Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/05611

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* овогтой ******* миний бие анх 2005 оны үед *******тай танилцаад гэр бүл болсон. 2007 онд анхныхаа хүүхдийг гаргаад, 2011 онд хоёр дахь хүүхдээ, 2018 онд гурав дахь хүүхдээ гаргасан. Өмнө нь гэр бүлийн маань харилцаа зүгээр байсан. Тэгтэл хариуцагчийн зан ааш эвдэрч эхлээд хамт амьдрах боломжгүй болсон. Хариуцагчийн үйлдлүүд нь байнгын давтамжтай болсон учир Цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг болсон. Хүүхдүүд маань том болчихсон тул хүүхдүүддээ хэлсэн ээж нь ааваас нь салах шийдвэр гаргаж байна гэхэд та өөрөө мэдээ бид нар аавын зан аашийг мэдэж байна. Таны шийдвэрийг дагана гэсэн. Том хүү маань аавтайгаа үлдэнэ гээд охин маань ээжтэйгээ байгаа. Хэнийг ч танихгүй Бор-Өндөр суманд хүүхдүүдтэйгээ очсон. Миний хувьд физикийн багш мэргэжилтэй тул тэр сургуульд орон тоо байсан. Тэгээд сургуульд нь 2 хүүхэдтэйгээ очно, орон байраар хангаж өгөх үү гэж учир байдлаа хэлсэн. Ингээд 2 жилийн хугацаанд Бор-Өндөр сумын сургуулийн дотуур байранд амьдарч байна. Миний бие гэрлэлтээ цуцлуулаад хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Том хүүгээ аавынх нь асрамжид нь үлдээгээд, 2 охиноо өөрийнхөө асрамжид үлдээнэ. Миний бие хариуцагчтай хамт амьдрах боломжгүй болоод хүүхдүүдээ аваад хөдөө явсан. Учир нь хариуцагч байнгын хүчирхийлэл дарамтад байлгадаг. Одоо эвлэрэх хугацаа авлаа гэхэд дараагийн хурал дээр өөрийгөө амьд байна гэдэгт итгэхгүй байна. Хариуцагч нь над руу хутга шидэж, хоолой боож, хүчирхийлдэг. Хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч ачигдах гээд байна өргөдлөө буцаагаад авчихаач гэж гуйгаад байхаар нь авсан. Тэр цагдаа хүртэл хэлж л байсан, таны нөхцөл байдал их эвгүй болчихсон шүү гэж хэлж байсан. Эвлэрүүлэн зуучлалын хугацаа олгохгүйгээр шууд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хоёр 2005 онд анх танилцаж гэр бүл болсон. Миний бие цэргийн ангид ажилладаг байсан. Хадмуудын шахалтаар цэргийн ангиас гараад Солонгос улс руу 3 жил, коронавирусын үед ажил хийгээд ирсэн. Би одоо төв цэнгэлдэх хүрээлэнд жолоочоор ажилд орсон байгаа. Улирлын чанартай ажил болохоор сая зогсчихсон байгаа. Гэр бүлээрээ хамтдаа баймаар байна. Одоо янз бүрийн асуудал гаргахгүй, үүссэн бүх асуудал ганцхан надаас болдоггүй, хоёр биенээсээ л болдог. 2024 оны 03 дугаар сарын 08-нд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд зөрчлийн хуулиар торгуулсан. Гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Хүүхдүүдийн асрамж тэтгэлэг дээр бол ажилд орчихвол болно гэжээ.

3. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4-р тал/, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 5-р тал/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 6,16-р тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 7-р тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 8-10-р тал/, эрүүл мэндийн тодорхойлолт /хх-ийн 11-13-р тал/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 14-15-р тал/, фэйсбүүк мессежний хуулга /хх-ийн 17-18-р тал/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-ийн 19-р тал/ зэрэг баримтууд байна.

4. Хариуцагчаас гаргаж өгсөн баримтыг дурдвал: Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 22-р тал/ зэрэг баримтууд болно.

5. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

2.1 Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

.... Миний бие гэрлэлтээ цуцлуулаад хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй

байна. Том хүүгээ аавынх нь асрамжид нь үлдээгээд, 2 охиноо өөрийнхөө асрамжид үлдээнэ.

Миний бие хариуцагчтай хамт амьдрах боломжгүй болоод хүүхдүүдээ аваад хөдөө явсан. Учир нь хариуцагч байнгын хүчирхийлэл дарамтад байлгадаг. Одоо эвлэрэх хугацаа авлаа гэхэд дараагийн хурал дээр өөрийгөө амьд байна гэдэгт итгэхгүй байна. Хариуцагч нь над руу хутга шидэж, хоолой боож, хүчирхийлдэг. Хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч ачигдах гээд байна, өргөдлөө буцаагаад авчихаач гэж гуйгаад байхаар нь авсан. Тэр цагдаа хүртэл таны нөхцөл байдал их эвгүй болчихсон шүү гэж хэлж байсан. Эвлэрүүлэн зуучлалын хугацаа олгохгүйгээр шууд шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

2.2 Хариуцагч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргасан. Үүнд: ...Одоо янз бүрийн асуудал гаргахгүй. Үүссэн бүх асуудал ганцхан надаас болдоггүй, хоёр биенээсээ л болдог. 2024 оны 03 дугаар сарын 08-нд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд зөрчлийн хуулиар торгуулсан. Гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Хүүхдүүдийн асрамж тэтгэлэг дээр бол ажилд орчихвол болно... гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1520 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн байна. /хх-ийн 7-р тал/

Гэрлэгчид 2024 оны 03 дугаар сарыг хүртэл хамт амьдарч, тэдний дундаас 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү *******, 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр охин *******, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр охин ******* нар төрсөн байна. /хх-ийн 8-10-р тал/

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь зан харилцааны таарамжгүй байдалтай, хариуцагч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь нэхэмжлэгчийн ...хариуцагч байнгын хүчирхийлэл дарамтад байлгадаг. Одоо эвлэрэх хугацаа авлаа гэхэд дараагийн хурал дээр өөрийгөө амьд байна гэдэгт итгэхгүй байна. Хариуцагч нь над руу хутга шидэж, хоолой боож, хүчирхийлдэг. Хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч ачигдах гээд байна өргөдлөө буцаагаад авчихаач гэж гуйгаад байхаар нь авсан. Тэр цагдаа хүртэл таны нөхцөл байдал их эвгүй болчихсон шүү гэж хэлж байсан. Эвлэрүүлэн зуучлалын хугацаа олгохгүйгээр шууд шийдвэрлэж өгнө үү... гэх тайлбар, хариуцагчийн ...2024 онд 1 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас зөрчлийн арга хэмжээ авахуулсан... гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

Иймд талууд өмнө нь эвлэрүүлэн зуучлагчид хандаж байгаагүй хэдий ч гэр бүлийн хүчирхийлэлтэй нөхцөл байдлыг харгалзан, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасны дагуу зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэрлэгчдийг тусдаа амьдарснаас хойш 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү ******* нь эцэг асрамжинд, 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин *******, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин ******* нар нь эх *******ийн асрамжид үлдэж, одоо эрүүл өсөн бойжиж, сурч боловсорч байгаа талаар зохигчид харилцан маргахгүй байна. Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн талаарх эмчийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 8-15-р тал/

Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаагүй бөгөөд хүү *******ийг эцэг асрамжинд, охин *******, ******* нарыг эх *******ийн асрамжид үлдээхээр тохиролцсон талаараа шүүхэд тайлбарлаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт заасны дагуу 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү *******ийг эцэг асрамжинд, 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин *******, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин ******* нарыг эх *******ийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэмжийг хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхан шатны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө саад учруулахыг хориглодог болохыг дурдах нь зүйтэй.

5. Шүүх хэрэгт авагдсан баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт /РД:/, овогт *******ийн ******* /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү *******ийг эцэг асрамжинд, 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин *******, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин ******* нарыг эх *******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар Б.Төгөлдрийг суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эх *******ээр, *******ийг суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг *******ар, *******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг *******ар тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхан шатны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө саад учруулахыг хориглодог болохыг тайлбарласугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН