Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/284

 

 

 

 

 

 

  2023            3              09                                       2023/ДШМ/284

 

 

Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/140 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2208004090827 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

................ овгийн ..............-ийн Б, 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .......... төрсөн, .. настай, э..эгтэй, ............ боловсролтой, мэргэжил.., ажилгүй, ам бүл ганцаараа, ........... аймгийн ........... сумын 1 дүгээр баг, .............. оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод нийтийн байр хөлсөлж амьдардаг гэх, ял шийтгэлгүй, /РД:......................../.

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүнсалааны 7 дугаар гудамжинд иргэн Ж.Д-гийн эзэмшлийн Самсунг А-31 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-аас 450.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Д-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хорихоос бусад төрлийн ялаар сольж өгнө үү. ..” гэв.

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхийн шатнаас шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргадаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн тухай үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид 450.000 төгрөгийн хохирол учруулсан. Анхан шатны шүүх хуралдааны дараа шүүгдэгчийн ар гэрийн хохирогчид 350.000 төгрөгийг төлж барагдуулсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө үлдэгдэл 100.000 төгрөгийг хохирогчид төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд миний үйлчлүүлэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж Д.Б-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, бүсчлэлийг Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх зохицуулалт байгаа. Давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Ял шийтгэл оногдуулахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар хууль ёсны шийдвэр гаргасан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 6 сараас 5 жилийн хугацаанд хорих ял оногдуулах, 6 сараас дээш хугацаагаар зорчих эрхийг ял оногдуулах сонгох санкцтай. Шүүгдэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн ........ сумын 1 дүгээр багын ........... газар оршин суух бүртгэлтэй боловч энэхүү хаягт оршин суудаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд Д.Б-ыг удаа дараа эрэн сурвалжилж дээрх хаягтаа оршин суудаггүй, нэр бүхий компанид ажиллаж байсан боловч ажлаасаа гарсан талаар баримтыг хэрэгт хавсаргасан. Анхан шатны шүүх шүүгдэгчийг Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, хохирол төлөхөөр завсарлага авсан боловч төлөөгүй, Хөвсгөл аймагт оршин суух хаягтай хэдий ч уг хаягтаа оршин суудаггүй учир зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзээд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүнсалааны 7 дугаар гудамжинд иргэн Ж.Д-гийн эзэмшлийн Самсунг А-31 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжпэгч Ж.Д-гийн: ”...Б өөрийнхөө найзтай цуг намайг дагаж гарч ирээд Зүүнсалааны 7 гудамжинд явж байхад миний утсыг Б гуйж “Утсаар чинь мессеж биччихээд өгье” гэж хэлээд авсан юм. ...Би тэр найзтай нь цуг араас нь очоод би Бтай муудалцаж байхад Бын найз нь яваад өгсөн. Би Баас утсаа авах гээд ноцолцоход байгаад намайг түлхчихээд яваад өгсөн юм. Миний гар утас Самсунг А-31 маркийн утас байсан. Найз нь оролцоогүй, Б ганцаар миний утсыг аваад зугтаасан. Би гар утсаа олж авмаар байна. ...” /хх 14-17/,

гэрч Б.Б-гийн “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны өргөтгөл “Бумбум" гэх нэртэй ломбардад ажил дээрээ байхад нэг танихгүй залуу Самсунг А-31 маркийн гар утас тавих гэсэн юм гэхээр нь би тухайн гар утсыг нь үзэж харж байгаад 240.000 төгрөгөнд авна гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу тухайн гар утсаа 14 хоногийн хугацаатай 240.000 төгрөгөөр тавьсан. Тухайн залуу Дамдиндоржийн Б гэсэн өөрийн бичиг баримтаар тавьсан. ...” /хх 21/,

Д.Б-ын яллагдагчаар өгсөн “...Би тухайн айлаас гараад цааш нь юу болсноо санахгүй байна. Өглөө нь найзындаа сэрсэн чинь нэг утас дуугараад байсан. Манай найз “Наад утас чинь нөгөө танилцсан гээд байгаа охины утас шүү дээ. Чи утсаар яриад өгье гэж хэлээд аваад явсан” гэж хэлсэн. Би санаа зовоод “Яаж буцааж аваачиж өгөх вэ дээ” гэж бодоод тухайн өдрөө Цамбагаравын “Бумбум” гэсэн ломбарданд 240.000 төгрөгөөр тавьсан юм. Би энэ үйлдлийг гэмт хэргийн сэдэлттэй үйлдэл гэж мэдээгүй. ...” /хх 76-78/ гэсэн мэдүүлгүүд,

“Мастер үнэлгээ” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22/001 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 24/,

“Бумбум” барьцаалан зээлдүүлэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00044911 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх 54/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Б нь Ж.Д-гийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Д.Б-аас “...Оногдуулсан хорих ялыг хорихоос бусад төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас хамгийн бага хэмжээний хорих ялыг оногдуулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэнийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Б-ын 2023 оны 01 дүгээр  сарын 27-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/140 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын гарагсан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН

       ШҮҮГЧ                                           Л.ДАРЬСҮРЭН

       ШҮҮГЧ                                            Т.ШИНЭБАЯР