Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/03204

 

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/03204

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Оюутны гудамж, * байр, * тоотод оршин суух * овогт ** /рд: */,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * байр, * тоотод оршин суух * овогт * * /рд: */,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 50,766,091 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагч С.*,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч С.*т холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Хариуцагч С.* нь надтай хэд хэдэн удаа уулзаад би найз нартайгаа хамтарч нэг ажил хийх гэж байгаа юм, мөнгөний хэрэг гараад байна, та мөнгө зээлээч гэсэн, би түүний үгэнд итгээд тус болох үүднээс бэлэн мөнгө байхгүй байсан тул өөрийн эзэмшдэг Мобикомын * дугаараа барьцаалах боломжтой байна гэж хэлэхэд тэрээр та дугаараа барьцаанд тавьчих, би бүх төлбөрийг нь төлчихнө, санаа зоволтгүй гэхээр нь *ББСБ ХХК-д 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 35,000,000 төгрөгийн барьцааны болон зээлийн гэрээ байгуулж мөнгийг С.*ын шилжүүлчих гэж хэлсэн дансанд нь шилжүүлж, мөн бэлнээр мөнгө өгсөн. Гэтэл надаас зээлж авсан мөнгөө буцааж өгөхгүй байхаас гадна ББСБ-ын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги нэхэгдэж дугаараа алдахад хүрсэн ба ББСБ-аас байнга шаардах хуудас ирүүлсээр байсан. Шүүхэд хандаж С.*ыг эрэн сурвалжилж байх хооронд ББСБ-аас миний 99117373 дугаарыг хураахад хүрсэн тул би дугаараа алдахгүйн тулд хүнээс мөнгө зээлж ББСБ-ын өрийг төлж дуусгасан. Нийт 50,766,091 төгрөг төлсөн. Хариуцагч С.* өмнө нь уулзахдаа 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зээлсэн мөнгөө төлөх болно гэж, мөн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр уулзахдаа зээлсэн мөнгөө төлнөө гэсэн бичгүүдийг хийж өгсөн ба хамт байлцсан найз нар нь баталгаа гаргаж гарын үсэг зурсан байдаг боловч өнөөдрийг хүртэл нэг ч холбоо барихгүй бүгд сурагггүй болсон. Иймд хариуцагч С.*аас 50,766,091 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Миний бие Х.*өөс хамтарч ажил хийнэ гэж бэлнээр болон дансаар ямар ч мөнгө аваагүй болно, мөн нэхэмжлэгч Х.*ийн нэхэмжлэлд дурдсан шиг миний бие ажил хийнэ гэж биечлэн болон утсаар холбогдоогүй бөгөөд тухайн нэхэмжлэлд нэр дурдагдсан бусад гурван хүнээр дамжуулан нэг удаа уулзахад төлөвлөсөн ажил бүтэлгүйтсэн тул зарцуулсан 29 сая төгрөгөө Х.* нь өөрийгөө оролцуулаад 5 хуваан гэж ярихад миний бие үл зөвшөөрөн маргасан боловч Х.* барьцаалан зээлдүүлэх газраас шахамдуулан яриад байгаа тул хүмүүсээс мөнгө авна гээд хэлцэн ядахдаа үзүүлэх юмтай очих хэрэгтэй байна гарын үсгээ зураад өгөөч гэхэд нь өөрийн гарын үсгээ зурж үлдээсэн нь үнэн болно. Мөн миний бие дахин дурдахад Х.*өөс ямарч мөнгө авч хэрэглээгүй нь үнэн тул тухайн цаг хугацаанд холбогдох үеийн дансны хуулга болон үүрэн холбооны түүхчилсэн лавлагааг өгөхөд бэлэн байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 4/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 30ё1-3/845 тоот албан бичиг /хх 5/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00790 дугаар шийдвэр /хх 6-7/, Зээлийн гэрээ /хх 8/, Барьцааны гэрээ /хх 9/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 10/, *ББСБ-ын шаардах хуудас /хх 11/, Баталгаа гэх гар бичвэр /хх 12/, Баталгаа гаргах нь гэх гар бичвэр /хх 13/, Хаан банк дахь Х.*ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 14/,

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 20/,

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: *ББСБ ХХК-иас 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 35,000,000 төгрөгийг зээлийн болон барьцааны гэрээ байгуулан авч хариуцагчид дансаар болон бэлнээр шилжүүлэн өгсөн тул зээлийн гэрээний үүрэгт нийт 50,766,091 төгрөг гаргуулах.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: Нэхэмжлэгчээс хамтарч ажил хийнэ гэж бэлнээр болон дансаар мөнгө аваагүй болно.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хавтаст хэрэгт 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр * дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ авагдсан байх бөгөөд гэрээгээр нэхэмжлэгч нь 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2,60 хувийн хүүтэйгээр *ББСБ ХХК-иас зээлээр авсан байна. 

 

Мөн хавтаст хэргийн 12 талд Баталгаа гэх гар бичвэр авагдсан бөгөөд уг бичгийн баримтад Иргэн *өөс 2022 оны 2 сард *, С.*, * бид дөрөв 29,000,000 төгрөг ажил гүйцэтгэхээр авсан бөгөөд авсан мөнгийг бид нар төлөх болно, 2022.07.05-нд төлөх болно гэж бичсэн, Төлөх иргэд гээд *, *, *г, С.* гарын үсэг зурсан байна.

Хавтаст хэргийн 13 дугаар талд Баталгаа гаргах нь гар бичвэр авагдсан бөгөөд уг баримтад Баянхонгор аймгийн иргэн Х.* ахад зээлсэн мөнгө болох 29,000,000 төгрөгийг бид нар Х.*ийн заасан хугацаанд төлж барагдуулах нь үнэн болно. Тухайн зээлсэн мөнгийг иргэн *, иргэн С.*, иргэн *, иргэн * бид нар харилцан тохирч төлөх болно. Хорин есөн сая төгрөгийг төлж барагдуулахад ямар нэгэн маргаан байхгүй болно гэж бичсэн, Баталгаа гаргасан гээд *, *, С.*, * гарын үсэг зурсан байна.

 

4.2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэдгээ нотлох, харин зээлдэгч буюу хариуцагч нь зээлийн төлбөрийг буцаан төлснөө тус тус нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлснээ нотолж чадаагүй тохиолдолд зээлдэгч мөнгийг буцаан төлснийг нотлох шаардлага үүсэхгүй. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид 35,000,000 төгрөгийг зээлүүлсэн буюу мөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нөгөөтээгүүр, хариуцагч С.*аас Баталгаа, Баталгаа гаргах нь баримтыг үйлдэж гарын үсэг зурсан нь зээл 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх, мөн нэхэмжлэгчийн Хаан банк дахь * тоот депозит дансны 2022 оны 1 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдийн хуулгаар, нэхэмжлэгчийн *ББСБ ХХК-тай байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээгээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулсанд тооцох боломжгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээл 50,766,091 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул хариуцагч С.*т холбогдох 50,766,091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411,781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.*т холбогдох 50,766,091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.*ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411,781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН