад тэдний хонь манай хониноос 2 км орчим зайтай байсан. Орхиод явах байлгүй гэж бодоод байж байтал дурандаж хэсэг зогсож байснаа эргээд манай хонийг туулгаад эхлэхээр нь би хүүгийн хамт очиход Ш.И   байсан. Би “Сайн байна уу? Яагаад хонь туулгаад байгаа юм бэ?” гэхэд өмнөөс үгийн зөрүүгүй хуц пиздаа гэх зэргээр хараагаад байсан. “Та нар манай бэлчээрийг дарлаж идэж байна” гэж харааж байгаад өөрийн мотоциклоо хажууугаар нь хаяад буугаад ирсэн. Намайг мотоциклоос буухад намайг заамдаж авснаа боосон. Би боолтонд нэлээд ороод байж байхад Ш.Б  мотоцикльтой давхиад хүрээд ирсэн. “Та нар муу сайн яагаад байгаа юм” гээд омогдож ирээд миний толгой хэсэг рүү 1 удаа цохьсон. Миний хүү ирээд Ш.Б г хориод цааш нь болгосон тэр хооронд би Ш.И  гийн гарыг хувцаснаасаа салгаад гарыг нь барьж байхад Ш.И   чичэрч уурлаад миний цээж рүү 3-аас 4-н удаа мөргөсөн. Тэгэж байхад манай хүү ирээд бид хоёрыг салгасан. Тэгтэл Ш.Б  дундуур орж ирээд манай хүүг цохиод, өшиглөөд цааш нь туулгаад явсан. Тэр үед манай эхнэр Д.Э  ирчихсэн “Та нар болиоч” гэж байсан. Тэгээд салахад Ш.И   доош зөөлөн суусанаа хэвтээд өгсөн. Манай хүн хүүг түргэн дууд гэж хэлсэн. Ш.Б  яваад өгсөн удалгүй Ш.Ө  эхнэртэйгээ хүрээд ирсэн. Ш.И  г машинд суулгаад аваад явах гэж байхад нь би хамт сууж явах гэхэд намайг Буу өөрийн унаагаараа яв” гэсэн. Би араас нь хүүгийн хамтаар Ш.И  гийнд яваад очиход Ш.И   гэртээ хэвтэж байсан. Удалгүй сумын эмч ирээд Ш.И  г үзээд даралт их байна зүрхний цохилт ихэссэн байна гээд хэдэн тариа хийж байгаад аваад явсан. Эмч ирэхээс өмнө гарч биеэ засаад яваад л байсан. Тэрнээс хойш Ш.И  тай уулзаагүй. Хүү бид хоёр Ш.И  г цохиж зодсон асуудал байхгүй. Миний бодлоор бол уурлаад зүрх нь өвдөөд хэвтсэн гэж бодсон юм, их ууртай хүн байна лээ. Би гарыг нь бариад зогсож байхад гар нь чичрээд шүдээ зуугаад толгойгоороо их хүчтэй миний цээж рүү мөргөөд байсан юм. Бусдаар бол тэнд Ш.И   хэн нэгэнд цохиулсан зүйл байхгүй. Миний хүү бол Ш.И  г цохиогүй бид хоёрыг зууралдаж байхад бид хоёрын гарнаас татаж салгасан өөр ямарч асуудал болоогүй. Ш.Б  ирээд ална хядна гээд их омогтой ирээд миний толгой руу нэг удаа цохиж авсан. Дараа нь миний хүү рүү омогдож зодох гэж дайрсан. Миний хүү барьж байсан цамцаа ураад зугтаасан.” гэжээ. /хх-21-22/,

Шүүгдэгч М.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө би хөдөө гэртээ байсан юм. Манайх Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг Бумбат гэх газарт байсан. Өглөө эрт босоод цайгаа уугаад сууж байхад манайхаас баруун урд нутаглаж байсан Ш.И   нь манай малыг ява мотоциклоор элдээд, туугаад байсан юм. Эргэж цаашаа яваад дурандаж зогсож байгаад эргээд манай малыг элдээд гэрийн ойролцоо аваад ирсэн. Тэгсэн манай ээж надад хандаад “Аавтайгаа яваад мал туугаад гэрээс зүүн урагш гарга” гэж хэлсэн. Аав гадаа мотоцикль дээр сууж байсан. Би гэрээс гараад аавыг мотоциклоос буулгаад өөрөө ява мотоцикль унаад аавыг сундлаад явсан. Ш.И   руу очоод “Сайн байна уу?” гээд мэндлэхэд Ш.И   “Та нар муу сайн юу юм бэ?” гээд хараал хэлээд байсан. Яг юу гэж хэлсэнийг нь санахгүй байна. Ш.И   мотоциклоо хажуугаар нь хаяад буугаад бид хоёр .луу ирсэн. Аав мотоциклоос буухад Ш.И   аавыг барьж аваад аавыг боогоод цааш нь түрээд яваад байсан. Тэр үед Ш.И  гийн төрсөн ах Ш.Б  ява мотоцикльтой хүрээд ирсэн. Мотоциклоосоо бууж ирээд “Та нар муу сайн юу юм бэ?” гээд хараагаад эхэлсэн. Би мотоциклоосоо буугаад байж байхад “Хатанбаатар та нар юу юм бэ? Хатанбаатар эхэлсэн шүү” гэх зэргээр харааж байгаад Ш.И  , аав хоёр луу очоод аавыг шанаадаад авсан. Би очоод Ш.Б г татаж аваад “Та нар яагаад ингээд байгаа юм бэ? Дүүгээ аваад яв юунаас болоод ингээд байгаа юм бэ?” гэж асуухад “Та нар муу сайн юмнуудыг ална, та нар дээрлэхэж байна” гээд над руу давшилаад байсан. Тэр үед Аав Ш.И  гийн 2 гарыг барьчихсан Ш.И   Аавын цээж рүү мөргөж байгаа харагдсан. Би аав, Ш.И   хоёрыг хоёр тийш нь татаад салгасан. Тэгсэн чинь цаанаас Ш.Б  ирээд намайг цохиод, өшиглөж цамцнаас зуурахад би цамцаа урж тавиулаад зугтаасан. Манай ээж ойролцоо зогсож байсан учраас болиоч гээд хашиграсан юм. Ш.Б  надад хандан чи миний дүүг чи цохьсон шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Ш.И   доошоо сууж байгаад хажуугаараа хэвтээд өгсөн. Тэгсэн ээж намайг түргэн дуудаад өг гэж хэлсэн.  Баруун хойно байх Хатанбаатарын гэрт очоод Ханхонгор сумын эмнэлэг рүү яриад энд хүний бие өвдөөд байна гэсэн дуудлага өгчихөөд хүрээд ирэхэд Ш.И   газар хэвтэж байсан. Ш.Б  алга болчихсон байсан. Удалгүй Ш.Б  ах Өлзий түүний эхнэр машинтайгаа ирсэн.  Ш.И  г машиндаа өргөж суулгаад аваад явах гэхэд нь манай аав Д.М  хамт явая гэхэд та нар муусайн алуурчид буу гээд хөөгөөд буулгасан тэгээд яваад өгсөн тэгээд араас нь аав бид хоёр араас нь мотоцикльтой яваад Ш.И  гийн гэрт очиход Ш.И   гэртээ хэвтэж байсан. удалгүй түргэн ирээд эмч Ш.И  г үзээд даралт ихссэн байна. Зүрх дэлссэн байна. Эмч Ш.И  д хандаад та өмнө нь харваж байсан хүн хамаагүй уурлавал дахин цус харвах магдлал өндөртэй тиймээс аймаг орж эмнэлэгт үзүүл гээд аваад яваад өгсөн. Тэр өдрөө би ээжийн хамтаар аймаг орж Ш.И  тай уулзахаар явж байхад Ш.И  гийн эхнэрийн эгч болох О гэдэг эмч залгаад Ш.И  гийн толгой гэмтсэн байна гээд манай ээжрүү залгаад загнаад байсан. тэр үед нь Ш.И   аймгийн эмнэлэгт ирж амжаагүй байсан юм.тэгээд орой нь аймаг дээр ирээд эмнэлэгт хэвтсэн байсан би тэр явдал болсоны хэд хоногийн дарааг нь санахгүй байна. Эмнэлэг дээр очиж Ш.И  тай уулзажта ямар асуудлаас болоод намайг ингэж байгаа юм бэ би ямартайч таньд буруу юм хийсэн гэж та үзэж байгаа бол уучлалт гуйя гээд уучлалт гуйсан тэгээд дүү нь сургууль соёлдоо явнаа би таныг цохиж, зодсон зүйл байхгүй дүүгээ битгий зовоогоод байгаач гэж хэлсэн тэгэхэд Ш.И   ах нь ойлгож байгаа санаа зоволтгүй явж бай гэж хэлсэн тэгээд би яваад өгсөн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа ээж намайг хамт эмнэлэг орж Ш.И  тай уулзъя гэж хэлсэн тэгээд эмнэлэгт ороод Ш.И  тай уулзаж байхад манай ээж Ш.И  д мөнгө өгсөн тэгсэн Ш.И   ээжид хандан би одоо гомдолгүй би та нарт бичиг хийж өгөе гээд бичиг цаас хайгаад байхаар нь ээж цаас гаргаж ирээд гарын үсэг зуруулж авсан. Ш.И   одоо асуудал байхгүй чимээгүй яв гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн. Түүнээс хойш дахин уулзаагүй. Ш.И  тай маргалдах зүйл байгаагүй. Ш.И   бид нар руу эхлээд дайрсан, ямар учраас дайрсан талаар нь мэдэхгүй байна. Би Ш.И   аав хоёр зууралдаж байхад нь дундуур нь орж салгасан. Цохиж зодсон асуудал байхгүй. Ш.И   болон түүний ар гэрийнхэн намайг цагдаад өгнө гээд байхаар нь би сургуульдаа явж чадахгүй болчих вий гэж айхдаа очиж Ш.И  гаас уучлал гуйсан юм. Бусдаар бол зодсон, цохьсон гэж уучлал гуйгаагүй юм.  Ш.И   манай ээж рүү залгаад 1.800.000 төгрөг нэхсэн. Дараа нь дахин залгаад мөнгө багадаад байна гээд 300.000 төгрөг нэмчих гэж хэлсэн гэсэн. Түүний дагуу 2.100.000 төгрөгийг Ш.И  д эмчилгээндээ хэрэглэ гэж аваачиж өгсөн. Ш.И   уурлаад л газар суусан байх гэж бодож байна. Тэгэж байснаа газар хэвтээд өгсөн. Ш.И  гийн оношийг эмчээс асуухад толгой доргисон гэж хэлж байсан. Тухайн үед Ш.Б  ахаар цохиулаад гуяны дотор талдаа хөхөрсөн, цээж хөндүүрлэж байсан, толгой их өвдөж байсан. Би хүнд гар хүрсэн зүйл байхгүй байхад Ш.И   намайг цохьсон гэж гүтгэж байгаад би гомдолтой байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байна.” /хх-34-36/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1728000000035 дугаартай Прокурорын тогтоол /хх-01/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Мөрдөгчийн санал /хх-02/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-03/,

Т.О ы Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-04-05/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-06/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол /хх-23/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 404 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Ш.И гийн биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-24/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-25-26/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-27/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 450 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: М.Г ын биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ. /хх-28/,

Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн компьютер томографын шинжилгээ /хх-29/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-30-31/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-32/,

М.Г ын хувийн баталгаа гаргасан баримт /хх-33/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/,

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38/,

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №294 тоот тодорхойлолт /хх-39/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-40-48/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-49-50/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-51/,

Хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх-52/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-53/,

Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх-54/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-55-56/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-57/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Г  нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Ш.И гийн бие эрх чөлөөнд халдан зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилт  бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ш.И гийн “...М.Г  мотоциклоосоо бууж ирээд намайг түлхэж унагаасан. Босч ирээд Д.М тай түлхэлцэж байхад ах Ш.Б  ирээд бид 2-ын дундуур орсон. М.Г  миний толгойны зүүн тал руу гараараа 1 удаа цохиж авсан. Дараа нь толгойны ар хэсэг рүү цохьсон. Миний толгой манараад газарт унасан. Нэг хэсэг ухаан балартсан байсан. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр М.Г ын ээж Д.Э  байн байн залгаад удалгүй М.Г , Д.Э  хоёр эмнэлэг дээр ирээд 2.100.000 төгрөг өгсөн... одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-7-8/, гэрч Т.О ы “...Ах Ш.Ө  залгаад Ш.И  г Д.М  М.Г  нар зодсон. Ш.И   босч чадахгүй чичрээд хэвтэж байна гэсэн. Би өөрийн нүдээр хараагүй. Ш.И  гаас өөрөөс нь сонсоход М.Г ын толгойны баруун тал руу нь нэг удаа, ар дагз руу нь мөн нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-11/, гэрч Ш.Ш.Б гийн “...Д.М  хүүтэйгээ хамт мотоцикльтой Ш.И   дээр очоод ярилцаад зогсож байгаад барилцаад авахаар нь би тэд нар дээр очсон. Очиход Ш.И  гийн мотоцикль хажуугаар уначихсан Ш.И  г Д.М , М.Г  хоёр хоёр талаас нь бариад маргалдаж байсан. Би салгах гэтэл М.Г  Ш.И  гийн толгой руу гараараа 3 удаа цохьсон чинь Ш.И   тэднээс салаад хэвтээд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-12-14/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “ Ш.И гийн биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. “ гэсэн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 404 дугаартай дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь энэ хуулийн дагуу явагдах ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримталж явуулахаар заажээ.

            Шүүгдэгч М.Г т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Э, Д.М  нар нь шүүгдэгч М.Г ын эцэг, эх ба эдгээр гэрч нар нь Үндсэн хуульд зааснаар өөрийн гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл бий болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14, 15 дахь хэсэгт зааснаар  шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.  

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар шүүгдэгч М.Г ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгч М.Г ын үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч М.Г ын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим болон мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхээр байна.

Шүүгдэгч М.Г  нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахаар тогтоов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г  болон өмгөөлөгч нь “...хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий тайлбар, дүгнэлтийг гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай хянаж үзэхэд шүүгдэгч М.Г  нь бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдож байна гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй. Харин хохирогч, гэрч нарт дээрх хуульд заасан үнэн зөв мэдүүлэг өгөх эрх үүргийг тайлбарлан мэдүүлэг авсан тул хохирогч гэрч нарын мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нь шинжээчийн дүгнэлт нь хуулийн дагуу үйлдэгдээгүй гэх дүгнэлтийг гаргаж байх боловч уг шинжээчийн дүгнэлтийг өмгөөлөгч, шүүгдэгч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлт гаргахад хэргийн оролцогч нарын хуульд заасан эрх зөрчигдөөгүй байна гэж үзсэн болно.

Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Ш.И нь эмчилгээний зардалд 2.491.337 төгрөгийг мөн Д.М с зээлсэн 200.000 төгрөгийг буюу нийт 2.691.337 төгрөг шүүгдэгч М.Г аас нэхэмжилсэн байна.

Шүүх уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардлыг хангаж, бусад зардал болох Д.М с зээлсэн 200.000 төгрөг, таксигаар явсан 230.000 төгрөг, Т.О ы хот хооронд явсан 22.900 төгрөгийн зардлууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Г  нь хохирогчид хохирол төлбөрт 2.100.000 төгрөг төлсөн болох нь гэрч Т.О ы “Би 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гэж хэлж байгаад ор хоногийн мөнгө их гардаг гэхээр нь 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг байвал болох уу гэхэд болно, болно гээд удалгүй Д.Э , М.Г  нар ирээд 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг өгөөд эмчилгээний зардал өгсөн гэсэн бичиг хийж ирсэн байсан. Түүн дээрээ гарын үсэг зуруулаад явсан” гэх мэдүүлэг /хх-10/, хохирогч М.Ш.И  гийн “...2.100.000 төгрөг авсан гомдол саналгүй...” гэх мэдүүлгээр /хх-7/  тус тус нотлогдож байх бөгөөд хохирогч Ш.И гийн биед хөнгөн гэмтэл учирсан ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байх тул шүүгдэгч М.Г ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6,7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь

хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г  нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Г  нь хохирогч Ш.И д хохирол төлбөрт 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ