Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/09

 

 

 

    

   

 

 

К.Ж-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч К.Ж-т холбогдох эрүүгийн 2213003060257 дугаартай, 1 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны ** дүгээр сарын **ны өдөр төрсөн, 62 настай, эрэгтэй, ** боловсролтой, *** мэргэжилтэй, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл ** хүнтэй, эхнэрийн хамт **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай К. Ж- /РД:********/.

 

2. Шүүгдэгч К.Ж- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр болон 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Б.Шаригат, цагдаагийн ахлагч А.Жанарбек нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хохирогч буюу хууль сахиулагч А.Жанарбекийн гэдэс тус хэсэгт хөлөөрөө өшиглөсөн, гутлаараа толгой тус газарт нь цохисон, хууль сахиулагч Б.Шаригатын энгэрийн камерыг эвдэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаар яллах дүгнэлтээр К.Ж-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн  2023/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч К.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль сахиулагчийг  албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж, хүч хэрэглэж ‘‘Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч К.Ж-т 1 /нэг/жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 /нэг/жилийн хугацаагаар тэнсэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч К.Ж-т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд авч, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

           

            5. Прокурорын эсэргүүцэлд:

            5.1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

            5.2. Шүүхээс шүүгдэгч К.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ыг буруу хэрэглэсэн байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэрэг хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр” хуульчилсан. Дээрх зүйл заалтаас үзэхэд ял оногдуулахгүйгээр, тэнсэж үүрэг хүлээлгэхээр байхад анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулаад, оногдуулсан ялыг тэнсэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулснаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн нийтлэг зохицуулалтыг буруу ойлгож, хэрэглэж байна.

            5.3. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуулиар шүүгдэгчид хорих ял оногдуулаад тэнсэх гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, ял оногдуулахгүйгээр л тэнсэхээр хуульчилсан байхад шүүхээс хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг агуулгын буруу ойлгон хэрэглэсэн, өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан агуулгын нэгэн адилаар хэрэглэж хууль хэрэглээний буруу практик тогтоож байна.

            5.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж 2023/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакены шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

9. Шүүгдэгч К.Ж- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр болон 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр албан үүргээ гүйцэтгэн явж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Б.Шаригат, цагдаагийн ахлагч А.Жанарбек нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хохирогч буюу хууль сахиулагч А.Жанарбекийн гэдэс тус хэсэгт хөлөөрөө өшиглөсөн, гутлаараа толгой тус газарт нь цохисон, хууль сахиулагч Б.Шаригатын энгэрийн камерыг эвдэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, эд зүйлийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

 

10. Хэргийн бодит байдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудад түшиглэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд бүрэн нийцсэн, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн бөгөөд шийтгэх тогтоолд дурдсан дээрх нотлох баримтуудаар К.Ж- нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.               

 

11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч К.Ж- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж, хүч хэрэглэж ‘‘Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч К.Ж-ийг шүүхийн шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнссэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тохирсон боловч шүүхээс гэм буруутай этгээдэд хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг тэнссэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн агуулга, зориулалтад нийцээгүй байна.

Тухайн үед мөрдөгдөж байсан /2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэрэг хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилснаас үзвэл, шүүх хуулийн уг зохицуулалтыг хэрэглэхдээ гэм буруутай этгээдэд ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэх бус харин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж хуульд заасан хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилсан байна.

12. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэхээр байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнссэн агуулгатай заалтыг прокурорын эсэргүүцлийг үндэслэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар өөрчилж, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “...шүүгдэгч К.Ж-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэснийг “...шүүдэгч К.Ж-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                       М.НЯМБАЯР

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК