Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01827

 

Л.Д-ы нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/01483 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Д-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т-” ХХК-д холбогдох

 

Мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 48 902 990 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Орхон,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Зулбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Мөнхбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Д- миний бие 2014 оны 3 сарын 18-ны өдөр “Т-” ХХК-тай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, Т-ны 103300524433 тоот дансанд 4 000 000 төгрөг байршуулж, улмаар дээрх хугацаатай хадгаламжийн дансыг эзэмшиж эхэлсэн. Миний бие уг хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулснаас хойш өдийг хүртэл уг дансыг эзэмшиж мөнгөн хуримтлалаа нэмэгдүүлсээр ирсэн. Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар миний Т-ны хадгаламжийн дансан дахь мөнгөн хуримтлал 54 461 000 төгрөг болсон байсан. Ингээд ар гэрт мөнгөний хэрэгцээ гарсан тул 2019 оны 11 дүгээр capын 05-ны өдөр Т-ны Тээврийн товчоо салбар дээр дансан дахь мөнгөө авч гэрээгээ цуцлахаар очиход тус салбарын эрхлэгч гэх хүн таны мөнгө байхгүй эхнэр болох Ө.Хандааг 48 902 990 төгрөгийн зээл авсан гэж хэлсэн. Энэ талаар эхнэр Ө.Хандаагаас асуухад ямар нэгэн зээл болон мөнгө төгрөг аваагүй гэсэн. Иймд “Т-” ХХК-иас хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний үүргийнхээ дагуу миний хадгаламжийн 103300524433 тоот дансан дахь 48 902 990 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт учирсан хохирол гэдэг байдлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувьд банкны зүгээс маргах зүйлгүй. Уг нэхэмжлээд байгаа асуудлыг хуулийн байгууллагаар шийдээд явах тул иргэний шүүхээр нэхэмжилж байгааг буруу гэж үзэж байна. Ө.Хандаа гуай тухайн үед Ч.Ариунгэрэл гэдэг хүнд залилуулсан гэдэг асуудал нь шалгагдаж байгаа. Тухайн үед салбарын захирал нь дансны өөрчлөлт хийх гэж байгаа гэж хэлэхэд албан ёсоор гэрээгээ шинэчлэн байгуулаад явсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Эндээс хадгалуулагч нарын хайхрамжгүй байдал зарим талаар харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эрүүгийн журмаар гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасны дагуу хариуцагч “Т-” ХХК-аас 48 902 990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т-” ХХК-иас 402 465 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Д-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийп 454.1-д заасны дагуу хариуцагч “Т-” ХХК-иас 48 902 990 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Л.Д-д олгосугай” гэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж дүгнэж байна. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэлд “нэхэмжлэгч Л.Д- нь хариуцагч “Т-” ХХК-д холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу хадгалуулсан мөнгөн дүн 48 902 990 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган нэхэмжилж байх ба хариуцагч тус хэрэгтэй холбоотойгоор банкны ажилтанд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсч шалгагдаж байгаа тул иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна” гэсэн боловч цагдаагийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтуудын ач холбогдолтой байдлыг үнэлээгүй. Нэхэмжлэгч Л.Д-ы эхнэр Ө.Хандаа 103300524433 тоот хугацаатай хадгаламжийн дансны хамтран эзэмшигч болно. Ө.Хандаа нь Т- дахь 103300524433 тоот харилцах данснаас 54 461 000 төгрөг алдсан гэх гомдлын дагуу эрүүгийн цагдаагийн албанаас эрүүгийн 1809046760956 тоот хэрэг үүсгэн яллагдагч Ч.Ариунгэрэлд холбогдуулан шалгаж байгаа талаар хэрэгт нотлох баримтууд авагдсан болно. Тус шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн хуулийн 117 дугаар зүйлд “Энэ хуулийн 65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэх заалтуудыг зөрчиж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

           

            Нэхэмжлэгч Л.Д- нь хариуцагч “Т-” ХХК-д холбогдуулан мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 48 902 990 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 3 сарын 18-ны өдөр хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Л.Д- нь 4 000 000 төгрөгийг жилийн 10.30 хувийн хүүтэй, 90 хоногийн хугацаатай, данснаас зарлагын гүйлгээ хийгдэхгүй, орлогын гүйлгээ хийх нөхцөлтэйгөөр хадгалуулах, хариуцагч “Т-” ХХК нь дансны үлдэгдэлд гэрээнд заасны дагуу хүү хуримтлуулан, тооцож олгохоор тохиролцсон болох нь талуудын тайлбар, хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-5-р тал/

 

            Улмаар нэхэмжлэгч Л.Д- нь өөрийн хадгаламжийн дансанд орлогын гүйлгээ хийсээр, 2019 оны 9 сарын 22-ны өдрийн байдлаар түүний хадгаламжийн дансан дахь нийт мөнгөн хөрөнгө 54 450 933 төгрөг болжээ. /хх-ийн 6-7-р тал/

 

            Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан мөнгөн хадгаламжийн гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна.

 

                        Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт “Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ” гэж,

            Талуудын байгуулсан гэрээний 4.2.4-д “хуульд зааснаас бусад тохиолдолд зөвхөн данс эзэмшигчийн зөвшөөрөл буюу даалгавраар зарлагын гүйлгээ хийнэ” гэж заасан байна. 2019 оны 9 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Л.Д-ы зөвшөөрөлгүйгээр түүний хадгаламжийн данснаас 48 902 991 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд уг асуудлыг хариуцагч үгүйсгээгүй. /хх-ийн 6-р тал/

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нэхэмжлэгч Л.Д-ы хадгаламжийн данснаас гүйлгээ хийгдсэн асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх боловч уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь хариуцагч “Т-” ХХК-ийг хадгалуулагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль болон гэрээнд заасантай нийцсэн байна.

           

            Тодруулбал, бусдын мөнгөн хөрөнгийг хадгалж буй этгээдийн үйл ажиллагааны гол зарчим нь харилцагчийн нууц, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, итгэл алдахгүй байх явдал бөгөөд талуудын байгуулсан гэрээний 4.2.6-д “Банк өөрийн буруутай үйлдлийн улмаас данс эзэмшигчдэд учруулсан хохирлыг нотлогдсон  хэмжээгээр хариуцан нөхөн төлнө” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь дээрх мөнгийг шаардах эрхтэй.

 

                        Иймд хариуцагч “Т-” ХХК-иас мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 48 902 990 төгрөг гаргуулж,  нэхэмжлэгч Л.Д-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 хэсэгт заасантай нийцжээ.

 

                        Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/01483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 402 465 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.            

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

     

             ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                 

                                                                             Г.ДАВААДОРЖ