| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбат Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/09135/И |
| Дугаар | 184/ШШ2024/05726 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2024/05726
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******-т холбогдох,
Гэрээний үүрэгт 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* ******* нь 2022 оны 01 дүгээр сард Толгойт өртөөнд галт тэрэгний найруулагч ажилтай иргэн ******* ******* гэдэг хүнд 1,200,000 төгрөгөөр гар утас худалдаж аваад, зарсан боловч одоог хүртэл утасны мөнгийг өгөхгүй удаа дараа ярьсаар байтал утасны дугаар, фэйсбүүк чат, холбоо барих сувгийг блоколсон. Одоогоор холбоо барих ямар ч асуудал байхгүй болохоор иргэний хэргийн шүүхэд өргөдөл гаргаж байгааг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн *******гийн гаргасан 1,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тухайн нэхэмжилсэн мөнгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан гэрээний үүрэгт 1,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,200,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******гийн нэхэмжлэлтэй, Д.*******т холбогдох, гэрээний үүрэгт 1,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 1,200,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 16,675 төгрөгийг, хариуцагч Д.*******аас 16,675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН