Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 126/ШШ2024/0137

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор би, О******** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...О********  ХХК нь Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 05 сарын 07-ний өдөр зарласан Төрийн байгууллагуудын тоног төхөөрөмж /Хөвсгөл/ багц-5 УАЗ Пургон автомашин /Хөвсгөл, Баянзүрх, Жаргалант, Рашаант/ ХӨАХААГ/20240102163/01/01/дугаартай тендерт оролцсон бөгөөд тендерийг 2024 оны 05 сарын 29-ний өдөр нээсэн.Үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөр шийдвэр гаргаж №1/306 О******** ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дах хэсгийг үндэслэн тус хуулийн 26.9 дэх заалтыг хангаагүй тул татгалзав гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн.О******** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Иймээс даруй шийдвэрлэж өгнө үү. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь ...Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №1/306 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотыг хүчингүй болгуулж, манай компанитай гэрээ байгуулах эрх олгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан О******** ХХК-ийн гаргасан Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №1/306 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотыг хүчингүй болгуулж, манай компанитай гэрээ байгуулах эрх олгуулах тухай тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О******** ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР