Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/05612

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байгаа. Би хүүхэддээ сар бүр мөнгө өгдөг. Гэтэл сүүлийн үед хариуцагч ******* нь цахим орчинд миний нэр хүндэд халдсан. Мөн байнгын мөнгө нэхээд байдаг. Тэгээд хүүхдийнхээ эцэг мөн эсэхийг тогтоолгочихоод хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэл гаргана. Иймд намайг *******гийн эцэг мөн эсэхийг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь *******тай нэг байранд амьдардаг бие биенээ таньдаг байсан. 2017 онд бид уулздаг болоод 2018 оны 09 дүгээр сард охин төрсөн. Бид хамт амьдардаггүй, мөн охиноо төрсөн цагаас нь хойш зөвхөн амьжиргааны зардал болох 400000 төгрөг өгч байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3-р тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 5-р тал/, олон нийтийн сүлжээний чатны хуулга /хх-ийн 6-50-р тал/ зэрэг баримтууд байна.

4.Хариуцагчаас гарган өгсөн баримтыг дурдвал: Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримт байна.

5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтыг дурдвал: Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шинжээчийн дүгнэлт 2024 оны 08 дугаар сарын 27, №4438 /хх-ийн 61-64-р тал/ зэрэг баримт байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

2.1 Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Хариуцагч нь надаас хүүхдийн хэрэгцээнд байнгын мөнгө нэхээд байдаг. Олон нийтийн сүлжээнд мөн байнга нэр төрд халддаг. Тийм учраас хүүхдийнхээ эцэг мөн эсэхийг тогтоолгочихоод хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэл гаргана. Иймд намайг 2018 онд төрсөн *******гийн эцэг мөн эсэхийг тогтоож өгнө үү... гэжээ.

2.2 Хариуцагч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргасан. Үүнд: ...Эцэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч байна.... гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч ******* /РД:*******/, хариуцагч ******* /РД:*******/ нарын дундаас 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр охин ******* /РД:/ төрсөн болох нь талуудын тайлбар, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 4438 дугаартай Шинжээчийн дүгнэлт-ийн дүгнэлт хэсэгт ******* нь *******гийн биологийн эцэг байх боломжтой, эцэг байх магадлал 99.99% байна гэж дүгнэснээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 61-64-р тал/

4. Шүүх хэрэгт авагдсан баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно. Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд нэхэмжлэгчээс гарган өгсөн олон нийтийн сүлжээний чат гэх баримтын хуулбарууд нь бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-ийн 6-50-р тал/

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, охин ******* /РД:/-гийн төрсөн буюу биологийн эцэг нь овогт /РД:*******/ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН