Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Ц,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

            Шүүгдэгч, хохирогч Г.Ө гийн өмгөөлөгч: Ц.Б,

Шүүгдэгч, хохирогч  Э.Н ийн өмгөөлөгч: Б.О­,

            Шүүгдэгч, хохирогч: Г.Ө , Э.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Ө, Э.Н нарт холбогдох 1728001260108 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн “АПУ” бөөний төвд менежер ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 18 дугаар байрны 2-23 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.Ө, регистрийн дугаар КЮ,

Монгол улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүхч, архивч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн 25 дугаар цэцэрлэгт туслах багш ажилтай, ам бүл 3, эгч, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 13-22 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э.Н, регистрийн дугаар КЮ,

Шүүгдэгч Г.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 13-22 тоотод Э.Н ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 13-22 тоотод Г.Ө гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ө  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхөр З.С  Цогтцэций сумаас ирэх байсан. Ер нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирэх байсан. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Э.Н тэй уулзахаар хот яваад хотод энэ хоёр 2, 3 хоночихоод Цогтцэций сумаас наашаа гарч байна гэж сонссон. Аймаг дээр ирэх зөндөө хугацаа өнгөрсөн учраас Э.Н ийн ажил дээр очсон. Э.Н ийн машин хөдлөөд цэцэрлэг тойроод явж байсан. Машин нь явж байгаад зогссон, тэр үед Э.Н  хүүхдээ дагуулаад гараад ирсэн. Машин нь яваад, хөдлөөд байсан учраас дотор нь хүн байгаа юм байна гэж бодоод очдог юм билүү гэж бодсон чинь ганцаараа болохоор айсан. Намайг ганцаараа яваад очвол хоёулаа нийлээд зодчих байх гэж бодсон юм. Ганцаараа айгаад байсан учраас найзыгаа дуудаад Баруунсайханы 10-22 тоотод очиж байхад манай найз ирсэн. Ирээд одоо тэгээд яах юм бэ? З.С  яг байгаа юм уу? гэхээр нь би айгаад байна, та нар очоод үзээд ир гэхэд манай найз буугаад хаалгыг нь шагайсан. Төд удалгүй З.С  нэг лааз нийслэл пиво уугаад гараад ирсэн. Согтохоороо зодно гэж бодоод согтоохгүй санаатай пивыг нь булаагаад авах гэсэн чинь намайг түлхчихээд яваад өгсөн. Араас нь дагаад явсан боловч би олоогүй. Хашааных нь хойгуур тойроод ирж байгаа юм болов уу? Хоорондоо холбоо барьж байгаа байх гэж ямар ч байсан очих байх гэж бодоод буцаад хашаанд нь очсон чинь Э.Н  гэрийнхээ зүүн талаар хойшоо явж байсан. Хойд талд нь ирчихсэн дуудаж байгаа юм байна гэж бодоод араас нь дагаад очсон чинь зэрэгцээд очиж таарсан. Очоод “З.С  хаана байна. Чи З.С тэй утсаар ярьчихаад явж байна уу?” гэсэн чинь “Чи зайл, чамд хамаагүй, чам шиг матраскопыг хэн тоодог юм” гээд толгойруу цохьсон. Бас өшиглөөд байсан. Би куртикных нь үснээс зуураад авах гэсэн чинь над руу өшиглөөд би өөдөөс нь харчихсан байсан чинь зүүн тал руу баруун гараараа баруун хөл рүү өшиглөж,  үснээс зулгаасан. Би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэр үед эгч Б.Н  нь гарч ирсэн. Манай найз Д.Э  ирж салгасан. Д.Э  та 2 хэл үгээрээ учраа ололц, хэл үгээрээ учраа олоод ярилц, тэгэхгүй бол би аваад явлаа гэхээр нь би ярилцъя гэхэд Э.Н  ч бас ярилцъя гэсэн. Бид 2 ярилцъя гэж тохироод зайдуу гарч ярилцъя гээд явсан. 0131 дүгээр ангийн ойролцоо очоод байж байтал буу дуугараад байхаар нь энд болохгүй юм байна гээд морь барианаас наана очиж ярилцсан. Э.Н  нь З.С тэй уулзах гээд гарах болгондоо том хүүтэйгээ муудалцдаг гэж ярьж байсан. 10 дугаар сарын 23-ны өдөр би гэрт очиж ахтай нь уулзсан. Тэр үед бас намайг зодоод нүдний шил унагачихаад сохроо нүднийхээ шилийг аваач гэж хэлсэн. Чи дахиж уулзахгүй гэсэн биздээ, яагаад худлаа яриад байгаа юм бэ? гэхэд одоо дахиж уулзахгүй гэж хэлсэн. Том хүүхэдтэйгээ байнга муудалцдаг. Дандаа согтуу ирж байна гэж ярьж байсан. Манай найзууд Э.Н т хүүхэд өнчрүүлчихээд сайхан амьдарна гэж байхгүй, энэ асуудлаа зогсоо гэж зөвлөгөө өгсөн. Э.Н  З.С рүү мессеж бичсэн байсан. З.С  хашаа давж орж ирээд гөлгөө чи гээд л Э.Н ийн дээгүүр давуулаад намайг цохиод авсан. Цагдаа ирээд аваад явсан гэв.

Шүүгдэгч Э.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байтал З.С  гэрт хүрээд ир гэсэн. Би гэрт орж эмнэлэгт хэвтэж байгаа эгчдээ баттерей авах гэж байсан. Гэрлүү орж баттерей авчихаад гараад ирсэн чинь хүүхэд уйлаад ороод ирсэн. Яасан гэсэн чинь З.С  ахыг аваад явчихлаа гэсэн. Гараад ирсэн чинь нөгөөх чинь зугтаах чинь байна шүү гээд хашгичаад гараад ирсэн. Би чамайг дийлэх тэнхээтэй байна шүү гээд дээр гарч суучихаад ёвроод байсан. Тухайн үед гарыг нь тавиулах гээд үснээс нь зулгаасан. Хашааны үүдрүү чирсэн. Хашааны үүдэн дээр хамт ирсэн нэг найз нь байж байсан. Явж байхдаа толгойруу цохиод хөлрүү өшигчөөд байсан. Машинд явж байхдаа энэ шөнө чамтай учраа олж байж л сална гээд хөлрүү өшигчөөд нүүр, хөлрүү цохиод яваад байсан. 0131 дүгээр ангийн тэнд очиход өнөө шөнө би чамайг энүүгээр булж байж сална гээд байсан. Энэ бол үнэн. Тэр үед машинд өөр хүн байгаагүй. 2 эмэгтэй нь зөрөөд явахад нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн ирсэн. Энэ З.С  ахын чинь хамт явсан  эмэгтэй мөн байна уу? гэхэд мөн байна гэсэн. Тухайн үед архи үнэотүүлсэн ирсэн. Айлын хашаанд очоод өнөө шөнө энэнтэй заавал учраа олно гээд бензин авах гээд авсан. Утсаа авсаны дараа утсанд олон дуудлага ирээд байсан. Утсаа авах гэхээр спикер дээр нь тавиад ярь гээд байсан. Бензин аваад явж байх хооронд манай ах залгаад чи хаана байгаа юм бэ? Чамайг цагдаа нартай хайж байна. Чамайг хүн алах гээд барьцаалаад аваад явсан гэсэн. Чи хаана байгаагаа хэлчих гэсэн. Би гайгүй ээ, удахгүй очно гэж хэлсэн. Тэгээд нэг хүнтэй утсаар ярьж байх хооронд З.С рүү мессеж ирсэн. З.С ирж энэ асуудлыг таслан зогсоосон гэв.

Хохирогч Г.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Маш гомдолтой байгаа. Удаа дараагийн эрээ цээргүй, ёс зүйгүй үйлдлээс болж энэ хэргийн эх тавигдсан. Энэ гэмт хэргийн улмаас толгойны зүүн тал руу цохиулснаас хойш шөнө нойргүй хонох болсон. Хумсны сорви нь сорвины тос түрхээд ч арилахгүй байгаа. Хөл рүү 4, 5 удаа өшиглөөд хавдсан байсан. Хөл их өвдөж байгаа. Эмчилгээ хийлгэсэн талаарх баримтуудыг хавсаргасан байгаа. Э.Н  манай нөхрийг уруу татаж архидаад яваад байдаг. Хүний хүүхэд уйлаад ярьж байхад аавтай нь яриулдаггүй. Ийм үйлдэл хийж байгаа нь багш сурган хүмүүжүүлэгч хүний ёс зүйгүй үйлдэл байна. Үүний улмаас сэтгэл санааны дарамттай байх болсон. Энэ хүнээс болж гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байна. 755,850 төгрөгийг Э.Н ээс гаргуулмаар байна. Намайг согтуу байсан гээд байна. З.С  нийслэл пиво уугаад буугаад ирэхээр нь би булааж авсан. Тэр үед хувцас руу асгарсан байх. Тэгээд хувцаснаас үнэртээд байсан байж магадгүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Цагдаа дээр согтуурлын зэрэг тогтоогдсон. Бид хоёроос согтуурлын зэрэг тогтоогдоогүй гэв.

Хохирогч Э.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Г.Ө д зодуулсан. Нэр төрөө гутаан доромжлуулсанд гомдолтой байгаа. 508.781 төгрөг гаргуулах хүсэлтэй байгаа гэв.

Гэрч Г.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 11 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн орчимд гэртээ байж байхад хаалга тогшсон. Гараад очиход Оюунчимэг гэх эгч байж байсан. Дүү охин Э.Н ийг чинь Г.Ө  гэх хүн ална гээд машинтай аваад явчихлаа гэж хэлсэн. Би машинаа унаж гараад О эгчтэй хамт аймгийн баруун хойд талаар нэлээд явсан, олдоогүй. Г.Ө  гэх эмэгтэй Оюунчимэг гэх хүн рүү залгаад энэ Э.Н ийг чинь ална гэж хэлж байсан. Нэг хэсэг хайгаад олдоогүй, гэртээ очоод байж байхад Г.Ө гийн нөхөр З.С  гэх залуу цагдаа нартай хамт явж олсон гэж хэлсэн. Би цагдаагийн газар ирээд дүүгээ аваад гэрт нь хүргэж өгсөн. Манай дүү Э.Н  маш их айсан байдалтай байсан.  Би ямар учраас ийм асуудал болж манай дүүг заналхийлээд байгаа юм, тэр асуудлыг мэдэх гэж өргөдөл гаргасан юм. Э.Н ийн хацар нь хөхөрсөн байсан, нүдний хажууд нь урагдсан байсан, бас өшиглөсөн гэж хэлж байсан. Э.Н  намайг явуулсан юм байхгүй би өөрийн санаачилгаар өргөдөл гаргаж байгаа юм. Би Э.Н ийг авч ирээд уулзуулна...” гэжээ. /хх-18/,

Гэрч З.С гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Цогтцэций сумаас Даланзадгад суманд ирсэн. Э.Н ийн ажил дээр нь очоод гэрт хүргээд өг гэж хэлсэн. Э.Н  ажлаа тараад намайг хүргэж өгөхөөр явсан. Э.Н  гэртээ очиж юм тавиад явъя гээд гэрийнхээ гадаа очиж зогсоод Э.Н  гэртээ ороход хажууд машин ирээд зогссон. Бас нэг машин ирээд зогссон. Дотор нь манай 2 найз байсан. Би тэр хоёртой юм яриад зогсож байхад манай эхнэр Г.Ө  гэнэт гараад ирсэн. Намайг цохиод авахаар нь нөгөө 2 найзын машинд ороод суусан чинь хөдлөөд явсан. Эргээд хашааны үүдэнд хүрээд ирсэн чинь Э.Н ийг аваад яваад өгсөн байсан. Би Цагдаад дуудлага өгсөн юм. Г.Ө  бид хоёр гэр бүлийн харилцаатай. Э.Н  бид хоёр багийн найзууд байгаа юм. Гэртээ хүргүүлэх гээд л Э.Н  рүү очсон. Өлзирйсүрэн, Э.Н  нар миний хажууд зодолдсон зүйл болоогүй. Г.Ө  миний машиныг аваад явсан тэр машинаа авмаар байна. Миний хувийн бичиг баримтыг Г.Ө  авсан мөн данснаас мөнгө байнга авдаг нь үнэн...” гэжээ. /хх-19/,

Гэрч Б.Н гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 11 дүгээр сарын 07-ны орой ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай хашаанд байдаг манай нөхрийн эгчийн хүүхэд болох манай цэцэрлэгт хамт ажилладаг Э.Н  гэртээ ирсэн юм. Э.Н  гэртээ ороод надад баттерей гаргаж өгөөд буцаад гарсан. Яах гэж байгаа юм бэ гэхэд хүнд юм хүргэж өгөөд ирнэ гэж хэлсэн. Би котейлын зуухаа галалчихаад машиндаа суугаад гарах гэхэд хашааны үүдэн дээр саарал өнгийн ист машин ирээд хашаанд тулж зогсоод сигналдаад байсан. Юу юм бол гээд сууж байхад Г.Ө  гэдэг эмэгтэй буугаад ирсэн. Яасан бэ гэсэн чинь “би өнөөдөр Э.Н тэй учраа олно” гэж хэлсэн. Г.Ө  гэнэт хашхираад гүйсэн. Э.Н ийг үснээс нь зулгаагаад гэрийн баруун талаар гараад ирсэн. Чирээд хашааны хаалгаруу явсан. Би эмэгтэй хүмүүс ингэж болохгүй учраа олцгоо гэж хэлсэн. Г.Ө  болихгүй гэж хэлсэн. Хашааны гадна байсан машинаас хүүхэн, залуу хоёр бууж ирээд одоо боль гэсэн. Г.Ө  үснээс нь тавьсан. Би Г.Ө д хандаад би эмнэлэг явах ажил байна та хоёр одоо зүгээр биз гэхэд одоо зүгээрээ та яв гэж хэлсэн. Би яваад өгсөн юм. Тухайн үед Г.Ө , Э.Н ийг энэ манай нөхөртэй явалдаад байгаа юм гээд байсан. Харилцан зодолдсон зүйл байхгүй. Г.Ө  Э.Н ийн үснээс нь зулгаагаад л байсан, бусдаар хоорондоо зодолдоод байсан зүйл болоогүй. Би Г.Ө тэй уулзаад байж байхад Г.Ө  гэнэт хашхираад гүйгээд гэрийн араар орсон. Удалгүй Э.Н ийн үснээс зулгаагаад гараад ирсэн. Г.Ө , Э.Н  нар гэрийн ард харилцан зодолдоод байх цаг хугацаа болоогүй. Э.Н ,Г.Ө  нарын биед ил харагдах шарх байгаагүй. Э.Н  манай хашаанд 2 хүү болон нагац эгчийнхээ хамтаар байдаг. Манай нөхрийн эгчийн хүүхэд байгаа юм. Нэг их дотно харилцаа байхгүй. Г.Ө  манай нутгийн хүн байгаа юм, өөрөөр харилцаа байхгүй...” гэжээ. /хх-20/,

Гэрч Д.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Тэр өдөр би гэртээ байж байхад Г.Ө  эгч залгаад намайг морь барианы наана байна хүрээд ир гэсэн. Яах гэж байгаа юм гэхэд хүн харуулах гэсэн юм, З.С  ахтай чинь хамт явж байсан хүн мөн байна уу гэж хэлсэн. Би машинаараа хүрээд очсон чинь Г.Ө  эгчийн машинд 4 эмэгтэй сууж байсан, намайг очсон чинь 2 эмэгтэй нь зөрөөд яваад өгсөн. Би Г.Ө  эгчийн машинд ороход Г.Ө  эгч нэг эмэгтэйг энэ нөгөө З.С  ахтай чинь явж байсан хүүхэн мөн үү гэж асуусан. Би мөн байна гэж хэлсэн. Г.Ө  эгчийн утасны цэнэг дууслаа төв рүү оръё гэсэн. Өлзий эгч миний машинд нөгөө хүүхний хамтаар суусан. Би гэртээ ирээд Өлзий эгчийн гар утсыг цэнэглэсэн. Тэр хоёр машин дотор юм яриад суугаад байсан. З.С  ах хашаа даваад ороод ирсэн. Цагдаа дагуулаад ирсэн байсан. Цагдаа нар тэд нарыг Цагдаагийн газар луу аваад явсан. Би Э.Н  гэх эмэгтэйг танихгүй, тэр эмэгтэй намайг түгээлтэнд явж байхад Г.Ө гийн нөхөр З.С  ахтай хамт явж байгаад 3-н удаа таарч байсан эмэгтэй байсан: Э.Н , Г.Ө  нар юм яриад суугаад байсан бусдаар хэрэлдэж маргалдаад байсан зүйл болоогүй. Г.Ө  эгч явуулахгүй гэж юм ярихгүй байсан, нөгөө эмэгтэй нь ч гэсэн явъя гэж хэлэхгүй байсан. Тэр хоёр цуг хононо гээд яриад байх шиг байсан. Барьцаалсан зүйл байхгүй. Айлгаж сүрдүүлж байсан зүйл ажиглагдаагүй. Өлзий эгч хүүгийнхээ мессежийг нөгөө эмэгтэйд уншуулж байсан, хэл үгээр доромжилсон зүйл байхгүй. Тэр хоёр хоорондоо З.С  ахын талаар л яриад байх шиг байсан...” гэжээ /хх-21/,

Гэрч Д.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 11 сарын эхээр санагдаж байна. Тэр орой би эхнэр Эрдэнэсувдын хамтаар Замбала дэлгүүрийн тэнд машинтай явж байхад Г.Ө утсаар залгаад хаана байна гэхээр нь Замбала дэлгүүрийн энд явж байна гэхэд Баруунсайханы хаяг хэлээд хүрээд ир гэж хэлсэн. Хаягаар нь яваад очиход Г.Ө  хашаан дотор нэг хүүхэнтэй зууралдаад зогсож байсан. Би бууж очоод салгаад та хоёр хэл үгээрээ учраа олооч гэж Г.Ө д хэлсэн. Тэр хоёр салахаар нь би тэр хоёрт хандаад та хоёр үг хэлээрээ учраа ол гэхэд за тэгъе гээд хоёулаа зөвшөөрсөн. Тэр хоёрыг үлдээгээд явах гэхэд Г.Ө надад хандаад чи миний машиныг унаад хүслийн модны тэнд хүргээд өг би энэ хүүхнээр нь З.С г дуудуулаад бид 3 нүүрээрээ уулзана гэж хэлсэн. Би машиныг нь бариад хүслийн модны тэнд очсон. Манай эхнэр машинаа унаад араас дагаад явсан юм. Мөн араас нь найз нь гээд нэг машинтай хүн очсон. Би эхнэрийн хамтаар яваад өгсөн. Баруунсайханд хамт очоогүй намайг дуудахаар нь очиход Г.Ө  ирчихсэн байсан. Г.Ө  тэр хүүхний үснээс зулгаасан байдалтай, нөгөө хүүхэн нь Г.Ө гийн хувцаснаас зулгаасан байдалтай байсан. би очиж салгасан. Г.Ө , Э.Н  нарыг салгахад тэр хоёрын биед ил харагдах шарх байгаагүй...” гэжээ. /хх-22/,

Гэрч Б.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 11 дүгээр сарын 07-ны орой 19 цагийн үед гэрээсээ гараад доошоо фитнес орох санаатай доошоо найзыгаа тосоод алхаж явахад Баруунсайханы 13-р гудамжинд Г.Ө эгч нэг эмэгтэйг бариад зогсож байсан. Очоод яасан эсэхийг нь асуухад нөхөртэй явалддаг хүүхэн байгаа юм гэж хэлсэн. Манай найз Ц.Э  машинтай ирээд найзынхаа машинд ороод суухад Г.Ө  эгч нөгөө эмэгтэйг машиндаа суулгаад намайг дагаад яв гэсэн. Араас нь дагаад явахад баруун тийшээ яваад хүслийн модны ойролцоох тал дээр очоод Ц.Э ын хамтаар Г.Ө  эгчийн машинд орж суугаад нөгөө эмэгтэйд хандаж ингэж болохгүй гэж хэлсэн. Нэг их удаагүй Ц.Э  бид хоёр яваад өгсөн. Г.Ө  эгч нөгөө эмэгтэйгийн хамтаар тэнд үлдсэн. Г.Ө  эгчтэй найз нөхдийн холбоотой. Э.Н  гэх эмэгтэйг сайн танихгүй, нэрийг нь Нандиа гэж сонсож байсан. Намайг очсоноос хойш бол зодоон цохион болоогүй. Г.Ө, Э.Н ийг дарамталж байсан зүйл байхгүй, тал дээр очоод машинд сууцгаагаад зүгээр эв зүйгээр ярилцсан, бусдаар айлган сүрдүүлж дарамталсан зүйп болоогүй. Г.Ө  болон Э.Н  нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Г.Ө  тал дээр машинд сууж байхдаа хүрз бариад Э.Н ийг сүрдүүлсэн зүйл болоогүй...” гэжээ. /хх-23/,

Гэрч Ц.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 11 дүгээр сарын 07-ны орой 19 цагийн үед найз Б.С ын хамтаар фитнесд явах гэхэд манай найз Б.С ыг авах гээд Замбала дэлгүүр орох гээд явсан. Би Б.С ын гэр лүү дөхөж байгаад залгаад гараад ир би очиж байна гэж хэлсэн. Би гэрээс гараад доошоо гудамжинд явж байна гэж хэлсэн. Намайг яваад очиход Г.Ө  эгч болон Б.С  мөн 3-н танихгүй хүн байсан. Тэнд очоод машиндаа сууж байхад Г.Ө  эгч явъя гэж хэлсэн. Би Б.С ыг суулгаад дагаад явсан. Дээшээ яваад 0131-р цэргийн ангийн ойролцоо очоод зогссон. Б.С  бид хоёр машинд нь ороод суусан чинь Г.Ө  эгч нөгөө танихгүй эмэгтэйг загнаад байсан, нөгөө эмэгтэй нь одоо би болино гэх зэргээр юм ярьж байсан. Г.Ө  эгч нэг хэсэг тэр эмэгтэйг загнаж байгаад тайвширсан. Би тэр эмэгтэйд хандаад чи нөхөртэй хүнтэй явж болохгүй гэж хэлсэн. Г.Ө  эгч морь барианы тийшээ явъя гэсэн. Морь барианы тийшээ очоод зогссон. Машинд Г.Ө  эгч нөгөө эмэгтэйтэй ярилцаад л байсан. Нэг залуу хүрээд ирсэн. Бид хоёр яваад өгсөн. Г.Ө  эгчтэй найз нөхдийн холбоотой. Г.Ө тэй хамт байсан эмэгтэйг танихгүй, тэр эмэгтэйг Өлзий эгчээс сонсож байсан юм. Намайг очиход Г.Ө  эгч их ууртай байсан, Өлзий эгч тайвширсан тэр хоёр зодолдсон зүйл болоогүй. Г.Ө, Э.Н ийг хэл амаар доромжилж, цохиж зодоогүй...” гэжээ. /хх-24/,

Шүүгдэгч Г.Ө гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхөр З.С  Цогтцэций сумаас ирэх ёстой байсан юм. Ирэхгүй болохоор нь нөхрийн очоод байдаг эмэгтэй болох Э.Н ийн ажил буюу 25-р цэцэрлэгийн гадаа очсон. Э.Н ийн 01-38 өма улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр З.С  жолоодоод яваад Өмнөговь дэлгүүр ороод буцаад Цэцэрлэгийн зогсоол дээр ирж байгаа харагдсан. Би хажуунаас нь машин дотроос харж байсан. З.С  Цэцэрлэгийн зогсоол дээр байж байхад Э.Н цэцэрлэгээс хүүхдээ дагуулж гарч ирээд машинаа жолоодоод явсан, замаараа Өмнөговь дэлгүүр ороод чигээрээ дээшээ Баруунсайхан руу явсан. Би араас нь дагаад явж байхдаа найз Э руу залгаад З.С  энд нөгөө хүүхэнтэйгээ хамт явж байна би айгаад байна чи Замбала дэлгүүрийн тэнд хүрээд ир гэж хэлсэн. Нөгөө хоёрыг араас нь дагаад явж байхад Баруунсайханы 13-22 тоот хашааны гадаа очоод зогссон. Эрдэнэболд машинтайгаа тосоод гараад ирсэн. Би Эрдэнэболд руу залгаад машинд З.С  байна уу үзээдэх гэсэн. З.С  машинаас 1 ширхэг пиво бариад гарч ирээд Эрдэнэболдын машин дээр очсон. Би машинаасаа буугаад З.С  дээр очоод ууж байсан пивыг нь авах гэхэд өгөөгүй. Би машинаа унтраагаад эргээд харахад Эрдэнэболдын машинд суугаад яваад өгсөн. Би араас нь хайсан боловч олдоогүй. Буцаад нөгөө хашаанд ирээд түүнийг байна уу гээд Баруунсайханы 13-22 тоот хашааны гадаа ирэхэд байхгүй байсан. Э.Н гэрээсээ гараад хойшоо явахаар нь би З.С  хойно нь ирчихсэн юм байна гэж бодоод машинаасаа буугаад хашааруу нь орсон. Э.Н  гэрийн ард байсан. Би З.С  хаана байна чи З.С тэй уулзах гэж байна уу гэхэд өмнөөс чамд хамаагүй чи зайл гэж хэлээд миний толгойруу гараараа цохиж авсан. Би куртикны ханцуйн дээрээс нь барих гэхэд Э.Н  миний үснээс зулгаасан. Би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Бид хоёр зулгаалцаж байхад Э.Н ийн эгч нь гарч ирээд бид хоёрыг боль гэсэн. Бид хоёр зууралдаж яваад хашааны хаалганы хажууд очсон. Манай найз Д.Э  боль гээд бид хоёрыг салгасан. Д.Э тэгээд бид хоёрт хандаад та хоёр ингэж зодолдохоор бол би таныг аваад явъя ярилцахаар бол хамтдаа яваад ярилцъя гэж хэлсэн. Би ярилцъя гэхэд Э.Н  бас ярилцъя гэж хэлсэн. Тэр үед манай найз Б.С , Ц.Э  нар ирсэн. Э.Н  бид хоёр машины арын суудалд суугаад миний машиныг Д.Э  жолоодоод 0131-р ангийн тийшээ тал руу гарсан. Тэнд очиж зогсоод Д.Э  хүүхэд халуураад гээд эхнэрийн хамтаар явсан. Тал дээр Б.С , Ц.Э  бид 4 үлдсэн юм. “З.С г дуудъя, З.С  миний дуудлагыг авдаггүй юм, чи залга” гээд Э.Н  залгах гэхэд утас нь нэгжгүй байсан. Би нэгж хийж өгөөд залгахад З.С гийн утас нь холбогдохгүй байсан. Тэр үед манай 2 найз Э.Н т хандаж чи олон жил манай найзын амьдралаар тоглож байна одоо энэ асуудлаа дуусга гэх зэрэг зүйлүүдийг ярьж байсан. Цэргийн ангийн тэнд буу дуугараад байх шиг байхаар нь Цэргийн ангиас холдъё гэж бодоод морь барианы тийшээ явсан. Морь барианы тэнд очоод Отгоо гэж манай ажилтан байсан залууг дуудсан юм. Удалгүй О ирсэн. Би О с энэ эмэгтэй З.С  ахтай чинь хамт яваад байдаг хүүхэн мөн байна уу гэхэд мөн байна гэж хэлсэн. Хамт ирсэн Б.С , Ц.Э  нар явсан. Тэгээд Э.Н, З.С тэй уулзаж байсан талаараа тодорхой ярьсан. Мөн би З.С тэй уулзаад байх хэцүү байдаг, би З.С тэй уулзах бүртээ том хүүтэйгээ муудалцдаг, одоо энэ асуудлыг дуусгамаар байна гэж хэлж байсан. Буцаад аймаг руу явсан, аймагт ирээд О гийн хашаанд ирээд гар утсаа цэнэглэсэн. Тэр хашаанд байж байхад З.С  хашаа даваад ороод ирсэн. Мөн цагдаа ирээд Цагдаагийн газарт очсон. Э.Н  манай нөхөр З.С тэй байнга уулзаж байгаа юм. Энэ асуудал 3-н жил гаруй хугацаанд болж байна. Түүнээс болоод Э.Н тэй муудалцсан. Би Э.Н ийг цохиж зодоогүй куртикнээс нь барих гэхэд өөдөөс өшиглөөд байсан. Би үснээс нь зулгаасан. Э.Н  бас миний үснээс зулгаасан. Толгой маш их өвдөж байсан, хөл рүү өшиглөөд хөл хөхөрсөн байсан. Гар самардсан байсан, одоо толгой өвдсөн хэвээрээ байгаа мөн шөнө 3-н цаг л унтаж байна. Би тэр хүний үснээс л зулгаасан, газар нэг унагаасан би өөрөө хамт унасан юм. Э.Н  архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг мэдэхгүй байна. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Миний хүүгийн тоглодог жижиг хүрзны иш хэсэг дээр Э.Н  гишгээд сууж байхаар нь би аваад суудлын ар багааж руу хийсэн юм. Бусдаар бол би хэл үгээр доромжилсон зүйл байхгүй. Би энэ хүнээс болж миний амьдралд маш их хохирол учирсан түүнээс болж бие өвчтэй болсон, сэтгэл санаагаар мөн их хохирсон, мөн нөхөр З.С  Э.Н тэй уулзахаар явахдаа зоддог. Ийм учраас эмчилгээний бүх зардлаа төлүүлмээр байна. Би Э.Н тэй хамт 5-6 цаг болсон байх гэж бодож байна. Манай нөхөр З.С тэй уулзаж байсан талаараа Э.Н  ярьсан. Урьд нь уулзаж учирч байсан талаараа ярьсан. Миний мэдсэнээр гурван жил гаруй хугацаанд Э.Н  манай нөхөртэй уулзаж учирч намайг доромжилсон. Тэр тоолонд нь манай нөхөр З.С  намайг зодож дарамталж байсан. Иймд энэ эмэгтэйд гомдолтой байна. Дээр зодуулсан асуудлаас болоод зөдөө эмчилгээ хийлгэсэн, энэ зардлаа нэхэмжилмээр байна. Мөн энэ эмэгтэйгээс болж манай гэр бүлд үнэхээр хэцүү байна. Би сэтгэл санаагаар унаж, миний хүүхэд бас үнэхээр хүнд байгаа. Зүгээр байсан гэр бүл Э.Н ээс болж ийм болсонд гомдолтой байна...” гэжээ. /хх-9-10, 34-35/,

Шүүгдэгч Э.Н ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 11 дүгээр сар 07-ны орой ажил тарах гэж байхад З.С  залгасан утсаа авсан чинь ажлын газрын чинь гадаа ирсэн байна гарч ирээд гэрт хүргээд өг гэж хэлсэн. Би ажил тараад гараад З.С г машиндаа суулгаад явсан, явах замд З.С  Өмнөговь дэлгүүрийн хашаанд миний машин байна уу үзээд явъя гэсэн. Өмнөговь дэлгүүрийн хажуугаар гарч яваад баруунсайхан 13-22 тоотод байх гэрийнхээ гадаа зогсоод гэрт орж баттерей авч эгчдээ өгчихөөд гараад ирсэн чинь миний машины түлхүүрийг Г.Ө  аваад явчихсан миний машин онгорхой байсан. Би гэрт орчихоод гараад ирсэн чинь Г.Ө  хашааны гадаа ирчихсэн машины гэрлээ хашаа руу тусгаад зогсож байсан. Би гэрээ түгжээд гэрийн араар орсон чинь Г.Ө  гэрийн баруун талаар тойроод гараад ирсэн. Над руу дайраад үснээс зулгаагаад газар дараад суугаад байсан. Манай хажуу айлын эгч ирээд та хоёр одоо боль гээд салгах гэсэн чинь Г.Ө  тавихгүй байсан. Намайг хэл үгээр доромжлоод энэ муутай өнөө шөнө учраа олно гээд байсан. Хашааны хаалга руу намайг үснээс зулгаагаад чирээд явсан. Хашааны хаалганы хажууд ирээд намайг үсдээд байж байхад хамт ирсэн бололтой эрэгтэй хүн бид хоёрыг салгасан чинь Г.Ө  намайг машиндаа суулгаад миний хажууд 2 эмэгтэйг хоёр талаас суулгаад наадах чинь зугтаана шүү гэж хэлээд машинаа асаагаад дээшээ хүслийн модны тэр хавь руу яваад нэг газар очоод зогссон. Намайг З.С г дууд гээд байсан, би утсаа гаргаж ирээд З.С рүү залгасан чинь танай хашааны гадна байна, хаана байна гэсэн. Би хүслийн модны тэнд байна гэж хэлсэн. Машинд сууж байсан хүмүүс нь буугаад Г.Ө  миний хажууд орж ирж суугаад жижиг хүрз гаргаж ирээд өнөө шөнө чамайг энэ хүрзээр булна, энэ хүрзний ишээр алыг чинь бүлээд дахиад эр хүн шаахааргүй болгоно гэж хэлсэн. Хүрзээ арын багааж руу хийсэн. Удаагүй морь барианы тийш явсан. Машин дотор би болон хамт явсан 2 эмэгтэй суугаад явсан. Морь барианы тэнд очоод Г.Ө  утсаар яриад Энхүүш гэдэг хүнийг дуудсан. Тэр хүн нь ганцаараа ирсэн, бас нэг машинтай хүн дуудаж ирүүлсэн, тэнд машин дотор сууж байхдаа намайг янхан, гичий гэх зэргээр дуудаад толгойруу гараараа болон утсаараа цохиод байсан. Миний гар утсыг булаагаад авсан. Манай ээж рүү залгаад намайг ээжээсээ уучлал гуй “би дахин хүний нөхөртэй уулзахгүй уучлаарай ээжээ” гэж хэлүүлсэн. Дараа нь манай ах Цогбадрах руу залгаад ээжид хэлсэн үгийг давтаж хэлүүлсэн. Энхүүш нь хүрээд ирсэн чинь З.С  ахтай чинь яваад байгаа хүн энэ байна царайг нь хар гээд үснээс зулгааж дээш нь толгой өргөж нөгөө хүнд харуулсан. Удаагүй нөгөө Энхүүш нь яваад өгсөн, мөн хамт явсан 2 эмэгтэй нь яваад өгсөн. Бас нэг дуудсан залуу ирсэн, Г.Ө  бид гурав тэнд 2 машинтай үлдсэн. Г.Ө  өөрийн машинаа орхиод нөгөө залуугийн машинд суугаад бид 3 төв рүү явсан. Төвд ирээд 4-р сургуулийн баруун хашаанд очсон. Тэнд хашаанд ороод хашааны хаалгыг нь хаагаад машин дотор сууж байсан Г.Ө гийн найзуудын нэг нь миний гар утасыг аваад явсан байсан. Г.Ө  утсаар яриад миний утсыг сурч байгаад нөгөө залуугаа явуулаад миний утсыг авчируулсан. Нөгөө залуугийн машинд бензин хийе гээд гарсан. Би өнөө шөнө энэ хүүхэнтэй учраа олно гээд байсан. Явж байх замд нь миний гар утсанд дуудлага ирсэн, намайг хаана байгаагаа хэлэхгүй шүү гээд байсан, мөн намайг өглөө очно зүгээр гэж хэл гээд байсан. Г.Ө  утсаар ярьж байхад нь би З.С  рүү 4-р сургуулийн баруун талд байна гээд мессеж бичсэн. Удалгүй З.С  цагдаагийн машинтай хүрээд ирсэн. Цагдаагийн газар дээр ирээд намайг ахад хүлээлгэж өгсөн ийм асуудал болсон юм. Г.Ө  намайг нөхөр З.С тэйгээ хардаж цохиж зодсон юм. Г.Ө гийн нөхөр З.С  бид хоёр багаасаа нэг хашаанд тоглож өссөн найзууд байгаа юм. З.С  бид хоёр багаасаа нэг нэгнийгээ мэддэг хүмүүс байгаа юм, бид хоёр хааяа утсаар ярьдаг, хааяа нэг уулздаг юм түүнээс болоод харддаг. Г.Ө  намайг цохиж зодож байхад Г.Ө тэй хамт ирсэн саарал өнгийн ист машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Манай хажуу айлын Б.Н  эгч байсан өөр хүн байгаагүй. Миний баруун шанаа хавдсан, мөн хамар баруун талдаа шалбарч хавдсан. Хоёр өвдөг, шилбэ, гуя, ташаа хөхөрсөн байсан одоо биеийн байдал сулавтар л байна. Би тэр хүний биед гэмтэл учруулахаар үйлдэл хийгээгүй. Г.Ө гээс бага зэрэг пиво үнэртэж байсан. Г.Ө  ойр ойрхон шээгээд ус уугаад яваад байсан. Цагдаагийн газар ирээд үлээхэд нь согтууруулах ундаа хэрэглээгүй гэж гарсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Зодуулсандаа гомдолтой байна. Мөн шүүх эмнэлэгийн дүгнэлт худлаа гарсан байна гэж бодож байна, тэр хүнийг би гэмтээхээр үйлдэл хийгээгүй. Тэр хүний гарт үүссэн шархыг бол би өөрийгөө хамгаалах явцдаа үүсгэсэн. Би Улаанбаатар хот руу явж биеэ эмчлүүлсэн. Тэр үед гарсан зардлаа нэхэмжилнэ. Мөн эм авч уусан, түүний төлбөрийг нэхэмжилнэ. Би 7-н цаг орчим бусдын барьцаанд байсан, тэр намайг барьцаалж байсан хүмүүст би гомдолтой байна. Би тэндээс цагдаагийн хүчээр суллагдсан. Би Г.Ө гийн гарыг санаатай гэмтээсэн зүйл байхгүй, Би тухайн үед тэр хүний биед гэмтэл учруулахаар үйлдэл хийгээгүй. Мөн Г.Ө  нь миний дээр гарч сууж байгаад би чамтай өнөө шөнө учраа олно, би хөдөө морь мал дээр өссөн чадалтай хүн, чи байтугай чамаас муухан эр хүнийг дийлэхтэйгээ байгаа гэж хэлээд байсан. Тэгээд намайг хүчээр чирч яваад машинд суулгаж тал дээр аваачсан. ...Г.Ө  намайг үсдэж газар унагаагаад толгой нүүр рүү олон удаа цохиж авсан. Бөөр, нуруу орчимд өвдгөөрөө ёвроод байсан, мөн намайг үсдээд ирэхэд нь миний өвдөг хөхөрсөн байсан. Намайг машинд суулгах гээд баруун гарын булчин дээр атгаад байсан нь хөхөрсөн байсан. Намайг тал руу авч яваад барьцаалаад дарамталж над руу хүн залгахаар хаана байгаагаа хэлж болохгүй гэх зэргээр дарамталж байсан. Мөн зодуулсандаа гомдолтой байна. Улаанбаатар хот явж томографийн зураг авахуулсан, мөн Улаанбаатар хот явсан, ирсэн зардлын мөнгө, авсан эмний мөнгө, Г.Ө д зодуулсан асуудлаас болоод 7 хоног акт авсан, тэрний мөнгө зэргийг нэхэмжилмээр байна...” гэжээ. /хх-12-13, 39-41/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1,2/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4-7/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-25, 28/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №555 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Г.Ө гийн биед тухайн хэргийн нөхцөлд тархины доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, 2 сарвууны зулгаралт, зүүн гуя, шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ. Хуучин гэмтэлгүй байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ. /хх-26/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №558 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Э.Н ийн биед тархины доргилт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт, зүүн ташаа, баруун гуя, 2 өвдөгний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ. /хх-29/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-27, 30/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-31, 36/,

Хувийн баталгаа гаргасан баримт /хх-32, 37/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-33, 38/,

Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-42/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-43/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44, 47/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-46/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-48-57/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-58, 64/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-59, 63/,

Толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх-65/,

Шүүгдэгч Э.Н ийн фото зураг /хх-66/,

Хот хоорондын зорчих тасалбар /хх-67/,

Мөнгөн шилжүүлгийн баримт /хх-68/,

Эмнэлгийн магадлагаа /хх-69/,

Эм авсан гэх баримт /хх-70/,

Нэхэмжилж буй нийт мөнгөн дүнг бичсэн гар бичмэл /хх-71-72/,

Эмчлүүлэгчийн карт /хх-73-76/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ө  нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 13-22 тоотод Э.Н ийн биед халдаж эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт, зүүн ташаа, баруун гуя, 2 өвдөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч Э.Н  нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 13-22 тоотод Г.Ө гийн биед халдаж, эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, 2 сарвууны зулгаралт, зүүн гуя, шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй ба шүүгдэгч Э.Н  нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ө  нь нөхөр болох З.С г шүүгдэгч Э.Н тэй хардсаны улмаас хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч Э.Н  нь шүүгдэгч Г.Ө гийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №555 тоот шинжээч эмчийн: “Г.Ө гийн биед тухайн хэргийн нөхцөлд тархины доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, 2 сарвууны зулгаралт, зүүн гуя, шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ. Хуучин гэмтэлгүй байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Уг хэргийн нөхцөлд шүүгдэгч Г.Ө гийн үйлдлээс болж хохирогч Э.Н ийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №558 тоот шинжээч эмчийн: “Э.Н ийн биед тархины доргилт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, хамрын зулгаралт, зүүн ташаа, баруун гуя, 2 өвдөгний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Улсын яллагч шүүгдэгч Г.Ө, шүүгдэгч Э.Н  нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял санал болгосон ба шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө, шүүгдэгч Э.Н  нарт санал болгосон торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ө, шүүгдэгч Э.Н  нар нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор тус тус төлж барагдуулахаар шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн талаар:

1. Шүүгдэгч, хохирогч Г.Ө  нь эмчилгээний зардалд 255.850 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөг нийт 755.850 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эмчилгээний зардал болох 255.850 төгрөгийг /хх-115-118/ шүүгдэгч Э. Э.Н ээс гаргуулж шүүгдэгч Г.Ө д олгож, өмгөөллийн хөлс болох 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох,

2. шүүгдэгч, хохирогч Э.Н  нь эмчилгээний зардал, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин нийт 511.780 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эмчилгээний зардал болон шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөр болох нийт 208.760 төгрөгийг /хх-67,68,70/ шүүгдэгч Г.Ө гээс гаргуулж шүүгдэгч Э.Н т олгож, ажилгүй байсан хугацааны цалин болох 303.020 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 8 дугаар бүлэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, яллагдагч, шүүгдэгч нь өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй ба хуульд заасан эрхээ эдэлж өмгөөлөгч авсан зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй юм.

Тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-т “ өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй.” гэж заасан байх тул хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байна.

Хохирогч Э.Н нь ажилгүй байсан хугацааны цалин болох 303.020 төгрөгийг шүүгдэгч Г.Ө гээс нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт зэрэг авагдаагүй байх ба шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн байх тул ажилгүй байсан хугацааны цалин болох 303.020 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.Ө, шүүгдэгч Э.Н  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь

хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Ө г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Н ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Шүүгдэгч Э.Н т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Ө, шүүгдэгч Э.Н  нарт тус тус оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлж барагдуулахыг тус тус  мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө, шүүгдэгч Э.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ө гээс 208.760 /хоёр зуун найман мянга долоон зуун жар/ төгрөгийг гаргуулан хохирогч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы 13-22 тоотод оршин суух Э.Н  /регистрийн дугаар КЮ/-т,

Шүүгдэгч Э.Н ээс 255.850 /хоёр зуун тавин таван мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 18 дугаар байрны 2-23 тоотод оршин суух Г.Ө  /регистрийн дугаар КЮ/-д тус тус олгосугай.

6. Шүүгдэгч Г.Ө гийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг, Шүүгдэгч Э.Н ийн ажилгүй байсан хугацааны цалин 303.020 /гурван зуун гурван мянга хорь/ төгрөгийн хохирол төлбөрийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Г.Ө , шүүгдэгч Э.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хөрөнгөгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө, шүүгдэгч Э.Н  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ