Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/03249

 

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102*ШШ2024*03249

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * хороолол, * байр, ** тоотод оршин суух, * овогт ** ***,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, * байр, * тоот хаягт оршин суух,*овогт * * ***,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч А.*,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч *,

хариуцагч Б.*,

хариуцагчийн өмгөөлөгч *,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.* нь хариуцагч Б.*д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2009 онд нөхөр Б.*тай танилцан үерхэж дотносоод бид 2013 онд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Улмаар 2013 онд охин Мишээл, 2015 онд охин Ивээл маань төрж бид 4 хамтдаа гэр бүлээрээ амьдарч байсан. Том охин Мишээл маань дөнгөж төрөөд 1 сартайгаасаа бие нь өвдөж эмнэлгээр явж шинжилгээ өгснөөр Цитомегалвирустэй" гэж оношлогдож байсан бөгөөд мөн 2021 онд 6 настайдаа "Чихрийн шижингийн І зэрэг"-ээр оношлогдсоноор хөгжлийн бэрхшээлтэй болж байнгын асаргаа сувилгаа, асрамжинд байх, цаашид эмнэлгийн хяналтад насаараа байж эмчилгээ, сувилалд хамрагдах шаардлагатай болсон. 2015 онд бага охин Ивээл маань төрсөн бөгөөд эрүүл саруул өсөж торнин одоогоор том охин Мишээл маань БГД-ийн Оюуны Ундраа цогцолбор сургуулийн 4 дүгээр ангид суралцаж байгаа бол охин Ивээл маань тус сургуулийн 3 дугаар ангид тус тус суралцаж байна. Хүүхдүүдийн маань эцэг * бид 2 анх нийлснээс хойш хамтын амьдралаа бий болгон хүнээс дутахгүй гэж аль чадахаараа хичээж ирсэн бөгөөд жижигхэн хувийн лангууны бизнесийг эрхэлж байна. Нөхөр бид хоёр 2013 онд Худалдаа Хөгжлийн банкны 8 хувийн лизингээр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 хороолол, 41 байрны 43 тоот 2 өрөө *эрхийн Улсын бүртгэлийн Ү2205001420* орон сууцыг худалдан авсан. Тус байрыг ХХБ-наас 2013 оны 7 сарын 10-ны өдрийн *3 тоот "Орон Сууцны зээлийн гэрээ" гээр жилийн 8 хувийн хүүтэйгээр 56 900 000 *тавин зургаан сая есөн зуун мянга* төгрөгийг 20 жилийн хугацаатайгаар, сар бүр 481 000 төгрөгийн төлбөр хийхээр хамтран зээл авч орон сууцтай болсон. Тэрээр анх танилцахад архи хааяа нэг уудаг байсан бөгөөд хамт амьдарч эхлэснээсээ хойш 2014 онд согтуу гэртээ ирж намайг хүүхдүүдийн дэргэд зодож эрүүл мэндэд гэмтэл учруулж байсан, мөн 2020 оны 9 сард намайг зодож хүнд гэмтээн цагдаа сэргийлэх дуудаж байсан. * хамтран амьдрахдаа архи ууж сэтгэл санаа нь тогтворгүй, харгис хэрцгий шинжтэй болж ирсэн ба том охин маань байнгын асаргаа сувилгаа, хүнд өвчтэй байдал нь хэн хэнд маань хүндээр тусч хэцүү байна гэж боддог байсан боловч үнэндээ архины хамааралтай болж гэр бүл бидэнд хайр халамж муу тавьдаг байсанд гомдолтой байдаг. Том охиныхоо эмчилгээний зардлыг би өөрөө олж эмчлүүлж, эм тариа авч өгдөг, тэр болгоныг эмэгтэй хүний хувьд, хүнд өвчтэй охиноо асрах, хүүхдүүдээ эцэггүй өсгөхгүй гэсэн эх хүний бодлоор тухай бүрт нь уучилж, цаашид засрах байх гэсэн хүлээлттэйгээр олон жил амьдарч ирсэн. Гэвч хүүхдүүдийн маань эцэг болох * өвчтэй охин болон бага охиноо хүртэл үл тоон эцэг хүний хувьд хайрлаж, харж ханддаггүй бөгөөд архины хамааралтай, архинд их орсон, Короновирусын хөл хорионы үед биднийг хаяж явж, 2020 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Бидний хооронд өнөөдөр гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй болж, хайр сэтгэл байхгүй сэтгэл санаа хөрч, хамтын амьдрал цаашид үргэлжлэх боломжгүй, сүүлийн 3 жил гаран хугацаанд тусдаа амьдарч хөгжлийн брэхшээлтэй хүүхдээ ганцаараа өөрийн эхийн хамт асран, өсгөн бойжуулж ганц бие эх шиг амьдарч байна. Иймээс нөхөр *аас шүүхийн журмаар гэр бүлээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэмжийг хуулийн хүрээнд шийдүүлж, хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Б.* гэр бүл цуцалсан ч хөгжлийн бэрхшээлтэй охиныхоо өмнө үүрэг хариуцлага хүлээх, түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах зарчмын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д заасны дагуу охин ** насанд хүртэл сар бүр 600,000 төгрөгийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Эхнэр А.* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бодит үнэнийг гуйвуулсан, ташаа зүйл бичиж шүүхийг төөрөгдүүлж байгаад туйлын их харамсалтай байна. 2010 оны 8 дугаар сарын үеээс А.*тай анх танилцаж, уулзаж эхэлсэн ба том охин Мишээл маань 2013.12.04-ны өдөр төрж, 2015.04.09-ны өдөр бага охин Ивээл мэндэлсэн. Том охин маань 2 сартайгаас шинжилгээгээр "Цитомегаловирус" онош тодорч энэ өвчинд ховор төрлийн МУ-д огт байдаггүй тариаг эрж хайн ОХУ-аас том хүргэн ахын тусламжтайгаар онгоцоор дайн яаралтай авчруулан тарьж охины минь бие сайжирч байсан. Тухайн үед охиноо хөхний сүүгээр хөхүүлж болохгүй гэсэн тул миний бие охиноо асран хөдөө агаар салхинд аав ээжийнх рүүгээ авч явж асарч байсан. Бидний хувьд аль аль нь өөрийн гэсэн бэлэн байр сууц байхгүй ба 2013 оны зун ипотекийн зээлээр 2 өрөө орон сууц авсан. Тухайн үед байрны урьдчилгаа төлбөр мэдэж шаардах тул миний бие урьдчилгаа мөнгөө өөрийн ажиллуулж байсан лангууны орлого, эгч, хүргэн ах нараасаа мөнгө зээлж байрны урьдчилгаагаа бүрдүүлэн зээлэнд хамрагдсан билээ. Түүнээс хойш байрны ипотекийн сар бүрийн төлбөрийг одоог хүртэл би төлж байгаа. Миний бие ах эгчээсээ мөнгө зээлсэн тул 2018 онд БНСУ-руу явж 2 сар ажиллаад бүх өрөө төлсөн. Солонгос улс руу ажиллахаар явснаас хойш * лангуун дээр сууж эхэлсэн. Миний бие БНСУ-аас иртэл А.*гийн ааш зан нь өөрчлөгдсөн, гэр бүлийн дотно харилцаа огт байхгүй болж, миний бие түүнтэй ярилцах гэж хичээсэн боловч хэрүүл маргаан болж, сүүлдээ 2 тусдаа өрөөнд амьдардаг болсон. Бидний харилцаа огт дээрдэхгүй байсаар 2019 оны дунд үеээс бид 6 сар орчим тусдаа амьдарсан, миний бие эхнэрээ гуйж эргэн нийлье үр хүүхдээ бодож амьдралаа бодъё, миний зүгээс буруу зүйл хийсэн ярьсан бүхэндээ уучлал гуйж бид эргэж нийлсэн ба эхнэрийн хувьд ааш зан хүйтэн хөндий гэр бүлийн халуун дулаан уур амьсгалгүй байсан ч миний бие ихэд хичээн үр хүүхэд гэр бүлээ бодон сайн сайхан амьдралын төлөө хичээж ирсэн. Тэр ч бүү хэл том охин минь өвдөөд Ком"-д хүртэл ороход А.* нь амралтын газар явчихсан, хүүхэд өвдсөн сэхээнд байна гэж залгахад утсаа авахгүй дуудуулан байж шөнө нь ирж байсан удаатай. Харамсалтай нь бидний амьдрал таатай сайхан цааш үргэлжилсэнгүй, байнгын хэрүүл маргаан тасрахгүй, гэрийн эзэгтэй атал гэр орондоо ирж үр хүүхдээ асрах хоол ундаа хийх ажлыг огт хийдэггүй, үргэлж намайг хөөж, 2020 оноос гэрээсээ гарч өнөөг хүртэл тусдаа амьдарч байна. Бид тусдаа амьдрах энэхүү хугацаанд аав хүний хувьд 2 охинтойгоо уулзах, утсаар ярих боломжгүй болж, утсаар яриулахгүй, уулзуулахгүй, гэрийн утсаа хаасан ийм байдалтай өнөөг хүрлээ. Миний бие архи дарс ууж агсам согтуу тавьж байгаагүй, архины хамааралтай хүн огт биш миний тухай үнэн зөв шүүхэд бичээсэй гэдгийг хэлье. А.*гийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй ба гаргасан шаардлагын зарим хэсэг нь тодорхойгүй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс хуульд заасан хэмжээгээр гаргуулья гэж шаардаж буй нь тодорхойгүй, ойлгомжгүй шаардлага гаргасан байгааг дурдаж байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар А.* болон Б.* нар гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1125000334 дугаарт бүртгэсэн ба гэрлэгчдийн дундаас 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин *, 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр охин * нар төржээ.

 

2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр А.* нь хариуцагч Б.*д холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гарган шүүхэд хандсан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ ...хамтын амьдрал цаашид үргэлжлэх боломжгүй, сүүлийн 3 жил гаруй хугацаанд тусдаа амьдарч хөгжлийн брэхшээлтэй хүүхдээ ганцаараа өөрийн эхийн хамт асран, өсгөн бойжуулж ганц бие эх шиг амьдарч байна гэсэн агуулгаар тайлбарласан.

 

1. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.

 

Харин гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр шүүх гэрлэлтийг цуцалж болохоор Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заажээ.

 

Гэрлэгчид тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байхаас гадна хэн аль нь гэр бүл цуцлахыг зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хүүхдүүдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг үндэслэн охин *, * нарыг эх А.*гийн асрамжид үлдээх нь хүүхдийн ашиг сонирхлыг хөндөхгүйгээс гадна Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай нийцнэ.

 

3. Түүнчлэн охин *, * нарыг эхийн асрамжид үлдээж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцэг Б.*аас гаргуулан хүүхдүүдэд олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт нийцнэ.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Тэтгэлгийг хугацаагаар олгож болохыг заасан бөгөөд сар, улирал, хагас жил, жилээр, мөн нэг удаа олгож болохыг мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.1, 41.2.2-т заасан. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.Тэтгэлгийг хариуцагчийн цалин хөлснөөс суутгал хийх буюу хамтран өмчлөх эд хөрөнгөөс оногдох хэсгийг тодорхойлох үед болон бусад байдлаар олгож болно гэж заажээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагч нар хүүхдүүдийн тэтгэлэг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд дараах байдлаар тохиролцсон талаарх эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна. Уг Эвлэрлийн гэрээнд:

2.1. Талууд Гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэн аль нь хүлээн зөвшөөрч байгаа болно.

2.2. Хүүхдүүдийн асрамж тогтоолгох шаардлагын хүрээнд охин * 11 нас, охин * 9 нас нарыг эх А.*гийн асрамжид үлдээхийг хариуцагч Б.* нь хүлээн зөвшөөрч байна.

2.3. Гэр бүлийн хөрөнгийн талаар Гэр бүл болж хамтын амьдралаа эхлүүлсэн үеэс Б.* нь 2013 оны 7-р сарын 10-ны өдрийн Худалдаа, хөгжлийн банкнаас 2013*043 дугаартай Орон сууцны зээлийн гэрээгээр худалдан авсан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 41 байрны 43 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээний 000256040 дугаартай, улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, 35 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг урьдчилгаа 30 хувийг өөрөө бүрдүүлэн худалдан авсан ба 2013-2023 оныг дуустал сар бүрийн зээлийн төлөлтийг Б.* нь төлж барагдуулж ирсэн ба цаашид Зээлийн гэрээний үүргийг А.* гэрээний хугацаа дуустал орон сууцны төлбөрийг төлж барагдуулах бөгөөд Орон сууцны зээлийн гэрээний төлбөр бүрэн төлөгдсөнөөр Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх А.*, *, * нарын өмчлөлд шилжинэ.

2.4. *ийг 18 насанд хүртэл сар бүр 600,000 төгрөгийн тэтгэлгийг эцэг Б.*аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас эх А.* нь татгалзаж байна. Харин 2 хүүхдэд хүүхдийн тэтгэлэг нь төлөх үүргээ Б.* нь гэрээний 2.3-т заасан орон сууцаар барагдуулахаар тохиролцов.

Охин *ийн эмчилгээнд шаардлагатай зайлшгүй зардлыг эх эцэг тухай бүр харилцан зөвшилцөж, хамтран хариуцах болно. *уг зардал нь эмнэлэгт үзүүлж, эмчийн онош дүгнэлтээр баталгаажсан эмчилгээ, үйлчилгээ авах ёстой бүхий дүгнэлтээр тогтоогдоно*.

2.5. Хүүхдүүдийг тэжээн тэтгэх үүргийн хүрээнд Б.* нь Урьхан Санаа ХХК-д түрээслэн ажиллуулж буй *Лангуу 85, 86* лангууг Б.* нь 2010-2018 оныг хүртэл түрээслэн ажиллуулж ирсэн гэр бүлийн бизнес лангуу болон бараа бүтээгдэхүүнийг хамтад нь А.*г үргэлжлүүлэн эрхлэн гүйцэтгэж байхаар маргаангүйгээр шилжүүлж байна. Энэ нь хүүхдүүдийн эрх ашиг, сайн сайханы төлөө эцэг Б.*ы сайн дураараа хийж буй үйлдэл болно.

2.6. Эх А.* нь охин *, * нарыг төрсөн эцэг Б.*тай уулзуулахгүй, хориг саад тавих эрхгүй бөгөөд хүүхдүүдийг эцэг Б.*тай өдрөөр болон хоногоор уулзуулах үүргээ саадгүй биелүүлэх үүрэгтэй.

2.7. Дээр дурдсан асуудлаар дахин шүүхийн шатанд маргахгүй болно гэжээ.

 

Гэрлэгчид эвлэрлийн гэрээгээр тохиролцсон Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэлт цуцлах үедээ хүүхдийг тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан тохиролцож болно гэж заасантай нийцэж байхаас гадна Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.3 дахь хэсгүүдтэй харшлахгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан*овогт * *, Кодоо овогт ** нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин *, 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин * нарыг эх А.*гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан охин *, охин * нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас *суралцаж байгаа бол 18 нас*-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Б.*аас гаргуулан олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заасныг баримтлан гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар Улсын бүртгэлийн гэрчилгээний * дугаартай, эрхийн улсын* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41 байр, 43 тоот хаягт байршилтай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Зээлийн гэрээний төлбөрийг А.* гэрээний хугацаа дуустал төлж барагдуулах бөгөөд Орон сууцны зээлийн гэрээний төлбөр бүрэн төлөгдсөнөөр Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх А.*, *, * нарын өмчлөлд шилжүүлэх, охин *, * нарын хүүхдийн тэтгэлгийг дээрх орон сууцаар олгохоор тохиролцсон болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.* нь *ийг 18 насанд хүртэл сар бүр 600,000 төгрөгийн тэтгэлгийг тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 498,350 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 428,150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч А.*д олгож, хариуцагч Б.*аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*д олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН