Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/03166

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/03166

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, * тоотод оршин суух, Үйзэ овогт *,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах *,

 

Нэхэмжлэлийн шаардлага: * ӨЭМТ-ийн даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн * дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч *,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч*

Хариуцагчийн төлөөлөгч *,

Хариуцагчийн өмгөөлөгч *,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал хөтлөв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч * нь холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: * миний бие "*" ӨЭМТ-д нягтлан бодогчоор 14 жил 5 сар тасралтгүй ажиллаж байгаад 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр * дугаартай өрхийн эмнэлгийн даргын тушаал гарч би ажлаас халагдсан. Би энэхүү тушаалаа өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээж авсан. Өнгөрсөн хугацаанд манай дарга надад гаргасан тушаалаа албан ёсоор гардуулж өгөөгүй ба уг тушаалтай холбоотой зарим баримтуудыг өрхийн эмнэлгээсээ авах гэхээр надад мэдээллэл өгөхгүй байна. 2022 оны 10 сараас дарга *той ажиллаж эхэлсэн. Дарга *ын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн "*г ажлаас чөлөөлж, * ажилд томилох тухай" * дугаартай тушаалын үндэслэх хэсэгтээ заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугааp зүйлийн 42.2.1, 42.2.9, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1,43.1.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэхь заалт, 50 дугаар зүйлийн 50.1.5, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.3, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4, 3 дугаар зүйлийн 3.3.7, 4 дүгээр зүйлийн 4.5, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.2.10, 7.2.12, 12 дугаар зүйлийн 12.5, Ажлын хэсгийн дүгнэлт, нөхөрлөлийн гишүүдийн санал зэргийг үндэслэжээ. Би дээрхи хуулийн заалтуудыг нэгд нэгэнгүй уншиж үзлээ. Гэтэл энэ дурьдаад байгаа заалтууд нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, надад хамааралгүй тушаал гарчээ гэж үзэж байна. Учир нь * дугаартай тушаалдаа: 1. Байгууллагын хэвийн үйл ажиллагаа болон өөрийн хариуцсан ажилдаа хариуцлаггүй хандаж удаа дараа ноцтой зөрчил гаргасан тул *г 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.... гэжээ. Намайг ажлаас чөлөөлсөн боловч ажлаас халагдах хүртэлх цалинг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Миний бие үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж байсан зүйл байхгүй. Намайг ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч байгаагүй ба манайд мөрдөгддөг хөдөлмөрийн дотоод журам, түүнд нийцүүлэн гаргасан баримт бичиг мөрдөгдөхгүй байгааг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Харин миний хөдөлмөрийг үнэлж 2020 онд ЭМЯ-нй тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнаж байсан. Дарга * нь хувийн ашиг сонирхолоор санхүүгээс ашиггүй зарлага гаргуулах гээд намайг их хэмжээний цалингийн хуурамч бичилт хийлгүүлэх гэж шаарддаг, илүү цаг гаргахыг шаардлаад байдаг учир би энэхүү даргын хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй байдлаас болж би даргатайгаа таарамжгүй харьцаа үүсэн ба үүнээс үүдэж намайг хууль бусаар ажлаас халсан. Энэ асуудлаараа Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч миний гомдолыг шийдвэрлээгүй гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 6-р сарын 13-ны өдөр өөрт нь танилцуулан гардуулж өгөхөд аваагүй ээ гэж хэлээд өөрийн гар утсанд зургаар авч албан ёсоор танилцсан. *гийн оршин суух Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо 2-83 тоот гэрийн хаягаар 2023 оны 6-р сарын 15-ны өдөр *гаар явуулахад хүлээн авахаас татгалзаж шууданг буцаасан. 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын 1111 утас руу гомдол гаргасан. Нийслэлийн эрүүл мэндийн газарт 6-р сарын 19-ний өдөр гомдол гаргасныг хүлээн аваад *г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж шийдвэрлэн хариуг өөрт нь хүргүүлсэн байдаг. Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд гомдол гаргаагүй ба дүүргийн Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний хэлтсээс *гийн өргөдлийг Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд шилжүүлсэн байдаг. * өөрөө тус хороогоор шийдвэрлүүлэхээс татгалзаж, гомдлоо буцаах хүсэлт гаргасан тул тус хороо нь 6-р сарын 29-ний өдрийн худалдаанаар *гийн гомдлыг буцааж 38 дугаар шийдвэр гаргасан. Дээрх бүх нотлох баримтаар нэхэмжлэгч 2023 оны 6-р сарын 12-ны өдрийн * дугаар тушаалыг 07-р сарын 05-ны өдөр хүлээн авсан гэх үндэслэл нь бүрэн үгүйсгэгдэж байна. Нягтлан бодогч * нь хариуцсан ажилдаа хариуцлагагүй ханддагийг НЭМГ-ын СХОХэлтсийн 2022 оны үнэлгээ, Нийслэл дэх төрийн аудитаас явуулсан Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл, ААБ 2.5: аудитын уулзалтын тэмдэглэл, АББ 5.5: асуудлын бүртгэл, 2022 оны жил эцсийн тооллогын комиссын хурлын тэмдэглэл, Нөхөрлөлийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №5 хурлын шийдвэр тогтоолын дагуу томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт зэргээр ажилдаа хариуцлагагүй ханддаг болох нь батлагдаж байна. ӨЭМТөвийн даргын 2023 оны 6-р сарын 12-ны өдрийн 29 дугаар тушаалын 5 дэх заалтад *д холбогдох санхүүгийн тооцоог зохих дүрэм журмын дагуу хийж дуусгахыг нягтлан бодогч Б.Бат-Эрдэнэд даалгасугай гэж заасны дагуу ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө төгрөг бодогдсон боловч ажлын цагаа бүртгүүлдэггүй, тасалдаг ажлын байрандаа ирдэггүй учраас Болормаа нь цалингаа авья гэж өнөөдөр хүртэл хандаагүй. *гийн санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дүрэм, журам, зааврыг биелүүлдэггүй, ажил үүргээ гүйцэтгэхдээ удирдлага хамт олон ажилчдыг үл хүндэтгэдэг, хурал цуглаанд ирдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, 2021 онд санхүүгийн аудит оруулаагүй, 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит дүгнэлт хийлгэхийг эсэргүүцэж Нийслэлийн аудитын газарт санхүүгийн шаардлагатай баримт бичгийг бүрэн гаргаж өгөөгүй, шалгалтыг удаашруулсан, 2020 оноос хойших санхүүгийн тайлан бичиг баримтыг байгууллагын архивт шилжүүлээгүй, байгууллагын эд хөрөнгөд тооллогын мэргэжил арга зүйгээр хангадаггүй, шаардлагатай бичиг баримт гаргаж өгдөггүй зэрэг нөхцөл байдал нь байгууллага, хамт олны хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандах байдал үргэлжилсээр цаг хугацаа өнгөрөөж байна. Түүний хууль зөрчсөн, хариуцлагагүй, дур зоргоороо аашлах байдал хирээс хэтэрсэн тул Ажлын хэсэг байгуулан шалгалт явуулж дүгнэлт гаргасан. Хөдөлмөрийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан байгууллагын удирдлагаас тухайн хуулийн дагуу нийт ажилтангуудтай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Харин * байгуулаагүй, түүнд Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг 8 удаа хэлж шаардсан боловч гэрээ байгуулахгүй байгаа. Ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа мэдэгдэж өрөө гаргаж өгөхөд суухгүй, ажлын цагаа бүртгүүлэхгүй, өөрөө өөртөө нэмэгдэл хөлс, урьдчилгаа цалин гаргаж авах, цалин хөлсийг илүү дутуу бодож олгох зэрэг түүний гаргасан бүхий л зөрчил дутагдал хариуцлагагүй байдал нь ажлын хэсгийн дүгнэлт, Нийслэл дэх төрийн аудитын газрын шалгалтаар тогтоогдсон. * нь Хөдөлмөрийн хуулийг зөрчиж, төвийн даргын * дугаар тушаалын дагуу ажлаа хүлээлгэж өгөхгүй 5 сар 15 хоног өнгөрч байгаа ба байгууллагын санхүү болон эмнэлгийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 2/, Баянгол дүүргийн * ӨЭМТ даргын * дугаартай тушаал /хх 3-4/, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны худалдааны тэмдэглэл/ шийдвэр /хх 5-7/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж /хх 8, 217-218/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 19/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 104-105/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж /хх 219/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Баримт №7 /хх 220/, Голомт банк ХК дансны хуулга /хх 221-223/, Хөдөлмөрийн гэрээ /хх 234/, * өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн гишүүдийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хийсэн хурлын тэмдэглэл /хх 237-241/,

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 14-17/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 111/, Нөхөрлөлийн санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийх ажлын хэсгийн удирдамж №1 /хх 120/, Баянгол дүүргийн 3 дугаар хороо *ийн бүх гишүүдийн хурлын 1 дугаартай Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай тогтоол /хх 121/, * өрхийн эрүүл мэндийн төвийн Нөхөрлөлийн гишүүний хурлын тэмдэглэл /хх 122-124/, Фэйсбүүк зураг /хх 125-133/, Зарим асуудалд нэмэлт тайлбар гаргах нь /хх 139/, Баянгол дүүргийн * өрхийн эрүүл мэндийн төвийн даргын Б/01 дугаартай * өрхийн эрүүл мэндийн төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх 140-142/, * өрхийн эрүүл мэндийн төвиййн нөхөрлөлийн гишүүдийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хийсэн хурлын тэмдэглэл /хх 143/, Баянгол дүүргийн 3 дугаар хороо *ийн бүх гишүүдийн хурлын 5 дугаартай Нөхөрлөлийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт хийх тухай тогтоол /хх 144/, * өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт /хх 145-148/, *г ажлаас чөлөөлж, * ажилд томилох тухай тушаалыг танилцуулсан тэмдэглэл /хх 149/, Нягтлангийн гаргасан зан байдлын талаар /хх 150/, 2023 оны 2-р сарын магадлангийн бэлтгэл ажлын илүү цаг /хх 151/, * Өрхийн мэндийн төв цагийн тооцоо /хх 152/, * өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 2-р сарын магадлан бэлтгэл ажил илүү цаг, ажилласан ажилчдын илүү цагийн зөрүү тооцоолол /хх 153/, ААБ 2.5: Аудитын уулзалтын тэмдэглэл /хх 154, 157/, ААБ 5.5: Асуудлын бүртгэл /хх 155/, Ажлын хөлсний зөрүүг нөхөн олгох тухай /хх 156/, Bolormaa khalzankhuu гэх и-мэйлийн зураг /хх 158-160/, Нэхэмжлэгч *гийн гаргасан зөрчил түүнийг нотолсон талаархи нэмэлт тайлбар /хх 215-216/, * өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн гишүүдийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хийсэн хурлын тэмдэглэл /хх 242-249/, * өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн гишүүдийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хийсэн хурлын тэмдэглэл /2хх 1-10/, Цагийн бүртгэл / 1 ширхэг дэвтэр/,

 

5. Шүүхээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн * ӨЭМТ даргын * дугаар тушаал /хх 33-34/, * Өрхийн эрүүл мэндийн төв Дотоод журам /хх 35-47/, * Өрхийн эрүүл мэндийн төв Байгууллагын дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /хх 48-49/, Нийслэл Аудит ХХК Хараат бус аудиторын тайлан /хх 50-73/,

Хариуцагчийн * өрхийн эрүүл мэндийн төв нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 75/, * өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ /хх 76-77/, * Өрхийн эрүүл мэндийн төв Дотоод журам /хх 78-90/, * Өрхийн эрүүл мэндийн төв Байгууллагын дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /хх 91-92/, Баянгол дүүргийн * ӨЭМТ даргын Б/37 дугаар тушаал /хх 93/, Баянгол дүүргийн * ӨЭМТ даргын * дугаар тушаал /хх 94-95, 117/, ААБ 5.5: Асуудлын бүртгэл /хх 96/, ААБ 2.5: Аудитын уулзалтын тэмдэглэл /хх 97, 162, 195/, * ХК-ийн магадлагаа /хх 98, 170/, Санхүүгийн тайлангийн хураангуй /хх 99-101/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж /хх 102-103/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын 1964 тоот албан бичиг /хх 112/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын 1956 тоот албан бичиг /хх 113/, Баянгол дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн үнэлгээ /хх 114/, Нийслэлийн эрүүл мэндийн газарт гаргасан *гийн гомдол /хх 115/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын 1360 тоот албан бичиг /хх 116/, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/ шийдвэр /хх 118-119/, * өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт /хх 163-169/, Баянгол дүүргийн 3 дугаар хороо * ӨЭМТөвийн захиргаанд өргөдөл гаргах нь /хх 171-173/, * ӨЭМТ ажилчдын илүү цаг, амралт цалин картаар 5-р сар /хх 174-175/, * ӨЭМТ-ийн 2023 оны 2-р сарын магадлан бэлтгэл ажил илүү цаг, дархлаажуулалтад ажилласан ажилчдын илүү цагийн тооцоолол /хх 176/, * ӨЭМТ-ийн 2023 оны 3-р сарын 20 дархлаажуулалтад ажилласан ажилчдын илүү цагийн тооцоолол /хх 177/, * ӨЭМТ-ийн 2023 оны 5-р сарын илүү цаг, ажилчдын илүү цагийн тооцоолол /хх 178, 179, 180, 181/, Цалингийн тооцооны хүснэгт /хх 179/, Амралт бодогдсон ажилчдын дэлгэрэнгүй жагсаалт /хх 182-185/, Нэхэмжлэх /хх 186-187/, Цалингийн карт /хх 188-191/, Баянгол дүүргийн * ӨЭМТ даргын Б/32 дугаар тушаал, хавсралт /хх 192-193/, 2023 оны 2-р сарын магадлангийн бэлтгэл ажлын илүү цаг /хх 194/, * өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан /хх 196/, Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо * өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны жил эцсийн тооллогын илтгэх хуудас /хх 198-205/, 3-р улирлын тайланд хийсэн хяналтын хэсэг /хх 206/, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Үзлэг хийсэн тэмдэглэл /хх 211-213/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би энэхүү тушаалаа өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээж авсан. Миний бие үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж байсан зүйл байхгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч байгаагүй. Миний хөдөлмөрийг үнэлж 2020 онд ЭМЯ-нй тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнаж байсан. Дарга * нь хувийн ашиг сонирхолоор санхүүгээс ашиггүй зарлага гаргуулах гээд намайг их хэмжээний цалингийн хуурамч бичилт хийлгүүлэх гэж шаарддаг, илүү цаг гаргахыг шаардлаад байдаг учир би энэхүү даргын хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй байдлаас болж би даргатайгаа таарамжгүй харьцаа үүсэн ба үүнээс үүдэж намайг хууль бусаар ажлаас халсан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 6-р сарын 13-ны өдөр өөрт нь танилцуулан гардуулж өгөхөд аваагүй, *гийн гэрийн хаягаар 2023 оны 6-р сарын 15-ны өдөр *гаар явуулахад хүлээн авахаас татгалзаж шууданг буцаасан. Нягтлан бодогч * нь хариуцсан ажилдаа хариуцлагагүй ханддагийг НЭМГ-ын СХОХэлтсийн 2022 оны үнэлгээ, Нийслэл дэх төрийн аудитаас явуулсан Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл, ААБ 2.5: аудитын уулзалтын тэмдэглэл, АББ 5.5: асуудлын бүртгэл, 2022 оны жил эцсийн тооллогын комиссын хурлын тэмдэглэл, Нөхөрлөлийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №5 хурлын шийдвэр тогтоолын дагуу томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр батлагдана.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. * нь * Өрхийн эрүүл мэндийн төвд нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхаас гадна энэ үйл баримтаар талууд маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж зааснаар хариуцагч * өрхийн эрүүл мэндийн төв нөхөрлөл болон нэхэмжлэгч * нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

Тодруулбал, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан.

Талууд * Өрхийн эрүүл мэндийн төв даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн * дугаар тушаалын хууль зүйн үндэслэл буюу хөдөлмөрийн харилцааг цуцлах ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэхэд маргасан.

 

4.2. Ажил олгогч буюу хариуцагч Баянгол дүүргийн * өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн * дугаар *г ажлаас чөлөөлж, * ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.9, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2, 43.1.3, 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1.5, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.3, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4, 3 дугаар зүйлийн 3.3.7, 4 дүгээр зүйлийн 4.5, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.2.10, 7.2.12, 12 дугаар зүйлийн 12.5, Ажлын хэсгийн дүгнэлт, нөхөрлөлийн гишүүдийн санал зэргийг үндэслэн ажилтан *г ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа Хөдөлмөрийн хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан чиг үүрэг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, өөртөө илүү цагийн ажлын хөлс бичиж авсан, ажилчдын цалин хөлс, нэмэгдлүүдийг хугацаанд нь тавьж олгодоггүй, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслээр хангадаггүй, ажлын байрандаа ирж ажилладаггүй, ажлын цагаа бүртгүүлдэггүй, Хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, Байгууллагын хэвийн үйл ажиллагаа болон өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж удаа дараа ноцтой зөрчил гаргасан гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болгон цуцалжээ.

4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-т заасан. 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлээ Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-т заасан ...ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэснийг үндэслэжээ.

 

Хавтаст хэргийн 145 дугаар талд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн * өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт авагджээ. Уг дүгнэлтийн 4.1-т Эмч эмнэлгийн ажилтануудын цалин хөлс нэмэгдлүүдийн олголтын талаар. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалин хөлс нэмэгдлүүдийг цаг хугацаанд нь олгодоггүй, данс буруу бичих, удирдлагаас гаргасан тушаал, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй зөрчил гаргаж, өөрт нь урамшуулал болон илүү цагийн хөлс олгохгүй бол өөрийн мэргэжлийн давуу байдлаа ашиглаж өөртөө давуу байдал үүсгэн, бусдыг хяхан хавших замаар эрхшээлдээ оруулж, 2023 оны 2 сарын илүү цагийг буруу тооцож бодоод 4 сарын 13-нд олгохдоо өөртөө 48 цаг бичиж 967,000 төгрөг гаргаж илүү цагаар ажиллаагүй ажлаа ажилласнаар тооцож тогтоогдож байна. Эмч эмнэлгийн ажилчдын цалин 2022 онд 34, 2023 онд 15, нийт 49 хоног хоцорч орсон нь алданги тооцох үндэслэлийг бий болгосон байна. 4.2-т Эм эмнэлгийн хэрэгслийн хангалт болон хүний нөөцийн хангалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр. Ажлын байран дээр ирж ажилладаггүй, ажлын цагаа бүртгүүлдэггүй, эмнэлгийн үйл ажиллагааг хүнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага гэдгийг мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй хувийн ашиг сонирхлоор ажилладаг зэрэг шалтгааны улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээг тасалдуулж эрсдэл учруулж байна. 4.3-т Аудит болон гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан байдал. Нийслэлийн төрийн аудитын үнэлгээнээс байнга зугтдаг, гүйцэтгэлийн үнэлгээнд 2,5 оноо буюу 50 хувьтай хангалтгүй үнэлгээ авсан нь ажил үүргээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болох нь тогтоогдсон. 4.4-т Хөдөлмөрийн гэрээ, болон албан тушаалын тодорхойлолтын дагуу ажил үүргийн гүйцэтгэл. Хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар удаа дараа хэлж, гэрээг өөрт нь хүргүүлсэн боловч байгуулаагүй, ажлын байран дээр ирж ажил үүргээ гүйцэтгэдэггүй, төсвийн төсөөлөл, ажлын төлөвлөгөө гаргаж ажилладаггүй, ажлаа тайлагнадаггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлж ажилладаггүй зөрчил гаргасан. 4.5-т Хувийн ёс зүй, харилцаа хандлагын талаарх хамт олны үнэлгээ. Нягтлан бодогчийн зан төлөв, харилцаа хандлагын талаар судалгаа авахад нийт эмч эмнэлгийн ажилтануудын 81.8 хувь нь муу буюу хангалтгүй үнэлгээ өгсөн нь хамт олны дунд нэр хүнд муутай, ажилдаа сэтгэлгүй бусадтай харилцах харилцаа, хандлагын хувьд хамтран ажиллах шаардлага хангахгүй байна гэж ажлын хэсгээс санал, дүгнэлт гаргаж 2021, 2022 оны санхүүгийн үйл ажиллагаа, цалин, урамшуулал нэмэгдэл хөлсний бодолт, олголт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдлыг дүүргийн дотоод аудитаар хяналт шалгалт хийлгэх шаардлагатай байна. Ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлтийг нийт ажилтан албан хаагчдад болон Нөхөрлөлийн хуралд танилцуулж, нягтлан бодогч Болормааг ажил албан тушаалаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх гэсэн шийдвэрийг гаргасан байна.

 

*гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.5-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэж байна. Тодруулбал, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн * өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 20 дугаар зүйлийн 20.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 71, 72, 73 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар нэхэмжлэгч *гийн буруутай үйлдлийг сахилгын зөрчилд тооцно.

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн * өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээс үзвэл, 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байх тул нэхэмжлэгч *г хөдөлмөрийн сахилгын үргэлжилсэн зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

Хариуцагч * өрхийн эрүүл мэндийн төвөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр * өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг гаргасан байх бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр * дугаар *г ажлаас чөлөөлж, * ажилд томилох тухай тушаалыг гаргасан нь ажил олгогч хөдөлмөрийн сахилгын үргэлжилсэн зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

4.5. Нэхэмжлэгчээс ...Би энэхүү тушаалаа өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээж авсан гэх тайлбарыг гаргасан. Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 38 тоот Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/ шийдвэр, * ХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шууданчийн магадлагаагаар нэхэмжлэгч *гийн ...Би энэхүү тушаалаа өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээж авсан гэх тайлбар үгүйсгэгдэж байхаас гадна хариуцагч * өрхийн эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгч *д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргасан нь тогтоогдож байх тул хариуцагч нь Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн * өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн * дугаартай *г ажлаас чөлөөлж, * ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилдаа тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан * өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн * дугаартай *г ажлаас чөлөөлж, * ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилдаа тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай *гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.БАЯРСҮРЭН