Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,*****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,565,437 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХК 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгчийн LendMN аппликейшнээр дамжуулан гаргасан 10 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж, нийт 941,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 3,99 хувийн хүүтэй олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж, цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна. Иймд гэрээг дуусгавар болгож өнөөдрийг хүртэл зээлийн хуримтлагдсан хүүнд 611,437 төгрөг, нотариатын зардал болон үндсэн зээлийн хамтаар гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 1,565,437 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 565,437 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,565,437 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,565,437 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 565,437 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1,565,437 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 1,565,437 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 565,437 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 20,000 төгрөгийг, хариуцагч *******ээс 20,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН